sonin.mn
Хотын захад амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүү, тэтгэврийн өвөө хоёрын тухай “Мартагдсан өвөө хүү хоёр” сур­валж­лагыг “Зууны мэдээ” со­нин уншигчдад хүргэсэн билээ.
 
Т.Нямбат хүү эмч нарын буруутай үйлд­лээс төрөхөөс тархины саа­жилттай болж 18 жилийн турш тэргэнцэр дээр суусан. Түүнийг сэргээн засч, хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд бараг юу ч хийгдээгүй. Харин ч харьяа өрхийн эмч нь “Саажилттай хүүхэд засрахаасаа өнгөрсөн” хэмээн Т.Нямбат хүүгийн ирээдүйг нулимж, түүний өмнөөс хөгшин өвөө нь яаж ч чадалгүй өдөр, хоногийг барсаар суугаа юм.
 
Тэгвэл нийтлэлийн мөрөөр сайн санаат иргэд, аж ахуйн нэгжүүд манай редакци руу холбогдож, тусалж дэмжих хүсэлтээ ирүүлж эхэлсэн юм. “Зууны мэдээ” сонины хамт олон, бидэнтэй холбогдсон иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл болон “Mongoljingoo.mn” цахим хуудсын эрхлэгчийн хамтаар өнгөрсөн бямба гаригт О.Сумъяадорж гуайнд очлоо. Бидэнтэй “Эрдэнэ дрийлинг”, “Га­цуурт” компанийнхан нэгд­сэн юм.
 
О.Сумъяадорж гуай нийт­лэл гарсан даруйд хүмүүс хол­бог­дож эхэлснийг баяр­тай­гаар дуулгалаа. Зарим нь дансаар нь мөнгө шил­жүүлж, хаа холын Америкаас холбогдож туслахаа амласан хүн байгаа гэнэ. Баярын мэ­дээтэй угтсан өвөө, хүү хоёрт “Гацуурт” компани хүнсний ногооныхоо дээжийг бэлэглэсэн юм. Мөн “Зууны мэдээ” со­нины хамт олноос цуг­лар­сан мөнгөн хандивыг баяр­тайгаар хүлээж авсан.
 
“Гацуурт” компани хям­ралын эсрэг “Дэм дэмэндээ” аяныг нийс­лэлийн Сонгино­хайрхан дүүргээс эхлүүлж, агуу­лахын үнээр нэг кг төмсийг 550 төгрөг, бусад хүнсний ногоог 200-400 төгрөгөөр буу­руулж худалдаалж эхэлснийг тус компанийн Маркетинг борлуулалтын хэлстийн ахлах ажилтан Д.Отгонбаяр дуулгасан юм.
 
Тэрээр ярихдаа “Өмнө нь манайх жижиглэнгээр түгээлт хийж бай­гаагүй. Энэ жилээс өөрс­дийнхөө тарьсан но­­гоог дамжлагагүй үнээр ард иргэдэд хүр­гэе гэсэн зорилгоор “Дэм дэмэндээ” аяныг эхлүүлсэн. Компанийн зүгээс нийгмийн хариуц­лагаа ухамсарлаж хүүхдийн асрамжийн төв зэрэг олон байгууллагад тусламж хүргэдэг.
 
Намраас хойш 2-3 тонн ногоо тус­ламжийн журмаар тү­гээ­­гээд байна. Ийм үед Зууны мэдээ сонин тусламж шаардлагатай байгаа өвөө, хүү хоёрын амьдралыг хөндөн бичиж, түүний дагуу бид тусалж байгаадаа баяртай байна” гэв. “Гацуурт” компанийн эх орны эрүүл хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог ард иргэдэд хөнгөлөлттэй үнээр зарж борлуулах аян цаашид ч өргөн хүрээнд өрнөх юм билээ. Удахгүй О.Сумъяадорж гуайн харъяалагддаг III хороонд ирэх аж. Тиймээс тэр үеэр ирж дахин хүнсний ногоо авахыг “Гацуурт” компанийн төлөөлөл захилаа.
 
 
Нийтлэлийн маань баат­руудыг зорьж оч­сон дараагийн эзэд бол “Эрдэнэ дрийлинг” компа­нийнхан байлаа. Гүний худаг, хайгуулын өрөмд­лөг хийдэг тус компани энэ жилээс сайн үйлсийн аян зохион бай­гуулж эхэлжээ. Эмзэг бүлгийн 20-30 айлд нүүрс бэлэглэхээр төлөвлөсөн юм байна.
 
Өвөө, хүү хоёр тэдний зорьж очсон айлын тав дахь нь байв. Компанийн ин­женер Д.Мөнхбаяр “Зууны мэдээ сониноос өвөө, хүү хоёрын тухай нийтлэлийг уншаад ханд­сан. Зорилтот бүлэгтээ хүрч ирсэндээ баяртай байна. Компани бүрт нийгмийн хариуцлага байдаг. Бид ч энэ журмаар аян өрнүүлж байгаа” гэв.
 
Д.Мөнхбаяр инженер О.Сумъяадоржийнд нүүрс бэлэглээд зогсохгүй цаг дулаарахаар хашаанд нь гүний худаг өрөмдөж өгөх хүсэлтэй байгаагаа дамжуулсан юм. Үүний хариуд О.Сумъяадорж гуай “Сайхан сэтгэлтэй ард түмэндээ маш их баярлалаа. Ийм сайхан хүмүүс байхад бид хоёр болно доо. Гэхдээ хөгшин маань өөд болоод бид хоёр зутруухан л байна. 60 гарсан өвгөн хэд наслав гэж дээ.
 
Энэ муу хүүгээ хөл дээр нь босгочихмоор байна. Ийм газар амьд­рахаар хүүгээ гадагш дотогш авч гарахад хэцүү юм. Ус түлээгээ бэлдэж, галаа түлэхээс эхлээд ахад нь хэцүүхэн л байна. Болж өгвөл ганц өрөө байранд орчихдог бол гэрийн ажлаа орхиод хүүгийнхээ эрүүл мэндэд анхаармаар байна” гэж байлаа.
 
Өвөө, хүү хоёрт ханд­сан үйл ажиллагаа ин­гээд зогсохгүй. Цахим хуудаст тэдний байрыг засварлах аяныг “Донж хаус” компани өрнүүлээд байгаа юм билээ. Дашрамд дурдахад сайн санаат хүмүүс өвөө хүү хоёрт туслахыг хүсвэл 88672989, 91667790 ду­гаа­раар холбогдож бо­лох өгөөд Хаан банкны 5025883286 дансаар нь дамжуулж тусламж хүргүүлж болох юм.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин