
ЖЕНЕВ, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /DW/. Дэлхийн эдийн засгийн форумыг /ДЭЗФ/ үүсгэн байгуулагч Клаус Швабыг санхүүгийн зөрчил болон ёс зүйн алдаа гаргасан хэргээр шалгаж байгаа гэдгийг тус байгууллага дөрөвдүгээр сарын 23-ны лхагва гарагт баталжээ. Энэ тухай Америкийн “The Wall Street Journal” сонин мягмар гарагт мэдээлсэн байна.
Давосын форумын мэдэгдсэнээр, ТУЗ (төлөөлөн удирдах зөвлөл) мэдээлэгчээс захидал хүлээн авсны дараа мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Нэрээ нууцлан бичсэн захидлыг ТУЗ-д долоо хоногийн өмнө илгээсэн бөгөөд уг захидалд К.Швабын гэр бүл “форумын нөөц хөрөнгийг зохих хяналтгүйгээр хувийн хэрэгцээндээ ашигласан байж болзошгүй тул санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр хэдхэн өдрийн өмнө албан тушаалаасаа огцорсон юм.
WSJ: К.Шваб болон түүний гэргийг буруутгажээ
"WSJ” сонинд бичсэнээр, өдгөө 87 настай К.Шваб залуу ажилтнуудаар олон мянган ам.долларыг банкны бэлэн мөнгөний машинаас авахуулж, форумын хөрөнгийг “зочид буудлын өрөөнд хийлгэх иллэг барианы төлбөрт” ашигласан гэж нэрээ нууцалсан захидалд бичсэн байна.
Мөн түүний эхнэр Хильде Шваб “байгууллагын зардлаар тансаг аялал хийхийн тулд хуурамч уулзалтууд зохион байгуулдаг байсан” гэж дурджээ. Захидалд мөн К.Шваб эмэгтэй ажилтнуудтай харилцахдаа ёс зүйгүй авирлаж байсныг сануулсан байна.
К.Швабын гэр бүл төлөөлөгчөөрөө дамжуулан захидалд дурдагдсан бүх баримтыг үгүйсгэж байгаагаа мэдэгдсэн байна. Нэр хүндээ хамгаалахын тулд К.Шваб захидлыг бичигч болон “эдгээр худал мэдээллийг тарааж буй хэнийг ч болов” шүүхэд өгөхөөр төлөвлөж байгаа гэдгийг төлөөлөгч нь мэдэгджээ. Харин ДЭЗФ-ын зүгээс мэдэгдэхдээ, захидалд дурдагдсан зүйлүүдийг “нухацтайгаар” анхаарч буйгаа онцолсон ч одоогоор “нотлогдоогүй байгаа” гэдгийг дурдсан байна.
WSJ: ДЭЗФ-ийн удирдлагыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгажээ
К.Шваб болон бусад удирдах албан тушаалтныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, ажилтнуудыг хууль бусаар албан тушаалаас нь халсан, мөн эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгасан гэж WSJ сонинд тус байгууллагын хуучин болон одоо ажиллаж байгаа ажилтнуудын мэдээллийг эш татан өнгөрсөн оны зургаадугаар сард мэдээлжээ.
Харин ДЭЗФ тус сонины нийтлэл нь Давосын форум, түүний соёл болон ажилтнуудыг, форумын үүсгэн байгуулагчийг "буруу тодорхойлсон" гэж мэдэгдсэн байна. Дэлхийн эдийн засгийн форум бол Швейцарын төрийн бус байгууллага юм.
Тус байгууллагыг К.Шваб 1971 онд үүсгэн байгуулжээ. Энэхүү дэлхийн хэмжээний платформ нь "хамтын ажиллагаа, хөгжил дэвшилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих замаар төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Энэ золбинг нохой шиг дүүжлэх ёстой гэж хэлсэн шүү.
Яааг зөв