sonin.mn

МОСКВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /TASS/. Украин, Их Британи, Франц болон Германы төлөөлөгчид Лондонд уулзсаныхаа дараа тунхаглал гаргаж, зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлэхээр тохиролцсон тухай Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак мэдээлжээ. Уулзалтад түүнээс гадна Гадаад хэргийн сайд Андрей Сибига, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар Украины талаас оролцжээ.


"Их Британийн талаас Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонатан Пауэлл, Францын талаас Ерөнхийлөгчийн дипломат бодлогын зөвлөх Эммануэл Бонн, Германы талаас Канцлерын гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Йенс Плотнер нар оролцлоо" гэж А.Ермак “Telegram” сувагт бичсэн байна.


“Энх тайвныг тогтоохын тулд бид зөвлөлдөх уулзалтуудыг тогтмол зохион байгуулахаар тохиролцлоо. Украины мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхэд чиглэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүчин чармайлтыг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэсэн” гэж тэрбээр мэдэгджээ.


Украины мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх асуудлаар Лондонд Гадаад хэргийн сайд нарын түвшинд хийх хэлэлцээг хойшлуулж, албан ёсны төлөөлөгчдийн түвшинд хийхээр болсон тухай Их Британийн засгийн газар өмнө нь мэдэгджээ. 


“The Daily Telegraph” сонинд мэдээлснээр, энэхүү уулзалтын үеэр АНУ-ын зүгээс Украины хямралыг зохицуулах тухай долоон заалт бүхий төлөвлөгөөг танилцуулах ёстой байжээ. Долоон заалтын нэг нь Украины тал Крымийг Оросын нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөх тухай асуудал байв. Харин В.Зеленский үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэний дараа М.Рубио айлчлалаа цуцалсан тул уулзалтад Америкийн талаас Ерөнхийлөгчийн Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлог оролцоно гэж “The New York Times” сонин мэдээлсэн юм.  




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг