sonin.mn
Санжмятавын Майжаргал нь Москвагийн Гадаад хэлний дээд сургуулийг 1973 онд, Театрын урлагийн дээд сургуулийг 1989 онд төгссөн. Бүх Холбоотын Урлаг судлалын хүрээлэнд 1990 онд Урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо СУИС- ийн Театрын урлагийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, “Гоо Марал”, “Гэгээн муза”урлагийн наадмын шүүгчээр ажиллаж байна.
 
Хубилай Сэцэн хаан Монголын “Тэнгэр Эцэг” Эзэн Богд Чингис хааны отгон хүү Толуй, түүний их хатан, Хэрэйдийн Сорхагтани Бэхигийн хүү болж IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн бичин сарын туулай өдөр Хэрлэнгийн ордноо мэндэлжээ. Өвөг эцэг, Чингис хааны үндэслэн байгуулсан алтан төрийг залгамжилж Их Монгол Улсыг дэлхийн хамгийн том хүчирхэг гүрэн болгон цэцэглэн хөгжүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатан юм.
 
Хубилай Сэцэн хааныг талын нүүдэлчдийн хаад дотроос гэгээрч боловсорсон түвшнөөрөө илт ялгарсан хаан байсан хэмээн судлаачид үздэг юм. Тэрбээр бичгийн эрдэм, байлдааны урлагийг сайтар эзэмшиж, хэв хуулийг төрт ёсонд нэвтрүүлснээр “Сэцэн хаан” хэмээн өргөмлөгджээ. Хубилай хааны хаанчлалын үед дэлхийн ард түмнүүд мэдлэг ухаанаа солилцох боломж бүрдэж, соёл урлаг, шинжлэх ухаан түлхүү хөгжсөн байна.
 
Юань улсын үед монгол бичиг, дөрвөлжин бичиг, хятад, араб, түвд зэрэг хэлний сургуулиудаас гадна анагаах ухаан, одон орон, зурхайн ухааны сургууль, Улсын хөвгүүдийн сургууль зэргийг байгуулж, бичигтэй авьяастайг нь шилж сонгон цаашид эрдэм ухааныг нь гүнзгийрүүлэн эзэмшүүлдэг байжээ.
 
Монголын Их Юань улсын үед бурханы, лалын, бомбын, христийн шашныг хориглодоггүй байснаас гадна хятадын Кунзын сургаал, даосын ёс суртахууныг эдгээр шашнуудын нэгэн адил дэмжин хөгжүүлдэг байжээ. Энэ үед Буддын шашин төрийн шашин болсон байдаг.
 
Хубилай Сэцэн хаан их Юань улсад Пагва лам Лодойжалцанг /1235-1280/ залснаар бурханы шашин улам хүчтэй дэлгэрчээ. Энэ үед Хубилай хаан шашин, төрийн хос хууль гаргасан бөгөөд энэ нь шашин, төрийг барих сонгодог хэлбэрийн эхлэл болсон байна. Археологийн олдвор, дурсгалуудад аяга, богтаг малгайн чимэглэлд “Ум” үсэг дүрсэлсэн нь бурханы шашин тухайн үед нэлээд дэлгэрснийг гэрчилж байдаг. “Ум” үсэг нь бурханы шашинд тарнийн тэргүүн үсэг бөгөөд бурхан багшийн бие, хэл, сэтгэлийн бэлгэдэл болдог байна.
 
Хубилай хааны үед Дээд нийслэл Шанду, Их нийслэл Дайду, Дунд нийслэл Цагаан нуур зэрэг бий болсноос гадна Хархорум хотыг шинэтгэн засаж, Монгол орны хот суурингийн хөгжпийг ахиулжээ. Хааны нэгдүгээр хот Хаанбалгасан (Ханбалик) хот буюу өнөөгийн Бээжин хот, хоёрдугаар ордон хот бол Шанду, гуравдугаар ордон хот нь Цагаан нуурын орд байсан бөгөөд дөрөв дэх ордон хот нь Люлин байсан ажээ. Юань улсын арван нэгэн хааны зургаа нь Шанду хотын ордонд угсаа залгамжилсан түүхтэй.
 
1260 онд умард Хятадад орших улс төрийн төв Шанду хотод хаан ширээнд заларч, улмаар Хубилай Сэцэн хаан 1271 онд Их Юань улсын нийслэлийг өнөөгийн Бээжин буюу тухайн үеийн Дайду /Их нийслэл буюу Ханбаликт/ бүрэн төвлөрүүлсэн байна. Монгол болон дэлхийн олон орны урчуудын ур ухаанаар сүндэрлэн боссон тэдгээр ордны дотоод амьдрал ямар байсан үе үеийн судлаачдын сонирхлыгтатсан хэвээр байна.
 
Монгол хаадуудын ордны амьдрал нэн баялаг, соёлтой, үнэнхүү тансаг утга төгөлдөр байсан байна. Эгшиглэнт дуу хөгжмийн аялгуунд цэнгэж, жүжиг ший үзэж, бүжиг сэлтэд наадан баясч, шүлэг найргаар оюун ухаанаа мялааж байжээ. Юань улсын Төрийн их найрал хэмээн алдаршсан яруу найрал Хубилай хааны ордонд эгшиглэж байлаа. Их хааны яруу найрал нь ордны ёслол хүндэтгэл, төрийн тахилга тайлга, хаан эзэн гадаадын зочин гийчдийг угтах үеэр улсын сүр хүчийг илтгэсэн аялгуу өргөдөг байжээ. Төрийн их найрал нь 320 гаруй хөгжимчинтэй байв.
 
Зарим баримт сэлтэд 500 гаруй хөгжимчинтэй байсан гэж бичих нь ч бий. Өнөөгийн симфони найрал хөгжмийн чуулгын бүрэлдэхүүнтэй харьцуулбал Төрийн их найрал нь хөгжимчдийн тоо, хөгжмийн зэмсгийн төрөл, тоогоороо хэд дахин том байсан нь монгол болон дэлхийн хөгжим судлаачдын гайхлыг төрүүлдэг билээ. Ийм тооны бүрэлдэхүүнтэй найрал хөгжмийн чуулга урьд өмнө ч байсангүй, хожим хойно хүн төрөлхтний урлагийн түүхэнд ч тэмдэглэгдээгүй байна.
 
Их хааны яруу найралд 60 гаруй төрлийн хөгжмийн зэмсэг байсны 40-өөд нь хятад, 10 гаруй нь монгол, 4-5 нь түрэг зэмсгүүд байжээ. Төрийн их яруу найрал хөгжмийн уламжпал Лигдэн хааны үеийг хүртэл үргэлжилж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
 
Их хааны ордонд тоглож байсан үзвэрүүдээс дагинасын бүжиг нь нилээд алдартай байсан аж. Тэр үеийн кунзын сургаалтнууд ордны бүжигчид бие хаа нь нэвт харагдах хөнгөн шингэн хувцастай бүжиж байна хэмээн сонжин шүүмжилж байсныг үзвээс дэлхийн олон янзын соёлд нөлөөлөгдсөн тэр цагийн монголчууд гоо сайхны таашаал, урлаг, уран сайхны мэдрэмж өндөр, уран бүтээлийн
 
чөлөөт сэтгэлгээтэй байсныг нотолж байгаа юм. Түүгээр ч үл барам ордны хээнцэр хатад, язгууртан бүсгүйчүүд торго дурдан, алт, мөнгө, эрдэнийн чулуугаар гангарч, шинэ шинэ хувцасны хэв загвар, донж маягийг зохион бүтээж, урлан дэлгэрүүлж байсны нэгжишээ бол дээлийн хагалбар оноо юм. Энэ нь ордны амьдралын хэв жаягаас үүсэлтэйгээс гадна монголчуудын ахуй амьдралын шинж чанараас урган гарсан ажээ.
 
Нэгэн удаа Хубилай хаан авд мордож ирээд хатандаа хандан “Наранд нүд гялбаад олигтой харваж чадалгүй олз омог тааруухан ирлээ” гэхэд нь сэргэлэн ухаан, уран авьяасаараа шагшигддаг байсан Чаби хатан тэр шөнөдөө малгайд нь саравч хийж өгсөн нь их хаанд таашаагдсан түүх бий. Мөн их хаан дайлаар мордож ирээд морин дээрээс тулалдахад дээлийн хормой нь тушиж ханцуй нь гар боогоод байна гэхэд Чаби хатан ордны хатад, зарц нараар торго нэхүүлэн дээлний гадуур өмсдөг давхац хувцас урласан нь задгай энгэртэй, ханцуйгүй, гурван талдаа оноотой, ар хормой нь урд хормойноос урт байсан болохоор морь унахад нэн тохиромжтой болжээ.
 
Монголын Их Юань улсын үед соёл урлаг, гар урлал хурдтай хөгжиж байсан байна. Энэ үед шинээр бүтээгдсэн шаазан урлагийн нэгэн зүйл бол “Юаний цэнхэр цагаан шаазан” хэмээн алдаршсан цагаан дэвсгэр дээр цэнхэр хөх өнгийн хээ хуар бүхий шаазан сав юм. Ийм төрлийн шаазанг голдуу
 
луу, бадам, янз янзын цэцэг навч, галт шувуу, усан долгио хээгээр хээлэн урлах буюу лалын уран барилга, дархны урлагийн бүтээлийн хээ угалзыг дүрслэн бүтээдэг байжээ. Энэ шаазан, ваар савыг хаад ноёд, язгууртнууд болон сүм хийдийн тахилгын үйлд хэрэглэдэг байсан төдийгүй Иран, Дундад Азийн язгууртнууд, баячуудын захиалгаар хийж хүргүүлдэг байсан түүхтэй. Энэхүү цэнхэр цагаан шаазан нь Юань улсын эзэн хааны нэгэн бахархал байсан бөгөөд XX зууны эхэн хүртэл хятад худалдаачдын гол арилжаа наймаа болж байсан байна. Эдгээр шаазан сав нь өнөө хүртэл эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байгаа бөгөөд эртний ховор нандин эдлэлийн хорхойтнуудын цуглуулганд онцгой байр суурь эзэлсэн хэвээр байгаа нь гайхамшигтай юм.
 
Дэлхийн түүх, уран зохиол, урлагийн олон арван бүтээлд Монголын хаадын, ялангуяа Хубилай Сэцэн хааны дүр төрх, зан чанарын талаар яруу сайхан бөгөөд бодитойгоор дүрслэн үлдээсэн нь хүн төрөлхтний соёлын өвийн сан хөмрөгт нэгэнт багтжээ. Монгол гүрний их хаан Хубилай Сэцэний дэргэд 17 жил /1272-1289/ алба хааж байсан Италийн жуулчин Марко Поло Хубилай хааны дүр төрхийг өөрийн тэмдэглэлдээ “Олон олон хаан тэргүүлэгчийн их эзэн болсон Хубилай хааны гадаад дүр байдал ямар гэвээс: Тэрээр өндөр ч биш, нам ч биш, дунд зэргийн нуруутай, бие бялдар сайхан, махлагдүүрэн, чийрэгсайхан эр ажгуу.
 
Нүүр царай нь сайхан туяаран гэрэлтэх нь сарнайн адил, нүд нь ухаалаг агаад мойл хар, хамар тэгш бөгөөд өндөр болно” хэмээн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг. Ер нь дэлхий дахины авьяастан билэгтнүүд монголын их хаадын тухай бодол санаагаа илэрхийлэхдээ ойролцоо дүгнэн бичиж байсан нь ажиглагддаг. Дундад зууны Английн нэрт яруу найрагч, Английн утга зохиолын хэлийг үндэслэгч Жеоффрей Чосер /1343-1400/ “Кентерберийн үлгэрүүд” хэмээх ихэд алдартай зохиолдоо эртний гүн ухаантан, Аристотелиэс эхлэн өөрийнхөө үеийг хүртэлх дэлхийн алдар цуутай хүмүүсийн тухай шүлэглэн бичсэн 24 үлгэрийнхээ нэгийг “Дээдсийн үлгэр” хэмээн нэрлээд Монголын эзэн Чингис хаанд зориулсан түүхтэй.
 
Энэхүү зохиолдоо эзэн Чингис хааны тухай бичихдээ “Алтан урагт мэндэлсний эрхэм шинж бүрдсэн, ам тангараг, хууль цааз, айлдвар бүхнээ аль ч цаг дор алдас үгүй сахиж явсан, өнчир чанга, үгэнд сэцэн, өег нүнжигтэй, өрөвч зөөлөн, үнэнч шударга, өмөг түшигтэй, үгүүлэх нь үнэмшилтэй, үзэгдэх нь хүндлэлтэй” гээд “өөр тийм илбэн тохинуулагч хэзээ ч байгаагүй, цэл залуугаараа,  цэвэр ариунаараа, цэх чадлаараа цэрэг эрчүүддээ мөрөөдөл дуурайл нь болсон...
 
Ахуй төрийнхөө сүр сүлдийг адбиш сайнаар өргөж явсан алдар суутай эрийн аз хийморь нь дандаа өөдөө бадарч явсан эрхэмсэг түүнтэй эгнэх өөр хүн хаана ч тодроогүй энэ Тэнгэрлэг хаан, энэ Монголын Чингис хаан байжээ” хэмээн дүгнэн, урнаар дүрслэн хойч үедээ үлдээсэн нь оновчтой, яруу сайхан, үнэнд ойрхон дүрслэл, дүр зураг болсон ажээ.
 
Тодорхой үйл явдал, бодит хүн алдаршваас хойчих үеийн уран зохиол, урлаг, уран зурагт байр сууриа эзлэн орж ирж, улмаар бүх цаг үеийн уран сайхны бүтээлийн сэдэв, домогтдүр болдогжамтай. Эзэн Чингис, Их Хубилай хаан болон түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээсэн монгол хаад, хатдын дүр нь ийнхүү дэлхийн болон монголын урлаг, утга зохиолд домогт дүр болон мөнхлөгдсөн аж.
 
Жеоффрей Чосер энэхүү алдарт зохиолоо бичихдээ Хубилай хааны ордны тухай бичсэн Марко Пологийн тэмдэглэлээс урам онгодоо авсан гэдэг. Хубилай хааны цуутай, юутай ч зүйрлэшгүй орд харш нь энэ дэлхийн олон авьяас билэг бүхий хүмүүсийг дуудан даллаж онгод, уран сайхны сэтгэмжийг нь оргилуулан бадрааж байсны нэг тод жишээ бол Английн алдарт яруу найрагч Самюэль Тэйлор Колеридж юм.
 
С.М.Колеридж мөн л М.Пологийн тэмдэглэлийг шимтэн уншиж, түүнийг ихэд таалж, сэтгэл нь үлэмж хөдөлсөн гэдэг түүх байдаг. Тэр Хубилай хааны Шанду дахь ордныг зүүд нойрондоо үзсэн байна. Гайхалтай нь тэр зөвхөн алдарт ордны яруу сайхан дүр зургийг зүүдэндээ үзсэн төдийгүй яруу найргийн мөрүүд ч тэр зүүдэнд нь урган харагдсан гэдэг. Тэр ийнхүү онгоддоо хөтлөгдөн “A Pleasure-Dome of Kubla Khan” гэдэг зохиолоо 1797 онд бичжээ.
 
Хожим нь өөрийн анд нөхөр, Английн яруу найргийн нэгэн оргил болсон Лорд Байроны зөвлөснөөр 1816 онд хэвлүүлснийг үзэхэд Лорд Байрон энэ найраглалыг ихэд таалсан нь эргэлзээгүй юм. С.М.Колериджийн энэхүү зохиол нь түүний шилдэг бүтээлүүдийн тоонд ордог бөгөөд дэлхийн хойч үеийн уншигч, судлаачдын оюун ухаанаа сорьдог үнэт туурвилуудын нэг болсон юм.
 
Энэхүү үйл явдалтай холбоотой бас нэгэн уран бүтээл дэлхийн урлагийн өв санд үлдсэн юм. Энэ бол дээр дурдсан С.М.Колериджийн суут зохиол хэвлэгдэж нийтийн хүртээл болсноос хойш зуу гаруй жилийн дараа болсон явдал юм. Энэ удаад Америкийн нэрт хөгжмийн зохиолч Чарлз Томлинсон Гриффийз С.М.Колериджийн яруу найргаар хөглөгдөн “Хубилай хааны цэнгэлийн ордон” (A Pleasure-Dome of Kubla Khan) хэмээх ижил нэр бүхий хөгжимт яруу найраг (a tone poem) туурвисан явдал юм. Энэ зохиолоо Ч.Гриффийз 1917 онд бүтээсэн байдаг. Ч.Т.Гриффийз бол Америкийн хөгжим дэх импрессионизмын нэрт төлөөлөгч юм. Хүн төрөлхтний урын санд бүтээлээрээ нэгэн өвөрмөц шигтгээ болон үлдсэн алдарт уран бүтээлч мөн. Энэ бүтээлийг Хубилай Сэцэн Хааны 800 жилийн ойгоор Монголын симфони найрал хөгжим анх удаа тоглон толилуулж монголчуудын сонорт хүргэсэн нь эзэд хаадынхаа өнө эртний баялаг намтар, домог түүхийг эргэн санагалзаж, ойлгон мэдрэх шинэлэг, сайхан үйл явдал болсныг тэмдэглүүштэй.
 
Үүнтэй холбогдуулж нэгэн зүйлийг дурдахад С.Т.Колеридж, Ч.Т.Гриффийз нарын бүтээлүүд ижил нэртэй бөгөөд англи хэлнээ хөрвүүлэхдээ "Pleasure-Dome” гэснийг монгол хэлнээ “цэнгэлийн ордон” хэмээн буулгажээ. Өнөөгийн монголчууд бидний бодлоор бол “цэнгэлийн ордон” гэхээсээ “цэнгэлийн өргөө” хэмээн орчуулах нь зохистой мэт санагдна. Учир нь хэрвээ бид М.Пологийн тэмдэглэлийг эргэн нэг харвал тэнд лалын уран барилгын сонгодог хэлбэр болох паалангаар бүрхсэн дугуй, бөмбөгөр оройтой орд харшийг урнаар дүрслэн бичсэнээс гадна монголчууд бидний гарваль-тоонот монгол гэрийн тухай мөн нэн тодорхой дүрслэн бичиж үлдээсэн байдаг. Иймээс ордон гэхээсээ “өргөө” гэх нь монгол ахуй, сэтгэлгээнд илүү ойр санагдана.
 
 
Монголчуудын түүх, эзэнт гүрнээ мэргэнээр жолоодон залж ирсэн их хаадын домогт дүр төрх дэлхийн олон орны урлаг, утга зохиол, дуу хөгжимд мөнхлөгдөөд зогссонгүй уран зурагт ч тусгалаа олсон байдаг. Монгол үндэстний Тэнгэр Эцэг болсон Чингис хааны эш хөрөг бол дэлхийн монголчуудын бахархал, дэлхийн соёл, урын сангийн үнэт өв билээ.
 
Монголын үндэсний музей Хубилай Сэцэн хааны 800 жилийн ойгоор Хубилай хааны эш хөргийг түүний гэргий, шадар туслагч, Ордны тэргүүн хатан “Маш үзэсгэлэнтэй, ёсыг нэвтэрхий ухагч, Хувилгаан Хатан" хэмээн өргөмжлөгдсөн Чаби хатны эш хөргийн хамт дэлгэн тавьж нийтийн хүртээл болгон олон түмэнд толилуулсан нь Монгол Юань улсын урлаг соёлын цар хүрээ, үнэ цэнийг илтгэн харуулсан чухал үйл явдал болсон юм.
 
Хубилай Сэцэн хаан Монголын эзэнт гүрний төрийн жолоог 34 жил атгахдаа мэргэн ухаан, цог залиараа таван зуун жилийн турш тархай бутархай, нэгдмэл биш байсан хятадын ард түмнийг нэгтгэж, Монголын Юань улсыг үндэслэн байгуулсан юм. Хубилай Сэцэн хаан хятад болон дэлхийн олон угсаатан, үндэстнийг нэгтгэн нэгэн улсын хуулиар захирч байхдаа монгол төр ёс, заншил суртлаа умарталгүй, харин ч суурин соёлын сөрөг нөлөөллөөс хүн амаар цөөн монгол түмнээ хамгаалсан ухаалаг мэргэн бодлого явуулж төрөлх хэл, бичиг үсэг, соёл урлаг, шинжлэх ухаан, боловролыг хөгжүүлэн цэцэглүүлж соёлын өвийг хамгаалахад онцгой анхаарал тавьж ирсэн юм.
 
Хубилай Сэцэн хааны засаглалын үед харилцаа холбоо эрчимтэй хөгжиж, одон орон судлал, зурхайн ухаан хөгжсөнөөс гадна шинэ шинэ хот суурин үүсч, цаасан мөнгийг хууль ёсны баталгаатай эргэлтэнд оруулсан зэрэг шинэчлэлт өөрчлөлтийн нөлөөгөөр хятадын “унтамхай” байсан муж тосгонуудын амьдрал сэргэж, нийгмийн харилцаа шургуу хөгжсөний үр дүнд ший янгуу, театрчилсан үзвэрүүд олширч, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал идэвхжсэн байна. Үүний үр дүнд жүжгийн зохиол ихээр бичих болж Хятад улсын 200 гаруй шилдэг жүжиг Монголын Юань улсын үед бичигджээ хэмээн эрдэмтэн мэргэд тэмдэглэн үлдээсэн байдаг.
 
Олон орны ястан үндэстний соёл нэг дор сүлэлдэн нийлж, бие биедээ харилцан нөлөөлж, идэвхтэй солилцоонд орсон байна. Үлгэрлэвээс их ойн үзэсгэлэн дээр дэлгэн үзүүлсэн Лю Гуаньдаогийн бүтээл “Хубилай хаан авд мордсон нь” хэмээх зураг ийнхүү соёлын шүтэлцээ солилцооны нэг тод жишээ юм. Лю Гуаньдао энэ зургаа 1280 онд зуржээ. Уг зургийн зохиомж, илэрхийлж байгаа утга санаа нь төгс төгөлдөр юм.
 
Ан авд хатантайгаа хамт мордсон их хаан ан ав хийхээсээ албат иргэд, хатантайгаа хамт зугаацахаар мордсон нь гэлтэй. Хаан, хатан хоёроос гадна тэднийг дагалдаж яваа найман хүн, анч нохой, ирвэс, шонхор шувуу, алсад, уулын цаагуур явж байгаа жинчдийн тэмээний цувааг уг зурагт дүрсэлсэн байна. Хүмүүсийн дүр, тэдний хөлөглөсөн агт морьд, тэмээ, нохой, өвс ургамалгүй шахам цөлөрхүү байгаль, алсад сүндэрлэх уул зэрэг цөм нэгэн хавтгай дээр байрлажээ.
 
Дүрсний өвөрмөц төрх байдал, гэрэл сүүдрийн чамин хослол, бие махбодийн багтаамж эзэлхүүнийг гаргах оролдлогын аль нь ч алга байна. Гэсэн ч зургийн гол баатар болох хаан, хатан хоёрын эрхэмсэг дүр төрх, тэднийг дагалдан яваа хүмүүсийн дүр зураг, хувцас хунар, бусад амьтдын хөдөлгөөн болон ерөнхий байдлыг гайхамшигтай урнаар дүрсэлсэн ажээ. Лю Гуаньдаогийн бүтээлээ туурвиж байсан энэ цаг үед хятад урлагийн бидний мэдэх хэв маяг үүсч бүрэлдэн тогтсон байдаг. Жишээлбэл, тэр үеийн Египетийн урлагийн гол онцлог болох шулуун болон тахир шугам зураасуудаас хятадын зураачид зайлсхийн голдуу муруй, зуйван хэлбэр дүрсүүдийг эрхэмлэдэг байжээ.
 
Энэ арга барил нь “Хубилай хаан авд мордсон нь” зураг д?„эр ч ажиглагдаж байна. Хүн болон амьтдын хөдөлгөөнийг илэрхийлэх амаргүй ур чадварыг зураач маш сайн эзэмшжээ. Энэ зураг дээр өчүүхэн төдий ч царцанги, хөшүүн аяс байхгүй бөгөөд бодит хэлбэр дүрс, өнгө төрхийг огтхон ч гажуудуулалгүй нэгэн цогц болгон нэгтгэж чадсан байна. Учир нь энэ зургийг бий болгосон дүрсний шугамууд байнга хэлбэлзэж дугуйран дүрсийг бүтээж, таталбарууд нь тухайн дүр дүрсийг хөдөлгөөнтэй харагдах байдлыг бий болгосон байна. Гэсэн хэрнээ уг зургийн эзлэхүүн багтаамжийн тогтвортой байдал чадварлагаар хадгалагдаж нэгэн цогц бүтээл болсон нь зураачийн авьяас чадавхийг илтгэнэ. Монголын Юань гүрний энэ цаг үеийн хятадын уран зургийн тод илрэл болсон энэ зурагт дүрснүү^ийн хоорондох хэлхээ холбоо, үгүүлэмж, баатруудын хоорондын харилцаа, зан араншин, төрх байдлыг урлагийн эрхэмсэг тансаг
 
чанартай зүйл байхгүй бөгөөд зураг дээр дүрслэгдсэн бүх зүйл, өчүүхэн жижиг зүйл ч цөм нэгдмэл нэг утга агуулгатай, үзэж байгаа хүнд нэг цогц сэтгэгдэл төрүүлэхэд чиглэсэн байна. Энэ зурагөнгөрөн одсон алтан эриний гайхамшигт баатар, Юань гүрний эзэн хаан Хубилайн амьдралын жаргалтай нэгэн мөчийг гоо сайхан, уран сэтгэмж, авьяас билгээрээ хүмүүсийн ой тойнд мартахааргүй урнаар дүрслэн үлдээсэн нь зураач Лю Гуаньдаогийн үнэлж баршгүй гавьяа, хятадын урлагт хийсэн шинэчлэл байв.
 
Алдарт уран барималч Анигаа Азийн баруун өмнөд бүс нутгийн соёл, урлагийг Хятадад түгээсэн бол уран зураач Хорхосун Монголын Юань улсын их нийслэл Дайду-Хаан балгасын урлагт шинэлэг өнгө аясыг авчирснаар тухайн үед төрөл бүрийн газар орны соёл урлаг хэрхэн харилцан шүтэлцэж, нийлэн цогцолж байсныг илтгэдэг юм.
 
Буддын шашин Хубилай Сэцэн хааны үед хятадын урлагт үлэмжийн нөлөө үзүүлсэн юм. Энэ үед Буддын шашны нөлөөгөөр урлагт хандах цоо шинэ хандлага бий болсонтой холбоотой юм. Эртний Грект ч, Сэргэн мандалтын үеийн Европд ч байдаггүй байсан уран бүтээл, туурвилыг бишрэн шүтэх үзэл энд үүссэн байна. Дүрслэх урлагийг хөндлөнгийн зорилгод үйлчилдэг гар урлал хэмээн үздэг хязгаарлагдмал бодол төсөөллөөс холдож, зураачийг онгод хийморь бүхий яруу найрагчтай нэгэн зиндаанд өргөмжпөн үзэх болсон юм.
 
Энэ үзэл нь бүтээх туурвих хязгааргүй боломжийг зураачид болон бусад уран бүтээлчдийн өмнө нээж тухайн цаг үе болон хойч үед урлаг, уран зураг дэлхий даяар цэцэглэн хөгжих нэгэн хүчин зүйл болсон юм. Энэ үзэл урлагийн онолын хэмээнд хүртэл хөгжин дэлгэрч Ази, Зүүн өмнөд Ази, тухайлбал, Японы эртний театр, уран зурагт нөлөөллөө олж яван явсаар Х1Х-ХХ зуунд Европд импрессионизмын чиглэл үүсэхэд хүчтэй түлхэц болсныг тэмдэглүүштэй.
 
Хүн төрөлхтний оюун санаа, уран сайхны сэтгэлгээ, мэдрэмж, таашаал, гоо сайхны тухай ойлголт зуунаас зуунд цагийн аясаар хувьсан өөрчлөгдсөөр байдаг ч гэлээ Хубилай Сэцэн хааны буй болгосон соёлын их өвийн үнэ цэнэ улам бүр өссөөр байх болно.
 
Эцэст нь өчихөд Хубилай Сэцэн хааны 24 дүгээр үе-Цэцэн хан аймгийн Үйзэн засаг хошууны тайж Жамьянгаравын хүү, миний эцэг ахмад дипломатч, энэжил 100 насны нь ой тохиож байгаа Санжмятавын ургийн бичгийг Улсын Төв номын санд одоо мөн хадгалагдаж байгаа Хан Хэнтий уулын чуулган даргын тамгын газраас Олноо өргөгдсөний тавдугаар он намрын сүүл сарын хорин хоёронд үйлдсэн “Цэцэн хан аймгийн хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг олон тайж нарын гэрийн үеийн бичмэл” хэмээх 11000 гаруй хүний нэрсийг үелэн жагсаасан эх түүхийн баримт бичгийг шүүн самнасаар олж тогтоон, Эзэн Чингис хааны “Алтан ураг"-ийн хойч үе тасраагүй байгааг нотолсон ШУА-ийн нэрт эрдэмтэн П.Хорлоо, А.Сэржээ, Д.Цэрэнсодном, Ж.Пүрэв нарт үр хүүхэд бид нар нэн талархалтай байдгаа энэ ялдамд илэрхийлье.
 
 
Хубилай Сэцэн хааны маань мэргэн ухаан, суу заль монгол түмнээ мөнхөд ивээж байх болтугай!
 
Эх сурвалж: "Утга зохиол урлаг"сонин