sonin.mn


Улиралтай тэнцэх хугацаанд даварсан долларын хандыг Монгол төгрөг маань хага дараад тунчиг тааламжтай өдрүүд үргэлжилж байна. Гэхдээ сэрэмжлүүлэг ч бас зэрэгцэн ирж байна. Төгрөг, ам. долларын данс хооронд хервүүлэг чөлөөтэй хийгддэг учраас банкны системийг бэхжүүлэх чиглэлээр макро зохистой арга хэмжээ авахгүй бол хөрөнгийн урсгал гэнэт гадагшлах эрсдэл өндөр хэвээр байгааг Дэлхийн банкнаас анхааруулж байна.

Тэгэхээр төгрөгийн ханшийн сулралт нь эдийн засагт орж ирж байгаа валютын орох урсгалаас гадагшилж байгаа валютын урсгал давамгайлж байгаатай холбоотой гэсэн тайлбар хэлж суудаг Монголбанк болоод бусад төрийн статустай байгууллагууд сэрэмж өндөртэй, үйл ажиллагаа нь бодитой байх шаардлага нэг талаас харагдана.

Уг нь Монголбанкны ханшаар нэг ам.доллар 1,340.81 төгрөгтэй тэнцэж байгаа нь, холбогдох байгууллагуудаас сүрхий зохицуулалт хийж ирсэний үр дүн болов уу гээд харахад хүргэж байгаа ч, бодит нөхцөл байдал өөр. Хэдийгээр гурван талт зөвшилцлийн Үндэсний хорооноос сарын өмнө Улсын Их Хуралд шаардлага хүргүүлсэн ч, тэрийг нь хэрэгжүүлээд сүрхий үр дүн гаргаад байгаа юм биш.

Валютын ханшийн хэлбэлзлийг тогтвортой төвшинд барихад хяналт тавьж ажиллах Мөнгөний бодлогын зөвлөлийг Монгол банкны Ерөнхийлөгчийн дэргэд байгуулж төр, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хэрэглэгчийн байгууллагын төлөөллийг оруул гэсэн шаардлагыг УИХ-д хүргүүлсэн ч, нөхдөөд үл тоон завсарлачихсан. Ээлжит бусаар ч зөвлел энэ тэрийн асуудпыг хэлэлцэхгүй.

Мөн Үндэсний хорооны шаардлагад ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг огцом өсөлтийн өмнөх түвшинд хүргэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх үүргийг Монгол банкинд өгсөн. Энэ шаардлага ч өнөөдөр биеллээ олоогүй байна. Өнөөдрийн тухайд 1340 төгрөгтэй тэнцүү байгаа үзүүлэлт нь харьцангуй зөөлөрсөн мэт ч, огцом өсөлтийн өмнөх үед төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1300 төгрөгөөс доош байсан юм.

Огцом өсөлт нь ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг 200-гаад төгрөгөөр сулруулж 1500-д хүргэхээ шахсан билээ. Харин Монголбанк долларын ханшийг хэвийн хэмжээнд барихын тулд өнгөрөгч оны сүүлийн гурван сарын хугацаанд шаардлагатай үед интервенцүүдийг хийж ирсэн гэдэг ч, үүнийг нь эдийн засагчид нь үгүйсгэж байгаа. Тухайлбал, С.Дэмбэрэл эрхэм "Монголбанк зузаан доллартай гэдгээрээ ажлаа дүгнүүлдэг. Ганцхан юм хэлье. Монголбанкны хяналтын зөвлөлийн мэдээлэл гарсан.

Монголбанк 2010 онд 145 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ алдагдлаа сая нөхөөд авлаа шүү дээ...

Зорилго нь тодорхой цаг үед тодорхой агшинд улс оронд гэнэтийн шок буюу гадаад валютын эрэлт огцом нэмэгдэх, дотоодод зах зээлийн ороо бусгаа байдал үүсэх зэрэгт хэрэглэхээр валютын нөөцийг бүрдүүлдэг. Гэтэл энэ удаа Монголбанк дээрх зорилгоор валют нөөцлөөгүй нь тодорхой. Өнөөгийн иймэрхүү валютын ханшийн хэлбэлзэлтэй үед нэг хэсэг нь хождог.

Харин импортлогчид болон дотоодын үйлдвэрлэгчид алддаг. Жилийн эцэст баланс дээр нь валютын ханшийн өөрчлөлт гээд дандаа хасах гардаг. Үүнээс сэргийлэх маш олон арга бий. Банк бүр дээрээ валютын ханшийн эрсэдлийг бууруулъя гэвэл харилцагчидтайгаа доллараар зээл авахад нь гэрээ хийхдээ валютын ханшийн зөрүү гарвал ингэж тооцно шүү гэдгээ тохирох ёстой..." хэмээн хэвлэлд ярьсан байгаа юм.

Тэгвэл Дэлхийн банкны судлаачдын байр суурийг хүргэхэд "Төгрөгийн ханш өнгөрсөн онд 11 хувиар суларсан нь инфляци дотоодод өндөр байгаа, түүхий эдийн үнэ оны сүүл рүү буурсантай шууд холбоотой гэж байна. Түүхий эдийн зах зээлээс хамаарсан эрдэс баялгийн нөөц ихтэй хегжиж буй бусад улс орнуудын ханш ч мөн адил нөлөө үзсэн гэж байгаа юм. Тэрчлэн цаашид ханшийг уян хатан байлгах нь чухал бөгөөд төгрөгийн ханшийг нэг чиглэлээр өөрчлөгдөнө гэсэн хүлээлт дээр үндэслэсэн ашиг хонжоо олох гэсэн дайралт үүсэх эрсдэлийг багасгаж, гадаад цочрол тодруулбал эрдэс баялгийн үнэ буурсан тохиолдолд төсөв, экспортын орлогод шууд нелөөлөхгүйгээр эдийн засагт шингээж авах боломжийг бүрдүүлнэ гэж байна.

Мөн түүнчлэн 2008 онд Монгол Улсын эдийн засагт яг ийм цочрол тухайлан нөлөөлж, агшилтыг дагуулсныг ч сануулж байна. Цаашлаад ханшийг уян хатан байлгах нь нэрлэсэн ханшийн хэлбэлзлийг эдийн засагт шингээхэд тустай бөгөөд бодит орлого болон бизнесийн ашигтай байдалд сөргөөр нөлөөлөх цалин хөлс, ажлын байр эрс буурах үр дагавраас сэргийлнэ. Ерөөс ханш уян хатан байх нь хувийн хэвшил болон банкуудыг хамгаалалтгүй эрсдэл үүрэх сонирхлыг бууруулна гэсэн зөвлөмжийг хүргүүлж байна.

Харин валютын гадагш урсгалыг улам бүр өсгөж улмаар ханшийг нь чангарахад хүргэдэг импортын өсөлттэй холбоотой мэдээллийг хүргэхэд он гарсаар өсөлт нь хадгалагдсан хэвээр л байна. Нэгдүгээр сард нийт экспортыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.2 хувиар өссөн бол, импорт 42.1 хувиар өслөө. Импортын өсөлт экспортынхоос 2.8дахин илүү байснаар нийт гадаад худалдааны алдагдал 254.6 сая ам.долларт хүрчээ.

Үүнээс валютаар төлбөр нь хийгддэг барааны гадаад худалдааны алдагдал 171.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тэгэхээр хувийн хэвшлийн эрэлт өссөн, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэн янзаараа байгаа учраас импорт өсөлт хэвээрээ байх нь тодорхой. Ерөнхийдөө ам.долларын ханш эргэн өсөх магадлал хадгалагдсан хэвээрээ байна гэсэн үг.

Цэвэр орлогын, төлбөрийн тэнцлийн, урсгал тэнцлийн гурван гол дансаар гадагшилдаг валютын урсгал нь нэмэгдэх магадлал өндөр учраас цаашид угтсан бодлогууд хэрэгтэй нь дамжиггүй байна. Тэрчлэн Үндэсний хорооноос хүргүүлсэн шаардлага сэлт ч ажил хэрэг болох ёстой. Үгүй ядаж л, асуудал үүслээ гэхэд хариуцлага ярьдаг, амыг нь асуудаг нөхдүүдтэй баймаар байна.

Э.Болор
Эх сурвалж: "Монголын нэг өдөр"