sonin.mn
Байгаль орчны салбарт 30 гаруй жил ажиллаж, өндөр насны тэтгэвэртээ гарсан Цэдэнгийн Дорждагва гуайтай ойн тухай сэдвээр ярилцлаа.
 
-Жил бүр Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарьдаг. Гэтэл тарьсан моднууд нь ургахаасаа илүү үхэж үрэгдэх нь их байна уу гэж хараад байна л даа. Мэргэжлийн хүний хувьд ямар шалтгаан байна гэж та бодож байна вэ?
 
-Уг нь модыг хавар гэхээс илүү намар таривал үр дүн сайтай. Өөрөөр хэлбэл хөрсөнд нь зохицуулах хэрэгтэй байдаг. Намар хөрс чийгшилтэй болсон байдаг учраас ургалт нь эрчимтэй байдаг.  Үүнээс гадна ургамал, модыг зүгээр наанаас нь тариад байх нэг их ашиг тус багатай.
 
Манай аймгийн Байгаль орчны газрын дэргэд гурван ч мод бэлтгэлийн газар/Эрдэнэмандал, Ихтамир, Хэвтээгийн дов/ байна. Энд байгаа материалыг л бид өөрсдөө авч таримаар байгаа юм. Ямар нэгэн хүний бизнесийн хэлбэрээр Улаанбаатараас мод авчраад баахныг тарьчихдаг.
 
Тэр нь аймгийн хөрсөнд зохицохгүйгээс ургадаггүй байх тохиолдлууд байна. Нөгөө талаар буруу тээвэрлэлт хийснээс тодорхой хэмжээний хаталт явагдсан моднууд байгаад байдаг
 
-Манайд ургадаггүй ямар моднууд байдаг юм бэ?
 
-Байлгүй яахав. Тэр тусмаа нарс мод манайд ургахгүй. 1970 хэдэн онд улсын төлөвлөгөөгөөр нарсыг хэдэн зуугаар нь тарьж байсан л даа. Гэтэл хавар, намар нь бага зэрэг ургаад өвөлдөө хөлдөөд байхгүй болж байсан удаа бий. Бас хэдэн жилийн өмнө нэг цэцэрлэгт хүрээлэнд баахан нарс, хуш тарьчихаад аваад хаячихаагүй юу.
 
Анх тарих гэж байхад нь "энд хуш тариад ургахгүй" гэж би хэлж байсан. Хэрвээ үнэхээр нарс, хуш тарих гэж байгаа бол хөрстэй нь авчирч тарих хэрэгтэй. Харин манайд гацуур ургадаг гэдгийг Булган сум нотолсон шүү дээ. Бас гацуураас гадна шинэс, хар мод, хуш, улиас, бургас, бусад бут сөөгүүд ургах боломжтой.
 
-Ер нь модыг ямар технологиор таривал хамгийн зохимжтой вэ?
 
- Надад хичээл зааж байсан багш нарын ярьснаар байгалийн журмаар мод гэлтгүй ямар нэгэн ургамал баруунаасаа зүүн тийшээ шилжиж ургаж байх ёстой байдаг. Гэтэл манайхан сөргөөгөөд л тарьж байна. Ургахгүй байгаагийн шалтгаан угаасаа технологийг баримтлахгүй байна шүү дээ.
 
Ерөөсөө 1м50см-ээс дээш мод тарих нь үр дүн багатай. Гэтэл манайхан хэтэрхий өндөр мод тариад байх юм. Тэгээд дээрээс нь арчилж тордохгүйгээр мод ургана гэж байхгүй шүү дээ. Цаашилбал байгаль нөхөн сэргээгдэх нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой. Ингэх юм бол үр дүн гарна.
 
-Сүүлийн үед ойд арчилгаа, цэвэрлэгээ, нөхөн сэргээлт хийх асуудал орхигдох гээд байна л даа. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?
 
-Ойн нөхөн сэргээлт арчилгааны, цэвэрлэгээнийх гээд янз бүр л дээ. Байгалийн нөхөн сэргээлтэнд туслахын тулд ямар ч мод ургамал тарихгүйгээр хөрсийг нь сийрэгжүүлж, боловсруулж ургамлын ургалтыг эрчимжүүлдэг арга байдаг Мөн хөрсийг нь сийрэгжүүлсний дараа тодорхой хэмжээний үр цацвал бүр ч сайн байдаг.
 
Хавтгай модонд л гэхэд дуртай нь очиж огтолдог болсон байна. Үндсэндээ энэ орчмын ой портер машин, цахилгаан хөрөө хоёр гарч ирснээс хойш замбараагаа алдсан шүү дээ. Үе үеийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт хэлж байсан ч анхаараагүй. Сүүлийн хэдэн жил Хавтгай модны ойн хэв шинж үндсэндээ алдагдах гэж байсан.
 
Харин хэд хэдэн удаагийн тарилтаар одоо нэг үеэ бодвол овоо л болж байна. Гэхдээ нэг хар модны үр цацахад дор хаяж 12 жилийн дараа ургаж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болдог Тэгэхээр үүнд нэг хүний нас хүрэхгүй л дээ. Яахав бага багаар нөхөн сэргээж байна л даа.
 
Хамгийн гол нь ойг нөхөн сэргээдэг мэргэжлийн байгууллагууд их цөөрсөн байна. Миний ажиглаж байгаагаар сүүлийн хэдэн жил манайд хар мод ерөөсөө ургаагүй. Өөрөөр хэлбэл орон нутагт стандартын тарьц суулгацыг бэлддэг мод үржүүлгийн газар ховорхон болсон байна. Тиймээс арчилгаа, цэвэрлэгээний бригадыг сумд зохион байгуулах хэрэгтэй. Ингэвэл түймэрт ч тэр, ой ашиглалтанд ч ач тустай.
 
-Хамгийн гол нь ойд цэвэрлэгээ хийж байгаа гэх боловч олон жилийн өмнө гарсан түймрийн унаанги моднууд одоо болтол хөглөрсөөр л байна. Үүнд л ойн анги, нөхөрлөлүүдийг идэвхжүүлэх хэрэгтэй байх л даа?
 
-Би 1976 онд аймгийн бүх модыг тоолж байсан. Тэгэхэд 80 гаруй мянган мод ургасан байсан л даа. Одоогоос 7,8 жилийн өмнө Ихтамир, Булган, Цэнхэр сумын түймэрт шатсан модыг тэд орчим кубметр галын түлээ гарах юм байна гэж тогтоолгоод авсан чинь авах хүн олдоогүй.
 
Газрын унаанги модыг голоод түлэхгүй их цамаан улсууд л бид. Гэтэл говийнхон хорголоо түүгээд түлж байна шүү дээ. Одоо болдогсон бол Эрдэнэбулган сумын дотор ургаж буй бүх модыг тоолмоор байгаа юм. Ямар хичнээн төрлийн мод бут байна, ой төлжиж байна уу гэдэгг судалгаа хиймээр л байгаа юм.
 
Бидний хэсэг хүмүүс Булган уулыг хоёр ч удаа гороолж, цэвэрлэсэн. Хамгийн эхний явалтаар 76 шуудай хогтой ирсэн. Сүүлд нь 2,3 шуудай хог авчирч асгасан. Дэлхийн дулаарлаас үүдсэн байгалийн өөрчлөлт явагдаад байна. Манайд нилээд цөлжилт явагдаад эхэлчихсэн.
 
-Модны зах ажиллах нь ямар ач тустай юм бол?
 
-Үе үеийн дарга нарын үед модны зах гаргаж үзсэн. Гагцхүү буцаагаад түүнийг хэрэгжүүлэх тал дээр гүйцэтгэлийн хяналт тавьдаггүй. Уг нь үр дүнтэй гэж би боддог 1974 оны үед ойн цагдаа гэж аймгийн хэмжээнд 18 хүн ажилладаг байсан. Нэг талаараа хүйтрэхээр мод руугаа дайрцгаадаг сүйтгэгчдэд байнгын хяналт тавиад байх сайн талтай байсан л даа.
 
Нэг хэсэг байгаль орчныг хамгаалах асуудал хөл толгойгоо алдсан байсан. Харин одооноос зөв тийшийгээ явж эхэлж байна. Хамгийн гол асуудал нь мэргэжлийн байгууллагад хяналт тавих эрх нь алга байна. Улсын байцаагчийн эрхгүйгээр хяналт тавьж чадахгүй шүү дээ. Байгаль орчны системийг мэргэжлийнх нь байгууллагуудад шилжүүлмээр байгаа юм.
 
Ойг хамгаалах асуудалд ойн нөхөрлөлүүдийг нэмж байгуулах нь зүйтэй. Мэдээж эзгүй байгааг эзэнжүүлнэ гэдэг ач тустай. Ойн зөрчил, ангийн хулгай гэх мэт зүйл гардаггүй их үр дүнтэй ажиллаж байгаа нөхөрлөлүүд бусад аймгуудад байна. Сэлэнгэ чиглэлийн аймгууд тийм болсон байна.
 
Г.Жавзандулам
 
Эх сурвалж: “Архангайн амьдрал” сонин