сонин mn
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.
 
МҮАН, АН-тай нэгдэх шийдвэр гаргажээ. Яагаад, ямар учир шалтгаан, зорилгоор нэгдэх болов?
 
МҮАН АН-тай нэгдэх санамж бичигт өнгөрсөн 11 сарын 05-ны өдөр гарын үсэг зурсан. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, Монгол улс хоёр хөрштэй, энэ хоёр хөрш нь хоёулаа авторитар дэглэмтэй. Зэргэлдээ орнууд нь том нөлөө бүхий гүрнүүд, улс төрийн орчин ийм байхад дунд нь хавчуулагдсан оронд нөлөөлөх их олон хүчин зүйл байна. Улс төрийн хувьд ч тэр, нийгмийн хувьд ч тэр. Бүс нутгийн төлөвлөлтийн хувьд ч гэсэн яах аргагүй төвөгтэй нөхцөл байдал руу шахаад байдаг талтай. Тэгэхээр төв Азид байгаа ардчиллын арал гэгддэг Монгол Улс цаашид ардчилсан замаараа явах уу, эсвэл нэг намын тогтолцоо руу шилжих үү? гэдэг сонголтын ирмэг дээр байна гэж хэлж болно. 1992 оныхоо Үндсэн хуулиар олон намын тогтолцоо, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрөөд, ардчилсан замаар явна гээд сонгочихсон байдаг. Гэхдээ бодит байдалд дээр олон намын бүтэцтэй төрийн удирдлага гэхээсээ илүү нэг нам давамгайлсан, олон намтай улс болчихоод байгаа юм.
 
Хэт олон намтай, тэр намууд нь өөрсдийгөө ардчиллын төлөө намууд гэж нэрлэж байгаа ч, үндсэндээ АН гуч гаруй хуваагдчихаад байна гэж ойлгох хэрэгтэй болчихоод байна. Ийм байдлаар цаашид явах нь парламентад суудалгүй намууд ч тэр нам нэр зүүж байгаа болохоос биш үнэндээ бол ардчиллын үйл ажиллагааг саармагжуулах, хүчийг тарамдуулах, зорьж хүсэж байгаа тэмүүлэл, хүсэлдээ хүрэхгүй байх нөхцлийг өөрсдөө техникийн хувьд бодит байдалд бий болгож байгаа.
 
Яагаад гэвэл эцсийн бүлэгт улс төрийн намууд хөтөлбөр дэвшүүлж, түүнийгээ төрийн бодлого болгохын тулд өрсөлддөг, сонгуульд оролцдог. Гэтэл тэр нэг чигт харж байгаа бодол хүслүүд нь, хөтөлбөрүүд нь өөрсдөө 10, 20 хуваагдчихаж байгаа байхгүй юу? Тийм болохоор санал нь ч яг тэр хэмжээнд сонгогчдын дотор хуваагдчихаж байгаа юм. Ингэснээрээ тэр сайхан зорилт, хөтөлбөрүүд хэзээ ч төрийн бодлого болохгүй байх бодит нөхцөл Монголд бий болчихлоо. Нөгөөтэйгүүр Монголчууд ардчилалд суралцаж байна. Дор бүрдээ нам байгуулаад, тус тусдаа нийгмийн олон өвөрмөц үзэлд өөр өөрийн хувь нэмрийг оруулаад ирсэн байх. Гэхдээ өнөөдөр энэ замаараа цаашид явах юм бол ер нь ардчилал нь өөрөө, үнэ цэнэ нь өөрөө хүч тарамдах байдалтай болчихлоо. Монголд зуугаад телевиз байгаа шүү дээ. Тэр хэмжээгээрээ нэг сонгогчийн аль нэг сувгийг сонгох төвлөрөл сарниж байгаа. Үндэсний телевизийг хэдэн хувь нь үздэг юм, 20 хувь нь үздэг юм уу, үгүй юм уу? Үүн шиг олон нам байхаар сонгогчдын бодол санааны төвлөрөл нь бас яг тэгж сарниад байгаа талтай. Хоёрдугаарт, бид байгуулагдсан цагаасаа төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ардчиллын бэхжилтэд тодорхой хувь нэмэр оруулан, ялангуяа үндэсний үзлийг, Монголчуудын тархинд, зүрхэнд байдаг, цусанд байдаг үндэсний үзлийг сэргээн төлөвшүүлэхэд түүхэн үүргээ гүйцэтгэчихлээ. Одоо үндэсний үзэл ярьдаггүй нам битгий хэл улстөрчид ч байхгүй болчихсон. Тэр байтугай сошиалын нөлөөллөөр зарим тохиолдолд дэвэргэх байдлаар ч гэсэн ерөнхийдөө үндэсний үзэл сэргэчихлээ гэж үзэж байна.
 
Өөрөөр хэлбэл МҮАН-ынхан бид тодорхой түүхэн үүргийг гүйцэтгэжээ. Цаашид ардчиллаа шинэ түвшинд гаргахын тулд ардчиллын төлөө намуудыг нэгдэж ажиллах, хамтарч ажиллахыг уриалж, энэ чиглэлд өөрсдөө үлгэр жишээ үзүүлж алхам хийх ёстой.
 
Тийм учраас МҮАН санаачлагатай ажиллая, зөвхөн АН гэлтгүй ардчиллын төлөө намуудыг нэгтгэх үйл хэрэгт өөрсдийгөө зориулъя гэж байгаа юм. Үүний төлөө бид намаа татан буулгахад ч болохгүй зүйл байхгүй ээ гээд АН-д санал тавьсан. АН-ынхан нааштай хүлээж авсан. Учир нь энэ талаар нэг тарсан, ардчиллынхныгаа цуглуулж, төлөвшсөн, ухаажсан, мэргэжсэн улс төрийн хүчнийг бий болгох, МАН-тай эн тэнцэхүйц төрийн бодлогын түшиг тулгуур болох хэмжээний хүчирхэг намыг бэхжүүлэх шаардлага байна гэсэн хоёр талын хүсэл зориг нийцсэн учраас санамж бичиг байгуулсан. Энэ ажил бол мэдээж нэг өдөр хийчихдэг асуудал биш. Улс төрийн намуудын тухай хуулиараа ч тэр шат шатны байгууллагууд, намын эрх барих байгууллагууд бүгд хурал, Их хурал хуралдах ёстой. Саяхан МҮАН бүгд хурлаа хуралдуулсан, удирдлагын оруулсан ардчиллын төлөө намуудтай нэгдэх саналыг бүгд хурлаар дэмжсэн байгаа. Цаашид Их хурлаар хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан.
 
 
Их хурал хэзээ хуралдахаар төлөвлөж байна? 
 
МҮАН-ын их хурлыг хуралдахаас сарын өмнө зарлах ёстой. АН-д бас тодорхой, нилээн идэвхтэй үйл ажиллагаанууд өрнөөд байна. Эерэг талдаа ч байгаа байх, сөрөг талтай ч юм байгаа байх. Нэгдэх гэж байгаа нам маань эрх зүйн маргаангүй байх шаардлагатай. Тийм учраас их хурц, маргаантай байгаа үед нь бид намын дотоод ажилд нь хэрүүлийн бай болоод яах вэ? гээд харзнаж байна. Өөрөөр хэлбэл сүй тавьчихсан, тэгээд цаашдын амьдралаа хэрхэн зохиох нь вэ? Гэдгээ харж байна даа. 
 
Та яриандаа дурьдлаа. МАН-тай өрсөлдөхүйц потенциалтай том нам бол АН гэж. Та бүхний нэгдэх гэж байгаа АН ардчиллыг хамгаалагч, бэхжүүлэгч нам гэдэг уриатай явдаг. Гэхдээ энэ нам өнөөдөр хоёр хэсэг болчихсон байна, Энэ тухайд та ямар бодолтой явна?
 
АН бол яах аргагүй Монголын нөлөө бүхий нам. АН-ыг өдий дайны төр барих хэмжээний, гурван удаа Монгол Улсын Ерөнхийлөгч төрүүлэх хэмжээний нам болгохын тулд Монголын ардчиллын төлөө гэж зүрх нь цохилж явдаг хүмүүс гучин жил зүтгэсэн байна. Тэгэхээр энэ олон хүмүүсийн хүсэл зориг, тэмүүлэл, зүтгэл, хөдөлмөр талаар болох учиргүй. Бас хэн нэг нь энэ гавьяаг өөртөө наах гэж оролдох нь утга учиргүй зүйл. Тэгэхээр МҮАН-ын хувьд АН хоёр хуваагдсан гэж үзэхгүй байгаа. АН нэг гэдэг нь тов тодорхой, эрх зүйн хувьд, Дээд шүүхийн шийдвэрүүдээр ч гэсэн тодорхой. Бид ч бас судална шүү дээ. Нэгдэж нийлэх гэж байгаа юм чинь зөв үү, буруу юу? гээд.
 
Ингээд харахад С.Эрдэнийн гээд байгаа АН бол намын хувьд ямар нэгэн маргаангүй байна. Гагцхүү маргаж байгаа зүйл нь намын дарга нь төлөөлөх чадамжтай юу, үгүй юу гэдэг асуудал. Тэр бол бидний шийдэх асуудал биш, тус намын дотоод асуудал. Дээд шүүх ч гэсэн маргаад байгаа, зөвшөөрөхгүй байгаа талууд нь бүгдээрээ нийлээд асуудлаа оруулаад ирээч ээ л гэчихсэн байгаа юм. Үүнд хэдий хэр хугацаа шаардагдахыг бид хэлж мэдэхгүй. АН хоёр хуваагдсан юм биш, хуваагдахын хувьд бол 4, 5 ч хуваагдчихаад байгаа шүү дээ. Лидерүүдээ дагасан байдлаараа бол. АН-ын олон жил явж ирсэн фракцчилсан соёлын хортой үр дагавар нь юм даа. Ардчиллын лидерүүд биологийн нас нь маш залуухан байгаад байдаг, улс төрийн нас нь бол 30 жилийн настай болчихсон. Тэгэхээр биологийн нас залуу хүмүүс улс төрөөс гадуур өөрсдийгөө төсөөлж чадахгүй байгаад байна. Энэ нь эргээд намын эрх мэдлийн төлөө бүлэглэсэн, фракцалсан хуваагдал руу хөтлөөд байгаа юм уу гэж бодож байна. Яг энэ цаг үед ардчиллын лидерүүдийн иргэний эр зориг их чухал. Ардчиллын партизанууд, АН-ын анхны лидерүүд бүгдээрээ ард нь зөвлөхүүд нь болъё, залуучуудаа урдаа гаргаад явья гэдэг дээр тохирч болох байх гэж л харах юм байна шүү дээ.
 
Залуучууд нь АН-ын ах, эгч нар зайгаа тавьж өг гэдэг шаардлагыг тавиад байдаг. Мөн саяхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “АН-ын үүсгэн байгуулагчид тонил” гэж нилээн ширүүхэн хэлсэн. Ер нь улс төрийн намын үе хоорондын халаа сэлгээ ямар байх ёстой вэ? 
 
 
МАН-ыг яаж ч муулж болно, гэхдээ АН-ын өнгөрүүлсэн гучин жилийн хугацаанд МАН үндсэндээ дөрөв дэх үеэ гаргаж ирчихээд байна. Г.Очирбат гуай ЕНБДарга байх үеийн улсууд анхных нь байх. Дараагийн үе нь С.Баяр, Н.Энхбаяр нарын үе байх. Дараа нь Миеэгомбын Энхболд, Ц.Нямдорж нарын үе байх шиг. Өнөөгийн цаг үе нь У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн үе буюу  бараг дөрөв дэх үе нь болж байна. Гэтэл АН-д Г.Очирбат гуайн үед л байсан Ц.Элбэгдорж, Э.Батүүл, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ байсаар байдаг. Гэтэл нийгэм маань хэдэн хувь өөрчлөгдчихсөн. Зэт үеийнхэнтэй ойлголцох их хэцүү шүү. Тэд асар их мэдээллийн орон зайд, системгүй ч гэсэн маш их мэдлэгжсэн, асар хурдтай мэдээллийн эрин зууны хүүхдүүд болчихоод байна. Бид гэтэл коммунизмын үеийн зохион байгуулалт, системээр ажиллаж ирсэн хүмүүсийн үлдэгдлүүд гэх юм уу даа. Тийм хүмүүс энэ цаг үеийн дууг дуулах гээд, бүжиглэх гээд байгаа чинь энэ хэдэн лидерүүдийг хип хоп, реп дуу дуул, бүжиглэ гэсэнтэй адилхан болчихоод байна шүү дээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ардчиллын хэдхэн лидерүүд, арваад хүн байгаа, эд ардчиллыг өмчлөх ёсгүй ээ гээд маш зөв хэлж байна лээ. Их л шударга хэлсэн байна лээ. Өөрөөр яаж хэлэх юм.Харин ч соёлтой хэлсэн гэж харж байна. 
 
 
АН-ын удирдлагууд насны хувьд үе солигдохгүй, зөвхөн нэг үеийнхэн дотроо бие биенийгээ намын удирдлагаар томилоод яваад байна гэж үү?
 
Тийм. Биологийн нас нь залуу учраас хоорондоо ээлжлээд л дарга цэрэг болоод яваад байсан. Үүнийгээ мөнхөд гээд өнөөдөр ч гэсэн яг ийм байдлаар хандаад байгаа нь доод үеэ гарч ирэх, хөгжих бололцоог нь олгохгүй, дарангуйлаад байна шүү дээ. Ардчиллаар амьдарчихсан, зүрх нь цохилдог, дээрээс нь энэ цаг үеийн мэдлэг мэдээлэл, боловсролыг олчихсон, улс орноо хөгжүүлье гэсэн чин эрмэлзэл тэмүүлэлтэй олон залуучууд байна. Энэ чинь бас хугацаатай шүү дээ. Тэвчээрт хязгаар байдаг учраас яг ийм байдлаараа сонгууль руу дөхөх юм бол магадгүй арай өөр зохион байгуулалт руу орчих байх л гэж хараад байна.
 
Улс төрд залуу үе хуучин үеэсээ гуйж биш гуядаж эрх мэдлийг авдаг гэж ярьдаг шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд ч Миеэгомбын Энхболдыгоо жагсаад, унагаагаад л гараад ирсэн. АН-ын ардчилсан үзэлтэй залуучуудад тийм эр зориг байхгүй байна гэж үү?
 
Эр зориг дутна гэж байхгүй, ардчиллынхан бол бүр ч илүү ихээр зоригтой, илүү чөлөөтэй байдаг. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ нарын гарч ирсэн байдлаар үе солигддог гэвэл Монголд хатуудна. Нэгийгээ урвагч, хужаа мужаа гээд болох бүтэхгүйн дээдээр хэлэх, эрх зүйн болоод идсэн уусан, буруу хэрэгжүүлсэн бодлогын алдаа зэргээр нь асуудалд хандах өөр шүү дээ. Тийм учраас АН-ынхан бол харин ч их хүлээцтэй, маш их ухамсартай, их зөөлөн аргаар, магадгүй хэтэрхий зөөлөн аргаар үзэж байгаа юм байна гэж харж байна. Үүнээс гадна авъя ч гээд авхуулахгүй байх хүчин зүйлүүд байх шиг... Тэр нь эрх баригч намыг гэж томьёолж байгаа нь шинжлэх ухааны үндэстэй.
 
АН хэрэв нэгдчихвэл МАН өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр МАН-ын хамгийн том улс төр нь, гол зорилго нь  АН-ыг яаж хоёр хуваах вэ? гэдэг л асуудал. Тэгж чадвал МАН ялалтаа бататгах боломжтой. АН нэгдмэл байвал МАН-д ялалтын орон зай байхгүй.
 
АН хуваагдаад байгаа биш, АН-ыг хуваагаад байна гэж та үзэж байна уу? 
 
Тийм. Хуваагдмал байхыг зохион байгуулаад байгаа, түүнд нь дотроо үйлчлээд байгаа ийм хоёр хүчин зүйл байна шүү дээ. Ардчиллын хуучин лидерүүдийн эрх мэдэлтэй байх, намдаа нөлөөтэй байх гэсэн сонирхлыг эрх барьж байгаа нам нь залаад, нөхцөлдүүлээд байна. Хууль шүүхийнхэнтэй нийлээд бүртгэж авахгүй байна. Жишээ нь С.Эрдэнийг бүртгэж болно шүү дээ. дараагийн дарга нь байхгүй юм чинь. Дараа нь О.Цогтгэрэл бүртгүүлье гэсэн, М.Тулгат бүртгүүлье гэсэн, Х.Баттулга бүртгүүлье гэсэн, Ц.Тувааныг бүртгүүлэх гэсэн. Гэтэл алийг нь ч бүртгэхгүй байна. Энэ бол эрх баригч намын тодорхойлж байгаагаар шинжлэх ухааны үндэстэйгээр, эрх зүйн боломжийг ашиглаж, АН-ын хүчийг тарамдуулж байна. АН өөрсдөө дотроо учраа олохгүй бол яг ийм байдлаар МАН ирэх намар хүртэл бариад байж чадна.
 
Та МҮАН-ын даргын хувьд одоогийн Засгийн Газрын бодлого, үйл ажиллагаанд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна вэ? 
 
Боломжоороо л үзээд байна. Бидний бий болгочихсон, ажиллаж ирсэн зарчим, механизм, соёл нь өнөөдөр Монгол төрийн үйл ажиллагаанд нэвт шингэчихсэн байна. Нэг бодлого гаргадаг, эргэж хургадаг, хэрэгжүүлдэггүй, шат шатандаа тарамдуулдаг, төр мэргэжлийн биш, улс төрчдөд төрийн албыг түрээсэлдэг, улстөрчид төрийн албаа салбар салбараар нь түрээсэлчихдэг ийм байдал байна. Одоогийн Засгийн Газар хэд хэдэн дорвитой алхам хийсэн нь төмөр замын чиглэлд нилээн алхам хийчихлээ, боомтуудын хөгжил гээд явж байна. Нефтийн үйлдвэр барья гэж байна. Хэр үр дүнтэй болохыг мэдэхгүй ч гэсэн санаачилга бол яах аргагүй зөв зүйтэй, олон жил барьж авч чадаагүй зүйлийг хийсэн. Төсвийн бодлого дээрээ сая алдагдалтай гарсан ч нэлээн дэвшилт бас гарч байна. МАН-ын энэ ажиллаж байгаа чинь ерөөсөө бидний 30 жил бий болгочихсон урхаг шүү дээ. Өр зээл нь эргэлдээд л байдаг. Өрийн хавхагт орчихсон. Иргэд нь ч, улс нь ч тэр чигээрээ өрийн хавхагт орчихсон. Энэ өрийн хавхнаас мултрах эдийн засгийн бололцоо нөхцөл байхгүй байна. Үүнийг хийж чадах улс төрийн эр зориг, зохион байгуулалт, нөөц боломж Монгол Улсад одоохондоо байхгүй. Түүнийг нь бий болгочих хэмжээний асуудал шийдэж чадах юм уу, үгүй юу мэдэхгүй байна. Засгийн Газар байгуулагдахад нь би олон гишүүн рүү, удирдаж байгаа улсууд руу нь бас санал хүргүүлж байсан.
 
Монгол Улс маань үйлдвэр, ХАА-н орон байсан байхгүй юу. Одоо бол зүгээр ХАА, худалдааны орон болчихсон. Эдийн засгийг гол бүрдүүлж байгаа салбар нь худалдаа байхад Худалдааны яамгүй байхаар эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагаа явуулах боломжгүй. Худалдааны бодлого байхгүй, төлөвлөлт байхгүй. Өнөөдөр нүүрс 26 сая тонныг гаргалаа гэж байна, тавин сая боллоо гээд, зуун саяыг гаргаад ч үр ашиггүй бол ашиг олохгүй шүү дээ. Байгаль орчноо сүйтгээд, баахан хятадын машин, төмөр техник худалдаж аваад л дуусна. Тэгэхээр гадаад худалдаанд үр ашигтай байх гэдэг бол номер нэг асуудал юм. Гадаад худалдааны  төлөө улс орнууд дайн хийдэг. Хятад, Америкийн зөрчилдөөн, гадаад худалдаан дээр, Украйн, Оросын асуудал бол Европын тэлэх, Америкуудын худалдааны дайны л хэлбэр байхгүй юу? Тэр Донбассын нүүрсний уурхай, Донецкийн уурхайнууд, түүний доорх метан хий, янз бүрийн хий, устөрөгчийн хий, эрчим хүчний эх үүсвэрүүд, дэлхийн хүнсний маш том хангамжийн асар үржил шимтэй тэр их хөрс... Үүний л төлөө дайн шүү дээ. Афганы дайн тийм л байсан, АНУ-ын гаднаас импортолдог 24 стратегийн минералын 22 нь Афганы хойг дээр байсан учраас л дайн болж байсан. Бидний цэргээ илгээгээд байгаа орнууд байна, Сьерра Леон, Афган, Судан гээд... Миний хүү Суданд алба хааж байна. Яагаад тийм болчихсон юм бэ? Ерөөсөө стратегийн түүхий эдийн төлөө дайны талбар байхгүй юу.
 
Улс орон дайн хийж гадаад худалдаагаа зохицуулдаг байхад манайх салбарын яам ч байхгүйгээр гадаад худалдаа хийнэ гээд асар нарийн төлөвлөгөөтэй, мянган судалгааны институттэй Хятад улстай ганзагын маягаар наймаа хийгээд ашигтай байна гэж хэзээ ч байхгүй. Бид Оросоос нефть, түүний гаралтай бүтээгдэхүүнээ авлига өгч өндөр үнээр худалдаж авдаг, ард түмэн зөрүүг нь үүрдэг. Зарж байгаа болгоноо буюу төмрийн хүдэр, нүүрс, зэс, жонш, малын түүхий эд бүгдийг нь жүди жүди гээд хамгийн хямдаар урагшаа зардаг. Энэ дээр чинь л худалдааны алдагдал жил бүр тэрбум, тэрбум доллароор яваад байна шүү дээ. Манайх шиг  гуч, дөчин сая тонн нүүрс зардаг, 20 тонн алт зардаг, хэдэн сая тонноор нь зэсийн баяжмал зардаг жижигхэн эдийн засагтай, арван хоёр, арван гуравхан тэрбум долларын эдийн засагтай орон бол өнөөдөр юун өр, зээл, хангалуун байх бүрэн бололцоотой. Үүнийг л ухаарч зохицуулж чадахгүй байна даа.
 
2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн Газарт Үйлдвэр худалдааны сайдаар Х.Баттулга ажиллаж, та дэд сайд нь байсан шүү дээ. Та хоёр хэр гар нийлж ажилладаг байсан бэ?
 
Бид хоёрын хувьд нэг их ойлголцохгүй зүйл бол байгаагүй байх гэж бодож байна. Миний ярьж байсан саналууд, дэвшүүлж байсан зүйлийг гайгүй хүлээж авдаг байсан. Гагцхүү тэр үед Чингис бондын мөнгө гээд яг манай салбарт маш олон төслүүд их үр дүнтэй хэрэгжих ийм бололцоо байсан юм. Эдийн засаг нилээн тэлэлтэй байсан. Үүн дээр миний байр суурь олдог, үржүүлдэг, арвижуулдаг юмандаа оруулъя аа гэдэг саналтай байсан. Харамсалтай нь Засгийн Газар 30, 50 жилдээ нөхөгдөхгүй зам руу ихэнх мөнгөө оруулсан даа. Тал мөнгөөр нь арилжааны банкууд ашгаа хийгээд...
 
Арилжааны банкнууд л ер нь тоглоод дууссан даа. Бид “888” төсөл гээд салбар салбарын маш чухал төслүүдийг хэрэгжүүлье гээд шалгаруулаад өгөхөд 30 хувьд нь зээл олгосон болгоод үлдсэнийг нь арилжааны банкнууд ердийн зээлээр 5 жил, 10 жил өөрсдийнхөө эрх ашигт ашиглачихсан даа. Цөөн хэдэн арилжааны банкнууд л ерөнхийдөө Монголын эдийн засгийг бүхэлд нь барьж байна. Энэ асуудал дээр би бодлогын хувьд арай өөр байр суурьтай байсан. Бусдаар салбар дээр яг энэ салбарыг ингэж хөгжүүлье гэдэг дээр нэг их тийм зөрүүтэй санал байгаагүй.
 
Танд баярлалаа.
 
Ч.Явуухүү