sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Лхагваагийн Мөнхсайхантай ярилцлаа.


Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.


Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой  хуулийн төсөл өргөн барьсан. Та энэ хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлнэ үү?


-Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар олгосон “хууль санаачлах” бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийн төслийг өргөн барьсан. Энд зарим улс төрчийн яриад байгаа шиг хууль тогтоогчийн бүрэн эрхэнд халдсан зүйл огт алга.


“Хууль санаачлах эрх бүхий субъект хуулийн төсөл өргөн барьсан нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна” гэж үзвэл хуулийн төслийг хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрх УИХ-д байгаа.


Зарим улс төрч үүнийг “...УИХ-ын бүрэн эрхэд халдлаа, парламентат ёс алдагдлаа...” гэж мушгин тайлбарлаж, иргэдийг төөрөгдүүлэх, турхирах нь буруу. Хэн нэгэн этгээд нөлөө бүхий байдлаа далимдуулан улс төрийн болон хувийн зорилгоор иргэдийг төрийн эсрэг турхирах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.


Та УИХ-ын гишүүний өөрийн бүрэн эрхийн хугацаандаа хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь төрийн эсрэг гэмт хэрэг гэх гээд байна уу даа?


-Төрийг нураах оролдлого, муу олон арга байдаг. Үүний нэг нь “бүлэг бөөнөөрөө төрийн нуруунд сандаалах, адаглаад нэг нь УИХ-ын гишүүн болох, цаашлаад элдэв хов, гүтгэлгээр ард олныг мунхруулан хоолойг нь сөөтөл бүрээдүүлж төрийг самрах, өөрсдөө олны цусанд хувалз болтлоо шигдэх” арга. Хүмүүс “шөнө дуустал нь үзлээ” гээд байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд байсан хүний “баримт нотолгоо муутай, өөрийн таамагт  үндэслэн төрийн тэргүүн, шүүх засаглал, хувь хүмүүс, аж ахуйн нэгжийн нэр хүндэд халдсан, уйдсан нэгний зугаа гаргах гэж элдэв гаж үг хавчуулсан будилуу яриаг хэлж болно.


УИХ гишүүн ард түмнээс сонгогдож, тэдний нэг хэсгийг төлөөлж төрийн бодлого боловсруулж, баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй. Тэд хариуцлагатай байж чадаж байгаа юу?


-Ажил олгогч ажилтныхаа зах зээлд эрэлт, хэрэгцээтэй чадварыг нь харж сонгодог бол ард түмэнд энэ боломж бага. Иймээс ямар нэг байдлаар улс төрийн нам, эвслийн жагсаалтад багтсан нөхөр хууль тогтоох дээд байгууллагад ард түмнээс бараг хамааралгүй ороод ирдэг.

Ингэж сонгогдсон хүн нь ухаан муутай, амин хувийн эрх ашгаа хичээсэн, эсвэл сонгуулийн хандив, элдэв зүйлсээр гуравдагч этгээдэд барьцаалагдсан байх нь төрийн бодлогын залгамж чанар алдагдах эрсдэл дагуулдаг. Жагсаалтад багтсан шалтгаан, хандивласан мөнгө, хөрөнгийнх нь эх үүсвэр тодорхойгүй. Тийм ч учраас бусдад тодорхойгүй шалтгаанаар өргөсөн тангаргаасаа няцах, хуралдаа суухгүй байх, ил далд элдэв лобби явуулах, бүр төрийн бодлогыг мушгин гуйвуулж, бусдыг гүтгэж, иргэдийг төрийн эсрэг турхирах явдал гаргадаг. Ийм хүмүүстэй хариуцлага тооцох хуулийн зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгохгүй, хуулийн зөрчил, хийдлийг арилгах хуулийн төсөл санаачлахгүй байгаа нь бүгд л хувийн эрх ашгаа хуульчлах гэж нөгөөгөө лоббидож явдаг аминч үзлээс нь үүдэлтэй. “Төрд зүтгэж буй хэн боловч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой” гэсэн үг бий. Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан аливаа албан тушаалтанд хариуцлага тооцдог зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барьсан нь цаг үеэ олсон, нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.


Хуулийн төслийн үзэл баримтлал, хууль зүйн үндэслэлийн тухайд Та юу гэж бодож байна ?


-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын бүрэн эрхэд халдсан, эсвэл хэн нэгэн, цөөнхийн дарангуйлал тогтоох гэсэн үзэл санаа агуулсан, цоо шинэ зохицуулалт, заалт байхгүй байна лээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд энэ үзэл санаа, зохицуулалт нь байгаа. Энийг л тодорхой бөгөөд хэрэгжих боломжтой болгосон. УИХ-ын тухай хуульд байгаа холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдөж байгааг зассан байна гэж харсан.


Тухайлбал, УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлүүдийг тодорхой болгосон. Хэрэгжихгүй байгаа үндсэн нөхцөл болсон Үндсэн хуультай зөрчилдөж буй зарим заалтыг өөрчлөх санал нь УИХ-ын тухай хуульд гишүүнийг эгүүлэн татах заалтыг хэрэгжих боломжтой болгосон байна.


Жишээ нь, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх” асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахаар зохицуулсан. Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийг эгүүлэн татах үндэслэл болох байтал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусвар болох тухай 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” гэж заасан нь Үндсэн хуулийн 67 дугаар зүйлийн “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэсэн заалттай зөрчилдөж байна.


УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар УИХ “хүлээн зөвшөөрөх”, “хэлэлцэн шийдвэрлэх” эрхгүй тул 67 дугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болох зохицуулалтад нийцүүлэн томьёолсон нь зүйтэй.


Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан ёсоор ард түмэн УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, цаашлаад сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагын гишүүнийг Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн тохиолдолд бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгохыг шаардах болсон.


Ийм үед Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодотгох шаардлагад нийцсэн гэж үзэж, бүрэн дэмжиж байна.


Энэ хуулийн төсөл батлагдвал УИХ-ын гишүүн ардчилсан ёсны зарчмын дагуу ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангах эерэг нөлөө үзүүлнэ гэсэн Ерөнхийлөгчийн байр суурьтай санал нэг байна. Өргөсөн тангаргаасаа няцсан, ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 30-иас доошгүй хувьд хүрэлцэн ирээгүй, санал хураалтад биечлэн оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн гишүүнийг эгүүлэн татаж хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох ёстой. Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад зорилготой хуулийн төслийг хэлэлцэх эсэх, хэлэлцэн батлах онцгой эрх УИХ-д байгаа. Түүний бүрэн эрхэд хэн ч халдаагүй.  


Парламентын дархлаа алдагдах гэж юуг хэлээд байна?


Парламент бол сонгогч иргэдийн төлөөллийн байгууллага. Энэ ойлголт нь парламентын эрх хуулиар хамгаалагдсан байдал, парламент үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас хамаарах нэг цогц ойлголт л доо. Эрх нь хуулиар баталгаажсан байхад үүргээ биелүүлэхгүй байвал дархлаа муу, сульдаатай Парламент болно. Ингэснээр төрийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагдаж, төрийн ажил гацна. Парламентад итгэх ард түмэн итгэл суларч, хийсэн ажил, баталсан хууль болгон дээр нь өө сэв хайх, шүүмжлэх хандлага ихэсдэг. Монгол төрийн минь өлмий бат, мэлмий тунгалаг байдаг.



Ярилцлага өгсөн танд баярлалаа.