sonin.mn
Монгол Улс шинэ нийгэмд шилжин орсон 1992 онд нийгмийн харилцаанд бий болсон олон шинэ шаардлагуудыг зохицуулах асуудалтай тулгарч шинэ Үндсэн хуулиа баталж байлаа. Нийгмийн шинэ харилцааг зохицуулах зорилгоор баталсан Үндсэн хууль цаг үеийн шаардлагаа бүрэн хангаж, шинээр үүсэн бий болж байгаа нөхцөл байдлыг хуульд дахин тусгах асуудал хөндөгдөж байна.
 
Улс төрийн намуудын зөвшилцлийн үндсэн дээр өөрчлөхөөр ярьж буй Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг УИХ хэлэлцэн энэ сарын 16-ны өдөр 34 тоот тогтоол гаргаад байна. Энэ тогтоолд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай асуудалд ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах, олон нийтийн саналыг судлах Ажлын хэсгийг байгуулж санал авах хүрээг тогтоожээ. 
 
Мөн УИХ-аас баталсан дээрх 34-р тогтоолын хавсралтад “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээ”-г батлаад байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн зүйлийн хүрээнд 11 асуудлыг авч хэлэлцэх юм байна.
 
Тухайлбал,  
 
1.Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, 
2.Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх хариуцлагыг нэмэгдүүлэх, 
3.Хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах
4.Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх гэсэн дөрвөн зүйл багтсан бөгөөд үүнийг тойрсон 11 асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын тогтоод байна. 
 
Үндсэн хуульд өөрчлөлт орох заалт, агуулгууд: 
 
-Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх асуудлаас гадна төр нь хүний эрхэм чанарыг хүндэтгэн, хамгаалах үүргийг иргэнийхээ өмнө хүлээнэ.
-Хүний амьд явах эрхийг хангаж, цаазын ялыг халах тухай, 
-Иргэний эвлэлдэн нэгдэх эрхэд үндсэн хуулиар тавьсан хязгаарлалтыг арилгах,
-Иргэн Үндсэн эрхээ хуульд заасан хязгаарын хүрээнд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, хамгаалуулах боломжтой болох,
-Үндсэн хуулийн цэц нь аливаа улс төрийн нөлөөллөөс хараат бус байх, Үндсэн хуулийн шүүхийн хувьд ажиллах зарчмыг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, 
-Улс төрийн намын төлөвшил, хариуцлагыг дээшлүүлэх, сонгогчдын санал гээгддэг байдлыг арилгах, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, зөвшилцлийн ардчиллыг бэхжүүлэх, 
-Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хууль батлах болон хуулийн биелэлтэд тавих хяналтын чанарыг дээшлүүлэх зорилгоор сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол Үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх ,
-Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцэл, уялдаа холбоог зохистой болгох,  
-Нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгох, төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн ялгааг багасгах, хөгжлийн нэг төвт улсаас олон төвтэй улс болгох зорилгоор бусад хотын хөгжлийг дэмжих,
-Орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, 
-Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх асуудлууд багтжээ.