сонин mn
ИНЕГ БНСУ-ын “Хансео” их сургууль хооронд иргэний нисэхийн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, харилцан багш солилцох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, “Хансео” их сургуулийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Ким Жин Вү нар гарын үсэг зурав.
 
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Үүрэгт ажлаа авснаас хойш Иргэний нисэхийн салбарын хүний нөөц, сургалтын бодлогоо тодорхойлоод явж байна. Цаашид мэргэшсэн боловсон хүчнүүдийг бэлтгэх тал дээр их анхаарч байгаа. Энэ хүрээнд гадны болон дотоодын сургалтын байгууллагуудтай хамтарч ажиллах бодлого барьж байна. Үүний нэг, томоохон сургалтын бааз нь танай сургууль. Та бүхэнтэй хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн, шинэ шатанд гаргаж, Иргэний нисэхийн дүрмийн шаардлага хангахуйц чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргахыг хүсч байна.
 
 
Бид салбартаа техник, технологийн шинэчлэлт олон хийсэн. Одоо үүний үр ашгийг гаргахад боловсон хүчнээ нэмэх, сайжруулах шаардлагатай. Ялангуяа салбарын багшлах боловсон хүчнийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага их байна. Энэ хүрээнд та бүхэнтэй хамтран ажиллах зүйл их бий”
 
 
гэлээ. БНСУ-ын “Хансео” их сургуулийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Ким Жин Вү хэлэхдээ “Биднийг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Өнөөдөр Монголын 5, БНСУ-ын 5 нийт манай 10 оюутан Монголд үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа. Ковид-19 халдвараас өмнө Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтарсан гурван удаагийн сургалт явагдсан. Ковидоос хойш анхны дадлага сургалт ийнхүү явж байна. Иргэний нисэхийн сургалтын төвөөс манай оюутнуудад маш сайн сургалт, мэдээлэл олгосон. Цаашид та бүхэнтэй илүү их хамтарч ажиллах хүсэлтэй байна. Хамтын ажиллагааны хүрээнд маш сайн, чадварлаг боловсон хүчнүүд бэлтгэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.