sonin.mn
БРЮССЕЛЬ. /TASS/. Европын аюулгүй байдлын хувьд чухал цаг мөчид болсон НАТО-Оросын Зөвлөлийн хурлын үеэр амаргүй хэлэлцүүлэг өрнөж, талуудын хооронд ихээхэн санал зөрөлдөөн байсаар байна.
Энэ тухай НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Брюссель хотноо лхагва гарагт хийсэн уулзалтын дараа мэдэгджээ.Европын аюулгүй байдлын хувьд чухал мөчид амаргүй хэлэлцүүлэг байсан ч энэ нь уулзалтыг улам чухал болголоо. Украины байдал, Европын аюулгүй байдлын асуудлаар маш нухацтай, шууд санал бодлоо солилцлоо. Эдгээр асуудлаар Орос, НАТО-гийн хооронд ихээхэн санал зөрөлдөөн байсаар байна" гэж тэрбээр хэлсэн байна.
“Байр сууриа ойртуулах нь амаргүй байх ч бид хэлэлцээрийн ширээний ард суугаад ярилцаж эхэлсэн нь нааштай алхам гэж үзэж байна. Орос, НАТО яриа хэлэлцээгээ сэргээх шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн" гэж Столтенберг нэмж хэлжээ.
 
Эвслийг өргөжүүлэх тухайд
 
НАТО аль нэг улсыг, тэр дундаа Украиныг эвсэлд элсүүлэх талаар буулт хийхээс татгалзаж байна гэж Столтенберг мэдэгджээ. “Холбоотнууд бүгд эвслийн гол зарчмын хувьд нэгдмэл байдаг. Улс орон бүр өөрийн замыг сонгох эрхтэй. Киев хэзээ эвслийн гишүүн болоход бэлэн болохыг зөвхөн Украин болон НАТО-гийн гишүүн 30 улс л шийдэх боломжтой. Украин тус байгууллагад элсэх эсэх асуудалд ОХУ хориг тавих эрхгүй. Холбоотнууд НАТО-д элсэх замд Киевийг дэмжихэд бэлэн байна" гэж Столтенберг онцлон тэмдэглэжээ.
 
НАТО-гийн тэлэлт нь түрэмгий шинж чанартай гэж мэдэгдэж байгаа тухайд Столтенберг үүнийг худал гэж үзэж байгаагаа хэлэв. "НАТО бол батлан хамгаалах эвсэл. Бид хэзээ ч аль нэг улсыг манай байгууллагад элсэхийг албадаж байгаагүй. НАТО-гийн тэлэлт нь одоогоор түрэмгийллийн үйлдэл гэсэн нь үнэнд нийцэхгүй. НАТО-гийн тэлэлт нь Европт эрх чөлөө, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх тулгын чулуу байсаар ирсэн байх ч болно" гэж Столтенберг тэмдэглэн хэлсэн байна.
Брюссельд болсон Орос-НАТО-гийн Зөвлөлийн хурал нь Европын аюулгүй байдлын талаарх Оросын саналыг барууны орнуудтай хэлэлцэх зөвлөлдөх уулзалтын хоёр дахь үе шат юм. Эхний үе шат нэгдүгээр сарын 10-нд Женев хотод ОХУ, АНУ-ын хооронд болсон бол ЕАБХАБ-ын хүрээнд хийх гурав дахь үе шат нэгдүгээр сарын 13-нд Вена хотод болно.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг