sonin.mn
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: " Өнгөрсөн оны эцсээр хүний эрхийн тухай нээлттэй сонсгол Хууль зүйн байнгын хороон дээр нэр төдий явагдлаа. Ирц хүрсэнгүй, оролцох ёстой хүмүүс нь оролцсонгүй. Үүнтэй би санал нийлэхгүй байна. Иймээс ахин сайжруулж явуулах ёстой. УИХ дахь АН-ын бүлгийн хурал өнөөдөр эхэлдгээрээ эхлээд энэ танхимдаа хуралдаад явсан. Ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Мэдээлэл сонссон, танилцсан. УИХ дахь АН-ын бүлгийн хуралд би ганцаараа биш Б.Пүрэвдорж бас оролцсон. Бүлгийн 2 гишүүн гадаад яваа. Нэг гишүүн өвчтэй байгаа. О.Цогтгэрэл, Б.Бейсен хоёр тэнд зогсож харагдана лээ. Танил технологи шдээ. Гэмт хэрэгт холбогдсон нөхдүүд юм ярьдаг. Өмнө нь ч гэсэн АН-ыг УИХ-д бүлэггүй болгож байсан. " гэв.
 
Харин АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр: "Удахгүй буюу 3 хоногийн дараа Монгол улс ардчилсан үндсэн хуультай болсны 30 жилийн ой болох гэж байна. Гэтэл 30 жил дээр нь энэ хуулийн сүнсийг нь хулгайлах ажил яваад байдаг. Манай намд байгаа ч бил үү? байхгүй ч бил үү? хоёр гишүүн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгсөн. Тэрэн дээр нь Үндсэн хуулийн цэц нь хэрэг үүсгэчих юм. Уг нь энэ Үндсэн хуулийг чинь манаж байдаг, хамгаалж байх үүрэг чинь Үндсэн хуулийн цэцэд байгаа.
 
Хоёрхон жилийн өмнө энэ эрх баригчид чинь бөөн сүр дуулиан болоод л, гайхалтай нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулинд орууллаа гээд байсан чинь өнөөдөр тэр нь болохоо байчихаж л дээ. 
 
УИХ-ын 4 гишүүн сайд байдаг нь хангалтгүй болоод ирэнгүүт тэрийг өөрчлөхийн тулд цэцээр Үндсэн хуулийг самруулах ажлыг хийж байна. Түүнд нь гар хөл болоод яваад байх юм. Миний авсан мэдээллээр 1-р сарын 14-нд Үндсэн Хуулийн цэц хуралдах гэж байгаа юм. Тэгээд хэрэг үүсгэчихсэн юм чинь аягүй бол Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийг зөрчсөн гэж шийдвэр гаргаж мэдэх юм байна. Энэ бол дэлхийн шившиг болох нь" хэмээсэн юм.
 
М.Гал