сонин mn
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто 7 дугаар сарын 29-нд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, харилцан сонирхсон олон улсын асуудлаар санал солилцлоо. Мөн Монгол, Унгарын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг боловсролын салбар нь хоёр талын харилцааны тэргүүлэх чиглэл болохыг онцолж, соёл, кино урлаг болон археологийн чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
 
Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт санхүүжилт болгон Унгарын ЭКСИМ банкнаас зээлийн шугам нээгээд буйг мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд энэ 8 дугаар сард цахим уулзалт зохион байгуулахаар болов.
 
Айлчлалын хүрээнд П.Сияяарто сайд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхантай уулзаж ярилцлаа.
Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Унгарын Засгийн газраас хүмүүнлэгийн дэмжлэг болгон өгсөн манай улсад нэн хэрэгтэй байгаа 33 ширхэг амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө.