сонин mn
 “Шавхайд” хутгасан "шагнал"
 
Бид өнөөдөр Тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар том, том ярих хэр нь түүнийг хэрхэн авч явах талаар наад захын ойлголт мэдэгдэхүүн байхгүй болчихож. Ний нуугүй хэлэхэд сая бид Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэхдээ Төр барих ухааны мэдлэг, чадамжаа бүрэн гээж, сэтгэл, мэдрэмжээ нэгмөсөн алдсанаа хамт зарлан тунхаглачихлаа.  
Арга ч үгүй биз. Бид сүүлийн 100 жилд улс орноо удирдах ажлыг зөвхөн бусдын ам харж, гадны “зөвлөгчдийн” зааж, зааварчилсны дагуу гүйцэтгэж ирсэн, хүний гар харсан, арчаагүй “асарлагааны “амьтан” байснаас бус бие даасан өөрийн бодлогоор, Төр улсаа ямар удирдаж авч явж байсан биш. Тиймдээ ч Төрийн ажил хэрэг, арга хэрэгслүүдийн үүрэг, ач холбогдол, агуулга, утга учрыг өөрсдөө ухаж ойлгохгүй болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь ээ.
Үүний илрэл болсон захын ганц жишээ нь Төрийн цол, шагнал юм. 
 
Төрийн цол, шагнал ямар үүрэгтэй вэ?
 
Мэдээж энэ асуултанд, ард иргэдийнхээ хөдөлмөр, зүтгэлийг, бүтээлийг үнэлж, урамшуулж, урам идэвхи, хүч дэмжлэг өгч байгаа нэг арга хэрэгсэл гэж хэлэх байх. Тэгж ч ярьж ирсэн. /Энэ нь цалин урамшуулал, халамж тэтгэлэг гэх мэт бусад арга хэрэгсэлтэй хольж хутгаж ойлгож байгаа хэрэг болно./ 
Ингэж ойлговол ихээхэн эндүүрэл болно. 
Төрийн цол, шагнал гэдэг бол “Нэр төр”, “Нэр хүнд” гэдэг нийгмийн харилцаанд гол нөлөө бүхий хоёр ухагдахууныг бий болгодог, баталгаажуулдаг хүчин зүйл юм. Улмаар энэхүү “нэр төр”, “нэр хүнд”-ээр дамжуулан    
1-рт Улс, нийгэмдээ бусдыг үлгэрлэн дагуулах, залж чиглүүлэх манлайллыг, манлайлагчийг бий болгох,
2-рт Төрийн нэр хүндийг, төрд итгэх ард олны итгэлийг өргөж, бататгах чухал зорилтыг хангах хэрэгсэл болж байдаг юм.  
Ийм хүчтэй арга хэрэгсэл. Гэтэл үүний үүрэг зорилго, хүч нөлөө, агуулгыг нь ойлгохгүйгээр ашиглах нь “нялх хүүхэд” хутгаар тоглохтой адил осолтой, тодруулж хэлбэл “өөрт нь” болоод улс нийгэмд хор уршиг дагуулдаг зүйл. 
 
“Албан ёсны” авлигаас арилжаа наймааны хэрэгсэл ... 
 
Цол шагнал хяналтаа алдвал өөрт нь ч хор уршиг дагуулна гэхээр зарим хүнд ойлгоомжгүй, үнэмшилгүй “сонсогдох” байх. Тэгвэл үүнийг ойлгуулах тун тодорхой жишээ нь Ерөнхийлөгч гэдэг албан тушаалаар “тоглож” улс нийгэмд их гай удсан Ц.Элбэгдорж гэгч этгээдийн Э.Бат-Үүлд “баатар” цол олгосон зарлиг юм. 
Тухайн үед олон хүн үүнийг маш их гайхаж, “энэ Бат-Үүл гэдэг чинь Афганд явж тулалдаад ирсэн билүү?!” гэх мэт ёж үг, тоглоом тохуутай зэрэгцэн, “Мал нядалсан хүнд баатар цол өгдөггүй л байхгүй юу! Тэгэхээр Бат-Үүл ямар “гавъяа байгуулсан” нь ойлгомжтой шүү дээ!, “Баярласан хэрээ бархирав” гэгчээр Элбэгээ баярласандаа хэргээ илчиж, “гүйцэтгэгчээ” бариад өгчихлөө!” гэж ил шууд ярьж байсан нь ч цөөнгүй.
 
Чухамдаа “С.Зоригийн амийг хөнөөсөн гэмт хэргийн “захиалагч” нь Ц.Элбэгдорж, “гүйцэтгэгч” нь Э.Бат-Үүл” гэх сэжгийн нэг хэсгийг нийгэмд бүрдүүлж өгсөн энэ “шагнал” үеийн үед энэхүү итгэл үнэмшлийг хадгалан тээсээр байх болно.  
 
Хөөрхий амьтан нийгэмд өгчихсөн тэрхүү сэжиг, хардлагынхаа сэдлийг дарж булах гэхдээ Төрийн хаягтай цол хэргэм, одон, шагналуудыг мөн ч их тараасан даа. Төсвийн мөнгө асар их хэмжээгээр урсгасан үргүй зардлын нэг нь Төрийн одон, цол шагналууд болж хувирсан.
Ер нь 1992 оноос хойш танил тал, нам, бүлгийн харъяалал, хань хамсаатандаа хариу барих, тал засах, авлигын чанартайгаар тараагдах болсон одон тэмдэг, цол шагналууд сүүлдээ бүр ханш тогтоосон, наймааны хэрэгсэл болсон тухай ч яригдаж ирсэн.   
Мэдээж тэр хэрээр Төрийн нэр хүнд шалан дээр унаж, төрд итгэх ард түмний итгэл алдрахад “шалны алчуур”, “амны зугаа” болсон одон шагналууд бага биш хувь нэмрээ оруулсан. 
Ямар сайндаа л манай хошин урлагийнхны “элэг авсан” тоглолтуудын нэг нь шагнал тарааж буй сэдэв болж байх вэ дээ!  
Хавтгайрсан шагналын үр дүнд жинхэнэ гавъяатнууд нь бүдгэрэн дарагдаж, Төрийн одон, цол, шагнал хүртсэн хүн бараг л “хулгайч луйварчдын өрөөсөн гутал” гэх дорд үнэлэмжид орж, бүр “-Эрх мэдэлтнээс “яс горьдсон нохой”-нуудын нэг л биз!” гэсэн үл тоомсорлол, доромжлол, дайралтын бай болж үлдэх ч энүүхэнд. Улс үндэстний бахархал, хүндлэл ч үгүй болов.   
 
Тэнэглэлээ илчилсэн “шагналын хур буулгах” өрсөлдөөн    
 
Гэтэл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Төрийн шагналаа “шавхайд” хутгаж, улс орныг уруудан доройтоход нэмэр дээр нэрмээс болж байгаагаа олж харж, ойлгох, “ядахдаа үүнийг ч болсон засаж залруулъя!” гэж бодох сэтгэлтэй, ухамсартай Ерөнхийлөгч гарч ирсэнгүй. Тэр тухай хэлж сануулах бодлоготой, сэхээтэй төрийн зүтгэлтэн, улс төрийн хүчин ч гарсангүй. 
Харин ч бүр “шагналын хур буулгах” өрсөлдөөн нь улам гаарч, “мунхагаа тодруулах” уралдаан болов. 
 
Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд л Ерөнхийлөгчийн албаа өгөхөөсөө өмнө сар гаруйн турш элдэв цол хэргэм, одон шагнал түгээж, цар тахлын халдвар тархаасан “буруутнаар” тодорсон Х.Баттулга “хувийн” дагуул болох Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ гэх ТББ-аа “Монгол Улсын баатар” цолоор шагнаснаар тархи сэтгэхүй нь ёстой л “бэлэг тэмдэг” төдий болохыг харуулсан бол, халааг нь авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “шагналжуулах” ажлыг үргэлжлүүлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрт “Баатар” цол зүүж өгч, оюуны бяд нь нялхсын түвшнээс ялгарахгүйгээ батлав.
 
 
 
 
Хамтын бүтээлээр нь нобелийн шагнал олгосон, хотуудад “баатар” цол шагнасан гэх мэт дэлхийн жишиг байдаг л даа. 
Гэхдээ тэр бүхний утга агуулга, ач холбогдол нь манай “ерөнхийлөгч”-дийн “баримжаалж” байгаагаас их өөр юм. 
Тэр тусмаа “баатар” гэдэг цол шагнал бол улс орныхоо тусгаар тогтнол, ард иргэдийнхээ аюулгүй байдал, улс үндэстнийхээ ариун нэр төрийг хамгаалан хойч үедээ үлдээх их үйлсийн төлөө амь биеээ “ухамсартайгаар” зориулсан гавъяаг нь дархлан мөнхжүүлж буй үйл хэрэг юм.   
 
Тухайлбал “баатар хот” цол хүртээсэн тэрхүү жишиг нь хүн нэг бүрээр нь үнэлэх боломжгүй хамтын тэрхүү агуу гавъяаг нь мөнхжүүлэн дархалсан хэрэг юм.
 
Нийтээрээ хүний хэрээс хэтэрсэн их зориг тэвчээр гаргаж, дайны хажуугаар дажин гэгчийг гаргалгүйгээр зохион байгуулагдан нягтарч, олон сар хоногоор дайсныхаа үлэмж давуу хүчинд ялагдалгүй тэсэж үлдэж, хотоо хамгаалж чадсанаараа дайны үйл явцыг өөрчилсөн тэрхүү гавъяаг нь “баатар хот” гэх эрхэм хүндтэй цол шагналаар дамжуулан хойч үедээ өвлүүлж, үлгэр дууриалал болгоод зогсохгүй, түүхийн сургамжийг үргэлж сануулж байдаг юм.  
Тэгвэл манай “баатар” ТББ, Уулын баяжуулах үйлдвэрт үлгэрлэн дагуулах ямар ариун үйл хэрэг, мөхжүүлэх гавъяа бий вэ?! 
Залуурдсан мөр, залгамжилсан ажил хэргий нь ухаж төнхөөд, уудалж шиншлээд үзвэл ч “эвгүй үнэр” л үнэртэх байх. 
Одоо тэгээд модон жорлонд “баатар“ цол олгох л үлдлээ дээ!  
 
О.Лхагвадорж