сонин mn
ВАШИНГТОН. /The Diplomat/. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх ардчилсан хувьсгал ялснаас хойших 30 жилийн хугацаан дахь хамгийн том ялалтыг байгууллаа. 
Саналын хуудасны 99.7 хувийг тоолсны дараах байдлаар, У.Хүрэлсүх 68 хувийн санал авснаар нийт саналын гуравны хоёроос илүү хувийг авсан түүхэн дэх анхны нэр дэвшигч болжээ. Өмнө нь 1997 онд Н.Багабанди 60 гаруй хувийн санал авснаар хамгийн их санал авсан нэр дэвшигчээр нэрлэгдэж байсан юм. Сонгуулийн ирц жил ирэх тусам буурсаар байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулиар 59.2 хувьд хүрчээ.
 
Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд сонгогчдын ердөө зургаан хувийн саналыг авсан бөгөөд түүний авсан саналын тоо /72 569/ нь саналын хуудсанд тэмдэглэгээ хийгээгүй хуудсын тооноос /71 738/ тун цөөн тооны зөрүүтэй байв. Энэ нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын намын хувьд хүндхэн уналт боллоо.
 
Сонгуулийн кампанит ажлын үеэр, МАН “COVID-19” цар тахлын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээнүүдийг сайшааж байв. Нийслэл Улаанбаатар хотод тавдугаар сарын эцсийн байдлаар насанд хүрсэн хүн амын 97 гаруй хувь нь вакцины эхний тунд хамрагдаад байсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед халдварын тохиолдол дахин нэмэгдэх болж, өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо хатуу хөл хорио тогтоогоод байсан дөрөвдүгээр сарын үеийнхтэй ижил түвшинд хүрэх болжээ.
Мөн гурван нэр дэвшигчийн нэг болох Д.Энхбатын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарч, эмнэлэгт хэвтсэний улмаас сонгуулийн өмнөх өдөр явуулахаар товлоод байсан ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн цуцлагдсан юм. Сэтгүүлч Д.Жаргалсайхан “Clubhouse” нийгмийн сүлжээнд мэтгэлцээн зохион байгуулахыг эрмэлзсэнээр Д.Энхбат, С.Эрдэнэ нар “Clubhouse/Zoom/Facebook” нийгмийн сүлжээнд шууд дамжуулалтаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бол У.Хүрэлсүх оролцоогүй байна.
Энэхүү сонгууль нь Монголын улс төрийн үймээнтэй зургаан сарыг цэглэж байна. Тодруулбал, нэгдүгээр сард “COVID-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнүүдийг шүүмжилсэн жагсаал эрчээ авсан нь тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг гэнэт албан тушаалаасаа огцроход хүргэсэн юм. Түүнчлэн тухайн үед ч У.Хүрэлсүх хариуцлага хүлээхээс илүүтэйгээр өөрийгөө ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхийн тулд ийм шийдвэр гаргаж байна гэх таамаглал гарч байв. Мэдээж үйл явдал ч яг тийм байдлаар өрнөлөө.
Мөн МАН парламентад олонхын суудал эзэлж буй давуу талаа ашиглан ерөнхийлөгчийг нэг удаа сонгох тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд дахин өрсөлдөх эрхийг хязгаарласан. Х.Баттулгын хувьд уг өөрчлөлтийг хийхэд зүгээр хараад суугаагүй юм. Тэрбээр МАН-ыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж, цэрэг, армитай холбоотой гэсэн үндэслэлээр тараах оролдлого хийсэн юм.  
АН-ын хувьд тодорхойгүй байдал олон сарын турш үргэлжилж, гуравдугаар сард болсон намын даргын сонгуулийн дараах маргаантай асуудлуудаа зохицуулахаар ажилласаар байв. Эцэст нь, Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр бүртгэжээ. /Мөн АН-ын гишүүн асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ дахь АН-ын гишүүдийн бүрэлдэхүүн бүхий намын өөр жигүүрээс нэр дэвшихээр хүсэлт гаргасан/. Хэдийгээр С.Эрдэнийг АН-ын үнэнч гишүүд болох Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүнээр олон жил ажилласнаас гадна Улаанбаатар хотын захирагчийн алба хашиж байсан Э.Бат-Үүл нар дэмжиж буйгаа олон нийтэд нээлттэй мэдэгдэж байсан ч Х.Баттулга түүнийг дэмжиж буй нь харагдаагүй байна. Түүнчлэн АН дотоод хагарлаа зохицуулж чадаагүй нь лхагва гаргийн дүнгээс илхэн харагдаж байлаа. Тодруулбал, С.Эрдэнэ гуравдугаар байрт жагсаад зогсохгүй “цагаан хуудасны” тоог арайхийн дийлсэн нь АН-ын урам нь хугарсан сонгогчид саналын хуудсаа хоосон өгсөнтэй холбоотой байж магадгүй юм. Эцсийн бүлэгт, АН-ын дэмжигчдийн хувьд ч С.Эрдэнэ тааламжгүй нэр дэвшигч байсан бололтой.
 
Харин хоёрдугаар байрт бичигдсэн Д.Энхбат нь байгуулагдаад удаагүй байгаа “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж, сонгогчдын 20 хувийн санал авч чаджээ. “Нийгмийн сүлжээнд Д.Энхбатыг дэмжлэг маш өндөр байгаа бөгөөд ялангуяа хилийн чанад дахь монголчууд, Монголдоо амьдарч буй залуучууд түүнийг голчлон дэмжиж байна” гэж шинжээч Л.Болор сонгуулийн өмнө “The Diplomat” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
Урьдчилан таамаглаж байсны дагуу Д.Энхбат саналынхаа дийлэнхийг хотын бүсийн сонгогчдоос авчээ. Түүнчлэн Улаанбаатарын хүн ам ихтэй зарим дүүрэгт тэрбээр саналын гуравны нэгээс илүү хувийг авсан байна. Гэвч энэхүү дэмжлэг нь С.Эрдэнэ хөдөө орон нутагт түлхүү ажилласантай холбоотой ч байж болох юм.
Д.Энхбат ерөнхийлөгчийн сонгуульд сайн өрсөлдсөн нь “Зөв хүн электорат” эвсэл гол сөрөг хүчин болох АН-ын байр суурийг эзлэх магадлалыг нэмэгдүүлж байна. Гэвч одоогийн байдлаар тус хоёр намын аль нь ч МАН-д томоохон сорилт учруулах байр суурьтай биш байгаа бололтой. Мөн сонгуулийн нэг тал руу хэт хэлбийсэн дүн нь МАН-ын хяналтад хууль тогтоох байгууллага, ерөнхийлөгчийн албаны аль алийг оруулж байгаа тул Монгол Улс нэг намын засаглалтай болох вий гэх түгшүүрийг төрүүлж байна. Тус намын зарим албан тушаалтны хувьд урьд нь авлигын хэрэгт буруутгагдаж байсан бөгөөд одоогоор хангалттай хариуцлага хүлээлгээгүй байна.  
Энэ удаагийн сонгуулиар МАН 2024 онд болох парламентын ээлжит сонгууль хүртэл Монгол Улсын улс төрийн үйл хэргийг хариуцах үүрэг хүлээж байна. Үндсэн хуульд ерөнхийлөгчийг нэг удаа сонгохоор тусгасан тул У.Хүрэлсүхийн хувьд зургаан жил ерөнхийлөгчийн албыг хашина. Тэрбээр одоо МАН-ын харьяаллаасаа татгалзах шаардлагатай тул Монголын стратегийн ирэх жилүүдийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах намын шинэ даргыг сонгох юм.
 
 
 
 
Одоо У.Хүрэлсүхэд тулгарах гол асуудлуудын нэг нь өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын замналыг дагаж, урд хэсэгт Хятадын нөлөө тэлж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөн олон улсын харилцаанд зөвхөн Оросод төвлөрөх үү эсвэл Монголын гадаад бодлогод сүүлийн 30 жилийн турш давамгайлсан интернационализм шинж чанараа дахин баримтлах уу гэдэг явдал юм. Сонгуулийн өмнө МАН байгалийн баялгийн мега төслүүдийг улам эрчимтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа танилцуулсан юм. Мөн ерөнхийлөгчийн нэн түрүүнд анхааралдаа авах шаардлагатай бодлого нь авлигатай тэмцэх ажилд чухал үүрэг гүйцэтгэх Монголын шүүхийн хараат бус байдал юм.
 
 
 
Энэхүү нийтлэлийг Бритиш Колумбийн их сургуулийн багш Жулиан Диркес, антропологич, Монгол судлаач, Берклийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Марисса Смит, “The Diplomat” сэтгүүлийн редактор Шэннон Тиецци нар бичжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг