sonin.mn
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Ингэснээр УИХ-ын гишүүдийн олонх нь хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.  Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга маш олон хуульд хориг тавьж ирсэн ч дандаа хуулиас гадуур алхам хийж ирсэн гэдгийг  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар онцолсон. Энэ тухайд тэрбээр  “Монголд хувь хүн бус хууль засагладаг байх ёстой. Ерөнхийлөгч надтай холбоотой долоон хориг тавьсан байдаг. Долоон хориг долуулаа хууль зөрчсөн. Хориг тавьж болно. Гэхдээ хориг нь өөрөө хуульд нийцэж байх ёстой. Би сайн санаж байна. Ерөнхий сайдын эрх мэдэлд бүрэн халдчихсан асуудал байсан, хууль зөрчсөн. Дараа нь Монгол Улсад байхгүй хуульд хориг тавьчихсан.  Дараа нь нэгдсэн төсөв, улсын төсөв хоёрыг холиод хориглочихсон. Холих ч гэж дээ, яг үнэндээ  асуудлаа ойлгож мэддэг хүн байхгүй байсан. Энэ бүгдийг УИХ  хүлээж аваагүй. Энэ удаагийн хориг ч мөн ялгаагүй алдаатай орж ирсэн.
 
 
 
Одоо яах юм, Цэцэд арван гишүүнтэй болох юм уу. Үндсэн хуулийн Цэцдээ нөлөөлдгөө болих хэрэгтэй.    Ерөнхийлөгч Х.Баттулга яахаараа гудамж хорьж байгаад Цэцэд очиж уулалт хийдэг юм.
 
 
 
Яахаараа нэг  даваа гарагт  Дээд шүүхээс Цэц рүү хүнээ томилж явуулах гэж байхад нь буюу гуравхан хоногийн өмнө баасан гарагт яаран сандран байж  хууль бусаар хурал хийж, төр үймүүлэх ажиллагаа зохион байгуулж, УИХ-ын танхимд хэрүүл тарьж байгаа юм бэ. Тийм ёс зүйгүй хүмүүс Цэцэд байдаг юм бол холбогдох хуулийнх нь дагуу  хариуцлага тооцох хэрэгтэй. Дор бүрнээ хариуцсан ажлаа хийж, тулгамдсан асуудлаа шийддэг тогтолцоонд орохгүй бол энэ улс чинь жонхуураад дууслаа. Шүүх нь шүүх шиг, прокурор нь прокурор шиг, УИХ нь УИХ шиг, Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг болмоор байна. Өөрт нь таалагдахгүй бол  хувь хүнд ч байсан хориг тавьж л байдаг. Ийм тогтолцоотой Монгол Улс хөгжихгүй, ийм байдлаар  шударга ёс тогтохгүй, хуулийн засаглал бий болохгүй. Тэгэхээр бид, УИХ энэ буруу зүйлүүдийг засч залруулж явах ёстой. Энэ хоригийг хүлээж авч болохгүй. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн учраас холиод  байна гэдэг бүгд худлаа. Энэ бол бөөр нь бөгсөндөө, цэр нь цээжиндээ байх буюу эрх үүгийн хуваарилалтыг   ном горимд нь оруулах шийдвэрийг УИХ гаргаж байгаа л хэрэг” гэлээ. 
 
С.Сарнай