sonin.mn
Дайны хажуугаар дажин гэдэг шиг цар тахлын хажуугаар АН-ын дотоод зөрчил маргаан улам эрчээ авсаар байна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд байхад асуудлаа шийдэж чадахгүй, албан тушаал, эрх мэдлээ булаацалдсан хэвээр. Нэгэн цагт улс төрийн томоохон хүчин гэгдэж явсан АН УИХ-ын сонгуульд дараалан хоёр удаа ялагдал хүлээсэн тэр үеэс зөрчил эхэлж, улмаар хоёр хуваагдаж, нэгийгээ үзсээр эцэст нь цаашид АН орших уу, эс орших уу гэдэгтэй нүүр тулав.
Хоёр даргатай, хоёр тамга тэмдэгтэй, хоёр дүрэм журамтай холион бантан шиг явсаар талууд эцэс сүүлдээ улс төрийн намуудын түүхэнд тохиож байгаагүй хачирхалтай хийгээд харамсалтай үйл явдлыг эхлүүлээд байна. Учир юу гэвэл, талуудын удирдагчид АН-ын дарга сонгох сунгааг эхлүүлээд буй. Өөрөөр хэлбэл, нэг тал нь С.Эрдэнийнх, нөгөө тал нь Ц.Тувааных гэж хоёр хуваагдаад буй бүлэг хүн тус тусдаа намын даргаа тодруулах дотоод сунгааныг эхлүүлээд байна.
Тэд дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 28-нд, нэг өдөр намын даргаа сонгоно. Ц.Тувааны талын АН-ын даргын сонгуульд гишүүд нь биечлэн саналаа өгөх бол С.Эрдэнийн талын сонгуульд цахимаар оролцоно. Санал хураалтыг нэг өдөр зохион байгуулах тул нэгтгэж явуулах саналыг Ц.Тувааны талд тавьсан боловч үүнийг хүлээж аваагүй аж. Хэрэв гуравдугаар сарын 28-ныг хүртэл энэхүү асуудлаар талууд нэгдсэн байр сууринд хүрээгүй тохиолдолд АН-ын гишүүд намын даргаа тодруулах сонгуульд хоёр тусдаа санал өгөх нь.
 
ДӨРӨВ ХОНОГИЙН ДАРАА АН ДАХИАД Л ХОЁР ДАРГАТАЙ БОЛНО
 
Дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 28-нд АН дахиад л хоёр дарга буюу хоёр толгойтой болж, зөрчил маргаан нь өмнөхөөсөө ч илүү хүчтэй үргэлжлэх нь. Ганц ялгаатай зүйл АН-ын бүх гишүүний сонгосон дарга гэдэг үг байх болов уу. Мэдээж аль аль тал нь энэ үгийг хэлж, өөрт буй тамга тэмдгээ гардуулж өгөх нь ойлгомжтой. Ингэснээр тус нам дотор үүсээд буй асуудал шийдэгдэх бус харин ч улам эрчээ авах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд бие биеэ шүүмжилж, үгүйсгэж ирсэн талууд сунгаанд хэн ч ялалт байгуулсан түүнийг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэх нь гарцаагүй. Харин АН-ын дарга хэн байх вэ гэдгийг шийдэж, үүсээд буй асуудалд цэг хатгах газар бол Улсын Дээд шүүх. АН даргаа, удирдагчаа намынхаа бүх гишүүний саналаар сонгодог дүрэм, зарчимтай гэдэг ч энэ удаагийнх нь түүхэнд хараар тэмдэглэгдэхүйц үйл явдал болох нь. Тодруулбал, нэгэн цагт ардчиллын туг болж, ардчиллаар овоглож явсан эрхмүүд намын гишүүдийнхээ бус өөрсдийн үзэл бодол, эрх ашгийг урьтал болгож, хоёр сонгууль зохион байгуулж, хэн нь АН-ыг удирдах вэ гэдгийг Улсын дээд шүүхээр шийдүүлэхэд хүрээд байна.
 
Хоёр талын зарласан АН-ын даргын сунгаанд нийт есөн хүн өрсөлдөж байна. Ц.Тувааны талын зарласан АН-ын даргын сонгуульд Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар өрсөлдөж байгаа бөгөөд нэр дэвшигчид гуравдугаар сарын 12-нд сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөр, бодлогоо цахимаар танилцуулж буй.
 
Эл сунгаанд анх 19 гишүүн оролцохоо илэрхийлсэн боловч тэдний дийлэнх нь босго тогтоосон дэнчингийн мөнгөнд бүдэрч, нэрээ татсан. Хүсэлт гаргасан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл байсан боловч, эцсийн мөчид бичиг баримт, тамга тэмдэг зэрэг нь эргэлзээтэй гэж үзэн дэнчингийн мөнгөө шилжүүлэхээс татгалзаж, улмаар нөгөө талд нэр дэвшиж буй.
Харин С.Эрдэнийн тал дөрөвдүгээр сарын 25-нд намын даргаа сонгох байсан боловч сунгааны хугацааг наашлуулж, энэ сарын 28-нд зохион байгуулах шийдвэр гаргасан. Ингэснээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, хуульч Ч.Өнөрбаяр нарын таван нэр дэвшигч бүртгүүлж, энэ сарын 20-нд батламжлаа гардан авч, цахим сурталчилгаагаа эхлүүлсэн. Талуудын зарласан сунгаанд бүртгүүлэн хүч үзэж буй нэр дэвшигчдийн дэвшүүлж буй бодлого, мөрийн хөтөлбөр нь өөр, өөр хэдий ч түүнд дотор нэг ижил төстэй зорилго зорилт багтаж буй. Тэр нь АН-ыг нэгтгэх. Тодотговол, тамга тэмдэг булаацалддаг биш ард түмнийхээ дунд асуудал шийддэг тогтолцоо руу орох. Харамсалтай нь талуудын сунгаанд хэн ялалт байгуулахаас үл хамаарч, зөрчил маргаан нь харин ч улам эрчээ авах нь тодорхой. Асуудлаа шийдэж, нэгдсэн нэг сунгаа зохион байгуулах зорилгоор зөвшилцлийн ширээний ард хэдэнтээ суусан ч шийдэлд хүрч чадаагүй хүмүүс аль аль талынхаа сунгааны дүнг хүлээн зөвшөөрөхгүй нэгийгээ үзэх нь ойлгомжтой. Талуудын энэ байдал цаашид үргэлжилсээр АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд ч өрсөлдөх эрхгүй болгож магадгүй тул намынхаа нийт гишүүний төлөө, намынхаа цаашдын ирээдүйн төлөө өөрсдийн эрх ашиг, үзэл бодлыг таягдан хаяж, эвлэлдэн нэгдэхийг учир мэдэх гишүүд нь уриалж буй.
 
Б.ПҮРЭВДОРЖ: АН-ААС ХОЁР НЭР ДЭВШИГЧИЙН МАТЕРИАЛ СЕХ-НД ОЧВОЛ ХОЁУЛАА ХАСУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ
 
Энэ цаг үед АН-ын даргыг сонгох бус зөрчил маргааныг цэгцэлж нэгдэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахыг хүсэж буй намын олон гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд тавдугаар сарын 2-5-нд хүргүүлнэ. СЕХ-ноос нэр дэвшигчийн материалд асуудал гарвал хоёр хоногийн хугацаанд залруулахаар хуульд тусгажээ. Энэ хугацаанд АН-ын дүрмээр нөхөн нэр дэвшигч тодруулах боломжгүй. Гэтэл тусдаа тамгатай хуваагдсан АН-аас хоёр нэр дэвшигчийн материал СЕХ-нд очвол нэг нь албан ёсны тамгатай, нөгөөх нь цахим бүртгэлгүй гэх үндэслэлээр хоёулаа нэр дэвшигчээ хасуулах эрсдэлтэй. Ийм хуулийн хайчинд байгаа нөхцөлд удирдлагууд тус тусдаа намын даргаа тодруулна гэж зүтгэсэн хэвээр байна. Тиймээс хоёр тал зохицоод намын хуваагдлаа цэгцэлж, ҮБХ болон намын их хурлыг зарлаж даргаа сонгохоо болиод нэр дэвшигчээ тодруулмаар байгаа юм. Ерөнхийлөгчийн тухай хуулийн энэ асуудлыг хүмүүс мэдээгүй царайлж байгаад харамсаж байна. Тэд гишүүдээ умартаж өнөөдөртөө зөвхөн өөрийн эрх ашгаа харж болно. Гэхдээ ирээдүйд АН-ын гишүүд намын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүйн төлөө та бүхнийг яллах болно гэдгийг хариуцлагатай мэдэгдье” хэмээн байр сууриа илэрхийллээ.
 
200 орчим мянган гишүүнтэй намаа хоёр хуваагаад буй АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар өөрсдийн зарлаж, эхлүүлсэн сунгааг албан ёсных гэж тодотгодог. С.Эрдэнэ Үндэсний бодлогын хороог хуралдуулж, гурван ч дэд даргаа сонгож, Үндсэн дүрмийн хороондоо сэлгээ хийсэн бөгөөд дараагийн намын дарга томилогдох хүртэл өөрийгөө АН-ын албан ёсны дарга хэвээрээ гэдгээ мэдэгдээд буй.
 
Тэгвэл нөгөө талд өрнөж буй АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “АН нэг дүрэмтэй нэг нам. Бодлого шийдвэрийн зөрүүтэй шийдвэрүүд гарч хуучин удирдлагуудын дунд зөрчилдөөн байгаа. Энэ нь нийгэмд буруу ташаа ойлголтыг төрүүлж байна. АН-ын Дотоод сонгуулийн хороог намын Их хурлаас дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай байгуулдаг. Дотоод сонгуулийн хороо нь намын удирдлага хэн байхаас үл хамаарч намын даргыг тодруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ хүрээндээ намын дотоод зөрчилд цэг тавих зорилгоор намын даргын сунгааг зохион байгуулж байна” гэсэн юм.
Энэ бүхэн хэзээнээс эхлэв. Товчхондоо, хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө С.Эрдэнийг УИХ-ын гишүүн байхад УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албанд мөр зэрэгцэн зүтгэж явсан, хэвлэлийн хурал бүрт түүний хажууд нөмөр нөөлөг болж асан Ц.Туваан түрүүлж сэлэм сугалсан. Тэр Х Их хурлыг хуралдуулж намын дүрмээ өөрчилсөн хэдий ч Улсын Дээд шүүх тус Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж үзэн бүртгэхээс татгалзсан байдаг.
АН нэрийн дор С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр тусдаа бодлогоор, хоёр салаа замаар яваа. Нэгэн голын хоёр эрэг шиг эвлэж нийлэхээсээ нэгэнт өнгөрсөн АН-ын тамгатай, тамгагүй, бүртгэлтэй, бүртгэлгүй дарга нарын зохион байгуулж буй сунгаа асуудлыг шийдэх бус илүү хурцатгаж, хувь заяагаа намынхаа нийт гишүүнээр бус Улсын Дээд шүүхээр шийдүүлэх дүр зургийг бий болгов.
 
 
С.Юмсүрэн
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин