sonin.mn
“Хал цэрэг” Доржсүрэнг эртнээс танина. Даанч олон арван жил уулзалдалгүй явж. Хааяа нэг ажлаар явахдаа Баянцагаанаар дайрвал түүнийг сураглах төдий. Таарсан бүхэн л “Доржсүрэн дарга уу” Хөдөө л байдаг хүн шүү дээ гэх. Бас тэр жил Алтанбулаг сумын нэг уяач нөхөртэй уулзахад
 
-Миний энэ хүрэн морь Баянцагааны хурдан морьт Ёндонжамцын Доржсүрэнгийн унаган адуу байгаа юм. Гайгүй хурдан буяндаа гэж ярихыг сонсож явлаа. Тэгэхээр танил маань сум, нутагтаа төдийгүй хаа ч нэр, бараатай яваа юм байна гэж бодогдож билээ.
 
Харин саявтар түүнтэй тухлан уулзлаа. Тэгээд хуучин танилынхаа тухай бяцхан хөрөг тэрлэхийн өмнө Төв аймгийн Баянцагаан сумын үүх түүхийг хөндөхгүй бол алдас болно гэж бодсон юм.
 
Адуу, хурдан морь гээд ярихаар энэ нутаггүйгээр үнэхээр төсөөлшгүй гэдэг. Арга ч үгүй байх аа. Дээр үеэсээ адуутай, айрагтай, хурдтай мал сүргийн диваажин гэхээр нутаг энэ гэх юм билээ. Өмнөх зууны эхэнд Их богд Жавзандамба, Манзушир хутагт нарын авшиг шингэсэн баян сүрэг мал энэ нутаг орны сүр сүлд нь байж.
 
Тэр удмаа дагаж Баянцагаан адуу, хонь нэрд гарсан гэдэг. Хурдны морьд ирж байна. Наран доогуур босоо тоос татуулан хурдалж байна. Тэр зүг харахуйд тэнгэрийн хаяанаас нэгэн гайхамшиг босоод ирэх шиг сэтгэгдэл төрнөм. Иймэрхүү жинхэнэ монгол уран зургийг үг яриагаар урлаж сонсож буй хүн бүрийг өндөлзүүлсэн хүн бол Ёндонжамцын Доржсүрэн л дээ.
 
-Манай Баянцагааны адуу Халхын хурдны нэгэн эх тал нь яахын аргагүй мөн дөө гэж тэр ярихдаа нүд нь улам сэргэж, дуу нь аяндаа өндөрсөх юм.
 
Нээрээ ч тийм дээ. Хаа нэгтээ болсон улс, аймгийн чанартай баяр наадамд Баянцагааны морь түрүүлж, айрагдаж нутаг усныхаа нэрээр цоллуулаагүй нь ер ховор байх. Баянцагаан адуу алдартай шүү гэж морь судлаач, хурандаа А.Баярмагнай олонтаа хэлдэг.  Хэлэх хэлэхдээ дан гарчигийн үсгээр гэмээр томруулж тун үлдэцтэй ярьдаг л. Үүнийг Ё.Доржсүрэн улам тодруулж манай сумын Баяр, Батбуян, Нэрэнжимээ гээд нэрт уяачдын бүлэг адуу Баянцагаан адууны залгамж удам нь юм шүү. Тэр хүмүүсийнхээ нэрээр адуу нь тус тусдаа омог болсон. Одоо харин Батбуянгийн адуу их цөөрсөн дөө. Нэрэнжимээгийн адууны удам Дундговийн Цагаандэлгэрийн хойд талд шилжчихсэн. Баярын адуу ч хурд гэж онцгойгоороо хаа ч гайхуулдаг л байсан юм гэлээ. Ё.Доржсүрэнгийн ярианаас морин төвөргөөн сонсогдохгүй гэж ер үгүй. Аргагүй л адуу, хурдан морь гэхээр нугасгүй хүний үг тийм байдаг даа.
 
Насаараа шахам засаг, төрийн анхан шатны нэгжид алба хаасан хүн гэвэл бас тэр. Залуу зандан наснаасаа эхлээд өнөөгийн зах зээлийн нийгэмд хүртэл баг, бригадын дарга, тоо бүртгэгчээр 38 жил ажилласан гэх юм билээ.
 
Гэтэл тэр албаныхаа ямар зайнд нь малаа маллаж мянгат малчин, аймгийн алдарт уяач болчихдог байна даа гэвэл амжуулсан л байгаа юм даа. Сумын анхны цөөн мянгат малчны нэг гэдэг үнэн бол сумандаа голдуу уралдаж 11 түрүү, 24 айрагтай гэсэн амжилтаараа аймгийн алдарт уяач гэгдэж явна. Үүнийгээ миний уяачийн амжилт бага л даа гэж хэлэхдээ бас тайлбар хийхээ мартсангүй ээ тэр.
 
Улсын наадамд би ердөө гурван удаа очсон. Даанч шинэ уяач том наадам довдоно гэж байдаг болохоор нэг даага наймд давхиулснаас өөр хэлэх юм бага гэв. “Довдоно гэдэг нь том наадмын босго өндөрдөнө гэсэн үг юм”
 
Басхүү миний ажил алба найр наадам хөөж явахад бараг хориотой байсан гэж болно. Хорио нь ч юув, завгүй л дээ. Баг, бригадын дарга, тоо бүртгэгчийн ажил алба ямар барагдах биш. Ноос үс, идээ цагааны үйлдвэрлэлийн даалгавар биелүүлэхийн төлөө өглөө, үдэшгүй шогшуулна. Дөрвөн цагийн эргэлтэд морины нуруу, мотоциклийн суудал амраагаагүй хүн юм тэр. Айл хэснэ гэдэг миний гол ажил байлаа гэхэд нь би тохуурхаж,
 
-Чи нэг насаараа дарга гэгдэж айлын хоймор авгай хүүхнүүдийн гарын хоол, зөөлөн ор бараадаж явж дээ гэвэл  тэр яльгүй мушилзсанаа
 
-Манай бригад саалийн хоёр фермтэй. Тэнд цаг цагаар ирээд зогсчихдог сүүний машинуудыг саатуулахгүйн тулд саальчин хүүхнүүдийг шавдуулах гэж үхрийн зэлэн дээр өдөржин зогсох энүүхэнд байлаа.
 
Юун гарын хоол, зөөлөн ор бодохтой манатай. Манай үеийнхэн чинь улсын ажлын төлөө зовж зүдрэхээ мэдэхгүй явсан юм шүү гэж хэлнэ лээ. Тэр ч маргашгүй үнэний нэг биз. Тэгээд л бидний яриа адуу, морины сэдэв рүүгээ дахиад шилжив. Бригадын даргын цалин тухайн үедээ 500 төгрөг, түүн дээр намын хэсгийн ахлагчийн 150 төгрөг нэмж авна. Өндөр цалин гэж болно.
 
Тэгтэл Ё.Доржсүрэн мөнгөө юунд үрдэг байсан бол гэвэл гайгүйхэн удам угшилтай үрээ, байдаснаас л өгчихнө. Ер нь Хэнтийн Галшар, Сүхбаатарын Мөнххаан зэрэг хурдны өлгий нутгаас цуглуулсан адуу түүнд олон. Хаа газрын сайн уяачидтай ч танил байж. Энэ тухайгаа мань хүн ярихдаа:
 
-Би улс төрийн товчооны есөн хүнийг нэрлэ гэвэл хойно урд нь оруулаад байх хэрнээ Хэнтий, Сүхбаатар аймгийн гол уяачдыг алдалгүй тоочно шүү гэж байна лээ. Адууны буян тэр байх л даа. Тээр жил юм гэнэ. Ё.Доржсүрэн Галшарын нэртэй уяач Цагааны Манал гэгчээс нэг хүрэн үрээг цагтаа сүрхий үнэлж авчээ. Тэр нь их сайхан азарга болсон. Үр төл нь их хурдалсан гэх юм билээ.
 
Хаа ч гэсэн “хугархай хас” тамгатай хүрэн зүсмийн адууг Баянцагааны Доржсүрэнгийнх гэж газрын малчид андахгүй мэднэ. Аятайхан үрээ сураглах хүн ч олширчээ. Доржсүрэнгийн нэг хурдан цавьдар морийг нэгэн үед гүйцэх амьтангүй мэт байсан аж.
 
-Миний цавьдар морь очсон наадам бүртээ л түрүүлэх гэж үзнэ. Түрүүлдэг ч байлаа. Бүсийн наадамд лав гурав түрүүлсэн. Анхных нь Дундговь аймгийн Дэрэн суманд болсон бүсийн уралдаанд шигшмэл 180 мориноос дэндүү хол түрүүлсэн бол дараа нь Цэцээ гүний наадамд, бас Багахангайд болсон бүсэд мөн л магнайлсан даа.
 
Жаахан хөөргөндүү хэлэх юм бол тэр морь минь ердөө л сүүдэртэйгээ уралдаж байсан гэхээр ч юмуу даа. Том, бага наадмын 22 алт, хоёр мөнгөн медаль авсан нь тэр цавьдар  мориных. Цагааны Маналаас авсан азарганы төл гурван хүрэн морь гайгүй хурдалсаан гэв. Тэднийх Мөнхааны “баадуу” Доржийн унаган саарал, Сүхбаатар сумын “шилбэ” Дамдинсүрэнгийн унаган бор мөн Буд гэдэг хүнээс авсан хээр, Дундговийн Өндөршил сум “Гүр” адууны угшлын зээрд гээд зургаан сайхан азаргатай байж. Адуу нь ч өсч дээ. Сүүлдээ 700-д дөхсөн гэх. Өөрөө адууны дунд ороод явахаар аль нь аль азарганы төл юм бэ гэдгийг огтхон ч андахгүй. Малд нүдтэй хүн гэж бий. Тэгвэл Доржсүрэн адуунд бүр илүү нүдтэйн нэг.
 
Түүний хэлснээр бол хурдан морины шинж нь цаанаа цэвэрхэн галбиртай, толгой том, дөрвөн хөл нь богинодуу, нүд нь бас онцгой харагддаг гэнэ. Хурдан морины ном сударт хүзүүгээ үл дарсан дэлтэй, нүдээ үл халхалсан гөхөлтэй гэж байдаг. Доржсүрэнгийн ярианд гарсан нэг сонин зүйл нь түүнийг хаа нэгтээгээс гүү, байдас аваад хөтлөөд ирэхийг нь хүрэн азарга огт андахгүй тосоод давхиж ирнэ.
 
“За чи нэг юм хөтлөөд ирэв үү” гэх шиг ногтыг нь мултлангууд хөөгөөд явчихна. Ийм дадалтай болчихсон эзэн, азарга хоёр байж. Хүрэн азарганы төл гүү нь хүртэл гойд сүүтэй байдаг гэсэн.
 
Удамтай хүний үр, сүүтэй гүүний унага гэдэг мэргэн үг бий. Түүн лүгээ бодоход хөргийн маань гол баатар  Ё.Доржсүрэн бас төгс удамтай нэгэн юм. Аав Батсүхийн Ёндонжамц нь лам хүн байв. Цагтаа эрдэм номтой хүний тоонд багтаж байсан гэдэг. Ижий Ширчингийн Гонгор нь жирийн саальчин байсан ч гэлээ ойр зуурын уншлага мэддэг нэгэн байж. Тэдний хүү Доржсүрэн дунд сургуулийн долдугаар анги төгсгөөд удалгүй цэрэгт мордож. Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн долдугаар отрядын харъяа Цайдамын заставт холбоочин байгаад 1973 онд халагдаж ирж. Түүнийг малчин удмынхан нь угтаж авсан нь хойшдын амьдралын зүг чиг байв. Дээр хэлсэн дээ. Баг, бригадын дарга, тоо бүртгэгчээр олон жил ажилласан гэж. Тэр албаны төгсгөл нь “Өрнөх амьдрал” нэгдлийн малыг хувьчлах ажлыг гардан хийлцсэнээр бараг цэглэгдсэн юм гэнэ.
 
-Мал хувьчлана гэдэг том бөгөөд тун нарийн ажил байлаа шүү дээ. Нэгдлийн гишүүн байсан хүмүүс ягаан тасалбар бариад л ирэх. Түүнд нь тохирсон мал оноож өгнө. Нэг сонин нь бод, бог мал янз янзын үнэлгээтэй. Хонь гурван төгрөг байхад ямааг задгай мөнгөнд өгч байлаа.
 
Би өөрөө олон хүүхэдтэй хүн. Хувьчлалаар зөндөө мал авсан. Түүнийгээ төлөөр нь өсгөж нэг л мэдэхнээ мянгат малчин болдог юм. Тэгээд цагийн байдал малынхаа аясыг дагаж отор нүүдэл зөндөө л хийсэн дээ гэж тэр ярив. Адуутайгаа Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумын нутагт олон өвлийг давсан бол Хэнтийн нутаг Хэрлэнгийн хөвөөнд хаваржиж үзэж.
 
-Баруун хойшоо Лүн, Угтаалаар дамжин Орхон Туулын бэлчээрт оторлосон гэх. Түүний төрөлх нутаг нь өвөг дээдсийнх нь амьдарч ирсэн түмний мэдэх Өлзийт нуурын рашааны хойд тал Нарангийн уулын энгэр. Энд мал их өсдөг буянтай нутаг шүү гэж хэлнэлээ.
 
Нэгэн цаг үед Манзушир хутагтын их сүрэг энд байсан содон түүхтэй юм. Баруун урьд руу Авхай гурван түрүү гэж бий. Тэнд хонь гойд өсдөг гэсэн юм. Аав, ижий нь морь мал гээд байдаггүй байсан ч Доржсүрэнгийн моринд хорхойсдогийг хорьдоггүй юм байж л дээ. Доржсүрэн бас барилддаг. Сумандаа хоёр түрүүлсэн сумын заан юм. Нэг жил аймгийн арслан Д.Даваахүүтэй үлдээд түрүүлж байсан юм гэнэ.
 
Бидний яриа өрнөж байтал гэрийн хойморт байх нэг жаазтай том зураг анхаарал татав. Уг зургийг олонд танигдснаар нь Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Бодоо гэж танив.
 
Зургийн дор “Чоныг үзэж арьсыг нь зуравч ясыг нь зурхуйяа бэрх, Цагийг үзэж хүнийг танивч зүрхийг танихуйяа бэрх. Ардын Засгийн газрын ерөнхий сайд төр, шашины нэрт зүтгэлтэн Догсомын Бодоо гэсэн бичээс байх юм.
 
Бид тэр хүний тухай ярилцав.
 
-Бодоо гэдэг хүний зураг танайд ямар учраас ийн дээдлэгддэг билээ.
 
-Манай удмын хүн юм билээ. Манай өвгө эцэг Ширчин гэж хүн байсан. Бодоо түүний төрсөн дүү нь. Ижийгийн маань талын хүн. 1990-ээд оноос л энэ хүний нэрийг бүтэн хэлж болдог болсон доо.
 
Ш.Цэрэндоогийн номонд бий дээ. Эхээс гурвуулаа хүн байсан тухай. Өөрөөр судалсан, баталсан юм ер харагддаггүй юм. Яагаад гэхээр “эсэргүү” байсан гээд огт орхигдсон байх. Харин төрсөн дүү нь Балгансүрэн гэж нэг авгай байсныг би мэднэ. Тэднийхийг Гандангийн дэнжид байхад ижийтэйгээ нэг удаа очсон. Би 5-6 настайд л байж дээ. Дэнхийсэн өндөр шар авгай. Ижийгийн хэлснээр Чойжин буудаг сүрхий хүн байсан юм билээ. Нэг удаа буухад нь ижий түшээ нь болсон гэж ярьдаг сан.
 
-Бидний уншсан ном дэвтэрт Догсомын Бодоо Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төрсөн гэснээс өөр юм харагддаггүй л юм.
 
-За тийм дээ. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг. Засгийн газрын Ерөнхий сайд байсан. Ардын намын тамгыг анх сийлсэн гэх мэт товч намтар л байдаг юм.
 
Манай өвөө Ширчин /бид бөмбөөрэй гэдэг байсан/ -гийн хэлснээр бол Бодоог Сэргэлэнгийн нутагт төрсөн гэдэг ч худлаа санагддаг. Өвөө маань Авдрангийн энгэрийн хүн л дээ. Түүний ярьсан нь “Бодоо чинь Амгаланбаатарт төрсөн юм. Ижий нь нэг цаг үед тэнд амьдарч байсан. Харин эцэг нь гадаадын нэг худалдаачин хүн гэж хэлсэн удаатай.
 
Бид тэр үгийг нь хадгалж явснаас биш хэн нэгэнд хэлээгүй өдий хүрсэн юм. Юм үнэнээрээ байх л сайхан шүү дээ. Ийм үнэнийг хэлэхээр урьдын түүхийн худлаад үнэмшчихсэн өнөөгийнхөн хүлээн авахгүй л болов уу. Авахгүй гээд зөвтгөх хэн байгаа юм бэ. Адаглаад Догсом гэдэг овгийг хаанаас зээлдэв. Хэн ч хэлэхгүй дээ. Судлагдаагүй хаягдсан юм чинь.
 
-Бодоо гэдэг хүн танай удмын хүн байж. Өөр олон хүн байдаг болов уу?
 
-Авдрангийн энгэр рүү “Гүзээ даргынхан” гэж нэг  урагийнхан бий. Бодоогийн удмынхан гэдэг. Тэд урагийн уулзалт хийсэн сураг байдаг. Бид тэнд очиж нийлдэггүй ээ. Уг нь Бодоо гэдэг хүн түвд, манж, хятад хэлтэй сайхан монголтой тун өндөр боловсролтой хүн байсан юм билээ.
 
-Өөрөө түрүүнд Бодоогийн дүү Балгансүрэн гэдэг эмэгтэйн тухай дурдаад өнгөрсөн. Тэр хүний тухайд...?
 
-Тэр эмэгтэй Бодоог хэлмэгдсэний дараа огт сураггүй болсон гэдэг юм. Тэгсэн 1940-өөд оны сүүлчээр Сибирээс эхлэлтэй төмөр замыг олзлогсдоор бариулах үеэр тэр дунд явж нэг хятад хүнтэй суусан байж. Гэтэл тэр хүн нь осолд ороод өнгөрчихсөн гэнэ. Тэгээд л сүүлд нь Гандангийн дэнжид байхад нь бид очиж байсан юм билээ. 1950-иад оны сүүлч үе л дээ. Тэгээд аав,  ижийгээс хойш тэр хүний сургийг дуулаагүй ээ.
 
-Их хэлмэгдэлтийн үед чинь хүмүүсийг удам угсаагаар нь хөнөөж байсан гэдэг дээ?
 
-Тийм. Манай өвөө Ширчинг нэг удаа Дотоод яамныхан бариад явсан гэдэг. Гэтэл тун удалгүй тавиад явуулсан. Үүнийг бодоход маршал Х.Чойбалсангийн тус дэм орсон болов уу гэж бодогддог. Яагаад гэвэл маршал чинь Бодоогийн хуурай дүү гэгддэг байсан юм билээ.
 
Бас нэг баримт гэвэл Маршал манай өвгө эцэг Ширчинтэй тун ойр. Хөдөө гэрээр ньтэр ирдэг байсан.
 
Өвөөг гэртээ ир гэж урьдаг байж. Дүүг маань алуулсан хүн гээд өвөө эхлээд очдоггүй л байжээ.  Гэтэл яг хэлмэгдүүлсэн хүн нь Д.Сүхбаатар болж таарсан. Энэ тухай түүхэн баримт ч бий. Тэгээд сүүлдээ маршалыг ирэхээр өвөө их дотносог ханддаг болсон юм гэдэг. Би энэ талын нэг түүх хэлэх үү?
 
-Тэг л дээ сонсъё.
 
-Өвөөгийнх Авдрангийн энгэрт байхад Бодоо нэг зузаан бор залуу дагуулж ирээд Ахаа би нэг хоньчин авчирлаа. Явлаа гэвэл хойноос нь сураглах хэрэггүй шүү гэж. Нөгөө залуу нь гурван сар шахам хонь хариулж. Тэгээд нэг өдөр явах юм болов. Тэр нь Х.Чойбалсан байв. Тэгж нэг хэсэгтээ нэг тогооноос хоол идсэн хүн чинь өвөөг хэлмэгдлээс аварсан байж болно доо.
 
Маршал өвөөгийнд нэг удаа очиж бүр хоносон тухай Ш.Цэрэндоогийн эмэг эх ярьсан гэж номонд нь байна лээ. Бас нэг баримт бол Маршал манай дээд удмынханд дээлийн даавуу бэлэглэсэн. Юмны ховорт тэд саарал даавуу дээлээр гангарсан тухай өвөөгийн ярианд бий.
 
Манай ижийгийн эцэг хүрээлэн “Дэндэв гэж хүн маршалын эхнэр Гүндэгмаагийн төрсөн дүүтэй суусан хүн байсан юм билээ бас. Ийм ийм холбоос байж л дээ. Энэ бүхнийг ярихаар намайг энэ нөхөр дэмий чалчиж байна гэх хүн байж магад. Тэгвэл би өвөө, аав, ижий нарынхаа ярьж хэлж байсныг л хэлж байгаа юм. Үнэн ийм гэж л. Харин хэн нэгний мэдэх эрхэнд халдах гэсэнгүй, хэн нэгний нэр төрд харшлах санаа агуулаагүй гэдгээ өчих байна. Дээрээс тэнгэр, дэргэдээс бурхан харж байхад худлаа яриад яахав дээ. Тийм үү.
 
-Бодоогийн хэлмэгдлийн нөхөн олговрыг танайхан авсан уу?
 
-Үгүй ээ. Аваагүй. Намайг хөөцөлдөөд ав. Дөрвөн сая төгрөг гэж зөвлөсөн хүн байсан. Би авахгүй ээ гэсэн. Хэн нэгэн хожим нь авсан эсэхийг ч мэдэх юм алга. Уржнан болж дээ. Зуунмод хотын төвд Бодоогийн хөшөө босгох ёслолд биднийг урьсаан. Очсон.
 
Тэгэхэд энэ жаазтай зургийг надад өгсөн юм. Өөр сонин гэвэл намайг Сүхбаатар аймгаас нэг морь авч ирэх үед “Энэ Доржсүрэн Бодоогийн хэлмэгдлийн нөхөн олговрыг аваад морины наймаа хийлээ гэсэн яриа гарсан. Шал худал, Би чинь цагтаа нэг байтугай хэд хэдэн морь авчих бэлтэй, малтай нэгэн явсан юм чинь.
 
Бидний дунд ийм яриа болж байх үед Доржсүрэнгийн гарт байх нэг таяг анхаарал татсан юм. Зургаадай таяг гэдэг юм гэнэ. Түүх нь гэвэл наймдугаар богд Жавзандамбын нэгэн чухал хүнд бэлэглэсэн таяг ажээ. Энэ тухай хүүрнэл яриаг хүргэе. Богдын дэргэд хиа лам гэдэг албатай “самсаа” Цэнд гэдэг тун бяр чадалтай нэгэн байж. Нарийн ярьвал “бие хамгаалагч” юм л даа. Энэ хүн миний аавын удмын хүн юм билээ.
 
Богдын их шадар хүн нь. Энд тэнд явахад нь тамгыг нь хадгалж явдаг юм байж. Нэг удаа Хөвсгөл рүү нэгэн хийдэд лам, бөө нарын хооронд жаахан будилиан дэгдэж. Тэнд Богд очихоор явж байтал яг даваан дээр жууз тэрэгний нь нэг дугуй салаад өнхөрчихөж. Морь нь цовхчоод сүйд. Тэрэг нь онхолдох гээд.
 
Энэ үед Хиа лам Цэнд дугуйны оронд мөрлөж ороод морийг тогтоож авч. Дугуйг нь авчруулаад хийж. Тэгэхдээ зорьсон газраа хүрэлгүй тэд буцсан юм гэдэг. Энэ нь Богдын амийг аварсан үйл байв. Цэндийг тэргэний дугуйг орлох үед морь нь харайгаад сүйдтэй байсан болохоор түүний зүүн хацар сүрхий урагдаж, хамрын самсаа нь сэтэрсэн байна. Тиймээс хиа ламын нүүрэнд маш их сорви тогтож “Самсаа” гэдэг хоч ч эндээс эхтэй аж.
 
Хожим нь хиа лам Цэндийг Богд албанаас нь чөлөөлөхдөө. Энэ хүнд насаараа идэх хөрөнгө тасдаж өг гэсэн лүндэн буулгасан гэдэг. Баахан мал хөрөнгө өгөө юм биз дээ. Тэр дотор уг зургаадай таяг байж л дээ. Цэндийг зуу наслаарай. Энэ зургаадай таягыг тулаарай гэсэн юм гэдэг. Харин Цэнд өөрөө хэрэглээгүй хүрээнд суудаг Гүүш лам гэдэг нэг танил том ламд бариулжээ. Тэр лам нь өөд болохоосоо өмнө энэ таягыг Цэндийн удмынханд заавал өгөөрэй гэж захиж. Тэр захиас ёсоор Доржсүрэнгийн аав Ёндонжамцын эцэг Батсүхэд таяг шилжиж. Тэгээд дараа нь Доржсүрэнгийн эцэг Ёндонжамцад олон жил хадгалагдсан бол одоо Ё.Доржсүрэнд байна.
 
-Энэ таяг надад 30 гаруй жил дээдлэн хадгалагдаж байна гэж тэр хэлнэлээ.
 
Богдын мутраас дамжин ирсэн харваас ориг энэ хүрэн модон таяг жинхэнэ зургаадай таяг мөн ажээ. Хүрэн модон таягны толгой нь эрдэнэ зуусан хулганын сийлбэртэй хатаж гүйцээд, элэгдэж хуучирсан ч өнгө төрхөө алдаагүй байх юм. Таяг өөрөө юм хэлдэгсэн бол зуу хол давсан жилийн түүхийг ярина байх л даа.
 
Зургаадай таяг гэдгийн учир гэвэл өмнөдийн Утайн цаад ууланд ургадаг зургаан судалтай бургасны төрлийн гэмээр хүрэн модоор хийгджээ. Урлалд нь бас их учир байх шиг гэдгийг Доржсүрэн хэлнэлээ.
 
Бас нэг сонин гэвэл Доржсүрэнг өвөө Батсүхийндээ хурдны морь унадаг байхад нь нэг удаа сургасан хоёр даагаа өөрөө ав гээд бас нэг хударга, бумба, цахиур буу аваад яв гэж. Гэтэл аав нь үүгээр юугаа хийх юм гээд орхиулчихаж. Харин хударгыг нь даагандаа хөгөлдөргөлчихсөн байсан болохоор аваад харьж.
 
Тэр хударга нь зээрийн шилбэ оруулаад хийчихсэн жинхэнэ хуучны эд байв. Түүнийг Доржсүрэн хадгалж байгаад сумандаа музейтэй болоход үзмэр болгож өгсөн гэнэ. Тэгтэл тэр нь музейгээс алга болжээ. Харин хожим нь аймгийн музейг үзээд явж байсан нөгөө худрага нь тэнд зүсээрээ байж байжээ. Үүнийг хэн авчирч тавив. Миний юм гэж хэлээд ч нэмэр болсонгүй. Авъя гэтэл өгсөнгүй.
 
Хоёр хоногийн дараа музейд дахиад очиход худрага нь алга байж. Ингээд л алдчихсан юм билээ. Уг нь Батсүх өвөө нь “Энэ юмс танайд л очих ёстой юм шүү” гэж хэлж байсныг бодоход тэр хударга, бумба, цахиур буу бол таягны адил Богд гэгээнээс гаралтай эд зүйл байсан л болов уу. Өөр нэг сонин дуулгахад Богдын лүндэнд ч байсан юмсан уу. Баянцагаан сумын “Холбоогийн гол” гэдэг газарт нутагладаг “Самсаа” Цэнд онцгой эрхтэй нэгэн байсан гэдэг. Тэднийхийг малаа услахаас өмнө өөр айл худагт нь малаа услах юм бол нэг ёсны зөрчил болдог. Цэндийнх олон зуун малтай ч албан татвар төлдөггүй, малын ноос үсний ногдолд хамаарагддаггүй байсныг Доржсүрэнгийн өвөө ярьдаг байжээ. Ингээд эгэл хүмүүн Ё.Доржсүрэнгийн яриа болоод түүний өвөө, эмээ, аав, ижий нарынх нь хэлж захиж үлдээсэн домог мэт түүхээс сорчлон тэмдэглэснээ энэхүү хөрөг нийтлэлээр дуулгах гэсэн минь энэ.
 
 
Дуламын ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин