sonin.mn
НЭГ. АРДЧИЛСАН ХУВЬСГАЛААС ӨМНӨХ ЯАРМАГ
 
Хотын захын гэр хорооллын томоохон төвлөрөл Яармагт залуу насаа бүхэлд нь өнгөрүүлж өтөл насанд хүрсэн минь хувь заяаны гайхалтай төөрөг.
Одоо хүртэл адлагдах энэ л суурингийнхныг “Хэлмэгдсэн хороолол” гэвэл хүмүүс гайхаж, зарим нь эсэргүүцэх биз ээ. Учир нь 1950-иад оны сүүлчээр малаа нийгэмчлээд өөрийн гэх хөрөнгөгүй хоцорсон зарим иргэд үр хүүхдээ хотод сургаж, хөлсний ажил хийхээр Ажилчны районы Аж үйлдвэрийн комбинат барааджээ. Тэнд нэг хэсэг нь өчүүхэн бага цалинтай ажил олж арай овсгоотой танилтай хэсэг нь Арьс ширний үйлдвэрийн байр, Нэхмэлийн шар, Талхан заводын ажилчдын сууцнуудад хэд хэдээрээ нэг байранд амьдардаг жишиг тогтсон байлаа. Байранд орж чадаагүй хэсэг нь комбинат хавиар гэрээ барьцгаасан юм.
 
 
1966 оны гамшигт үерт автаж, орох оронгүйдэж аргагүйн эрхэнд Яармагийн дэнж бараадсан билээ.
 
 
Эхний үед одоогийн Сонгинохайрхан дүүргийн зарим хороод шиг цахилгаан хангамж, худаг усны гачаалтай, дараа нь л цахилгаан шугам татаж, хороо бүр 2-оос доошгүй худагтай болов. Нийтийн тээврийн хувьд Автобус-3 дугаар паркийн гайхамшигтай ажилсаг, хөдөлмөрч Дашцэрэн ахлагчтай бригадынхан Яармаг чиглэлд зорчигчдод үйлчилдэг байсан бөгөөд тэр үеэс “Яарвал Яармагт суу” гэдэг хэлц үг ч гарсан юм. Гэсэн ч ажил цуглах, тарах цагаар автобус ачааллаа даахгүй, Яармагийн 2 дугаар буудлаас СОТ-2 хүртэл автобусны хойд хаалгаас нэг гараараа зүүгдэж, нэг хөлөөрөө гишгүүр дээр тогтож ядан явж байсан хүн цөөнгүй. Нэг зүйл нэмж дурьдахад 1980 оны сүүлчээр хүмүүс сургалтын чанар, орчин нөхцлийг нь бодоод 18, 52 ,75 ,23 дугаар сургуулиудад хүүхдүүдээ сургаж эхэлсэнтэй холбоотойгоор ялангуяа оройн цагаар үйлдвэр комбинатын автобусны буудлууд сургуулийн насны хүүхдүүд дүүрнэ. Ихэнх нь хоорондоо хөөцөлдөж тоглон даарснаа ч ажрахгүй өрөвдөлтэй, бас өхөөрдөм, хүүхдүүд мөнгө төлдөггүй тул автобус хол зогсоно. Арай биерхүү нь томчуудтай уралдаж сууна, үлдсэн нь дараагийнхийг хүлээнэ.
 
Үүнээс гадна цэцэрлэгийн хүүхдийн тоо сургуулийн хүүхдийнхээс хавьгүй олон, Яармаг ердөө 3 цэцэрлэгтэй нь мөн л хүрэлцээгүй тул хөгшчүүлтэй айл нь санаа амар хүүхдээ үлдээгээд явна. Харах хүнгүй нь гэртээ цоожилж үлдээнэ. Хүүхдүүд голдуу идэх хоол, хүнсгүй л гэртээ үлдэнэ. Өвлийн улиралд галлахгүй хүйтэн, өлсөж даарсан хүүхдүүд 52 дугаар дэлгүүрийн өөртөө үйлчлэхээс талх, хиам, лаазалсан мах хулгайлж баригдсан нь нилээд олон. Тэр үед яагаад идэх хоол хомс байсан бэ? гэвэл 1980-аад оны сүүлрүү хуучнаар ЗСБНХУ, одоогоор ОХУ үзүүлдэг зээл тусламж, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт эрс багассан нь хөнгөн хүнсний үйлдвэрлэлд ч нөлөөлсөн хэрэг. Жишээ нь дэлгүүрт дотоодын “Алтан шагай”, “Нислэг" чихэр, “Бүжин”-гээс өөр амттан ирэхээ больсон, алим, мандарин нүдний гэм, хавар намартаа л ховорхон ирээд дуусна. Улаанбаатар хот 1988-1989 онд 250000 хүнтэй, өдөрт 40 тонн мах л зардаг байж. Яармагийн цөөн хэдэн дэлгүүрт өдөрт ганц удаа л мах ирнэ, өдөржин дугаарлаж, хүчээ үзэж байж эцэст нь 1-2 кг ястай мах олдоно. Махгүй хоцорсон нь толгой цувдай дээр бууна. Эдгээр үлдэгсдийн тоонд Яармагийн ихэнх айлууд хамрагдана. Толгой цувдайны оочер мөн л хүчрэгдэхгүй.
 
 
Яармагт бараг ганцхан Хужаа мухлаг гэх дэлгүүрийн хашааны баруун талд нэг жижиг нүхэн цонхоор цувдай, толгой, дотор мах зардаг, хэдэн арван хүн хүлээн оочерлоно. Тэр үед хонины цувдай 1 төгрөг, толгой 50 мөнгө, зарим айл нь гол зогоох төдий өдөр хоног өнгөрөөж байхад ажилсаг овсгоотой хэсэг нь янз бүрийн амттай сайхан хоол хийж гаршсан байлаа. Нөхөр нь жолооч, эхнэр нь эмч багш, худалдагч ажилтай бол харьцангуй арай дээр амьдарна.
 
 
 
Цалин багатай эрчүүд, залуучууд нийгмийн буруугаас ядуу зүдуү амьдарч байгаагийнхаа учрыг ердөө ч ойлгохгүй. Учир нь хагас сайн өдрийн өглөө бүр айл өрхийн насанд хүрсэн хүмүүс нэг айлдаа цугларч “сонин уншлага” нэрээр нам засаг хэрхэн сайн удирдан жолоодож байгааг сурталчлахын зэрэгцээ “соёлын довтолгоо” айл өрх бүрт сард доод тал нь нэг удаа орж ахуйн ариун цэвэр үзнэ. Энэ ажиллагаа ядуу өрхүүдэд илүү хүнд тусах бөгөөд гэр бүлийн гишүүд хамрагдана. Нүүр гарын алчуур, аяга, тогоо шанаганаас эхлээд бүхнийг шалгана, эцэст нь аав ээжээс нь бөөс гарч, ор хөнжлийн даавуу нь хиртэй бохир заваан байвал хүүхдүүдийнх нь дэргэд шившиглээд зогсохгүй, хагас сайны “сонин уншлага"-аар муу жишээнд яригдана. Ингэж шившиглүүлж, муу нэртэй болсон айл өрх өөд нар харахгүй нь тодорхой. “Нам засаг харж үзээд байхад аминдаа арчаагүй гэж” хэмээн загнах энүүхэнд. Өөдөөс нь үг хэлэх хоншоортой аавын хүү, охин байхгүй, хэрэв гомдолловол нам засаг шүүмжилсэн хэрэгт орж долоо дордоно.
 
Хөдөлмөрийн насныхан цалин багатай ажилдаа өглөө эртлэн гарч шөнийн бор хоногтоо ирнэ, 7 хоногт ганц амралтын өдөртэй. Энэ өдөр ахуйн бүх ажлыг амжуулна. Яармагт 1966-1985 оны хооронд замын урд ганцхан халуун усны газартай, сүүлд 34 дүгээр сургуулийн ойролцоо нэг баригдсан ч Яармагийн 34,41, 60 дугаар сургуулийн 5000 орчим сурагчид ихэвчлэн амралтын өдрөөр усанд орох тул халуун усны оочер дийлдэхгүй. Зөөврийн худгууд нь ихэнхдээ усгүй хомсдолтой. Өдөрт 1-2 удаа л 5 тонн усны машинаар ус зөөж ирэх нь хүрэлцэхгүй дуусна. Өдөр бүр 7-18 насны эрэгтэй голдуу хүүхдүүд өдөржин дугаарлаж ундны усаа авна, зарим нь усгүй хоцорч эцэг эхдээ загнуулна.
 
Гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн хувьд усанд оочерлох гэрийн даалгавар хийхээс чухал ажил. Оочерт бидоноо орхиод харьж дулаацаад ирэх зуур савыг нь гаргаад шидчинэ, эсвэл урдуур нь баахан бидон оруулаад тавьчина. Тиймээс яг харж зогсож ус авна, тал өдөр нь хичээлдээ явна, тараад дүү нараа цэцэрлэгээс, зарим нь айлаас авч гэртээ харин галаа түлж, хоолоо хийнэ. Амжуулж сурсан нь цаг гаргаж даалгавраа хийнэ. Гэрийн түмэн гачаал дундаас өглөө арай хийн сургуульдаа ирэхэд Даваа гаригийн өглөө ангийн багш ариун цэвэр үзэж зовооно. Давхар районы АБХэлтэс, сургуулиудын МХЗЭ-ийн хорооны дарга, ПАУ тэргүүтэй комисс ангиудаар орж ариун цэврийн үзлэг хийх бөгөөд дутагдалтай гарсан сурагч, анги, сургуулийг районы сургуулиудын эрхлэгч, захирлуудын семинар дээр цоллож шившиглэнэ.Хүний эрхээ ийнхүү зөрчүүлсэн хүмүүс дотроос шилдэг сайн хүн төрөх тухай бодох хэцүү. Гоё ганган хувцас, чанартай хоол хүнсний талаар санах ч хэрэггүй. Энэ бүх бохир заваан байдал нь нөгөөх усны гачаалаас шалтгаална. Ихэнх нь хүйтэнд усанд удаан очерлодог тул шүд, бөөр, давсагны үрэвсэлт өвчнөөр өвдөнө. Яагаад ийм өвчнөөр өвдөж байгаагаа ихэнх нь мэддэггүй. Усны хомсдол 1998 он хүртэл үргэлжилсэн юм шүү. Тухайн үед тус тойрогт МҮАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Галсанпунцагийн Ганхуяг Яармагийнхны усны гачаалыг ярихад Нисэх орчим усан сан байгуулах төслийг УИХ-аар батлуулж тэндээс шугамаар худгууд руу усаа дамжуулдаг болгочихвол зүгээр юм гээд 1997 оноос эхлүүлсэн. Яармагаас гадна зарим гэр хорооллын худгууд 2000 оны намар гэхэд нэгдсэн шугамд холбогдож дууссанаар усны гачаал арилсан.
 
Би 1971 онд 22 настайдаа Сонгины 10 дугаар сургуульд, 1975 оноос 41 дүгээр сургуульд багшилж эхэлсэн үеэс буюу 1970 оноос хойш өнөөг хүртэл Яармагтаа л амьдарч байна.
 
1975 оны намар 53 хүүхэдтэй 9д анги хүлээж авахад 16 өнчин хүүхэд байлаа. Гайхан судалж тодруулахад 1966 оны үерээр эцэг эх нь амь эрсэдсэн гэх хүүхдүүд нэлээд, хөдөөний хүүхдүүд хотын паспортгүй тул сургууль төгссөн гэрчилгээ олгохгүйгээс эхлээд зовлон их байв.
 
За ингээд “Хэлмэгдсэн хороолол”-ын тухай товч дүгнэхэд:
 
• Малаа нэгдэлд хураалгаж хөрөнгөгүй болж хотод суурьшихаар ирэхэд паспорт олгоогүй тул ажил олдохгүй хэлмэгдсэн. /Паспортын шалгалтаар айлын орон доор хүртэл нуугдаж зовдог байв/
•Арай чамай үйлдвэрт хамгийн бага цалинтай ажил хийхийн зэрэгцээ усны үерт автан орон гэргүй болж, нутаг заагдан хоёр дахиа хэлмэгдсэн.
• Гэрэл цахилгаан, усан хангамжийн хүрэлцээгүй, дэд бүтэцгүй хотын захын тав тухгүй, бохир орчин нөхцөлд амьдарч бас дахин хэлмэгдсэн.
•Өнөөдрийг хүртэл утаа үйлдвэрлэгч гэж адлан иргэдийн тархийг угааж, элдвийн бизнесээ шахдаг салбар болгон давхар давхар хэлмэгдсэн.
•Нийгэм солигдсоны дараа малчид малаа, орон сууцныхан байраа үнэгүй хувьчлан авч өндөр үнэд хүргэн зарж амьжиргаагаа дээшлүүлсэн. Гэр хорооллынхон газраа өмчилж авсан хэдий ч үнэ хүргэн зарж болдоггүй, улсаас тогтоосон үнээр улсад буцааж өгөх хууль тогтоомж гаргаж, тэднийг хэзээ ч ядуурлаас гарахааргүй хэлмэгдүүлсэн.
 
ХОЁР. СОЦИАЛИЗМЫН ҮНЭНТЭЙ ТУЛГАРСАН 6А АНГИ
 
Лхамсүрэн багшийн дааж төгсгөсөн 4а ангийн 38 сурагчийг 1987 оны намар хүлээж авахад хүүхдүүд маань их л баяртай байсан юм. Энэ ангид хэцүү амьдралтай хүүхэд олон байсны нэг нь Чимгээгийнх /нэрийг нь өөрчлөв/ юм. Тухайн үед тус болох гэж яваад санаандгүйгээр шавиа ичгэвтэр байдалд оруулж, гомдоож байсандаа гүнээ хүлцэл өчье.
 
Учир нь 1988 оны намар Нимгээ маань ханиад хүрсэн дүүгээ харж хичээлдээ ирээгүйгээс гадна дүү нартаа ханиадны эм авах мөнгөгүй учир хажуу айлынхаа хүүхдээр эмний мөнгө гуйлгаж явуулсан байв. Манай ангийнхан ч эрвийх дэрвийхээрээ 20-т, 50-тын мөнгө хандивласаар 4 төгрөг 50 мөнгө цуглуулж аптекаас шингэн эм авч ангийн дарга маань хүргэж өгсөн юм. Тун удаагүй хэд хоногийн дараа Монгол телевизийн сурвалжлагч нэр нь Алгаа билүү дээ залуу сургуулийн захирал Доржгүрхэмийн өрөөнд орж “Танай сургуульд нэн ядуу амьдралтай сурагчтай анги байна уу? Сурвалжлага хийе” гэж дээ. Захирал энэ тухай багш нарт хэлэхэд анги бүрт л нэн ядуу амьдралтай сурагчид байсан ч хот даяар зарлагдахаас ичиж зовсон ухаалаг багш нар ямар нэг аргаар зайлсхийж чаджээ. Тэгтэл захирал намайг дуудаж хэцүү амьдралтай хүүхдийнхээ гэрээр телевизийнхнийг дагуулж очоод сурвалжлага хийлгэ гээд тулгачихлаа. Хэцүү амьдралтай хүүхдүүд байсан ч хамгийн түрүүнд Чимгээ маань санаанд оронгуут өөр зүйл бодолгүй “За” гээд л нөгөө сурвалжлагчийг дагуулаад гарлаа.
 
Сурвалжлагч ямар учраас ядуу зүдүү хэцүү амьдарч байгааг нь асуувал юу гэх билээ гэж бодтол ээж нь Ноосны үйлдвэрт 260 төгрөгийн цалинтай үйлчлэгч, ганцаараа 4 хүүхдээ тэжээдэг энэ тэр нь санаанд оров. Сурвалжлагч юу ч асуусангүй явсаар Чимгээгийн хашааны гадаа ирлээ. Урд нь ээжтэй нь уулзахаар ирж байснаас ч бүр дордож хашааны дааман хаалга нь нураад зуны амбаарын хагархай цонхыг 3-4 настай эрэгтэй хүүхдийн пальтоны ханцуй хормойг тэлж хадан таглажээ. Наана нь нүүрсний утаа тортогт дарагдсан бор гэрийн хаяанд тал шуудай нүүрс тавиатай харагдана.
 
Сурвалжлагч зургийг нь тэр даруй авав. Гэрт ортол багана налан хөлөө жийж суусан Чимгээ маань яаран босч цааш харан зогсмогц би өсвөр насны охиныг хот даяар үзүүлж зовоох гэмт үйлдэл хийснээ хожимдож ойлгож билээ. Намайг ийнхүү сэтгэл зовох үест сурвалжлагч доошоо шалруу зураг авч эхлэхийг анзааран дагуулж харвал 4 настай дүү нь шалны мод ч үгүй шороон дээгүүр түлээний хагадасаар тоглож байв. Тэр зуур сурвалжлагч 6 настай дүүгээс нь “Танайд ямар идэх юм дандаа байдаг вэ?" гэж асуухад “Хар цай л байдаг. Хааяа бид нар өлсөхөөрөө хажуу айлын эмээгээс аяга шар будаа авч чанаж иддэг”, “Манай энэ дүү их инээдтэй, дэлгүүрээс мах аваад явж байгаа эгчийн торны завсраар цухуйсан махны шүүс дусахад нь тосоод долоосон шүү дээ. Инээдтэй байгаа биз” гээд зүрх шимшрүүлэн инээв. Сурвалжлагч “Та нар хэдийд цадталаа иддэг вэ?” гэж асуухад нь: “Ээжийн цалин буусны дараа л хэд хоног овоо хоол иддэг. Гэхдээ нэг их цаддаггүй ээ” гэж ярьсан сэргэлэн хүүгийн дүр төрх одоо ч харагдсаар л.
 
ГУРАВ. ЗАХ ЗЭЭЛ МЭДЭРСЭН 6А АНГИ
 
1989 оны намар манай анги 6 дугаар анги боллоо. 41 дүгээр сургуулийн захирлаар Дэнсмаа гэгч математикийн багш, ажилсаг дайчин бүсгүй томилогдож ирлээ. Намрын нийгмийн тустай хөдөлмөрөөр сурагчид нь мөнгөтэй ажил хийж сургуульдаа орлого оруулах боломжтой болжээ. Ангиудын хооронд нийгмийн туст хөдөлмөрийн уралдаан зарласнаа багш нарын хурал дээр захирал мэдээлэв.
 
Би ч ангийнхаа эцэг эхийн хурлыг хийж, хүүхдүүдээр нийгмийн туст хөдөлмөр хийлгэх боломж сураглав. Манай ангийн жижиг Мөнхцэцэгийн /орос кукла шиг царайтай хөөрхөн жижигхэн охин байв./ ээж нь Эсгий, эсгий гутлын үйлдвэрт ажилладаг байлаа. Тэр “Манай үйлдвэрээс эсгийний зах зөндөө гардаг. Тэр хаягдлыг зарим хөгшчүүд сорчилж түүгээд эсгий гудас хийж 3 төгрөгөөр зардаг юм билээ. Олон хүүхэд тус бүр гудас хийж зарвал ямар ч гарлагагүй орлого олох юм биш үү?” гэж ярихад эцэг эхчүүд ч дуртайяа зөвшөөрч эсгийний өөдөс тараахаар ярилцав. Хишигнямын аав Сэрээнэн даргаасаа гуйж Зил 131 машинаараа зөөж манай хашаанд буулгахаар боллоо.
 
Ингээд би Эсгий, эсгий гутлын үйлдвэрт очиж холбогдох удирдлагатай нь уулзаж хаягдал эсгий, гуйхад “Өөдөс эсгий нэг машиныг нь 1000 төгрөгөөр гаргана” гэхэд нь хүүхдүүд эсгий гудсаа оёж зарж борлуулаад 1000 төгрөгийг чинь өгье гэснээр ажил эхлэв. 30-40 см хэмжээтэй гурвалжин, дөрвөлжин, элдэв хэмжээтэй эсгийний өөдсөөр 90 см өргөнтэй, 2 метрийн урттай гудас хийх 6 дугаар ангийн хүүхдүүдэд тийм ч амар биш. Гудас оёхдоо тэмээний ноос ээрч хийсэн утас, эсвэл 0 номерын утас, тэвнэ, ширэн хуруувч зэргийг хэрэглэнэ.
Хүүхдүүд ээж эмээ нараасаа асууж суран гудсаа оёж эхлэв. Г.Ганчимэгийн эмээ “Туулай харайх оёдлоор оёчихгүй юу” гэж. Эмээгээсээ дахиад л “Туулайх харайх” гэж яахыг хэлдэг юм бэ?” гэж асууж байсан гэдэг. Мөн Ганболд гэж сурлага сайтай дөлгөөн томоотой гайхалтай сайн хүүгийн ээж тэмээний ноосон утсаар өдөрт 1-2 гудас хачин цэвэрхэн оёод усны тэргэнд тавиад хүүгээрээ авчруулдаг байлаа. Эсгийний өөдсөөр гудас оёх тийм ч амар биш овоолсон эсгий голдоо нойтон тул хөгцрөхөөс сэргийлж хашаандаа дэлгэж хатаана. Би өөрөө, манай нөхөр хүүхдүүд бас гудас оёдог байлаа. Манай ангийн сурагч Должинсүрэн, Отгонцоож нар манайд нилээн хэд ирж надтай хамт гудас оёж байсан санагдана.
 
Ер нь хүүхэд бүр өдөрт 1-2 гудас оёж авчирч өгсөөр амбаар гудсаар дүүрэх үед яаж зарах талаар ярьж эхэллээ. Хишигнямын ээж Д.Оюунжаргал 52 дугаар дэлгүүрт худалдагч учир үүдэндээ гудас заруулахыг даргаараа зөвшөөрүүлэв. Олонхийн саналаар Балжинням, Ганчимэг, Отгонбаяр, Ө.Ганцэцэг, Хишигням нар гудас зарахаар явцгаав. Хөдөлмөрийн 14 хоногоор хичээл ордоггүй тул өдөр бүр үдээс хойш 3-4 цагийн үед гудсаа зарж дуусан шуугилдсаар орж ирэн мөнгөө тоолж надад тушаагаад харьцгаана. Заримдаа манай ангийн сахилгаггүй гэгддэг Батмөнх, Тайванжаргал 2 бидэнд халуун аарц, боорцог хүргэж өглөө шүү гэж бөөн баяр болсоор ирнэ.
52 дугаар дэлгүүрийн ойролцоох хүмүүс гудас авч ханасан, захруу явж зармаар унаа байхгүй яах вэ? гэхэд манай нөхөр А.Нямсүрэн түрээсийн “Раф” машинаараа хагас, бүтэн сайнд зах дээр аваачиж буулгаад орой гэрт нь хүргэж өгнө.
Энэ маягаар нийгмийн туст хөдөлмөрийн 1 сарын хугацаа өнгөрөхөд манай анги 3300 гаруй төгрөгийн орлого олж 1000 төгрөг үйлдвэрт өгч 1500 төгрөг сургуульдаа тушааж, 38 сурагчдаа ажилласан хэмжээнд нь тохирох 10,20,30 гэх мэт нийт 700 төгрөг цалин болгон өгч би өөрөө 3 гудас, 300 орчим төгрөгтэй үлдсэн юм.
 
 
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН Г.ЖАМБАЛСҮРРЭН