сонин mn
АН-ын ээлжит  "4:11" уулзалт боллоо. Уулзалтанд АН-ын шинээр сонгогдсон дарга М.Тулгат болон АН-ын дэд дарга Ц.Оюундарь нар оролцов. Мэдээллийн үеэр АН-ын шинээр сонгогдсон дарга М.Тулгат: "Намын эв нэгдэлтэй  холбоотой асуудлыг байнга асууж байгаа. Үүн дээр бидний зүгээс хүчин чармайлт гаргаад яриа хэлэлцээр хийгээд явж байгаа. Албан ёсны намын байгууллагын гэрчилгээ, тамга, мөн хууль ёсны бичиг баримт үүн дээр байгаа учир бидний зүгээс зөв тайлбарлаж энэ талын ажлуудыг хийгээд явж байна.Өнөөдөр манай намын Үндэсний Зохион Байгуулалтын Хорооны хурал болно. Энэ хурлаар намын их хурлын товыг батлах, намын их хурлын зохион байгуулалтын хэсгийг гаргах, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх ажлыг батлах гэх мэт асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн сая болсон намын даргын сунгааны дүнг танилцуулж  Үндэсний Зохион Байгуулалтын Хорооны (ҮЗБХ) гишүүдээр оруулах юм.
 
Яг албан ёсоор намын даргаар батлагдаж тамга тэмдгээ авсныхаа дараа намын даргын хувьд цаашид юу хийх вэ болон мөн нийгэм эдийн засгийн өнөөдрийн байдалтай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлнэ гэж бодож байгаа.
 
Хоёр талд гарч байгаа энэ асуудал дээр хууль дүрмийнх нь тал дээр Монгол улсад аливаа байгууллага, өмч бүгдээрээ бүртгэлтэй гэрчилгээтэй байдаг. Энэ гэрчилгээн дээр бол намын өнөөдрийн яг албан ёсны даргаар Содномзундуйн Эрдэнэ гээд бичээстэй байгаа. Үүн дээр ямар нэгэн бүртгэлийн өөрчлөлт ороогүй. Намын тамга тэмдэг, бусад санхүүгийн данс гээд зүйлс С.Эрдэнэ даргын нэр дээр албан ёсоор байгаа. Төрийн сонгуулиар хариуцлага хүлээж намын дарга огцорч аль нэг дэд даргадаа тамгаа түр хадгалуулна гэсэн дүрмийн заалттай байдаг. Үүний дагуу зургаадугаар сард болсон сонгуулийн дараа С.Эрдэнэ дарга намын даргын тамгаа Ц.Туваанд шилжүүлсэн.
Сонгуулийн санал хураалтаас хойш 90 хоногийн дотор дүрмийн дагуу их хурлаа зарлаж хуралдуулах ёстой байдаг. Мөн дараагийн намын даргыг сонгох сунгаагаа зарлаж Их Хурлаараа шинэ намын даргаа батламжилдаг дүрэмтэй. Үүний дагуу наймдугаар сарын 23-нд сунгаагаа зарласан. Гэтэл тамга хүлээж авсан Ц. Туваан  бүх товлосон зүйлүүдийг цуцлаад өөрийнхөөрөө цаашаа явсан. Энэ албан ёсны бүртгэлтэй гэрчилгээтэй намын даргын хувьд дүрмээ зөрчөөд явсан. Бидний зүгээс буруу зөрүү ойлголтыг нэгтгэхийн тулд хүмүүстэйгээ тульж  ажиллаж ярьж ойлгуулах тал дээр хүчин чармайлт гаргаад явж байгаа. Энэ асуудал шийдэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна." гэв.
 
 
 
Г.Мөнхбаяр