sonin.mn


Автомашиныг байрнаас нь хөдөлгөхөд хөдөлгүүрээс нэлээд хүч гардаг. Энэ үед хэвийн ажлын үеийнхээс илүү шатахуун зарна. Хотын дотор автомашин олон зогсох шаардлага гарах тул хотын гадна явахаас илүү шатахуун зарцууддаг.

Хэдийгээр ийм байдаг боловч жолоодох арга барилаас хамаарч шатахуун зарцуулалт ялгаатай байх тал бий (зарим үед энэ ялгаа нь 25%-д ч хүрдэг). Ногоон гэрэл асахад байрнаасаа огцом ухасхийлгэх, уулзварын өмнө очиж огцом тоормослох нь шатахууныг үр ашиггүй зарцуулаад зогсохгүй резин дугуй, тоормосыг түргэн элэгдэхэд хүргэнэ.

Ногоон гэрэлтэй үед уралдахгүй, цаг алдахгүйгээр хурдаа аажим нэмэгдүүлж, араагаа солиод шулуун дамжуулгаар жигд хурдтай явдаг, улаан гэрэлтэйг мэдвэл уулзвар хүрч очоод автомашиныг яг зогсоох эцсийн цэгт тоормосоо гишгэдэг тэр л жолооч шатахуун хэмнэнэ.

Харин хотын гаднах замд явахад цөөн тоормослож, цөөн зогсдог. Гэхдээ хөдөлгөөн их, гүйцэж түрүүлэх явдал олонтаа тохиолдох үед автомашиныг ихээхэн ухаалаг жолоодох хэрэгтэй. Гүйцэж түрүүлэх гэж байгаа автомашинд хэтэрхий ойртох хэрэггүй.

Учир нь энэ үед араагаа хүнд араанд сольж, дараа нь хурдаа нэмэх шаардлага гарна. Иймд өмнөх автомашинаасаа нэлээд зайтай явж байгаад боломж гарахад шулуун араагаараа хурдаа нэмээд гүйцэж түрүүлэх хэрэгтэй. Ер нь автомашиныг жигд зөөлөн явуулж, хөдөлгөөний үед аль болохоор цөөн тоормослож цөөн зогсохыг хичээх нь зүйтэй.

Эх сурвалж: "Булганы мэдээ"