sonin.mn
Хайрт ээж Хатантөмөрийн Ядамсүрэнгийнхээ гэгээн дурсгалд зориулбай, өвгөрсөн хүү нь.
 
-Орь ганц галын махбодоор Орчлон, нярваан хоёрын сургаалыг холбоё-
 
Ишданзанванжил Эрт урьдын цагт гэдэг шиг эрх жаахан байхад минь ээж маань галдаа өөх өргөөд “Миний хүү хараа, хараа, галын бурхан тэр, тэр байна" гэж зуухан дотор дүрэлзэн асах галруу заадагсан. Би галын бурхан харах санаатай нүдээ чилтэл ширтэвч улаан, хөх, ягаан дөл угалз үүсгэн өрвөлзөхөөс өөрийг харж чаддаггүйсэн. Усан нүдтэй, цусан зүрхтэй хүү нь галын бурханыг олж харж чадаагүй дээ.  Галын бурхан ээжид маань харагдаад над харагдаагүй. Ээж маань галын бурханыг хардаг өөрөө бурхан хүн байж дээ. Иймд ээжийнхээ хэлж өгсөн нэгэн үлгэрийг хэлсү.
 
Эрт урьдын цагт юмсанжээ. Хамаг амьтан цуглаж, хэрхэн галтай болохыг хэлэлцэж гэнэ. Тэр цуглаанд ганц зараа л хожигдож ирж, босгон дээгүүр бондого тонтого, үүдэн дээгүүр өндөс мөндөс хийгээд л орж ирэхэд нь хамаг амьтан инээд алдахаар зараа уурлаж: 
 
“Таануус гал гаргахыг мэдэхгүй байж, ганц үгний солиогүйгээр намайг дооглоно гэнэ ээ” хэмээгээд бондгосхийн эргээд, үүдээр тонтгосхийн гараад явчихаж гэнэ. Хамаг амьтан гал хэрхэн гаргах учрыг хэлэлцээд хэлэлцээд олсонгүй ээ. Тэгээд хэрээг “Зараанаас үг дуулж ир” гэж явуулжээ. Зараа замаар занхаарч, талаар тэшиж, хээрээр хэрж, ойгоор ойж буун явж байна гэнэ.  Хэрээ нисэж очоод, “Зараа гуай, зараа гуай бид залхаж гүйцлээ. Гал яаж гаргахыг хайрлаж айлд л даа!” гэвэл зараа үнэрхэж: 
 
“Хэрээ гуай, хэрээ гуай хэрсүүжиж үз. Зараа надаар заалгаад яах вэ?" гээд хэлсэнгүй. Хэрээ гуйж гувшиж бүр сүүлдээ хэрэлдэж маргалдаад ч хэлүүлж чадсангүй. Чингэхэд хэрээ хорыг нь малтаж: “Чи муу гал гаргахыг мэдэхгүй л дээ. Хий л тунихаас цаашгүй амьтан биз!" гэж хэлтэл зараа унтууцахдаа: “Болдоор хэт хийж, бооноор уул хийж, хадаар цахиур хийж хавирвал гал гарахгүй дээ яадаг юм!  Та нар муусайн мэдэхгүй л дээ" гэж үглэж гэнэ. 
 
Хэрээ тэр үгийг сонсмогцоо амандаа үглэн ниссээр хурсан амьтанд ирж хэлсэнд болдоор хэт хийж, бооноор уул хийж, хадаар цахиур хийж хавиртал үнэхээр гал гарч гэнэ ээ.
 
Монголчууд ингэж анх гал гаргаж “сурсан” юмсанжээ. Үүнээс хойш зараа шиг заргач, хэрээ шиг хэрүүлч гэдэг үг гарсан гэнэ. Тийм ээ, монголчууд ийн галтай болсон гэнэ. Тэгвэл Европчуул?
 
Эрт урьд цагт үлэмж биет Прометей баатар гэж байж гэнэ ээ. Тэр үед хүмүүс гал мэдэхгүй, байгалийн өмнө сөхөрч байсанд Прометей тэднийг өрөвдөж, Олимп уулан дээр тэнгэрсийн өргөөнд асаж байсан тэнгэрийн галыг хулгайлан усан нүдтэн, цусан зүрхтэн нарт өгчихөж гэнэ. Чингээд хүмүүс галтай болжээ. Гэтэл үлэмж биет маань хүнд гал өгсөнийхөө төлөө Зэвс тэнгэрээс аймшигт цээрлэл хүртжээ.
 
Прометейг Кавказын уулын оргилын элгэн хаданд цовдлоод, өдөр бүр аймшигт том бүргэдээр цээжийг нь тоншуулан, элгийг нь идүүлээд, шөнө нь шархыг нь анихад маргааш нь дахиад л тоншуулан тарчлаадаг болсон гэнэ. Аюумшигтай харгис байгаа биз! Гэтэл мөнөөхөн Зэвсийн хөвүүн цуут Геракл л түүнийг зовлонгийн далайгаас нь гэтэлгэсэн гэнэ. 
 
Карл Маркс Прометейг “Гүн ухааны цаг тооны бичиг дэх хамгийн уужим сэтгэлтэй, амиа зольсон баатар” гэж үнэлсэн гэдэг. Үнэхээр гал хулгайлж хүнд өгсөн нь үнэн бол Маркс абугайн үнэлэлт зөв өө. Гэтэл манай зараа, хэрээ хоёр! Нэгд энэ хоёрыг хүнд гал гаргахыг зааж өглөө гэж манай муу зүгийн ямар ч тэнгэр гэсгээгээгүй.
 
Монголын муу зүгийн тэнгэр нь хүртэл энэрэнгүй юм даа. Гэтэл энэ хоёрыг Маркс шиг хэн ч магтаагүй. Энэ хоёр маань заргач хэрүүлчээ дуудуулсаар л яваа. Үгүй нээрээ, энэ хоёртоо хөшөө босговол яасан юм бэ? Хүнд тус болсон аль амьтанд хөшөө босгож байхыг тэр гэх вэ! Прометей бол бэлэн юм олж ирсэн. Олсноо хадгалах гэдэг нэг хэрэг.
 
Зараа хэрээ хоёр шинэд сургасан. Сургана гэдэг тэс ондоо хэрэг л дээ. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхүйд, монгол хэлнээ гал манах гэж нэг үг буй. Энэ нь манай өвгө дээдэс гал гаргаж хараахан сураагүй байсан үеийн хэллэг гэж би боддог. Хэрэв гал гаргаад сурчихсан байсан бол галаа манах гэж зовохын хэрэг юун! Унтраачихаад л дахиад асаачихаад л байна биз!  
 
Эртний хүмүүс аянга цахилгаанаас үүссэн галыг олоод, түүнээ бороо цасанд унтраахгүй, салхи шуурганд тавьчихгүй, өөр овог аймгийнханд алдчихгүй гэж амиараа дэнчин тавьдаг байжээ. Тиймээс л галаа манаж байж. Гадагш явах хүн галаа мана гэж цэцлэсэн нь хүртэл бий. Гал алдах гэсэн бас нэг үг бий. Энэ хэлц өдгөө түлээгүй болох гэсэн утга заах болсон боловч эртнийхээрээ бол манаж байсан галаа бусдад алдах гэсэн утгатай байсан нь дамжиггүй. 
 
Нээрээ, манаж байсан галаа алдчихвал юу болох билээ. Хорвоо өнгөрлөө л гэсэн үг. Иймд лавсгаад гадагш явах хүн амиа хичээ, гэрт үлдэх хүн галаа хичээ хэмээжээ. Тэрчлэн нэг гал болох гэдэг бас сонин өвөрмөц хэлц байна. Энэ үгийг хэлэхэд ангийн үс арьс хөдөрсөн эртний хүмүүс отог отгоороо дүрэлзэх гал тойрон суугаа дүр нүднээ тодордог юм. Ийнхүү эдгээр хэллэгээр хөөхөд гал нь хүний үүсэл, хүй нэгдэл гээчийн үетэй холбоотой нь харагдана. 
 
Галтай болсон нь хүмүүн төрөлхтний хөгжилд маш том хувьсгал болсон байх аа. Хүмүүн төрөлхтөнг амьтны аймгаас нь суга татан гаргасан энэ гал гэдэг юмыг хэдийд хэрхэн гаргаж сурав аа?
 
Галын хөвөөг улайрч байхад 
Газрын гүвээг шарлаж байхад гэж Хилин галзуу баатар туульд өгүүлжээ. Мөн
 
Галын хүүг улайж байхад 
Газрын хүүг шарлаж байхад ч гэж бас туульд тодорхойлж байгаа. Энэ нь хөвчин дэлхий анх бүрэлдэж байсан балрын балар цагт гэдгийг л бараг хэлээд байна. 
 
Гэвч балар балартаа чухам хэдийд? “Советский энцеклопедический словарь” сөхвөөс хүмүүс шинэ чулуун зэвсгийн үед хоёр модыг хавиран гал гаргаж байсан” гэж бичжээ. Мөн гал хэрэглэж байсан ул мөр синантропын булшнаас олдсон гэнэ. Энэ хүмүүс 400-гаад мянган жилийн өмнө амьдарч байсан байна. Чулуун зэвсгийн үе хүн төрөлхтний түүхнээ хамгийн урт үргэлжилсэн нь үнэн л дээ. Ухаан нь, орчин үеийн хүн буюу Ноmo sapiense гэхэд л 150 000 жилийн өмнөөс л өнөөгийн төрхөө олж эхэлсэн гэдэг шүү дээ. 
 
Уг толийн тайлбараар бол ухаант хүмүүн үүсэхээс бүүр өмнө, Европын Neanderthals-ын [350 000 жилийн өмнө] багцаанд Азид оршиж байсан Sinanthroups гал хэрэглэж байсан байх нь. Ниндэртал, синантроп нар нэг үед оршиж, Явад Pitscanthroups байсан гэж Америкийн эрдэмтэн Давид Родник батлан бичсэн байна.
 
Чингэвэл Монгол нутагт амьдарч байгсад тэднээс юунд хоцрох аж. Энэ нь ёстой л газрын хүү шарлаж, галын хүү улайж, гал манаж байсан үе болов уу. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, хүн гэдэг амьтан 5-6 сая жилийн өмнө Африкт үүсээд, Европруу 45 000 жилийн өмнө, Умард Сибирт 40 000 жилийн өмнө, Японд 30 000 жилийн өмнө нүүж очсон гэж дэлхийн зарим мэргэд үздэг. 
 
Гэтэл 400 000 жилийн өмнө Азид хүн амьдарч байсан, тэр ч байтугай гал хэрэглэж байсан нь археологийн олдвороор нотлогдож байгаа учир Африкаас хүн нүүн дэлхийгээр нэг тарсан тухай үзэлт дээрхтэй нэг л авцалдаж өгөхгүй байна аа даа? Магадгүй, монголтропын яс /tne bone of mongolthroups/ Монголын маань уудам нутгийн хөрсний гүнээ өлгийдүүлэн байж байхыг хэн байг гэлээ. Олдоно л гэж би мунхагламуй.
 
Харин гал гаргаж сурсан нь Нэвтэрхий тольны тайлбараар бол шинэ чулуун зэвсгийн үед болж байна. Энэ нь манай эриний өмнөх 8-3 мянган жилийн үе гэж мөн тольд бичиж. Үүн дээр манай тооллын 2000 гаруй жилийг нэмбэл 10 гаруй мянган жил л болно. Үнэн болов уу? 400 000 жилийн өмнө гал хэрэглэж байсан хүмүүс 380 000 жил болж байж сая гал гаргаж сурлаа гэж үү? Түүхчид, археологчид хэр үнэн тооцоолж байгаа юм бол? Ээ дээ, мэдэхгүй. 
 
Миний таавраар бол хүн төрөлхтөн мод хавиран гал гаргаж сурсан нь хамаагүй өмнө мэт санагдана. Харин цахиур хэрэглэж гал гаргадаг болсон нь шинэ чулуун зэвсгийн үе байж магадгүй. Яагаад ингэж үзэж байна вэ?
 
Хан хөхийн нурууны зүүн үзүүрийн салбар уулсын нэгэн Зураагийн улаан хаднаас археологич Хатагин Эрдэнэбаатар бид галын зосон зураг оллоо. Гадаадын мэргэд эртний хүмүүсийг 40 000 жилийн өмнөөс зосоор зураг зурж эхлэсэн гэж тодорхойлдог. Ухаан нь, Францын Lascaux агуйн улаан зосон зургийг 32 000 жилийн өмнөх үеийнх, Австралийн Faraway Bay агуйн улаан зосон зургийг 20 000 жилийн өмнөх үеийнх гэж тус тус тогтоожээ3. 
 
Манай Гурван цэнхэрийн агуйн зургийг ч мөн тэр үеийнх гэж Окладников эрдэмтэн бичсэн4 нь бий. Тэгвэл Зураагийн улаан хадны гал мөн л тэр үеийнх байж таарна аа даа. Өөрөөр хэлбэл, 30 000 жил орчмын л өмнөх зураг даа. Энэ үед хүмүүн төрөлхтөн гал гаргаж сурсан төдийгүй зос олчихсон байж шүү дээ гэж хэлж болмоор. Дахиад хэлэхэд, Монголд оршин сууж байсан хүмүүс дэлхийн хоёр хөлт, хохимой толгойтнуудаас хэдэн арван мянган, хэдэн зуун жилээр хоцроно гэж огт байхгүй. 
 
Хүмүүн төрөлхтний хөгжил ямагт нэг л төвшинд явж ирсэн байж таарна аа даа. Уг галыг гурван зальтайгаар буюу өөрөөр хэлбэл манай соёмбон дээр байдаг галтай тун адилхнаар зуржээ. Дээш бас хэд хэдэн очис цувран үсэрч байх юм. Энэ нь бэлгэдлийн байдлаар маш уран зурсан зураг. Бэлгэдлийн эл зураг галын тахилгатай, Галайхан эхтэй буюу Галын хаан эхтэй холбоотой байна гэж хэлэхэд үл буруутах. Учир нь аливаа бэлгэдэл шүтлэггэй холбогдож ирдэг билээ. 
 
Өөрөөр хэлбэл галыг Монгол нутагт 30-аад мянган жилийн тэртээ тахиж байжээ гэсэн таамналыг / Hypothesis/ дэвшүүлмээр байна. Бэлгэдэлтэй шүтлэг холбогддог гэж миний бардмаар хэлж байгаа минь, “Отхан Галайхан эхийн тахилга”-д
 
Ерэн есөн тэнгэрийн заяагаар үүдэгч 
Ертөнцийн амьтаны шүтээн бологсон5 гэж дуудаж байгаагаар, мөн Бурханы шашны бурхадын олонхийнх нь титэм дээр гал дүрсэлсэн байдгаар галыг шүтээнчилж байжээ гэж гаргалаа хийж байгаа юм аа. 
 
Монголд гал тахиж эхэлсэн тухайтад мэргэд өөр өөр саналтай байдаг л даа. Ухаан нь, 20-р зууны эхэн үеийн их эрдэмт балам Зава Дамдин багштан
 
Аливаа бас Монголын энэхүү төв нутаг дор 
Согтаг нугууд Алс Энэтхэг орноос 
Буддийн шашны ёс хийгээд 
Алимад наран жаргах эүгээс 
Манихейн шашны ёс хоёрыг 
Авч залан ирсний дараагийн ул мөр болбоос 
Аливаа монголчуудын галын тахилга уулын тахилга хэмээх гарчээ гэж айлдсан байна6.
 
Энэ нь уул хийгээд галын тахилга согд нар Манихейн шашныг Монголд дэлгэрүүлээд, монголчууд галаа тахих болжээ гэж шулуухан хэлсэн хэрэг юм. Энэ аугаа их багштай молхи би маргаж, цэц булаалдах гэж байгаа юм биш. Зүгээр л тайлбарлах гэж оролдсу. Манихейн шашин нь манай эриний 3-р зуунд үүсчээ. Заратустрагийн шашинд түрэгдэж хавчигдаад, дорно тийшлэсэн гэдэг. 
 
8, 9-р зууны үед л Уйгур, Монголд дэлгэрчээ. Чингэхлээр галын тахилга ийм орой Монгол оронд дэлгэрсэн гэхэд нэг л үнэмшигдэмгүй. Юманд учир, суманд занги гэдэг. Учирласу. Монгол нутгаас 3-р зууны үед их нүүдлээр Европын зүг ойн одсон хүн нарын удам, өөсрдийгөө Аттила хааны удам гэж нэрлэдэг овогтнууд өдгөө Румын, Унгарт сууж байна. Тэд өнөө ч уулан дээр гарч нарыг угтахдаа түүдэг гал асаадаг байна. 
 
Энэ нь манай Хүн нар гал тахиж байсны ул мөр гэж хэлэхэд хүн нэг их маргахгүй болов уу. Энэ тухайтад “Аттила хааны удмынхан алтан нарандаа мөргөсөөр” гэсэн аян замын тэмдэглэлдээ нэгэнт өгүүлсэн тул энд нуршихыг цээрлэв Чингэхлээр манай өвгө дээдэс хоёр мянга гаруй жилийн тэртээ гал, Галайхан эхийг тахиж байжээ гэж хэлж болно оо доо. 
 
Овоо тахихдаа гал тахьдаг ёс одоо ч байна. Өвөр монголын Үүшин хошууны боржигон, хатагин нар уул тахихдаа “утаагүй улайсан галын цог авчирч, Галын сан уншдаг7” байна. Мөн Баянхонгор аймгийн Баруун Богд уулыг тахихад наран тахилга гэдэг нэгэн зан үйлийг хийдэг. Харин гучаад мянган жилийн өмнө галын бурханаа Галайхан эх гэж нэрлэж байсан уу, үгүй юү гэдгийг мэдэхгүй юм. 
 
Бурханы шашин дэлгэрээд ирэхэд Галайхан эхийг мяранз, галын бурхан гэх мэтээр нэрлэх болсон бололтойдог. Галыг ер монголчууд, монголчууд төдийгүй олон угсаатан ариун гэгээн, ариулах ариусгах чанартай гэж үздэг. Археологич Д. Эрдэнэбаатар надад хэлэхдээ Архангайн Өндөр-Улаан сумын нутаг дахь Хүнгийн хааны булшнаас /Гол мод II/ оршуулгын толгойн дээд хэсэгт нэг метр хирийн зузаан нүүрс гарсан.  Чингэхлээр хүн нар гал түлж ариусгалын ёс үйлддэг байсан байна” гэсэн. 
 
Мөн XIII зууны үед Монголын хаадын өргөөнд харийн элч нарыг оруулахдаа замынх нь хоёр талд гал асааж дундуур нь явуулдаг байсан тухай сурвалж бичигт мэр сэр тэмдэглэгдсэн байна. Энэ ёс өдгөө бидний оршуулгын ёсонд үлдсэн байна. Гэтэл монголчууд гадаадынхныг гал дээгүүр харайлгадаг гэж мэр сэр хүн бичсэн /Б. Ян/ нь бий. Монголчууд ариун юман дээгүүрээ хэзээ ч алхдаггүй. Гал дээгүүр алхах юм бол гал бузартана гэж үздэг. 
 
Энэ нь бичигдээгүй хууль. Тэгвэл очиж очиж харийн хүнийг юунд гал дээгүүр харайлгах билээ. Өнөөдөр ч их эзний удам гэж өөрийгөө худал өргөмжилсөн нэгэн эр гал дээгүүр хүмүүсийг харайлган байгаа нь ТВ-гээр харагдсан. Энэ нь их эзнээ, олон монголчуудаа, монголынхоо ариун ёс, гал голомтыг доромжилж байгаа хэрэг мөн. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, гадагшаа явах хүн амиа хичээ, гэртээ үлдэх хүн галаа хичээ гэсэн цэцэн сургаал байдгийг би түрүүнд дурдсан. 
 
Энэ аваас мөнөөхөн гал манаж байх үеэс дэлгэрсэн сургаал болох нь тодорхой. Голомтондоо галаа асаадаг. Ийнхүү голомтондоо асаадаг галаа хичээснээр айл гэрийнхээ голомтыг сайтар сахь гэж эл сургаалд давхар айлдаж байгааг дурдахад юун илүүдэх. Ийнхүү гал голомт гэдэг хоёр үг хоршин хэрэглэдэх болсон гэвэл буруу болохгүй мэт. 
 
Голомт гэдэг нь “тухайн айл буйгийн бэлгэдэл болдог” гэж Я. Цэвэл абугай “Монгол хэлний товч тайлбар толь”-доо тайлбарлажээ. Чингэж тэр айл отгон хүүгээрээ гал голомтоо залгамжлуулдаг. Энэ отгон хүү нь галаа манан авч явж байгаа хэрэг. Тэр хөвүүнийг Отчигин гэж нэрлэдэг. Энэ нь галын эзэн гэсэн түрэг үг гэж мэргэд бичдэг. Магадгүй, энэ үгийн от нь гал, өвс гэсэн утгатай түрэг үг гэж О. Сүхбаатар “Харь үгийн толь”-доо тэмдэглэжээ. 
 
Чигин гэдэг тегин гэдэг үгийн хувирсан хэлбэр гэдэг. Монгол бичгээр отгон гэдгийг отхан гэж бичдэг. Энэ нь мөн л галын хан гэсэн үг гэж тайлж болно. Магадгүй, от гэдэг нь бүр эртний хүн нарын хэлнээ гал гэсэн утгатай байсан ч юм уу, бүү мэд. Харамсалтай нь, тэр тухайтад бичгээр тэмдэглэгдсэн, мөн ардын хэлнээ үлдсэн юм хараахан олдоогүй байна. Олдохыг хэн байг гэлээ. Судлах л хэрэгтэй. 
 
Ер тэр айл оршин байгаагийн бэлгэдэл, тэдний өөд дэвжин хөгжихийн бэлгэдэл галыг гадна дотнын хүнгүй хүндэлдэг байсан нь, айлд орж ирсэн эр хүн гэрийн баруугаар тойрч, гэрийн эзний эч этгээдэд суудаг, эм хүн зүүн талаар тойрч гэрийн эзний солгой этгээдэд суудаг, чингэхдээ эч этгээдэд сууж байгаа нь зүүн хөлийн өвдөг босгон, баруун хөлийг дороо бохирч суудаг, гэрийн зүүн талд сууж байгаа нь баруун хөлийн өвдөг босгон зүүн өвдөг нугалан суудаг сайхан заншил буй. 
 
Энэ нь айл гэрийг машид дээдлэн хүндэтгэж байна, гал голомтыг нь алив муугаас хамгаалж байна гэсэн бэлгэдэлтэй билээ. Алдарт “Монголын нууц товчоон”-оо Сорхан шар Тэмүжин хөвүүнд “Намайг үнсээр хийсгэн алдав8" гэж хэлж байдаг. Энэ нь өөрсдийг нь гал голомтоор нь сүйрүүлэн алдав гэж далд утгатай. Тийнхүү гал голомт гэдэг утганд зөвхөн тулгатай гал бус тэр өрхийнхөн бүгд багтаж байгаа хэрэг мөн нь үүгээр батлагдана. 
 
Улмаар Монголд төрт ёс үүсэхтэй хамт Төр улсын гал голомт гэсэн том ойлголт үүсээ юү дээ гэмээр. Энэ тухайтад гал тахилгын олон судраас харж болно. Тухайлбал, 
Есүгэй баатар эцгийн минь цахигсан
Их Өгэлүн эхийн минь үлээгсэн 
Энгүй олон амьтаны гэрэл бологсон 
Эл Гэлайхан эхэд өөхөн тосон өргөн тахинам9. 
 
Энэ нь Монгол улсын гал голомт үүсэн эхлэж байгааг хэлсэн байна аа гэж молхи би ойлгож байгаа юм. Чухамхүү Есүгэй баатар эцгийн цахисан, Өгэлүн эхийн үлээсэн Монгол төр улсын гал голомтыг хөгжөөн бадраасан нь аугаа их Чингис хаан мөн. “Үхрийн үрс гаргах ёсон оршбай"-д
 
Хаан Чингисийн үеэс уламжлагсан
Хамаг Монгол Улсын заншил бологсон10 гэж байгаа нь түүнийг нутланам бус уу. 
 
Энэ нь Их Монгол улсын гал голомтын тухайтад юм. Тэгвэл Аугаа их Хүн улсын тухайтад?! Өрвөлзөх улаан галыг дүрэлзэх алтан нарны харвах шаргал сацрагаас тасарч, эргэлдэн хөрвөх этүгэн эх дээр унасан гэж монголчууд домоглох нь бас буй. Эргэцүүлэн бодвоос нарны тахилга, галын тахилга, уулын тахилга хамт байгаад байдгийн учир тийм юм болов уу? “Болохгүй юм гэж ертөнцөд үгүй" гэж их найрагч Мишигийн Цэдэндорж маань дуун алдсан бус уу!
 
Манай ухаант ард түмэн бадран дэвжихээ хэлэн улаан галаараа бэлгэдэж, “Галын дөл өөдөө” гэж уухайлдаг билээ. Тийм ээ, гучаад мянган жилийн тэртээ өвгө дээдсийн маань Зураагийн улаан хадан дээр удам судрын бидэндээ зурж захиж үлдээсэн галын дөл өөдөө, өөдөө, өөдөө!
 
Хатагин Го.Аким