Ардын уран зохиолч, төрийн шагналт Д. Пүрэвдорж агсны "Сэгс цагаан Богд" найраглалыг мэдэхгүй хүн үгүй. Нэгэн үеийнхний зүрхний дуудлага, амны уншлага болсон ч гэж хэлдэг. Тэгвэл тус найраглалын гол баатар сайхан хотын хөөрхөн хархүү төрийн шагналт, СГЗ, зохиолч До.Нямаа Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй Н.Сүхбаттай 44 жилийн дараа Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт учирчээ.
Тэрхүү найраглалыг олон жил ард түмнийхээ сонорт хүргэсэн СГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа уулзалт, нэвтрүүлгийг санаачилсан бол "Таны зүтгэлийн төлөө " ТББ бүрэн дэмжиж, олны хүртээл болгоод байна.
Энэ талаар гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа мэдлэг, чадвар, туршлагатай ахмадуудын хүчийг нийгмийн хөгжилд татан оролцуулах зорилготой "Таны зүтгэлийн төлөө " ТББ-ын тэргүүн Ш.Батбаяртай ярилцлаа.
-Танай байгууллагын хэвлэл мэдээллийн ахмадын баг олз омог, сонин сайхан үйл явдлаар дүүрэн яваад ирсэн гэж сонслоо. Тиймээс “Сэгс цагаан, Богд” найраглалын гол баатруудын сонин хачинаас эхлэх ёстой болов уу?
-Баярлалаа. Манай ахмадын хэвлэл мэдээллийн багийг СГЗ Д.Амбасэлмаа гуай ахалдаг. УГЗ нэвтрүүлэгч Ж.Бямбаа гуай, сэтгүүлч Р.Чулуунцэцэг, найруулагч Р.Аля нарын хүмүүс бий. Энэ баг маань сард нэг удаа Үндэсний телевиз, Улаанбаатар телевизэд цаг авч нэвтрүүлэг хийхээр болсон. Бид эхний нэвтрүүлгээрээ их сайхан сэдэв сонгосон гэж бодож байгаа. Энэ саналыг анх Д.Амбасэлмаа гуай гаргаж "Аравдугаар сарын 15-нд Д.Пүрэвдорж гуайн төрсөн өдөр болно.
Тэрнээс наана нэг нэвтрүүлэг бэлдмээр байна" гэсэн юм. Тэгээд зохион байгуулъя гэсээр байтал арваннэгдүгээр сар гарсан, төрсөн өдөр ч өнгөрсөн. Гэсэн хэдий ч "Сэгс цагаан Богд" мөнхийн бүтээл учраас хийе гэж шийдсэн. Баг маань надад 1 сая 800 мянган төгрөгийн төсөв танилцуулсан. Тэгэхээр нь би өөрийнхөө машинаар өөрөө жолооч хийгээд явбал яасан юм гээд тооцоод үзсэн чинь сая төгрөгт багтахаар байна. Тэгээд л гэнэт шийдээд "Хөдөө битий яваарай, цасан шуурга болно" гэж зарласан өдөр найруулагч, зураглаач, найраглалын нэг дүр болох хэргийн эзэн Долгорын Нямаа, Д.Амбасэлмаа гуай бид хэд замдаа гарсан даа.
-Уншигчид Д.Пүрэвдорж агсныг зохиолын гол дүр гэж ойлгодог. Гэтэл дараа сонсохнээ нь СГЗ, Төрийн шагналт яруу найрагч До.Нямаа гуай юм билээ?
-Д.Пүрэвдорж гуай, Д.Нямаа гуай нарын хэдэн хүмүүс 44 жилийн өмнө зохиолч, уншигчдын уулзалтаар Овоотын хилийн застав орох замдаа Надмид гэдэг айлд бууж цай хоол идээд явсан. Энэ айлын охин Н.Сүхбат 16 настай илгээлтийн эзэн тэмээчин байсан. Тэр үед Н.Сүхбат нэг хулангийн унага тэжээж байсан гэдэг. Аяллын багийнхан тэр хулангийн унагыг өхөөрдөөд амьтны хүрээлэн рүү ярьж тийш нь өгөх арга бодъё гэж ярьцгааж л дээ.
Тэд нартай цуг Жүгдэрийн Дамдин гэж партизан зургийн аппараттай явсан учраас Д.Нямаа, Н.Сүхбат, Надмид нарын хулангийн унага тэвэрсэн зургийг авсан юм билээ.Тэгээд Д.Нямаа гуай унагыг нь өхөөрдөөд толгойг нь нэг илчихээд энгэрийнхээ тэмдгийг унаганы ногтонд зүүж өгөөд хошуун дээр үнссэн юм байх. Тэгээд нөгөө хэд нь замдаа Д.Нямаа Сүхбатыг үнсэх гэж байгаад унага үнссэн гээд наргиан болгоод явж. Тэр үед л Д.Пүрэвдорж гуай найраглалынхаа сэдвийг олж нэг их удалгүй "Сэгс цагаан богд"-оо бичсэн түүхтэй. Найраглал гарсан даруйдаа хэвлэлд нийтлэгдсэнийг Н.Сүхбат олж үзээд Д.Пүрэвдорж гуайд захидал бичсэн байгаа юм.
Энэ нь Н.Сүхбат Д.Пүрэвдорж гуайг өөртөө сайн болчихож гэж ойлгохгүй юу. Тэгээд тэрхүү захиагаа Зохиолчдын хороон дарга С.Удвал гуай дээр "Нөгөө хүүхнээс чинь ийм захиа ирлээ. Одоо яах уу. Андуурсан юм шиг байна" гэжээ. С.Удвал гуай "Хөдөөний хүн чин сэтгэлээсээ л бичсэн байгаа. Тийм учраас чи ямар ч байсан хариу бич. Яаж бичихээ чи өөрөө мэд" гээд гаргасан гэдэг. Тэгээд Д.Пүрэвдорж гуай "Энэ найраглалд гардаг баатар бол би бишээ.
Би хоймор сууж байсан нүдний шилтэй ахимаг настай хүн байна. Харин энэ найраглалд гардаг баатар бол унаганы хошуун дээр үнсдэг Д.Нямаа юм" хэмээн тайлбарлан бичсэн гэдэг. Н.Сүхбат дараа нь Д.Нямаад хоёр ч удаа захиа бичсэн гэсэн. Нэг захиан дээрээ хоёр цэцэг зурсан гэдэг тэр нь алга болсон гэж байсан. Тэгээд эхний захиаг нь сая уулзахдаа авч очсон.
-Их сонин сайхан түүх юм. Одоо аян замынхаа ярианд эргээд оръё?
-Бид нар битүү цасан шуурга дундуур гэлдэрсээр Өвөрхангай орсон. Аймаг дээр манай эхнэртэй цуг наймаанд явдаг хүүхнийд очлоо. Тэгсэн чинь их сонин. Энэ айл бол "Энэ хүүхнүүд үү" киноны Жамц даргын бодит дүр болох хүний охин нь ээжтэйгээ хамт амьдардаг болж таарсан. Ийм сонин сайхан тохиолдлыг бэлэгшээж хоёр дахь нэвтрүүлгээ хийхээр ярилцаж зураг авсан. Маргааш өглөө нь зам заалгаж аваад нөгөө Шинэжинст сум руу явлаа л даа.
Гэтэл Баянхонгор Улаанбаатараас 700 гаруй км, Шинэжинст сум нь аймгийн төвөөсөө 250 км, гол дүр тэмээчин бүсгүйн байгаа Бамбуу хүртэл 150 км гээд үнэхээр хол газар юм билээ. Д .Амбасэлмаа гуай дээр үед нэг явсан юм байж. Д.Нямаа найрагч бол 44 жилийн өмнө 29 настай байхдаа явж байсан, одоо бол ямар газраар явж байгаагаа огт мэдэхгүй гэсэн. Тэгээд GPS-ээр Шинэжинст сум гэж тавиад л тэрүүгээрээ замаа заалгаад яваад байлаа.
Жаахан явж байгаад замаас гарлаа, тийшээ яв л гэх юм. Хэлсэн ,зүг рүү явахаар буцаад л яв гэх юм. Говьд чинь хүн ерөөсөө таарахгүй. Ёстой нэг хөглөсөн. Хадан дундуур бартаат замын уралдаанд явж байгаа юм шиг л санагдсан. Явсаар байгаад Их богд уулын хавцалд очсон. Тэр хавцал руу ороод том, том хаднууд тулаад зогсчихсон. Ерөөсөө яах ч арга байхгүй.
-Ингэж явсаар байгаад "Сэгс цагаан Богд" руугаа хүрсэн хэрэг үү. Гол баатар хэрхэн угтав?
-Сумын засаг дарга бидэнд газарчин гаргаж өгсөн. Тэгээд л Сэгс цагаан Богд шүлэгт гардаг Бамбуугийн хоёр худаг руу явлаадаа. Тэр тэмээчин хүүхнийг Н.Сүхбат гэдэг, нэг газраа ерөөсөө тогтдоггүй, хаана явж байгаа нь мэдэгддэггүй, малаа дагаад л яваад байдаг хүн юм байх. Тэгээд сураглаад л яваад байлаа, хүн ч таардаггүй. Гэтэл нэг тэмээтэй хүн ирж явна. Говийн хүүхнүүд чинь нүүрээ сайртуулахгүй гээд банк дээрэмддэг шиг малгай өмсөөд нүд харах нүх ухаад гаргачихдаг аж.
Бас дээрээс нь сормуус зурсан / инээв/ Тэр хүн бидний хайж байгаа Н.Сүхбатын бэр нь байсан. Гэтэл бэр нь ээжийгээ хаана явааг нь мэддэггүй. Говьд утас барьдаггүй юм байна. Тог нь орой 07:00-23-00 цагийн хооронд асаад унтардаг, тэр хооронд нь л утсаар ярьж болдог гэнэ. Харин бүгд богино долгионы станц барьдаг. Нэг айлд болж байгаа юмаа станцаараа ярихаар тэр хавийн бүх айлууд сонсдог. Тэгээд хууч хөөрөхөд их сайхан болсон гэж байна. Хаана юу болж байгааг андахгүй болсон гэнэ. Тэгээд арайхийж Н.Сүхбатынхыг хайж очлоо. Тэгээд очсон чинь ганц гэр, гаднаа нэг фургонтой. Нэг хүүхэн, жаахан хүүхэдтэй хамт сууж байна.
Бас нэг бэр нь гэнэ. "Ээж ямаагаа хариулаад явсан, хаана явж байгааг нь мэдэхгүй" гэснээ ойролцоо байгаа ах дүү нараа хотоос хүмүүс ирсэн гээд станцаараа дуудлаа. Гэтэл нэг хүн "Н.Сүхбат Бамбуугийн тийшээ л явж байгаа юм шиг байна" гэлээ. Тэгээд бид хойноос нь яваад нэг газар очоод мухардаад зогслоо. Гэтэл ашгүй хэдэн хонь гарч ирсэн юм. Тэгсэн чинь "Наадах чинь хонь биш ямаа. Манай ээжийн ямаа байна, ээж энэ хавьд л явж байгаа юм байна" гэж бэр нь хэллээ. Тэгсэн тэр Шинэжимст суманд л зөвхөн цагаан ямаа байдаг аж. Эднийх 500-аад цагаан ямаатай, 200 гаруй тэмээтэй айл байна лээ. Тэр үед тэмээ унасан бор авгай л ирж яваа харагдсан. Дурандсан чинь нөгөө Н.Сүхбат.
-Сэтгэл догдлуулсан тэр мөчид Д.Нямаа гуай яаж байх юм?
-44 жилийн дараа уулзах гэж байгаа учраас их юм болсоон. Д.Нямаа костюм пиджактай, бид бүгдээрээ зузаан хувцастай. Д.Нямаа гуай "Сэтгэл хөдлөөд нэг л сонин байна, жаахан зориг оръё" гээд 100 грамм татлаа. Тэгээд тэр хоёр уулзсан даа. "Таньж байна уу намайг" гэсэн чинь "Танихгүй байна аа" л гэж байна. Аргагүй 30, 40 жилийн өмнө Н.Сүхбат улаан хацартай жаахаан хөөрхөн охин байсан. Д.Нямаа гуай 29 настай гоё залуу байсан гэсэн.
Гэтэл Д.Нямаа гуай "Би Сэгс цагаан Богд найраглалын нэг баатар байна" л гэж байна. "Өө за таньлаа" гээд л. Н.Сүхбат "Костюм пиджактай хүний хажууд би зургаа авахуулахгүй. Гэртээ очиж дээлээ өмсчихөөд зурагаа авахуулна" гээд л. Гэхдээ л манай хэд зургийг нь авсан. Тэгээд гэртээ очоод өнгөрсөн дурсамжуудаа ярилцлаа. Д.Нямаа "Энэ бол 44 жилийн өмнө өөрийн чинь надад бичиж байсан захидал" гээд гаргаж үзүүлж байна лээ. Тэр захидлыг хараад хоёулангийнх нь нүдэнд нь нулимс цийлэгнээд, их сонин болж байсан.
-Та хэд Н.Сүхбатынд хэр удаан саатав. Олон сайхан дурсамж тэнд өрнөсөн байх даа?
-Ер нь бол Д.Нямаа гуай тэнд хонох сонирхолтой байсан. "Хэдүүлээ хоноод явах уу" гэсэн санааг ч цухалзуулж байсан. Тэгээд бид бичлэгээ хийчихээд явъя гэтэл Н.Сүхбат "Юу гэсэн үг вэ, холоос ирсэн хүмүүст хонь гаргаж өгнө" гэсэн чинь Д.Нямаа гуай их дуртай "өө тэгэлгүй яахав" гээд инээж байсан. Н.Сүхбатынх гурван хүүтэй юм билээ. Сумынхан нь түүнийг их ажилтай гэж магтах юм. Хүүхдүүд нь эхнэр авцгаасан. Харин Н.Сүхбат ганцаараа байдаг юм билээ. Д.Нямааг хүлээгээд л хүнтэй суугаагүй байхгүй юу. /инээв/ Тэгээд л хонины шөл ууж аваад л буцсан даа.

Д.Нямаа: 44 жил өнгөрөхөд Сүхбат бид хоёр "Сэгс цагаан Богд" найраглалын нэрийг сэвтүүлэхээргүй амьдарсан байна
"Сэгс Цагаан Богд"найраглалын гол баатар, сайхан хотын Хөөрхөн хархүү Д.Нямаа гуайн 44 жилийн дараах уулзалтаас төрсөн сэтгэгдлийг хүргэе.
-"Сэгс цагаан Богд" найраглалыг уншсан бүхний зүрхийг хоёр залуугийн хайрын түүхээр догдлуулдаг. Найраглал бүтсэнээс хойш 44 жилийн дараа Сэгс цагаан Богдыг зориод ирсэн байна. Хуучин цагийн дурсамж, дурдатгал сэдрээсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би өнгөрсөн зун зусланд гарчихаад байж байхдаа Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нэг охинтой танилцсан. Танилцсан охиндоо "Сайхан хотын хөөрхөн хархүү гэдэг чинь би шүү дээ" гэж хэлсэн. Тэгсэн нэг л итгэж өгдөггүй. Эргээд бодсон танихгүй байхаас ч аргагүй юм билээ. 44 жилийн өмнөх залуу өнөөдөр өвгөн болчихоор итгэхгүй байх нь аргагүй. 1969 онд хорин хэдэн насандаа хэсэг зохиолчидтой "Уран үгсийн чуулган"-аар Баянхонгор аймагт очсон юм. Анх энэ "Уран үгсийн чуулган" 1968 онд Өмнөговь аймагт эхлээд удаах нь Баянхонгорт болсон хэрэг.
Энэ ажлын цаад үр дүнд "Миний нутаг" хэмээх номыг бүтээх байсан. Ном маань ч 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор гарч байсан санагдаж байна. Ингээд тэр жил Баянхонгор аймагт болсон "Уран үгсийн чуулган"-д оролцсон зохиолчид дунд насаар ч тэр, уран бүтээлээр ч тэр хамгийн залуу нь би байлаа. С.Удвал гуай, Ч.Чимид гуай, Дашдэндэв гуай, С.Лувсанвандан зэргийн арав гаруй хүмүүс явж байлаа. Ер нь бол Сэгс цагаан Богд орох зорилготой.
Тухайн үед Шинэжинст сумын Засаг дарга зохион байгуулж Надмид гуайнх буюу одоогийн Сүхбатынхаар биднийг оруулсан хэрэг. Тэр үед Сүхбат 16 настай тэмээчин охин байсан. Биднийг очихтой зэрэгцэн Сүхбат тэмээ хариулж яваад хулангийн нялх унага бариад авсан юм билээ. Хулангийн унагаа гэртээ авчирч сүүгээр угжин тэжээдэг байсан нь бидний хэдэн зохиолчид тэднийд очих шалтгаан болсон байдаг. Ингээд бид ч Сүхбатынд очлоо, хулангийн унагаа ч ойртуулж авчирлаа.
Бид унага тойрч яриа үүсгэн зураг хөргөө татуулж, амьтны хүрээлэнтэй бол тэнд л байлгамаар юм гэж өвөр зуураа хэлцэж байлаа. Тэр өдөр бол 1969 оны аравдугаар сарын 15 байсан. Энэ өдрийг яагаад одоо хэр нь санадаг вэ гэхээр тэр айлд очоод Д.Пүрэвдорж гуай "Өнөөдөр миний төрсөн өдөр шүү дээ" гэдгийг хэлэнгүүт Удвал гуай цүнхээ уудлаад "Тийм бол бэлэг өгнө" гээд алим өгч байсан түүхтэй. Би тухайн үед радиогийн сурвалжлагч байсан.
Тийм ч учраас архаг зохиолчид намайг авч явсан хэрэг л дээ. Тэр утгаараа Сүхбаттай ярилцаж, унагаа яаж барьсан, хэрхэн тэжээдэг зэргээр ярилцаж байтал ахмад партизан яруу найрагч Жүгдэрийн Дамдин гэж өвгөн Сүхбат бид хоёрын зургийг дарсан. Эндээс Сэгс цагаан Богд төрөх сэдэл төрсөн хэрэг. Ийм түүхтэй үйл явдлыг гэрчилсэн гэрэл зургаа би сая "Сэгс цагаан Богд" орохдоо Сүхбатад дурсгаад ирлээ.
-Найраглал бүтэх сэдэл хоёр залуугийн хайраас урган гарсан гэж хүмүүс ам дамжин ярьдаг. Энэ хэр бодитой вэ?
-"Сэгс цагаан Богд", "Хар цас", "Хөх даалимбан тэрлэг" гэсэн гурван найраглалаар Д.Пүрэвдорж гуай төрийн шагнал хүртсэн. Харин тус найраглал бүтсэн талаар ярихад Сүхбат бид хоёр танилцаад бие биендээ дасалцсан зүйл огт байхгүй. Чухам юу болсон гэхээр Сүхбат хулангийн унагандаа ногт хийчихсэнийг нь би анзаараад ногтны хамар дээр нь нэг гялгар юм хийчихвэл сайхан харагдана даа гэж бодсон юм.
Тэгээд өөрийнхөө энгэрт зүүлттэй байсан "Восточны Сибирскы Парада-50" гэсэн тэмдгийг зүүж өгсөн. Энэ тэмдэг бол 1917 онд анх хэвлэгдэж байсан Эрхүү мужийн хэмжээний том сонины нэртэй эд байсан. Ингээд тэр тэмдгээ зүүж өгмөөр санагдаад хулангийн унаганы ногтноос зүүгээд өгчихсөн. Яг тэр мөчид нар баруун талд гарчихсан, тэр нар руу өнөөх тэмдэг ташаад хөөрхөн харагдаж байсан. Тэмдэгний учрыг сөхвөл Сүхбатынд очихоос сарын өмнө бид Халх голын ялалтын 30 жилийн ойгоор Эрхүү, Алс Дорнодоор аялсан.
Аялахдаа салбарынхаа байгууллагуудад хуваарилагдаж би тэр Эрхүүгийн сонинд хуваарилагдсан. Биднийг очиход бидэнд зүүж өгсөн тэмдэг юм. Бид Сүхбатынхаас явахын өмнө ахиад хулангийн унагаа нэг харсан үнэхээр хөөрхөн харагдаад болдоггүй. Хамар дээр нь үнсчихээд том тэрэгнийхээ тэвшин дээр гараад суучихлаа. Эндээс л олон зохиолчид болсон хойно егөөдөж, тохуурхсан яриа гаргачихсан хэрэг.
"Нямаа Сүхбатад тэмдэг зүүж өгөх гээд биднээс ичээд унаганы хамар дээр зүүчихдэг юм байна. Охины уруул дээр үнсэх гээд бас ичээд унаганы хамар дээр үнсчихдэг юм байна" гэдэг яриа архаг зохиолчдын дунд үүссэнээс үүдэн "Сэгс цагаан Богд" хэмээх найраглалын санаа найрагчийн тархинд ургасан хэрэг. Хожим энэ талаар Д.Пүрэвдорж гуай ярилцлага өгөхдөө "Машины тэвшин дээр үүссэн тэр ярианаас Сайхан хотын хөөрхөн хархүү гэдэг мөр орж ирсэн. Түүний цаана Нямаа байгаа юм" гэж хэлсэн байдаг. Би 44 жилийн дараа хулангийн хамар дээр тэмдэг зүүж, уруул дээр нь үнссэн тэр нутагтаа, тэмээчин охин Сүхбаттай уулзахаар Хонгор нутагт очоод өнөөдөр энэ тухай түүхийг өөрөө нэхэн дурсахад сайхан байна.
-Дөчин дөрвөн жилийн дараах уулзалт учраас үгээр эвлүүлж хэлэхэд төвөгтэй, сонин содон уулзалт байсан байх даа?
-Сүхбат бид хоёр өнгөрсөн он жилүүдэд нөхөрлөөгүй ч надтай цаг хугацаа нөхөрлөсөн. "Сүхбаттай ч нөхөрлөсөн. Цаг хугацаатай нөхөрлөж чадсан учраас Сүхбат бид хоёрт дундын гэхээр зүйл бага үлдсэн байна. Тийм ч учраас бид нэг нэгэнтэйгээ танимхайрч уулзахаасаа илүү нэг нэгнээсээ их бишүүрхлээ. Сүхбат маань очиход гэртээ байсангүй, хониндоо явчихаж. Тэгэхээр нь бид хонины бэлчээрт нь очиж уулзлаа. Тэмээгээ унаад хонио хариулж явна.
Уулзаад, "Сайн байна уу, намайг таньж байна уу" гэж асуулаа. "Танихгүй байна" гэх юм. Арга ч үгүй биз дээ. Дөчин дөрвөн жил шүү дээ. Золгоод нэрээ хэлтэл "Даанч нэг их үзсэн хүн байсан юм" гэлээ. Үзсэн гэдэг нь 44 жилийн өмнө таарсан тухай биш байсан. Телевизээр хааяа нэг гарахаар хардаг юм гэж байлаа. Тэр үедээ нөгөө хүн чинь энэ шүү дээ гэж боддог байж л дээ. Сүхбаттай уулзаад нэг баярласан зүйл нь Сүхбат өөрийгөө "Сэгс цагаан Богд"-ын гол баатар гэдгээ хүлээн зөвшөөрч, хүмүүс хэлэхэд нь хүлээгээд авчихсан байсан.
Хөдөлмөрийн баатрын дайтай хүмүүс таньдаг болчихсон учраас Сүхбат маань өөрөө түүгээрээ бахархаж, өөрийнхөө сэтгэл зүйг түүнийг дагуулан зөв хөгжүүлж, урлаг уран бүтээлийг ойлгодог хүн болжээ. Үр хүүхдүүд нь зөв амьдарч, өвөр зууртаа тустай ёстой л тэнэгэр говийн тэнхлүүн зан араншинтай санагдаж байлаа. Тиймээс, 44 жил өнгөрөхөд Сүхбат бид хоёр "Сэгс цагаан Богд" найраглалын нэрийг сэвтүүлэхээргүй амьдарсан байна гэж бодлоо. Хэрвээ нэг нь тааруу явсан бол Д.Амбасэлмаа тэргүүтэй уран бүтээлчид нэвтрүүлэг бэлтгэнэ гэж явах ч байсан уу, үгүй ч байсан уу бүү мэд.
Д.Гэрэлт
Эх сурвалж:

Лхагва - 04 сарын 01,
2026
Сэтгэгдэл0
Ямар гоё юм уншчихваа, баярлалаа
saihan bna blaa
Saihan! Goy nairaglal shuu!
Монгол хүний ноёон нуруу ухаан зааж олон сайхан үр хүүхэд ач зээтэйгээ Тэнэгшэр говьдоо тэнүүн жаргалтай яваад тань үеийн хүний хувьд талархал илэрхийлж баяр хүргэн мэндчилж буйг хүлээн авна уу Арван цагаан буян тань дэлгэрч яваг ээ
сонингоос авлига авсан,луйвар дээрэм хийсэн,эх орноо зарсан гэхчлэн дандаа үлбүтэх юм уншдаг энэ их сайхан санагдлаа
harin tiimee goyo uulzalt bolson baihdaa,ene tuhai "Ulaan geriin horigdol" geed dursamjindaa D.Purevdorj guai bichsen baisan.
Сайн байцгаана уу? Сайхан найраглал шүү,...Тэнэгэр Говийн тэмээчин бүсгүй би сайн байнаа... гээд л явж өгнөдөө. Сайхан нэвтрүүлэг болсон байхаа, сахйныг уншиж дуулах сайхаан, өөрийн эрхгүй бүлээн дулаан инээмсэглэл нүүр дүүрэн малийгаад л ирнэ., хэхэхэ.
сахйныг-сайхныг.
bagadaa ih unshdag bailaa Segs tsagaan bogdiig jaahan baisiimdaa zuragtaar ih gardag bolohoor ehnii 2-3 moriig l tseejilsenbaisan baih ah egch nar namaig segs tsagaan bogdoo unshaarai gehleer l tseejilsnee avdag bailaa , saihan niitlel bainaa
Khelekh ug alga. Kino khiibel saikhnaas saikhan kino bolno doo. Nadad tugsgul ni mash ikh taalagdlaa. ... 44 жил өнгөрөхөд Сүхбат бид хоёр "Сэгс цагаан Богд" найраглалын нэрийг сэвтүүлэхээргүй амьдарсан байна ... Unekheer super
Uneheer gaihaltai.30 Jiliin umnu temdegleliin devtertee bichij avsan Purevdorj guin tuhai yed horiotoi baisan "Tusgaar togtnol" gedeg nairaglal odoo boltol nadad baidag yum. Hanat tsagaan geriin od hiimoriin toonon deer Hasag haluun tulgahii ochit durvun totgo deer Han buural Altain tsast terguun orgil deer Hatan tsagaan Selengiin orog saaral mandal deer Tusgaar togtnol chamaig Tunhaglan zarlanam bi Gangan ulaan temeehii zogdar hayalah zogdor deer Gantai mungun hetnii zoo delseh toilson deer Galbiin haluun goviin huran angah eerem deer Gantig chullun hyasaahii yangir halih elgen deer Tusgaar togtnol chamaig Tunhaglan zarlanam bi Tsaashaa zunduu baigaa.
Uuchlaarai neg zuil buruu bichchihej. Gangan ulaan temeenii zogdor hayalah teshilt deer gej zalruulaarai.
Бас л сайхан найраглал шүү. Цээжил гэж багш загнаад л хүүхдүүд д 5 өдөр өгчихсөн. Бид учрыг нь мэдэхгүй цээжилж байсан. Одоо эргээд бодоход уран үгтэй, бодит түүхтэй, сайхан хүмүүсээс сэдэвлээд сайхан яруу найраг бичиж дээ Пүрэвдорж гуай. Гэгээлэг сайхан юм уншлаа баярлалаа.
Стресс-гүй тэмээ малаа хариулаад л, нутагтаа нэр төртэй, ажил амьдралаа сайхан авч яваа зөв сайхан хүн Сүхбат шиг нэр төртэй сайхан амьдарцгаая охид хүүхнүүд ээ.
Saya awaxuulsan zuragiig n tawixgvi dee...
Hurai, hurai, saihan dursamj bainaa.
Unxeer goe zurgtaar garch bsan.estool orshloo
Энэ том найраглалын гол баатар манай сумд байдагт бахархадаг шүү. Та мундаг эгч шүү.Эгчдээ эрүүл энх урт удаан наслахыг хүсэе.
Tuuh ni medehgui baijdee ho ih goe tuuh bna
Bidnii mongolchuud iim saihan yum l unshmaar bna.saihan energi awlaa
Djds
Ямар гоё юм бэ?