sonin.mn
ПАРИС. /France24/. Францын үйлдвэрчний эвлэлүүд тэтгэвэрт гарах насыг нэмэхийг орон даяар эсэргүүцэх өдөрт 500 мянга гаруй хүнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэл Парисаас гадна, 250 гаруй хотод жагсаал цуглаан, ажил хаялт болно. 
 
 
Энэхүү 14 дэх удаагийн эсэргүүцлийн ажиллагааг тэтгэврийн насыг 62-64 болгон нэмэхийг хүчингүй болгох тухай сөрөг хүчнийхний боловсруулсан хуулийн төслийг пүрэв гарагт парламентаар хэлэлцэж санал хураахаас хоёр хоногийн өмнө зохион байгуулж буй юм.
 
 
 
 
Францын үйлдвэрчний эвлэлүүд олон сарын турш жагсаал цуглаан зохион байгуулж тэтгэврийн шинэчлэлийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Улс орон даяар явуулж буй эсэргүүцлийн ажиллагааны зохицуулагчдын нэг Жерар Ре хэлэхдээ, энэ шинэчлэл нь хамгийн түрүүнд хамгийн бага орлоготой ажилчдад хүндээр тусна, учир нь тэд эрүүл мэндийн шалтгааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй байдаг гэжээ. 
 
 
 
Засгийн газрын авч буй арга хэмжээ нь нэн ядуу амьдарч байгаа хүмүүсийн байдлыг улам л дордуулна гэж үйлдвэрчний эвлэлүүд үзэж байгаа аж. "Хүн бүрийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна" гэж Бүх нийтийн хөдөлмөрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Софи Бине хэлээд мягмар гарагт болох үйл ажиллагааны цар хүрээ хөдөлгөөний цаашдын хувь заяанд нөлөөлнө гэдгийг онцлон тэмдэглэжээ.
 
 
 
Францад тэтгэвэрт гарах насыг 62-оос 64 болгож, зарим тусгай тэтгэврийн журмын хүчингүй болгох шинэчлэлийг нэгдүгээр сард танилцуулсан юм. Энэ шинэчлэлийг улс орон даяар тэр даруй эсэргүүцэж нийтийг хамарсан жагсаал, цуглааны давалгаа эхэлсэн. Францын Үндсэн хуулийн зөвлөл дөрөвдүгээр сарын 14-нд уг шинэчлэлийг дэмжиж, хуулийн төслийн хэд хэдэн заалтыг хассан боловч тэтгэвэрт гарах насыг хоёр жилээр нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ.Үүний дараа Ерөнхийлөгч Эммануэл Макрон уг баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ намраас хэрэгжиж эхлэх юм.
 
Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг