sonin.mn
Харьковт зэвсгийн инженерийн мэргэжил эзэмшсэн надад Украин дахь дайн хэд хэдэн мэдрэмж төрүүллээ. Сонсогч байхдаа С.Орджоникидзейн нэрэмжит Харьковын тракторын заводын танкийн цехэд дадлага хийж байлаа. Нийт 5 блоктой энэ аварга том үйлдвэрийн 4 ба 5-р блокт нь Т-72 танк үйлдвэрлэдэг байсан. Зөвлөлтийн армийн тэр танкийг бүтээж байсан Украин улсад энэ зэргийн дрон байтугай, хол ойрын тусгалт пуужин, сум галт хэрэгсэл үйлдвэрлэх бол ердийн практик гэж юм. Украин ялагдахгүй, харин ч аажмаар ялан байлдаад байгаа нь барууны тусламжийн хүчинд биш, өөрийн цэрэг–аж үйлдвэрийн баазад суурилаад, түүнийгээ дахин сэргээн босгож аваад тэгж байгаа гэж цэргийн мэргэжилтний хувьд би үздэг.
 
ОХУ Украины эсрэг “агаарын кампани” өрнүүлээд пуужин дроны довтолгоонгүй нэг ч шөнийг өнгөрөөхгүйг зорьж байна. Киев рүү хэргээр харваж байгаа нь украины армийн хуурай газрын давшилтыг тогтоох, болж өгвөл гэдрэг ухраах зорилготой. Саяхан 5 дугаар сарын 28-29-ний шөнө, 29-нд гэгээн цагаан өдөр, 30-ны шөнө Киев рүү далавчит пуужин ба ираны үйлдвэрийн дроноор халдлага хийжээ. Оросын агаарын ба сансрын цэргийн “ТУ-95” маркийн 40 нисэх онгоцоос, Каспийн тэнгисийн хавиас “Х-101/Х-555”, “Искандер-М/К маркийн хэдэн арван пуужин, ираны “Шахед-131/136” маркийн 38 нисэгчгүй онгоц хөөргөж халджээ. Хариуд нь украины ПВО (агаарын довтолгооноос эрэгцүүцэн хамгаалах зэвсгийн систем–“Пэтриот” пуужин) оросын 36 далавчит пуужин, 11 “Искандер”, 30 “Шахед”-ыг (нийт 67 бай) амдан сөнөөжээ.
 
Өнгөрөгч 5 дугаар сард Орос нь Киев рүү 17 авиаудар хийсэн дүнтэй байна. Украины иргэний дэд бүтцийн объектуудыг жагсаалаас гаргаснаа ОХУ-ын БХЯ дайны ялалт мэтээр сурталчилж байгаа боловч цэргийн урлаг, дайны дүрмээр бол энэ нь террорист атак гэсэн ангилалд багтдаг. Орос хэдийгээр ийнхүү агаарын терроризм үйлдлээ ч украинчуудын зориг тэвчээр, ялах итгэлийг мохоож чадсангүй, харин ч оросын өөрийнх нь нэр хүнд дэлхийд унасаар байна. Орост санкц үргэлжлэн тавигдаж, изоляц руугаа улам гүнзгий орж, түнш, найрсаг харилцаат орнууд нь улам бүр нүүр бурууллаа.
 
Киев рүү хоногтоо ийм олон пуужингийн довтолгоон хийж байгаа нь Путины хувийн санаархал, дайны тактикийг нэгд нэгэнгүй дэлхийд харуулав. Дайнаа зогсоох ямар ч хүсэлгүй, харин ч украины ард түмнийг улам бүр үзэн ядаж, аль болох устгаж хороохыг тэргүүнд тавьжээ. Украины иргэний хүн амыг хүнлэг бус, балмадаар террористчилов. Дайнаа газраар биш, усаар биш, агаараар террор хийн шатлан өргөжүүлэв. Цэргийн урлагийн үүднээс бол дайны дараагийн нэг үе шат байж магадгүй.
 
Гэтэл тоглоомын дүрэм Оросын эсрэг эргэсэн нь 5 дугаар сарын 30-нд Москва хот руу дроноор халдсан явдал харууллаа. Украины цэргийн тагнуулын штаб руу Орос амжилттай пуужиндсаны хариу энэ боллоо гэж Владимир Путин яаран мэдэгдлээ. Харин Москва руу Киевээс дроны цохилт өгөөгүй гэж украины тал мэдэгдэв. Ново-Огарево дахь Путины өргөөний ойролцоо дрон унасан нь оросын эрх баригчдыг айлгав. Рублевка районд дронууд очсон мэдээлэл байна. Энэ нь оросын элит баячуудын харш, хаус байрладаг элит дүүрэг юм.
 
Харин энэхүү дроны халдлагыг АНУ таашаахгүй гэж Цагаан ордноос мэдэгджээ. Эх орноо чөлөөлөх, оросын эзлэн түрэмгийлэгчдийг Украинаас гаргахад л тусламж дэмжлэг үзүүлнэ, Оросын нутаг руу орж байлдахыг зөвшөөрөхгүй гэсэн нь анхаарал татлаа. “Украины бүрэн эрхт нутаг дэвсгэрийг эргүүлэн авах”-д туслахаас бус Орос руу халдах төлөвлөгөөг сайшаахгүй гэжээ. 
 
Олег Лисный гэдэг цэргийн шинжээч Москва руу халдсан дроны халдлагыг Оросын ФСБ зохион байгуулсан гэж мэдэгджээ. Хэд хэдэн зорилготой. Украиныг улам бүр буруутгах, бүр муухайгаар харуулах, терроризмд украинчуудыг буруутгах, тэгснээр оросын ард түмний өмнө дайнаа зөвтгөх, болж өгвөл оросуудыг шинэ маягийн эх орны дайнд босгох, цэрэг татлагаа хэл үггүй шуурхайлах зорилготой. Чеченийн дайны үед ФСБ нь Москвад орон сууцны барилга дэлбэлж, тэгснээрээ чечениүдийг оросуудаар үзэн ядуулж байсан сценараа одоо Оростоо дахин хэрэглэв гэж Лисный ярьсан байна.
 
Хоёр талаас хэрэглэж буй дронуудын уг гарлыг судалж үзвэл украины дронууд Украиндаа үйлдвэрлэсэн, оросынх ямагт Иранаас бартераар, худалдаагаар авсан дронууд байна. Иранаас аваад оросын зэвсэглэлд орсон дрон хэдэн мянгаар тоологдоно. Тэр бүхэн нь Украины энгийн иргэдийг айлган сүрдүүлэх, Украины ПВО-гийн тамирыг барах, болж өгвөл үгүй болгох, цаашлаад эрх баригчдыг нь хүсээгүй хэлэлцээнд албадан суулгах, Оросын нөхцлийн дор “энхтайван” гэдгийг нь хүлээн авахуулах зорилготой хэмээн америкийн эрдэмтэн Павел Жовниренко үзжээ. Израилийн тагнуулын мэдээлснээр Орос нь СУ-35 хэмээх сөнөөгч–бөмбөгдөгч онгоц 24-ийг Иранд нийлүүлээд бартераар олон зуун дрон аван одоо нисгэж байгаа ажээ.
 
Пуужин дрон тасралтгүй харвасаар байгаад Украины ПВО-гийн нөөц дууслаа гэдгийг сонсоно хэмээн оросууд горьдоод байна. Тэр даан ч үлгэр болсон байх аа. Украин өөрөө цэргийн үйлдвэрүүдээ дайны горимд шилжүүлэн ажиллуулж байна. Баруунаас тусламжийн цуваа тасрахгүй байна. Харин Орост Иранаас өөр зэвсэг нийлүүлэгч алга байна.
 
Бэлтгэл хошууч Адьяагийн Батсайхан