sonin.mn
Гэнэт хүү нь дэргэдүүр салхи татуулан гүйсээр тэртээ хол очоод эргэж хараад инээмсэглэн “Аав аа...” гээд гараа даллаад зогсож байхыг хараад хацар даган урсах баярын нулимсаа арчихдаа цочин сэрвэл мөнөөх л янзаараа Африкийн тэнгэр дор, дөчин хэмээс буудаггүй бүгтхэн халуун дунд, Бентью баазын сендвичэн байрныхаа зүүн жигүүрт орон дээрээ унтаа сэрүүний хооронд зүүрмэглэсэн нь тэр байжээ.
 
Нөүтбүүкнийх нь дэлгэцэд хайлт хийгээд орхисон цэс аутизм, үүдэл эс, Турк Улс, Коня хот, Лев эмнэлэг хэмээн үргэлжилж, Сэм Кенаржи эмчийн туслах Нагиханаас ирсэн шинэхэн шуудан анивчиж харагдана. Даян дэлхийд энхийг сахиулах гэгээн үйлсийг ийнхүү зорихдоо хошууч Д.Баасанжав өр зүрхэндээ хүүгээ л эрүүл энх болгочих юм сан, эмчилгээнийх нь зардлын суурийг нь босгочих сон гэж зүтгэжээ. Энд ирсээр судалсных эрлийн үзүүрт гэрэл мэлтэсхийх шиг санагдсан нь дээрх мэс заслын талаарх ажиг сураг байлаа...
 
Аавынхаа зүүдэнд айлчилсан хүү харин энэ үед бяцхан “хэрэг тарьчхаад” гэртээ орж ирэв. Ц.Мөнхням бүсгүй хүүгийнхээ шидсэн “тэнэсэн суманд” өртөж цонх нь хагарсан машины эзнээс уучлал гуйж, шиллүүлж өгөхөөр болоод энэ удаагийн тэдний агаарлалт өндөрлөлөө. Гадуур гарахаараа дэргэдүүр өнгөрсөн хүний хөл дээр гишгэх, ёврох, нулимах, дэлгүүрт ороод дураараа юм авах, тоглоомын талбай дээр жаахан хүүхдийг түлхэх, тоглоом булаацалдах гээд адал явдал тасрахгүй. Яг л хүүгийнхээ гараас нь атгаж явахгүй бол хандсан зүгтээ гүйгээд явчихна. Нэг алдвал гүйцэхэд бэрх учир гараас нь тавихгүй байх нь л чухал. Энэ мэт хүн хоорондын харилцааны наад захын хандлага, хэр хэмжээг тааруулах мэдрэмж Б.Гарамбазар хүүд хараахан бүрэн суугаагүй л байна. Саяхан Монгол Улсын иргэн болж, иргэний үнэмлэхээ авсан хүүгийн бодит настай харьцуулахад оюун ухаан, хөгжлийн нас нь нэг ой хоёр сартайдаа гацсан мэт байгаа амьдралын үнэнг яалтай.  Эргэн тойрны хүмүүсийн “Яасан хүмүүжилгүй хүүхэд вэ”, “Энэ нэг балай юм, мэдрэл муутай хүүхдээ аваач” гэх тохуурхсан, гадуурхсан үг хэллэг, хачирхсан харц, ялгаварласан хандлага дундуур аав ээж, хүү гурав бие биедээ дэм өгөн туучиж, Д.Баасанжавынх гэдэг айл өнөөг хүртэл 17 жил цөхрөлтгүй зүтгэсээр, сөхрөлгүй тэмцсээр л амьдарч явна. 
 
“Энэ бол бидний л туулах учиртай тавилан гэж боддог. Төрсөн хүүхдээсээ залхана гэж юу байх вэ. Хүнд хэлэхэд ч хэцүү юм бас дуулна аа. “Иймэрхүү хүүхдийг донорт өгч болдог. Энэ хүүхдийн нөлөөгөөр чиний амьдрал ч өөр болно шүү” гээд цухлыг минь хөдөлгөөд, гэрээс хөөгдөж гарсан дотнын минь хүн ч байлаа. Төрөхөөс нь л зууралдсан юм болохоор хүүгээ сая Суданд үүрэг гүйцэтгэхдээ мөн ч их саналаа...” 
 
Хадмын нутгаар айлчилж ирээд, хуримаа хийнэ. Хүүхдээ төрөхөөс өмнө төвхнөж, тохижоод подхийсэн айл болчихно... гэхчлэн төлөвлөсөн залуухан хосын нуган үр товлосон хуримаас нь ч өмнө, тэглэсэн хугацаанаасаа ч хориод хоногийн өмнө яаран мэндэлжээ. Ингээд хоёулаа биш гурвуулаа хуримын ёслолоо үйлдсэн гэнэ лээ. 
 Аав ээж хэмээх эрхэм алдрыг хүртсэн залуус юм л бол уйлах хүүгээ гар дамжуулан тэврэхдээ тавгүйтэв үү, халууцав уу, өвдөв үү гэхчлэн арга эвээ олох гэж ядна. Тэгж тэгж хөгшчүүлийнхээ зөвлөснөөр эмчид үзүүлээд “Тархины даралттай хүүхэд ингэдэг юм аа” гэсэн хариулт сонсоод тайвшруулах голдуу эм бүхий эмчилгээ хийсээр овоохон торниулжээ.    
 
Гэвч хоёр ой хүрч байгаа хүүгээ биеийн хөгжлөөр бусдаас хоцрогдож явааг анзаарав. Басхүү хөвгүүд ер нь орой хэлд ордог юм даа, жаахан хөдөлгөөн удаантай юм аа гэсэн хүлээлт, итгэл найдвар өвөртөлсөөр... Таван нас хүрсэн ч хүү хэлд ч, хөлд ч орсонгүйд залуу ээж аав, төдийгүй эмээ өвөө нь ч санаа зовох боловч хэрхэхээ үл мэднэ. Дэмий л хүүхдийн хөгжилд сайн гэсэн бүхнийг туршиж, эд зүйлсийг уйгагүй нэрлэн зааж хэлж, өмнөөс нь бараг мөлхөх, алхах шахна. “Танай хүү гэрийн багана тойрч байгаад хөлд орчихлоо” гэсэн баярт мэдээ сонсоод Налайхад амьдарч байсан аав ээжийнх рүүгээ хар хурдаараа давхиж очсон өвлийн тэр хүйтэн шөнө шиг аз жаргалтай мөчүүд бас байсаан, тэдэнд. Харамсалтай нь, түүнээс нэг их дээрдэх ахицгүй өнөөг хүрчээ. 
 
Тархины даралт, хөгжлийн хоцрогдол гэсэн ойлголттой явсан тэд 2010 онд Эх нялхсын эмнэлэгт үзүүлээд Аутизм хэмээн оношлогдож, тэдний гэр бүлийн хувьд төдийгүй Монгол Улсын хувьд ч шинэ тутам, мэргэшсэн эмч, судлаач үгүй, эмчлэгдэх арга барил, итгэл найдвар ч үгүй асуудалтай эрхгүй нүүр тулжээ. Бусад хүүхдүүдээс хөгжлийн ялгаатайг мэдэх ч хосууд хүүгээ гэртээ хоригдсон нэгэн болгохыг хүссэнгүй. Ажил амьдралын шаардлагаар Зэвсэгт хүчний 150, 016, 338, 120, 331 дүгээр ангиудад томилогдон ажиллахдаа юуны түрүүнд хүүгийнхээ сурах, нийгэмших, олны дунд байх нөхцөл боломжийг судална, эрэлхийлнэ. Нийслэлийн 3 дугаар хорооллын 79 дүгээр сургууль, "Буянт-Ухаа" хороололд амьдарч байхдаа 63 дугаар сургуульд сурч байхдаа хүүд нааштай гэмээр үр дүнгүүд гарч байжээ. Ялангуяа н.Байгалмаа багш, түүний туслах багш н.Гүнсэн нарын уйгагүй ажиллагаа, харилцаа хандлагаар Б.Гарамбазар хүү дэвтэр, харандаатай харилцаж, бодож сэтгэхгүй ч дуурайлгаад бол зурж, бичиж байсан гэнэ. Басхүү бага ангийн багшаар олон жил ажилласан гавьяат багш М.Цэдэнбал эмээ нь ачтайгаа уйгагүй, тасралтгүй ажилласаар тогтвортой суугаад хооллодог болгосон гэдэг. Хүү ч эмээтэйгээ хэн хэнээс илүү дотно байсан нь шинэ орчинд дасахдаа удаа, танихгүй хүнийг элдэвлээд байдаг түүний сэтгэлийн орон зайд үе үехэн татдаг гэрэл гэгээний нэг байсан юм болов уу даа. 
 
Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийг анх байгуулагдахад Сургалтын албаны даргаар Д.Баасанжав томилогдон очиход гэргий Ц.Мөнхням нь хүүтэйгээ ойр байх гэхдээ аймгийн төв дээр Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн нягтлан бодогчоор ажиллах болжээ. Тэд мөн л хайсаар нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх олж, хүүгээ оруулсан ч харамсалтай нь гаднын хөрөнгө оруулалттай уг төвийн санхүүжилт хаагдсанаар үйл ажиллагаа нь зогсоход хүрч, тэд өөрийн төдийгүй өрөөлийн хүүхдүүдийн төлөө аймгийн удирдлагуудтай уулзаад ч тусыг эс олжээ. Одоо хоёул ажилд гарсан үедээ хүн хөлсөлж хүүгээ харуулдаг. Амралтын өдрүүдээ харин яг хүүдээ, олон жилийн дараа гарсан тэрсхэн хоёр дүүд нь зориулдаг. Ангийнхаа спортын үйл ажиллагааг гардан зохион байгуулдаг, сумын заан цолтой аав нь хүүгээ төрөл бүрээр дасгал хөдөлгөөн хийлгэнэ, дагуулж гүйнэ, өөрөө дургүйцэж байсан ч хөдөлж байвал хэрэгтэй юм болов уу гэж уйгагүй чаргууцалдана. Гараас нь атгаж яваад, тавимагц харсан зүгтээ инээгээд алга болдог хүү нь харин дагуулж гүйхэд бөөрнөөс нь салахгүй шогшино, заримдаа дургүйцлээ илэрхийлж гингэнэнэ, орилно, хашхирна, гэсэн ч эв хавгүйхэн дагаад л гүйнэ. Хүний нутагт аав нь чухам энэ л үеийнхээ үйл явдлын үлгэр домог шиг сайхан төгсгөлийг зүүдэндээ үзсэн нь тэр ээ. 
 
“1,6-хан килограмм жинтэй, дутуу төрсөн жаахан охиноо хараад “Миний хүүхдүүд яагаад дандаа ингэдэг байна аа” гэж гутарч байсан шүү. Инкубаторт хориод хоносон охин минь харин өдөр өдрөөр өсөн торниж, амьдралын аз жаргалыг ахин мэдрүүлж, цаашдын бэрхшээлийг даван туулах их эрч хүчийг өгсөн дөө”  
 
Том хүүгийнхээ эмчилгээ, засал гэж явсаар тэд арваад жилийн дараа зориглон хүүхэдтэй болоход эрүүл саруул охин гарахад нь баярлаж, дараа жил нь мөн хүүтэй болжээ. Одоо охин Б.Ундрах есөн настай, харин бага хүү Б.Эрдэнэхүү найман настай. Хоёулаа дунд сургуулийн сурагч бөгөөд төрөхөөсөө л хамт байсан ах нь тоглоомыг нь ана мана булаацалдах, түлхэж цохиход гайхаж, гоморхох үе байсан ч аандаа ойлгож, одоо бүр айлын хүүхдүүдээс, адгуу зантай томчуудаас ахыгаа өмөөрдөг болжээ. Гэр орчин бүгчимдэх, эргэн тойронд хүмүүс инээлдэх, орчин солигдох зэрэгт хүү тавгүйтэж, толгойн ар хэсгээр маш их халдаг. Түүнийг нь бүгд мэддэг болохоор  дагзыг нь илж тайвшруулна.    
 
Эрх жаахан Эрдэнэхүүгээс эхлээд өрхийн тэргүүн хүртлээ энэ айл гэрийн гишүүн бүр хүүгээ, ахыгаа тав алдуулахгүй, цочроохгүй байх гэхдээ хичээдэг. Гадуур хамт гарахаараа “За, миний хань хоёр багыгаа аваарай” гээд өөрөө хүүгээ хөтөлдөг. Эсвэл өөрөө хоёрыгоо авбал, ээж нь хүүгээ заавал хөтөлнө. Машин зогслоо л бол шууд хаалга саваад буугаад гүйдэг болохоор арга ч үгүй юм даа.
 
Алдчихаад арга мухардаж, тэнгэр газар хөмрөх шиг санагдаж байсан үе бас бий. Санаандгүй алдчихаад Налайхад танихгүй айлаас, хотод Төв аймгийн замаас олж аваад баярласандаа хахаж цацан уйлж, нүүр нүдгүй үнсэж байсан аав ээжийгээ харин хүү юу ч болоогүй юм шиг сониучирхан харж байсан гэдэг.  Шинжлэх ухааны өмнө хүчин мөхөсдөхдөө тэд лам хар, бөө мөргөл, хануур төөнүүр, рашаан сувилал ч сонирхож үзжээ. Лус аргадаж, овоо тахилга, рашаан усны орчмыг цэвэрлэж, хүүхэд үүхэдгүй баярлуулж, буян үйлдэх нь харин энэ гэр бүлийн уламжлал, хэвшил болон тогтжээ. “Насаараа цуг амьдарна” гэж нутгийн номтой нэг хөгшний айлдсан хүү нь нэг л өдөр эрүүл саруул болчих юм шиг, өнөөг хүртэл хийсэн уйгагүй эрэл хайгуул, хичээл зүтгэл нь үр дүнд хүрэх юм шиг итгэж найдсаар л явна аа, аав л ижий нь...
 
Хүүхдийн амьдралын эхний гурван жилийн дотор илэрдэг, уураг тархины хэвийн хөгжил саатсанаас үүсэх нийгэмшихүйн болон хэл ярианы хөгжлийн эмгэгийг аутизм гэх бөгөөд сүүлийн 20 гаруй жилд дэлхий даяар хурдацтай тархаж байгаа ч харамсалтай нь шинжлэх ухаан өнөөдрийг хүртэл шалтгааныг нь, мөн төгс эмчилгээг нь олж чадаагүй байна.
 
Хөвгүүд охидоос дөрөв дахин их өвчилдөг энэхүү эмгэгтэй хүүхдүүд дунд гоц ухаантан ч бий, хөгжлийн бэрхшээлтэй нь ч бий. Дэлхийн хүн амын 1 хувь нь аутизмтай бол Монголд мянга шахам гэр бүл аутистик хэн нэгний хамааралтай амьдардаг ажээ. Хүү нь аутизмтай хэмээн оношлогдсоноос хойш тэд энэ талаар маш их судалж, Монголын аутизмын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, “Аутизмд хийсэн аялал” цахим группийнхэнтэйгээ байнгын холбоотой болжээ. Аутизм бол өвчин биш эмгэг учраас хэзээ ч эдгэхгүй, харин хөгжин өөрчлөгдөх, уйгагүй заслын аргаар сэргэж болох хүн төрөлхтний нэгээхэн өвөрмөц хэсэг болжээ. Биеийг нь өсгөж болно, харин сэтгэл зүйгээр дэмжих, засаж хөгжүүлэх, сурган нийгэмшүүлэхэд маш их хичээл зүтгэл, цаг хугацаа, дэмжлэг туслалцаа хэрэгтэй. Хамгийн гол нь нийгмийн бүлэглэлүүд, орчин тойрныхны харилцаа хандлага энэ эмзэг хэсгийнхний хувьд асар их нөлөө үзүүлдэг. Ойлгож дэмжиж, тусалж тэтгэж чадахгүй бол зүгээр л дуугүй өнгөрч, гоочлохгүй баймаар санагддаг. Б.Гарамбазар хүү гэхэд одоо 17 нас хүрч байгаа, биеийнх нь өндөр 1 м 72 см. Харахад ааваасаа өндөр сайхан залуу, гэвч энэ эмгэгийн улмаас ой ухаан нь нэг нас гаруйтай лугаа орчлонгийн явдлыг өөрийнхөөрөө мэдэрч, таниж ядан аав ээжийнхээ хүчинд амьдрах л гэж амьдарч яваа нэгэн хүүхэд. 
 
Урт хугацааны эрлийн эцэст аав Д.Баасанжав Турк Улсад оношлуулах, аутизмын эмчилгээний хамгийн дэвшилтэт эмчилгээ болох үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал, хүчилтөрөгчийн аппарат эмчилгээ, үргэлжлүүлэн урт хугацааны заслын эмчилгээний талаар өөртэйгөө ижил асуудал, бэрхшээлтэй эцэг эхчүүдийг мэдээ мэдээллээр хангаж, эмнэлэгт зуучилдаг “Аутизмд хийсэн аялал” НҮТББ, цахим группийн админ З.Октябрь хэмээх бүсгүйтэй танилцсанаар хүүдээ энэхүү эмчилгээг хийлгээд үзэхээр сэтгэл шулууджээ. Хоёргүй сэтгэлээр эх орныхоо төлөө зүтгэж ирсэн цэргийн гэр бүлийнхнээ Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд хамт үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн мотобуудлагын батальоныхан, Баян-Өлгий аймгийн Сагсай суманд байрлах ангийн удирдлага хамт олон, Тусгай хүчний цэргийн командлалынхан дэмжиж байгаа. Тэдний дэмжлэг дээр ажиллагааны мөнгө, Буянт-Ухаа хорооллын байраа борлуулсан мөнгөө нэмээд 96 сая төгрөг бүрдүүлээд аав, хүү хоёр Турк Улсыг зорин хүлгийн жолоо заллаа. Гэвч эмнэлгээс ирсэн нэхэмжлэх дээр 136 сая 200 мянган төгрөгийн тооцоо данайж харагдсан. “Хүүгийнхээ төлөө болохоосоо болохгүйг хүртэл явна аа, би” гээд уулзалтаа өндөрлөсөн гүндүүгүйхэн тэр аавын чин сэтгэлийн үг одоо ч чихэнд сонсогдсоор...   
 
Жич: Амьдралын үнэ цэн эрүүл энхийн төлөө зүтгэж яваа энэ гэр бүлд туслах халуун сэтгэлийн хандивыг манай сонин дамжуулахдаа таатай байх болно. 
 
 
Д.Гүнжилмаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин