sonin.mn
ВАШИНГТОН. /Gallup/. Өөр улс орон руу шилжин суурьших хүсэлтэй хүний тоо дэлхий даяар сүүлийн 10 жилд урьд өмнө байгаагүйгээр нэмэгджээ. Ийм мэдээллийг Америкийн “Gallup” судалгааны компани өгч байна. 
 
Тус компанийн явуулсан санал асуулгад дэлхийн 122 орны насанд хүрсэн 127 мянга орчим иргэн оролцсон байна. Энэхүү судалгааг коронавирусний цар тахлын дараа дэлхий нийт аажмаар хэвийн амьдралдаа эргэн орж байх үед хийжээ. 
 
Коронавирусний цар тахал нь сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн буурахад нөлөөлсөн боловч хүмүүсийг шилжин суурьшихад саад болоогүй байна. Цар тахлын хоёр дахь жилд хүмүүсийн шилжин суурьших хүсэл сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж тус компанийн судалгаанд дурдсан байна. Судалгаанаас үзвэл, 2021 онд дэлхийн насанд хүрсэн хүн амын 16 хувь нь (900 сая орчим хүн) боломж олдвол эх орноо үүрд орхих хүсэлтэй байв. 
 
Үүнээс гадна, Латин Америк, Карибын тэнгис, Сахарын цөлөөс урд зүгт орших Африкийн орнууд, мөн Ази болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) зарим оронд шилжин суурьших хүсэл сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
 
Гэхдээ шилжин суурьших хүсэлтэй иргэдийн тоо улс орон болгонд адилгүй байгааг судалгаанд онцолжээ. Ялангуяа, Европын Холбоо /ЕХ/, Зүүн Азийн орнуудад иргэдийн ийм хүсэл эрс буурсан байна. ЕХ-ны Герман, Франц зэрэг улсуудад, Зүүн Азиас Өмнөд Солонгос, Хятадад өөр улс руу шилжин суурьших хүсэлтэй хүмүүсийн тоо сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсан гэж судалгаанд дурджээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг