sonin.mn
Утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурьтай ярилцлаа.
 
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуус ном, уран зохиол уншихаас аль болох хөндийрч, дөлөх маягтай болоод ирлээ. Багш, судлаач, соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэж яваа хүний хувьд та юу хэлэх вэ? 
 
-Нийгмийн хөгжил жам ёсоороо явдаг. Энэ дунд зарим салбар хөгжиж бас хоцорч байна. Жишээлбэл, уран зохиолыг авч үзэхэд уншилтын алтан үе нь 1960-аад оны дундаас 1980-аад он хүртэл байсан гэж би хувьдаа боддог. Интернэт байгаагүй. Телевиз гэхэд орос сувагтай, монгол хэлээр хүлээн авч үзэх зүйл цөөхөн. Тэгэхээр яах вэ, ном их уншиж таарна. Би 1980-аад онд сурагч байсан. Бидний үеийнхэн уран зохиолын хичээл дээр уран зохиолын ном нууцаар уншиж байгаад багшдаа загнуулдаг, зэмлүүлдэг ийм л байлаа.
 
Одоо үеийн хүүхдүүд дэлгэцэд донтож, утсаа ухдаг шиг уран зохиолын номд шимтдэг тийм цаг үе байсан. Тийм болохоор уран зохиолын ном уншдаг алтан үе гэж хэлээд байгаа юм. Гэтэл одоо интернэт, цахим хөгжил хурдацтай явагдаж, хоёр, гурван хуруу зузаан романыг уншаад суух цаг зав сонирхол юу билээ.
 
Миний ажигласнаар аман үе гэж хэлмээр юм уу даа. Амаар хэлсэн зүйлд итгэдэг нэг үе байж байна. Ах нь сургадаг дүү нь сонсдог гэхээр чимээгүй хүлээж авдаг. Дараа нь цаас руу орсон. Гарын үсэг зурсан, тамга дарсан баталгаа нь энэ байна гээд үзүүлэхэд хүн итгэдэг. Цаасан дээр бичсэн зүйлд итгэдэг уран зохиолын алтан үе. Өнөөдөр дэлгэцийн үе ирсэн. Зурагт үздэг хүн ховордлоо, бараг надаар дуусаж байна уу даа. Зурагтаар ямар ч гоё кино гарсан хүүхэд тэрийг сонирхохгүй утсаа л оролддог. Миний хувьд л зурагтаас компьютер гээд хоёр дэлгэцийн хооронд амьдарч байна. Гэтэл бидний хүүхдүүд гар утас, ганц дэлгэцээс хамааралтай болсон.
 
Фэйсбүүк, твиттер гээд нийгмийн сүлжээний сайтууд гээд мэдээллийн эрин үе хурдацтай хөгжиж байна. Тиймээс үе хоорондын зөрчил бий болж буй. Уншихгүй, сонирхохгүй байгааг бидний, тэдний асуудал гэж хэн нэгэнд наахаас илүүтэй нийгмийн үйл явц гэдгээр нь харах хэрэгтэй.
 
Тэгэхээр уран зохиол товчхон, сонирхолтой болох ёстой. Өөрөөр хэлбэл, дэлгэц рүү орох ёстой. Уран зохиолын бүтээл туурвил хийхдээ уран бүтээлчид хэрэгцээнд тохирсон шилжилт хийх нь чухал болоод байна. Хэлд ороогүй шахам хүүхэд Маша баавгай, өөр юу ч юм, дэлгэцээр хүүхэлдэйн кино үзээд байхад л эрт урьдын цагт эмгэн өвгөн хоёр амьдарч байжээ гээд уншуулж сургах гээд байдаг. Яах юм бэ, Харри поттер, Нарниагийн домог, Аватар үзчихсэн байна. Тэдний оюун ухааны хөгжилд эртний ардын аман зохиол, уран зохиол нийцэхгүй байна. Шинэ үеийн оюун санааны хэрэгцээг манай уран зохиол хангаж байн уу гэдэгт бид өөрсдөө дүгнэлт хийх ёстой. Бусдыг буруутгахаас илүү уран зохиолынхон бидэнд асуудал байна. Хурдтай хөгжье, дэлгэц рүү шилжиж, энтертайнмент болгоё. Яавал сонирхол төрүүлэх вэ гэдгийг бодох цаг болжээ. Түүнээс биш шинэ үедээ бурууг тохчхоод суугаад байвал утгагүй. Хүүхэд залууст над шиг бай гэж тулгаж болохгүй. Харин би шинэ үе шиг, тэдэн шиг байх ёстой. Бид өөрийн гэсэн Харри поттер, Пороро, Маша баавгай, Том, жэрритэй болмоор байна. Энэ бол бидний буруу, Соёлын яамны буруу. Уран зохиолын багш миний буруу байхгүй юу. Үүнтэй л эвлэрэх болсон. 
 
Бид хоцроод байгаа гэдэгтэй санал нийлж байна. Төрийн бодлого ч үгүйлэгдэж байгаа байлгүй...
 
-Үгүйлэгдэж байна. Уран зохиолын багш, шүүмжлэгч миний бие уншаад, судлаад шүүмжлээд л явна. Би төрөөс мөнгө гуйхгүй, хүсэхгүй ээ. Би сонирхлоороо энэ ажлыг хийж байгаа. Хамгийн их үүрэг оролцоотой байх хэвлэлийн газар, үйлдвэрүүд цөөрч байна.
 
Барууны болон хөгжсөн орнуудад хэвлэлийн газрууд нь уран зохиолын бодлогыг тодорхойлдог. Өнөөдөр миний ширээн дээр байгаа Ширчингийн Баатарын "Хайрхан" романыг жишээ авч үзье. Хэвлэлийн газрын дарга, редактор уншиж үзээд Монголын зах зээлд энэ роман 200.000 хувь зарагдана, тийм учраас танаас худалдаж авна аа гэдэг ч юм уу. Энэ мэтчилэн уран зохиолын бодлогыг тодорхойлоод явдаг юм байна л даа.
 
Яах вэ, манайд "Тагтаа паблишинг", "Монсудар"-аас гоё ном орчуулаад, зараад олон хүнийг соён гэгээрүүлээд явж байна. Гэтэл үнэндээ зохиолчид яадаг вэ гэхээр, сайн муу юм уу мэдэхгүй нэг романыг 300 хувь хэвлүүлж торонд хийгээд нутгийн зөвлөлөөсөө мөнгө аваад зараад явдаг. Жам ёсоороо явахгүй байна. Яагаад гэвэл манай номын зах зээл жижигхэн. 3 сая хүнээс ном уншдаг нь тун цөөн. Зохиолч Г.Аюурзана хэлсэн байна лээ. Миний номыг 20.000 орчим хүн уншдаг юм билээ гэж. Тэр хүнд баримжаа байна. Үүнээс үзэхэд энэ нийгмийн амьдралд төдий тооны хүн л идэвхтэй уншигч гэсэн үг. Тиймээс төрийн бодлого хэрэгтэй. Ялангуяа хүүхэд залууст зориулсан номыг Соёлын яам бодлогоор дэмжиж, худалдаж авах юм л даа.
 
Тухайн номыг бичсэн хойно нь тендер зарлаж, мэргэжлийн хүмүүсээр уншуулж болно шүү дээ. Тэгээд энэ ном хүүхдүүдэд хэрэгтэй, тэд уншихад болно гэж үзвэл бүх сум суурин, аймгийн төвийн номын сангууд худалдаж аваад эсвэл сурах бичигт оруулаад гэх мэт. Ингэж явмаар байна. Үүнд анхаараасай гэж хүсэж байна.
 
Уран зохиол хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Миний бодлоор ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёр хуваамаар байгаа юм. Эхлээд хүн болгодог хичээл, хоёрдугаарт мэдлэгтэй болгодог хичээл. Мэдлэгтэй болгодог хичээл нь математик, физик, хими, биологи монгол хэл зэрэг. Өнөөдрийн нийгэмд мундаг толгойтой математикч хэрэгтэй юу, бяртай олимпын аварга хэрэгтэй юу. Олимпын аварга хэрэгтэй байсан уу гэвэл байсан. Тэгээд юу болж дуусав. Гэмт хэрэг хийдэггүй, хүн алдаггүй, хулгай дээрэм хийдэггүй, худлаа ярьдаггүй иргэн Монгол Улсад хэрэгтэй. Оногдсон ажлаа хийдэг, хүнийг хайрладаг, ахмадаа хүндэлдэг, залуу үеэ дэмждэг тийм иргэнийг бэлддэг хичээл бол хүн болгодог хичээл. Нэн тэргүүнд уран зохиол, тэгээд уран зураг, хөдөлмөр, биеийн тамир, эрүүлд мэнд гээд л. ЕБС-д 30 орчим хичээл орж байгаа болов уу. 10 орчим нь хүн болгодог, үлдсэн 20 нь мэдлэгтэй болгодог хичээл байгаа байх. Хүн байх нь чухал юм уу, эрдэмтэн байх нь чухал юм уу.
 
Жишээлбэл, би өөрийгөө эрдэмтэн гэхгүй, уран зохиол уншсаны хувьд хүн л гэж хэлнэ. Би доктороо хамгаалсан, гэхдээ энэ нэг их сонин биш. Уран зохиол эцсийн эцэст хүн шиг хүнийг хайрладаг, үзэн яддаг, дурладаг, хайрладаг, хүндэлдэг, баярласан нэгнээ хараад дагаж баярладаг бас уйлдаг тийм л болгодог. Амьдралд, хүнд хайртай байхад сургадаг байх нь л дээ. 
 
Хүн өөрөөсөө хүнийсэж байна гэж ярьдаг. Орчин үеийн философийн хандлага тийм байна. Хүн зуу, тавин жилийн өмнөх өөрийгөө танихаа больчихлоо. Өөрөөсөө ондоошсон гэж байгаа юм. Хүнд бие, сэтгэл, ухаан гурав хамгийн чухал. Спорт, фитнесээр бие галбираа яаж ч хөгжүүлж болно. Мэдлэгээр зодоод математикч, физикч, программист товчхондоо ухаантай хүн боллоо. Гэтэл сэтгэл гэдэг зүйл зүрхэнд, тархинд алинд нь байдаг вэ. Зүрх сэтгэлийг орхиж болохгүй. Хүн шиг хүн байхад уран зохиол чиглүүлдэг. Уран зохиолд бүгдийг бичдэг, дүрсэлдэг. 
 
Уран зохиолоор дамжиж гоо зүйн өндөр мэдрэмж бий болдог гэх юм билээ. Уншаад л байвал тэр нь аяндаа тогтчихно гэсэн үг үү?   
 
-Онолын талаар багахан ярих нь. Уран зохиолын формалист онолд бол чи уран зохиолын мэдрэмжгүй бол чамд заах боломжгүй гэдэг. Математикт 2+2=4. Худлаа гэвэл хуруугаараа тоолоод баталчихна. Гэтэл энэ шүлгийг уншсан хойно чинь гоё байна уу гэж асууя л даа. Хэрвээ за мэдэхгүй гээд дурамчхан хэлбэл, дахиад унш, цээжил гэж хэлээд ямар ч нэмэргүй. Энэ бол мэдрэмжийн тухай асуудал. Энэ утгаараа харгис онол боловч уран зохиол сэтгэлийн боловсрол олгодог урлагийн төрөл. 
 
Монголын эртний уран зохиолын зонхилох дүрүүд нийгэм цаг үеийнхээ онцлогоос шалтгаалаад ихэвчлэн баатар эрс, хаад жанжид байх юм. Энэ хандлага хэдий хүртэл явсан бэ? 
 
-Уран зохиолын төвд хүн дүрслэгддэг. Ер нь ертөнцийн төвд хүн л байгаа. Бүгдийг л хүнд зориулан хийдэг, үйлдвэрлэдэг. Лавшруулахад, уран зохиол гурван зам дамжсан. Эрт үед бурхдын тухай бичдэг байсан. Дараа нь баатар жанжид, хаад, хатад, хувилгаад  хутагтын тухай. Явсаар байгаад эгэл жирийн хүний тухай бичдэг болсон. Эртний уран зохиолд Чингис хаан, Мандухай сэцэн хатны талаар, өөрөөр хэлбэл эгэл жирийн хүн гэсэн ойлголтоос давсан өөр дүрүүдийн талаар бичдэг байж. Энэ бол түүх, нийгмийн хөгжилтэйгөө холбоотой. Монголын нууц товчоо нэг талаас уран зохиол, нөгөөтэйгөөр түүхийн дурсгал. Нэг ёсондоо уран зохиол, түүх хоёр нэг талдаа байсан байхгүй юу. Тэр ч бүү хэл, Эртний Грек, Ромын анагаах ухаан, математикийг урлаг гэж үздэг байжээ. Цагийн аясаар тус тусдаа шинжлэх ухаан болоод салсан. Яг үүн шиг өнөөдөр түүх, уран зохиол тус тусдаа салаад хөгжиж байна. 
 
Урлаг гэдэг цаг үетэйгээ сүлэлдэж өөрчлөгддөг юм байна. Түүнийг дагаад өрсөлдөөн ч эрчимжих нь тодорхой биз. Харин уран зохиол маань энэ бүхний хаана нь явна вэ?    
 
-Нийгмийн хөгжлийн янз бүрийн үе шатанд урлаг, уран зохиолын зарим төрөл зүйл эрчимтэй хөгждөг. Зарим нь бүдэрдэг. Ийм онцлогтой. 1920-иод оны үед хувьсгалын дуу төрөх үйл явц эрчимжсэн. Шивээ хиагт, Магнаг үсэгтэй туг гэх мэт. 1930-аад он боллоо, өгүүллэг жүжиг хөгжсөн. 1940-өөд онд найраглал, 50,60-аад он гэхээр өгүүллэг, тууж роман шүлэг гэдэг ч юм уу.
 
Өнөөдөр урлаг, уран зохиолын зах зээл дээр хамгийн гүйлгээтэй бараа шүлэг биш. Миний ажигласнаар хошин шог, арилжааны кино, нийтийн дуу. Урлагийг гурав хуваадаг. Суурь гурван урлаг гэж хэлж болно. Уран зурагт суурилсан дизайнер, байшин барилга. Дараагийнх нь хөгжмийн урлаг. Айзам, аялгуу, бүжиг, симфони, дуурь. Тэгээд үгийн урлаг буюу уран зохиол.
 
Киноны суурь зохиол, жүжгийн суурь мөн зохиол. Дууны суурь юу вэ, дууны үг нь. Жагсаавал, дэлгэцийн урлаг гэдэг утгаараа кино, араас нь дуу, хошин шог байна. 1960-1980-аад онд дэлхий даяараа роман уншиж байсан. Одоо романы алтан үе бүдгэрээд дэлгэцийн үе рүү орж, Холливудын киног шимтэн үзэж байна. Уран зохиол суурьтай урлагууд л хөгжиж байна. Хошин шог ч уран зохиол суурьтай шүү дээ. Зохиолоо хаячхаад л байгаа болохоос биш. Уран зураг их давуу талтай, орчуулагддаггүй.  Хараад л аль ч улсын хүн ойлгочихдог. Хөгжмийг бас сонсоод орчуулгагүйгээр ойлгоно. Уран зохиолыг тэгш хүртээмжтэй ойлгуулъя гэвэл мэдээж орчуулах шаардлагатай. Үндэснийхээ урлагийг ярихад бол уран зохиол суурьтай урлагийн бүтээлүүд хамгийн их борлуулалттай байна. Шүлэг уншихад цаана нь хөгжим дэвсэх, зураг харуулах ч юм уу нийлэг урлаг болж, холилдож, сүлэлдэж сонирхолтой энтертайнмент болоод өөрчлөгдөж байна. Энэ дунд уран зохиол байр сууриа алдахгүйн тулд зохиолчид сайн байх ёстой. Ялангуяа хүүхдийн уран зохиол маш их хоцрогдож байна. Хүүхдүүдээсээ ч хоцрогдсон. Аль эртний өвөө эмээгийн тухай яриаг хүлээж авахааргүй цоо шинэ эрин үе буюу Gen-Z-ийнхэн юм. 
    
Манайхан дэлхийн сонгодог зохиолуудыг орчуулж, уншигчдын оюуны талхыг барьж байна. Тэдгээр зохиолоос гол баримтлах чиг, жанжин шугам, юуг нь өөрсдөдөө наах вэ зэргээр бэдэрч л байгаа байх. Таны санал бодлыг сонсъё?  
 
-Барууныхны зохиол бүтээлийг орчуулж байгаа нь сайн. Орчуулахдаа сайн эсвэл муу байгаа нь одоогоор асуудал биш. Хуучин ЗХУ, АНУ гээд том төвүүд байсан. Одоо бол нурсан. 50 жилийн өмнө Туркийн зохиолч Нобелийн шагнал авна гэхэд хүний толгойд багтахгүй байлаа. Жишээлбэл, Туркийн Орхан Памук утга зохиолын салбарт Нобелийн шагнал авч байгаа нь тун сонирхолтой. Төвүүд нураад жижиг улс, үндэстний зохиолууд анхаарлын төвд орсон. Юу нь сонирхолтой вэ гэхээр, Мө Янь яг Хятадыг л бичиж байгаа. "Мэлхий" романыг аваад үзэхэд, хятад хүн Хятад Улсаа л дэлхийд таниулж байж сонгодог гэж хэлэгдэнэ. Гэтэл зохиолч хүн үзгээ аваад ширээндээ суух юм бол бүх ертөнцийг байлдан дагуулна гэдэг сэтгэлгээг Туркийн зохиолч Орхан Памукаас харж болно.
 
Үндэстний уран зохиол, онцлогийг дэлхийд таниулна гэж энийг л хэлдэг юм байна. Даяаршил ковидоор дууслаа гэж бичдэг л болж. Гэхдээ интернэт байгаа цагт даяаршсаар л байна. Нэг өдөр зогсоход бид юутайгаа үлдэх вэ гэж Н.Жанцанноров гуай хэлж байсан.
 
Зогсохгүй явна, харин юугаа авч явах вэ гэдгээ л бид бодох ёстой. Монгол гутал дээлтэйгээ танхимд орж ирээд хичээл заах эсвэл оффист яваад байж таарахгүй. Морь унах, мал маллахад зориулагдсан хувцас байхгүй юу. Суурин амьдралд одоо өмсөж хэрэглэж байгаа хувцас нь зохимжтой болохоор өмсдөг. Үүн шиг бид уран зохиол, урлагаас, зан заншлаас юугаа авч явах ёстой вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хуучнаар нь авч мөн орчин үежүүлж болно. Орчин үежүүлэх тусмаа илүү урт наслах юм шиг ээ. Хуучнаараа царцаад ирчихсэн сумо байна, ямар ч өөрчлөлтгүй. Монгол бөх энэ хэвээрээ уламжлагдах юм уу мэдэхгүй. Уран зохиолдоо бид монгол хүний юуг нь бичих юм. Юуг нь авч, юуг орхих юм. Мэдээж хэдэн хүн тохироод шийдчих зүйл биш байх. Хөгжлийн явцад л тодорно. Яг монгол гэж тодотгох зүйлээ бид орхиж, гээж болохгүй. Түүх, утга зохиол, оюун санааныхны л гол ажил. 
 
Хүний тухай асуудлыг дэлхийн сонгодог зохиолд хэрхэн авч үзэж байна?       
   
-Сонгодог зохиол гэдэг нэрэн дор 4 хувааж байна. Сонгодог, шилмэл, хээнцэр, олон нийтийн. Сүүлийн 100 жилийг харахад 300 орчим зохиолуудыг сонгодог гэж нэрлэж байна. Бүх зохиол дотор хүний тухай асуулт байгаа. Достоевскийн “Гэм зэм”-ийг уншихад хүн төрөлхтний өмнө нэг асуулт тавигдана. Яах ёстой юм бэ, хүн яаж амьдрах вэ гэж. Тэр асуултад хариулах гэж бид амьдарч байгаа байх, магадгүй. Уран зохиол үндсэндээ асуулт. Сүүлийн 100 жилийн зохиолууд хүний өмнө маш том асуулт л тавьж байна. Энэ асуултад бид яаж хариулбал болох вэ. Өөртөө, үр хүүхдэдээ, эхнэртээ, эсвэл эх орондоо хайртай байх ёстой юм уу. Гэтэл эх оронч үзэл гэж юу вэ. Япон хүний эх оронч үзэл бол эх газар дээр нутагтай болох гэж байгаа. Цушима Юукогийн зохиолын ганц агуулга бол тэр шүү дээ. Гэтэл монгол хүний эх оронч үзэл нь энэ газар нутгаа алдахгүй байх. Тэгэхээр хоорондоо тэрсэлдээд байлдаж байгаа биз. Хүний өмнө асуулт тавьж байна, Философи тийм л байдаг. Ер нь хүн төрөлхтөн байгаа цагтаа өөртөө асуулт тавиад түүндээ хариулах гэж зохиолоо бичдэг. Бичээд дууслаа гэхэд дахиад л асуулт урган гарч ирнэ. Хүн сайхан, муухай хамаагүй амьдраад л дуусахад юуны төлөө амьдарсан бэ гэдэг асуулт л үлддэг. Энэ магадгүй хүний мөн чанар, оршихуйн асуудал. 
 
Сүүлд зохиогдсон “Болор цом” яруу найргийн наадмыг та шүүсэн. Энэ жилийн онцлог юу байсан бэ?
 
-Бид амьхандаа хүн биш шүлэг харж, шударгаар шүүе гэсэн байр суурьтай хандсан. Тэгсэн ч болов уу гэж бодож байна. М.Амархүү найрагчийн шүлгүүд сайн байсан болохоор өндөр оноо өгсөн. Ер нь “Болор цом”-оор яруу найргийг хэмжихгүй. Бас яруу найргаар тэр чигтээ амьдраад явна гэж байхгүй. Бараан, бартаатай амьдралаас түрч чөлөөлөгдөх боломж нь яруу найраг, урлаг гэж бодож байна. Явж, явж яруу найраг уран зохиолоос тусдаа зүйл.  Орос, Монголын яруу найраг сайн муу гэж дэнслэх боломжгүй. “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би” гэхээр танд гоё санагдах ч надад тийм биш байж болно. Хятад хүнд гоё санагдахгүй. Монгол хүндээ таалагдах мөн чанар нь ийм байхад яах юм. Тэгэхээр яруу найраг үндэсний сэтгэлгээний охь дээд. Үүнийг илэрхийлдэг үгийн урлагийн хамгийн дээд нь яруу найраг.   
   
Орчин үеийн уран зохиолын чиг хандлага, үзэл санаа хаашаа чиглэж байна. Энэ жам ёсны хөгжил нь үү?
 
-Явж байгаа зүйлийг л жамаараа гэх байх. Ингэж тэгж явах ёстой, тэр нь жам гэж хэлэхэд хэцүү. Урлаг, уран зохиолын хувьд ялангуяа. Жам, дэлхийн жишиг гээд ярьдаг тийм үү. Дэлхийн жишиг гэж юу юм. Тэгвэл Монгол ч бас нэг жишиг. Ялгаатай асуудал. Миний хувьд жамаараа л гэж хэлнэ. Монголын шүлэг, яруу найраг, туужийг авч үзээд дэлхийд гайгүй сайн үнэлэгдэнэ. Роман хоцрогдонгуй яваа. Жүжиг бол бүр хоцрогдсон. Гэхдээ уран зохиол эхнээс нь биш дундаас нь ороод гүйцэж болдог.
 
Өнөөдөр агуу жүжиг биччихвэл дэлхийд од болж болно. Муудах, сайжрах хамаагүй. Уран зохиолын мөн чанар нь тэр шүү дээ. Тиймээс жамаараа, зүй тогтлоороо явж байгаа гэж хэлээд байгаа юм. Хэрүүл, шүүмжтэй байдаг нь ч зөв. Ийм л байх ёстой.
 
Өнөөдөр төгс сайн зохиол гараад энэнээс цааш давахгүй гэсэн ойлголт байж болохгүй. Дараагийн үед илүү сайн зохиолч гарч ирээд л энэ салбарыг аваад л явна. Үүнийг мэддэг байх ёстой, өөрийнхөө үед л тогло.  Нэг зүйлийг хэлэхэд уран зохиолд сайхан зүйлээ үнэн гэж итгэдэг. 1+1=11 гоё харагдаж байгаа нь үнэн. Математик үүнийг үнэн гэхгүй. Философи нь ийм юм. Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлэг байна даа. “Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд, хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд”. Үүн шиг худлаа зүйл байхгүй. Шинжлэх ухаан талаасаа бол мангар ч юм шиг. Гэхдээ гоё шүлэг сайн шүлэг, үнэн гэж итгүүлдэг урлаг. Шинжлэх ухаан нотолдог бол урлаг дүрсэлдэг.    
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин