sonin.mn

Найзынхаа контур, сормуусны будгийг анх хэрэглээд “Будаг”-ны амтанд орсон арван жилдээ очвол би яана гээч! Нүүрээ ерөөсөө ч будахгүй байх байсан. Хэрвээ тэгсэн бол жимсний өнгөтэй өнгөлөгчөөр ганц уруулаа өнгөлчихөөд л өөртөө ямар сэтгэл хангалуун алхах байсан бол гэж бодогддог юм. Оо энгэсэг түрхээгүй мөртлөө л цаанаа нэг цэвэрхэн, өнгөлөг харагддаг эмэгтэйчүүдэд бий долоон давуу талыг Гоолингоо дурдаж байна. Тэдний нэг нь болохыг ямар их хүсэж байна гээч!



1. Илүү эрүүл арьс.

Хэдийгээр эмэгтэйчүүд арьсаа гадны нөлөөллөөс хамгаалах гэж буддаг боловч эсрэгээрээ “буддаг” эмэгтэйчүүдийн арьс амархан суларч, унжих нь бий. Косметикийн цүнхээ химийн бодисгүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр дүүргэх хүртэл ийм чимээгүй хөгшрөлт зогсохгүй. Буддаггүй эмэгтэйчүүд арьсаа нар, салхинаас хамгаалахгүй байгаа мэт боловч түүнээс ч хортой химийн бодисоор өөрийгөө “тордоогүй” учраас жилийн жилд нэг л янзаараа туяарч байдаг байна.



2. Мөнгө бага зарцуулдаг.

Крем, пүдр, контур, сормуусны будаг, уруул өнгөлөгч, саа, уруулын будаг, хацар өнгөлөгч гээд хичнээн олон өдөр бүр уулздаг найзууд бий билээ бидэнд? Сард нэг удаа худалдаж авдаггүй юм аа гэхэд гурван сард бүгдийг нь зайлшгүй шинэчлэх шаардлага гардаг шүү дээ. Харин нүүрээ будахгүй бол энэ “хөрөнгө”-ийг ном авах, сургалтанд суух, теннис тоглоход зарцуулна. Том давуу тал шүү, тийм ээ?



3. Цаганд хэмнэлттэй.

Өглөө босоод ажилдаа яарч байсан ч амжвал хэдэн минутыг нүүрэндээ зарцуулахаас татгалзахгүй хүмүүс бол бид шүү дээ. Харин огт буддаггүй эмэгтэйчүүд үсээ хойш нь шуучихаад, үнэртэй үс түрхэхэд л болоод явчихна. Ажил дээр нь хэн ч түүнийг эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаж харахгүй. Ганцхан өглөөний нүүр будалтын цаг ч биш, өдөр түүнийгээ сэргээх, гадуур өөрт зохих будаг хайж явах гэх мэт зүйлсэд илүү цаг зарцуулахгүй.



4. Нүдэнд аюул бага учрана.

Сормуусны будаг, тень нүдэнд орчихоор бид юу ч бодолгүй авчихаад л явдаг. Гэтэл нүдэнд гадны биет орох бүрийд нүдний эвэр бүрхэвч тодорхой хэмжээгээр гэмтдэг. Нүдэндээ будаг хүргэдэггүй бол энэ төрлийн аюулаас хол байж болохоор байгаа биз?



5. Амархан “Хөөрхөн” болдог.

Ерөөсөө ч буддаггүй эмэгтэйчүүд нүдэндээ саа багахан түрхэхэд л шал өөр харагддаг. Тэд хэдэн жил нүүрээ будаагүйн ачаар хэдхэн минутанд л үнэхээр хөөрхөн болох давуу талтай болсон байна гээч!



6. Үргэлж нэг төрхөөрөө л байдаг.

Тэд найз залуутайгаа анхны шөнөө өнгөрүүлсний дараа косметик руугаа бус өглөөний цай руугаа яардаг. Нүүрээ будахгүй байхын нэгэн давуу тал нь шөнө орондоо орохдоо ч, өглөө сэрэхдээ ч нэг л төрхтэй байдагт оршино.



7. “Будаад л хөөрхөн болдог” гэдэг үг сонсохгүй.

Энэ үгнээс болоод олон “угийн” хөөрхөн охид хэлмэгддэг шүү дээ. Мөн буддаг охидуудын энгийн үеийнхээсээ бага юм уу их будчихсан байхдаа сонсдог “Чи өнөөдөр нэг л өөр харагдаад байна даа” гэдэг үгийг барагтай л бол сонсохгүй. За “Хиймэл” гэдгийг бол бүр хэлээд ч хэрэггүй. Бид нүүрээ будахгүй байхад дурлах 7 шалтгааныг мэдэж авлаа. Тэгвэл одоо та нараасаа нүүрээ буддаг байхын давуу талуудыг сэтгэгдлээр дурдаасай гэж хүсэж байна. Олон байгаа гэдэгт найдаж байна шүү.

 

Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ"