сонин mn
ВАШИНГТОН. /BBC/. Бямба гарагт хакерууд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ цахим шуудангийн гадаад систем рүү нэвтэрч, кибер халдлага үйлдэж болзошгүй тухай хэдэн арван мянган хуурамч мэдээллийг ХМТ-ноос илгээжээ.
Энэ тухай ХМТ-ны компьютерын аюулгүй байдлын мэргэжилтнүүд өөрсдөө мэдэгджээ. Нөхцөл байдлын талаар тайлбар хийхдээ мэргэжилтнүүд нууц системийг хакердаагүй гэж мэдэгдсэн байна.
 
 
 
Спам болон фишингтэй холбоотой аюул заналд дүн шинжилгээ хийх чиглэлээр мэргэшсэн “Spamhaus Project” олон улсын байгууллага бямба гарагт мэдээлэхдээ, хуурамч анхааруулга бүхий имэйлүүд нь "үнэхээр Холбооны мөрдөх товчооны дэд бүтцээс ирсэн" гэжээ.
 
 
 
Болсон явдлын талаар Блүүмберг агентлаг бямба гарагт “Spamhaus Project”-ийн мэдээллээс эш татан бичсэн байна.
Илгээсэн имэйлүүдэд халдага үйлдэгч нь өнгөрсөн жил “The Dark Overlord” хакерын бүлгийг шалгаж байсан кибер аюулгүй байдлын судлаач Винни Трой гэдгийг хүлээн авагчдад анхааруулжээ. Хакерууд Винни Тройг “харлуулахыг” оролдсон байж магадгүй гэж “Spamhaus” таамаглаж байна хэмээн Блүүмберг бичсэн байна.
“Spamhaus Project”-ийн мэдээлснээр, хакерууд ХМТ-ны цахим шуудангийн системд нэвтэрч, Нью-Йорк хотод бямба гаргийн оройноос эхлэн дор хаяж 100 000 хаяг руу спам илгээжээ.
 
 
 
Хуурамч имэйлүүд нь @ ic.fbi.gov гэсэн төгсгөлтэй ХТМ-ны хууль ёсны цахим шуудангийн хаягаас ирсэн бололтой гэж ХМТ мэдэгдэлдээ дурдсан байна.
 
 
 
Хэдийгээр халдлагад өртсөн төхөөрөмжийг "асуудал илэрсний дараа хурдан хугацаанд унтраасан ч" "энэ бол байдаг л нөхцөл байдал" гэж мэдэгдсэнийг Ройтерс агентлаг эш татсан байна. Түүнчлэн энэ үйл явдлын талаар ХМТ төдийгүй Кибер аюулгүй байдал, дэд бүтцийг хамгаалах агентлаг (CISA) мэдэж байгаа гэж мэдэгдэлд дурджээ.
“Spamhaus”-ийн мэдээлснээр, имэйлд ямар ч хортой программ хавсаргаагүй байна.
Хакердсан цахим шуудангийн системийг агентууд нууц мэдээлэл илгээхэд ашигладаггүй байсан гэж урьд нь ХМТ-той хамтран ажиллаж байсан “BlueVoyant” кибер аюулгүй байдлын компанийн мэргэжлийн үйлчилгээний газрын дарга Остин Берглас Блүүмберг-т хэлжээ. "Энэ бол нууц систем биш" гэж тэрбээр хэлсэн байна.
Түүний хэлснээр, хакердсан системийг зөвхөн нууцлалгүй мэдээлэл солилцох, дамжуулахад ашигладаг аж. Агентууд нууц мэдээллийг дамжуулахын тулд өөр цахим шуудангийн системийг ашиглах ёстой байдаг гэнэ.Энэхүү үйл явдал нь сүүлийн саруудад АНУ-ын Засгийн газрын сүлжээг тасалдуулж дуулиан шуугиан тарьсан хэд хэдэн халдлага болон АНУ-ын эрх баригчид ОХУ-ыг буруутгасан томоохон хакерын халдлагуудын дараа болж байгаа юм.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг