sonin.mn
ТОЛБО НУУРЫН ТУЛАЛДААНЫ 100 ЖИЛИЙН ОЙД
 
Энэ жил Ардын хувьсгалын ялалтын 100 жилийн ойн дараахан Толбо нуурын тулалдааны 100 жилийн ой тохиож байгаа билээ. Монгол Улсын түүхэнд “Толбо нуурын тулалдаан” нэрээр алдаршсан Оросын цагаантны дээрэмчдийн эсрэг Монгол, Зөвлөлтийн хамтарсан дайчдын 42 хоногийн туршид тулалдсаны ялалт нь 1921 оны Ардын хувьсгалын ялалтыг Монголын баруун хязгаар нутагт бататгасан түүхэн ач холбогдол бүхий үйл явдал юм. 1921 оны эхэнд Монгол орон бүхэлдээ Зөвлөлт орны Дорнод Сибирээс хөөгдсөн Кольчакийн армийн хэсэг бүлэг цагаантны цэрэг дээрэмчдэд эзлэгдсэн байв. 1920 оны аравдугаар сард барон Унгерний захирсан “Азийн морин дивиз” гэгч, бүрэлдэхүүнд нь Монгол-Буриадын, Татарын болон атаман Анненковын гэсэн гурван батарей бүхий 800-гаад цэргийнхэн Монголын зүүн хойд талаар орж иржээ.
Унгерн “Хятад цэргийг Монголоос хөөн гаргаж, Богд гэгээнийг хаан ширээнд залж, Монголын автономи засгийг дахин босгоно” гэсэн сүржин уг яриа тараан, монголчуудын хүсэл эрмэлзэл, сүсэг бишрэлийг ашиглан, Монголын талын ноёд, лам нарыг өөрийн талд татсан байжээ. Ийнхүү Монголын талын дэмжлэгтэйгээр 1920 оны хоёрдугаар сарын 4-нд Хүрээг эзлэн авч, хоёрдугаар сарын 21- нд Богд гэгээнийг хаан ширээнд залж, таван яам бүхий Засгийн газар байгуулан Монголд цагаан хааны цэргийн дэглэмийг тогтоожээ. Үүний хамт Монголын баруун хязгаар ч цагаантны цэрэг бөөгнөрсөн томоохон талбар болсон байв.
 
Тагнын урианхайн нутгаас хөөгдсөн 400 гаруй цэрэгтэй Казанцев Улаангом хавьд төвлөрсөн бол, уулын Алтайгаас есаул Кайгородов 700-гаад цэрэгтэйгээ Улиастайд, Енисейн казах цэргийн атаман казагранд 500 гаруй цэрэгтэй Ховдод төвлөрөн, нутгийн захирагч, ноёд, түшмэл нарыг өөртөө итгүүлэн элсүүлээд, монголчуудаас агт морь, мал, эд агуурсыг албадан гаргуулж хүчээ зузаатгахын зэрэгцээ Ховдод байгаа Оросын Консулын газрыг өөрсдийн түшиц газар болгожээ. Эдгээр цагаантнууд Хүрээнд байгаа барон Унгерн болон хятадын Шинжаан Уйгарын Алтай аймаг-Шар сүмд байгаа генерал Бакич нартай холбоо тогтоон, Монголдоо хүчээ бөөгнөрүүлж, цаашдаа Зөвлөлт орос руу довтлох түшиц газар болгох төлөвлөгөөтэй байжээ.
1921 оны зургаадугаар сарын сүүлээр Монгол ардын журамт цэрэг Зөвлөлт оросын Улаан армийн цэргийн ангиудын шууд оролцоотойгоор цагаантны эсрэг байлдааны үйл ажиллагаа эхэлсэн байна. Ийнхүү байлдааны ажиллагааг идэвхжүүлсээр долоодугаар сарын эхний өдрүүдэд Унгерний цэргийг хөөн гаргаж, долоодугаар сарын 8-нд нийслэл хүрээг бүрэн чөлөөлжээ. 1921 оны долоодугаар сарын 8-нд Ардын түр Засгийн газар болон Монгол Ардын намын Төв хорооны гишүүд цэргийн хамтаар хүрээнд орж ирсэн даруйд Бодоо, Сүхбаатар, Данзан нар Богд хаанд бараалхаж, хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр жинхэнэ Ардын эрхтэй, хэмжээт цаазат Засгийн газрыг байгуулж, 1921 оны долоодугаар сарын 11-ний өдөр Богд хааныг Хүрээний төв ордонд залж, хэмжээт эрхт хаанд өргөмжлөн, “Ардын эрхт цаазат Засгийн газар байгуулснаа тунхаглажээ.
Ийнхүү Монголын төв хэсэг цагаантнаас чөлөөлөгдөж, Монголын үндэсний хууль ёсны засаг төрийг шинэчлэн байгуулж, тунхагласан боловч барон Унгерний армийг устгаж, эх орноо цагаантнаас гүйцэт чөлөөлөх гол зорилт бүрэн шийдвэрлэгдээгүй байв. Ийм учраас долоодугаар сарын 20-ноос эхлэн Унгерний араас хөөж нэхэн байлдсаар наймдугаар сарын эхээр Унгерний цэргийн гол хүчийг бут ниргэснээр гуравдугаар сарын 21-ний өдөр Унгерн монгол цэрэгт баривчлагдан улмаар Улаан армийн мэдэлд шилжүүлэн өгснөөр есдүгээр сарын 7-ны өдөр цаазлагджээ.
Унгерний цэрэг цохигдож бутарсны дараа Дорнод хязгаарт байсан цагаантнуудыг устгахаар Ардын Засгийн газраас Хатанбаатар Магсаржавыг томилжээ. Хатанбаатар Магсаржав Бумцэндийн удирдсан цэргийн ангитай хүч хавсран Зүүн хязгаар болон Улиастайг цагаантнуудаас чөлөөлсөн байна. Үүний дараа МАН-ын Төв Хороо, Ардын Засгийн газар, Баруун хязгаарыг цагаантнуудаас чөлөөлөх ажлыг Магсаржавт хариуцуулж, Баруун хоёр аймгийн цэргийг дайчлан захирах цэргийн яамны дэд сайдаар томилжээ.
 
 
 
Баруун хязгаар буюу Ховдын хязгаарт Дөрвөдийн зүүн гарын Бат ерөөлт төгс хөлөг Далай хан аймаг 12 хошуутай, Үнэн зоригт хан аймаг 15 хошуунаас гаднын Алтайн Урианхайн долоон хошуу, Казахын хоёр хошуу байв.
 
 
 
МАН-ын Төв Хороо, Ардын түр Засгийн газар 1921 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хавсарсан хурлаар жанжин Д.Сүхбаатарын саналыг үндэслэн “Монголын баруун хязгаар Алтайн цаадах Урианхайн хошууд ба Ховд, Улаангом зэрэг газрын монголчуудын намын суртлыг таниулах цэрэг элсүүлэн тэнд үүрлэн байгаа цагаантан нарыг устгаж, орон нутагт хувьсгал явуулах их хэргийг шууд удирдан гүйцэтгэх тэндэх чуулганы дарга нартай цагийн байдалд зохицуулан хэрэг шийдвэрлэх зэргийн дарга бөгөөд намын суртлыг дэлгэрүүлэгч төлөөний их түшмэлийг томилж явуулах нь зүйтэй…” гэж шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэрийн дагуу “Баруун хязгаарыг товхинуулах төлөөлөгчдөөр Ц.Хасбаатар, Ц.Дамбадорж, Полянский, Өлзийханд зэрэг нөхдийг явуулахаар тохирчээ. Үүний хамт МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газраас 1921 оны гуравдугаар сарын 16-нд Зөвлөлт орос улсын Засгийн газарт тавьсан хүсэлтийн дагуу Зөвлөлтийн тал Эрхүү дахь V армийн бүрэлдэхүүнээс “Аялан байлдах корпусын” К.К.Байкаловын удирдсан 22 дугаар тусгай отрядыг явуулахаар шийдвэрлэсэн байв. Энэ тухай К.К.Байкалов өөрийн “Дурдатгал” зохиолдоо: «… V дугаар армийн удирдлага коммунист (большевик) намын Сибирийн товчоо болон Коминтерний алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газраас Ховдын байлдааны удирдагчаар намайг томилж) намын гишүүн, эрэлхэг дайчин Ширких-Полянский томилогдсон юм.
 
 
 
Монгол руу явах цэргийн отряд Иркутскт зохион байгуулагдав. Бүрэлдэхүүнд нь нам ба залуучуудаас шилэгдсэн, тууштай 80 хүн оров. Үүн дээр өөрийн таньдаг намын шилдэг гишүүн партизануудаас 20 хүнийг нэмж авав. Ингээд бид замд гарцгаав. Шинэ тутам байгуулагдсан МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчид бидний хамт явав.Бүрэлдэхүүнд Ц.Хасбаатар, Ц.Дамбадорж, Нацов нарын нөхөд оролцсон байлаа… » гэж бичжээ.
 
 
 
Ийнхүү зохион байгуулагдсан Монгол, Зөвлөлтийн төлөөлөгч дайчид 20-оод их буу, ЗЗ орчим цэрэгтэйгээ Хиагт хотоос гарч Оросын нутгаар явж, Эрхүү хотоор дамжин Ново-Николаевск, Барнаул, Бийск орж чуйн замаар явсаар Монгол Улсын баруун хойт хязгаар-хилийн ойролцоо Зөвлөлт оросын хилийн хотхон Хөшөө мод (Кош-Агач)-д хүрчээ. Хөшөө мод нь Алтайн хязгаар уулын Алтайн автономит мужийн хилийн районы төв бөгөөд Монгол, Орос улсын хилийн харилцааны эрт үеэс өнгөрдөг газарзүй болон худалдаа-эдийн засгийн чухал цэг, Оросын Барнаул, Бийск хотыг Монголын Ховд хоттой холбосон утсан харилцааны чухал зангилаа газар байв.
Төлөөлөгчид районы нутгийн захиргаа, хилчдийн дэмжлэгтэйгээр Дөрвөд далайхан аймгийн харьяа хилийн харуулын Занга Тамбан, Залан Дугар нарыг өөрсдийн талд татаж тэдний туслалцаагаар Монголын талд нэвтэрч, Хатуугийн голын эрэг, Дугар Зангийн гэрийн хажууд тусгай гэр барьж төвлөрснөөр Баруун хязгаар дахь хувьсгалын үйл хэргийг зохион байгуулан удирдах төв штаб нь бүрэлдэн бий болжээ.
Төлөөлөгчид нутгийн ард иргэдийн дунд ухуулга сурталчилгаа хийхийн зэрэгцээ МАН-ын Төв Хороо, Ардын түр Засгийн газрын “Захидал-албан даалгаврыг” Дөрвөд Далайханд гардуулан нааштай хариу авсны дараа залуучуудаас Ардын журамт цэрэг элсүүлэх ажлыг зохион байгуулж эхлэв. Цэрэг элсүүлэх ажиллагаанд анхнаасаа Залан Тогтох, Хөх, Гомбо, Мятав, Аюуш, Жамхүү, Равдан, Шагдар нар өөрснөө элсэхийн хамт нутгийн залуучуудыг татаж элсүүлэхэд ихээхэн тус дэмжлэг үзүүлжээ. Тэр өдрөөс эхлэн Баруун хязгаар дахь ардын журамт цэргийн бүрэлдэхүүн бий болж, удалгүй Монгол-Зөвлөлтийн дайчдын нийлсэн тоо 450-д хүрчээ. Цагаантантай хийх анхны довтолгоог зургаадугаар сарын 14-нд эхэлж, Улаан байшинтын чиглэлд байсан Кайгородовын цэргийн бүлэгт гэнэдүүлэн дайралт хийж бут цохисон нь Монгол-Зөвлөлтийн дайчдын анхны ялалт байв.
Энэ өдрүүдээс үйл ажиллагаагаа улам өргөтгөн, 1921 оны долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Дөрвөд хоёр аймгийн удирдлагыг оролцуулсан зөвлөгөөн хийж, Баруун хязгаар дахь Монгол Ардын намын хороо ба “Баруун хязгаарыг товхинуулах түр яам-Ардын түр Засгийн газар” гэдгийг байгуулан, дээд эрхийг барих Зөвлөлийн даргаар Дөрвөд Далайхан аймгийн дарга Түмэндэлгэржавыг, цэргийн командлагчаар Ц.Хасбаатарыг батлуулжээ.
 
 
Үргэлжлэл бий.
Шангишбайн ЖУКЕЙ /Төр, нийгмийн ахмад ажилтан/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин