sonin.mn
БЕЛОМОРКАНАЛ /эсээ/  
 
Аавын дурсгалд...       
 
    Хөдөө олон сараар ажлаар яваад ирэхдээ ном л бэлэглэнэ. “Сүхбаатар аймгийн Онгон сум, Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Хужирт сумаас худалдан авав” гэж номынхоо дотоод хавтасны буланд ёс юм шиг бичнэ. Бэлэглэсэн номнуудыг нь уншаад сууж байвал хачин их баярлана. Сахлаа шөвөгнүүлээд л инээмсэглэнэ. Өөрөө шөнө дөл болтол ном уншина. Өрөө дүүрэн ”Цагаан далайн суваг”/Беломорканал/ тамхины утаа хөшиглөнө. Одоо ч тэр тамхины үнэр хаа нэгтээ дурсамжийн хана хүрээг даван үнэртэх шиг л санагдана. Заримдаа орой унтахад л уншиж, өглөө босоход л уншсаар л сууна. Хөлөө ачисхийн орны өнцөг дээр суугаад хүрэн даалимбан дээлээ нөмрөөд, тамхиа угзраад номоо уншиж эхэлнэ.  Тэгээд хэдэн бор хүүхэд, гэр орон, ахуй амьдралын түмэн бодлоос салж, оюун санааны цагаан сувгийг гатлаад ондоо огт өөр ертөнцөд амьдран суудаг байсан болов уу? 
  Хөдөө олон сараар ажлаар яваад ирэхдээ тэмдэглэлийн дэвтэр дээрээ дөрвөн мөрт голдуу зөндөө шүлэг бичсэн байна. Гэрээр найз нөхөд нь хааяа ирэх үед тэдгээрээсээ зориуд уншиж өгнө. Мөн л “Цагаан далайн суваг”-тамхиа зуугаад утааг нь манаруулан нүдээ ялимгүй онийлгон шүлгээ уншиж суухыг нь цөөнгүй харжээ. 
 
Чоно, чоно хэмээгч чөлөөт араатан
Хүний  эрхэнд оровч нохой үл больюу. 
Чоныг нохой болгох хүсэл л 
Хүний  сэтгэлийн зовлон буюу 
 
гэсэн дөрвөн мөр шүлгийг нь би мартдаггүй юм. Мэдээж тэр үед би өөрийгөө түүнээс хувь илүү шүлэг бичдэг гэж бодож суулаа. Юун чоно, юун нохой болох, юун хүний зовлон. Түүний оронд хайрын тухай шүлэг бичдэггүй юм байх даа. Хайрын шүлэг л хамгийн сайхан хэмээн сэхээ багатай насны сэхүүн ухаанаар түүний шүлгүүдийг үнэлдэг байлаа. Гэтэл яруу найраг гэдэг янагийн дуулал бараг биш хүний жаргал зовлон, ухаарал сэхээрлийн дуулал болохыг хожуу ойлгосон юм. “Мунхагийн ухаан оройдоо” гэдэг надад л зориулж зохиосон үг мэт санагдана. 
  “Хөх пүүшиг” гэвэл одооны хүүхдүүд огт мэдэхгүй л дээ. “Беломорканал” гэдэг орос тамхинд монголчуудын өгсөн нэр. Нээрээ л нэг хөх хайрцагтай тамхи байлаа. Урт цаасан ишийг нь урлагтай гэгч нь нугалаад утааг нь дээш үлээснээ, номоо өвөр дээрээ тавиад бодлогширно. Чухам юуг бодож бясалгаж байсныг би яахан мэдэх билээ. Гэхдээ л наймаа панз, өгөө авааны тухай бодож суугаагүй гэдэгт нь итгэлтэй байна. Магадгүй шүлгийн мөр бадгууд толгойд нь жигдрэн орж ирсэн ч байж мэднэ. Ер нь одоо санахад бясалгагч талын хүн байжээ. Янзгүй зүйл харахаараа зүгээр л дуугаа хураачихна. Гөжүүд ч юм шиг, адайр муухай ааштай ч юм шиг, ямар ч байсан хөнгөн зугааны хүн байгаагүй юм. Өөрийнхөө залуу насны тухай нэг ч үг унагахгүй мөртлөө өрөөлийн тухай үе үехэн сайхан дурсана. “Туул” рестораны өмнө Чойномыг харсан, Тоомойн Очирхүүтэй утга зохиолын нэг дугуйланд явж байсан, Санжийн Пүрэв, Шаравын Сүрэнжав, Дэндэвийн Пүрэвдорж гээд хачин халуун дотноор зохиолчдын тухай хөх пүүшигнийхээ утааг суунаглуулан бишрэл бахдалтайгаар ярьдагсан. Бишрэл бахдалыг нь, яруу найрагт хайртай сэтгэлийг нь, тамхины суунаг цэнхэр утаа хөшиглүүлэн суух зуршлыг нь би өвлөн авчээ. Чухамдаа хамгийн дуртай бүхнийг нь. 
 
  Гэтэл үнэндээ Их сургуулийн монгол хэлний ангийн оюутан болоод шүлэг бичиж явахад нь манай нэг нэртэй яруу найрагч “яасан хар фонтой /юу гэсэн ч үг юм / шүлэг бичдэг, залуу вэ?” хэмээн үргэлж гоочилсоор байгаад МЗЭ-ийн залуу зохиолчдын нэгдэлд бүртгэж аваагүй тухай, хаврын шалгалтын үеэр ” Утга зохиолын онол”-ын хичээл заадаг багшийгаа дуурайж, ялимгүй дэггүйдсэн хэргээр сургуулиасаа хөөгдөж, геологийн туслах ажилчин болоод хөлдүү газар нүдэж зогссон талаар нь өөрөөс нь биш хожим найз нөхдөөс нь сонсож билээ. Эгээ л “Цагаан далайн суваг” тамхины өтгөн цэнхэр утаа шиг хүний амьдрал заримдаа суунаг төдий зүйл мэт санагдана. 
  Найз нөхөд гэснээс сахал Доржсүрэн, шар Сандагдорж, жолооч Ваанчиг, багш Пүрвээ гээд олон сайхан найзтай хорвоог туулсан юм. “Цугларч суугаад цувж оддог хорвоо” хэмээх  монголчуудын орчлонгийн хатуу үнэний талаар ер бусын “товчхон” хэлсэн гүн ухаан. Бид ч гэсэн энэ хатуу үнэний замаас яахан холдох. Цуглаж суугаад цувж л одоцгооно. Хүний амьдрал гэдэг бидэнд холын холд татсан  уртаас урт зураас юм шиг харагдах ч тийм биш. Томоос том ганцхан тойрог юм шүү дээ. Яг л “Беломорканал” тамхины гогцоорсон утаа шиг. Тэгээд л аажмаар сарниж орхино. Цугларч сууснаа умартаад л цувж одогчдоо мартаж орхино. Манай нэг эстрад хамтлагийн дууг яагаад ч юм, гуйвуулж дуулах би дуртай. 
 
Энэ хорвоо мартагналын хорвоо
Эргэх улирал нь мартагналын улирал... л юм шүү дээ, хөөрхий.
 
Хажууханд байж хайр энэрэл, дурсамжаа үлдээгээд явсан БҮХНЭЭ мартах гэдэг хар хайрцганд хийгээд өнгөрсөн он жилүүдийн тэртээ рүү шидэж орхидог нь бидний гэм биш зан. Дурдатмал сайхан энэ хүний хорвоо угтаа дуу биш дууль ажээ. 
  Надаас хойш... гэж хэлэхэд нь хэзээ ч итгэдэггүй байлаа. Аяа, аав, ээжийгээ мөнхийн юм шиг санаж явдаг хүний ухааны богиныг яалтай. Хаврын нэг зэвэргэн өдөр хашаандаа мод хөрөөдөөд нурмайж зогсов. Цонхоор ээж “аав чинь нэг л эвгүй болчихлоо” гэж хашгирахад нь гэртээ гүйн орвол хөөрхий минь насаараа угзарсан “ хөх пүүшиг” тамхи шигээ царайтай болчхоод ухаангүй хэвтэж байлаа. Эршүү санаатай болж явсан би цээжин дээр нь хэд хүчтэй дараад, хиймэл амьсгаа хийж сэхээв. Зузаан зовхитой нүдээ алгуурхан нээгээд уртаар санаа алдаж билээ. Бодвол “надаас хойш...” энэ хэдэн өнчин сарваа шиг  хүүхэд минь яана даа” гэж санасан бизээ. Тэгэхэд л би “надаас хойш” гэдэг үгийн цаад дотоод шаналанг хагас дутуу ойлгох шиг болсон юм. Гэвч хүүхэд насны ухаарал “Беломорканал” тамхины утаа шиг хэсэг суунаглаад төдхөн сарнин замхрах шиг зуурдын байдаг шүү дээ. Төдхөн л бүгдийг мартаж “мөнхийн” юм шиг санах зуурын бодолтойгоо зууралдаж орхисон хэрэг.
Их сургуулийн чулуун шатан дээр 
Эр хар нулимсаа унагаж 
Элдүүр нь ханаагүй сур шиг настайгаа
Эвлэрч мэдэхгүй явсан үе минь гэж  түүний нэг шүлгийг одоо л эрхгүй ойлгох насандаа би иржээ. Ирсэн ч гэж дээ, амьдрал намайг араас түлхсээр энэ насанд ирэв. “Беломорканал” тамхины зөөлөн үнэр орон гэрийн зузаан хана нэвтлэн үнэртэх шиг санагдана. Санагдах бишээ, үнэртэж байна. Дурсан дуулж, уяран хайлж чадахаа байсан бидний амьдралыг хаа нэгтээгээс аав минь цэлхэрсэн зузаан зовхитой нүдээрээ ширтээд санаа алдаж суугаа ч юм билүү.  Нэгэн өглөө сэрээд ”урд шөнө нутгаа зүүдэллээ. Нугын цэцэгс нь өнгө алаглаж харагдаад...” гэхэд нь “Аав, зүүд өнгөтэй гэж үү?” гэсэнд “Зүүд өнгөгүй л гэдэг дээ, гэхдээ сэтгэл өнгөтэй биз дээ” хэмээж билээ. “Беломорканал” тамхины утаа нарны гэрэлд солонгорох шиг харагдана. 
 
   Хөөрч хөвөлзөж яваад гэнэт салхинд цохигдож хагараад  хальсан биеэрээ газар унасан бөмбөлөг шиг болдог нь хүн бүхний үздэг тавилан. Ёстой л аавын шүлэг шиг ”элдүүр нь ханаагүй сур шиг насандаа” бүгдийг санасанаар болох мэт санана. Хөөрцөглөж, хөөрцөглөж яваад эргээд хартал хөөс ч үлдээгүй байх нь элбэг. Амьдрах гэдэг хэзээ нэгэн цагт оргүй хоосны эрхэнд орохоо үл мэдэн явсаар эцэст нь  бусдын зүрхний өчүүхэн зайнд үлдэж хоцрох бүдэг бадагхан ул мөр төдий зүйл ажээ. Ийм атал  юм бүхэнд тэгтлээ шунан тэмүүлэх ямар ч утгагүйг тэр дэндүү эрт ухаарсан ажээ. Үг хэлээрээ үгүүлсэн, үйлдэл бүхнээрээ үзүүлсэн билээ. Даанч миний хорь хүрээгүй нас давчууг ухаарсангүй, далдыг таньсангүй. 
Итгэл гэдэг цаасны үзүүр дээр 
Бурханы бичсэн ганцхан үгийг 
Шүлэг болгохсон гэж тэр гучаад жилийн өмнө бичсэн юм. Тэр ганцхан үг юу байсан бол. Тамхи гэдэг хорт зуршил хэдий ч тэр ганцхан үгэнд хүргэх утаан шат ч байж мэднэ. Би тамхиа асаагаад утааг нь шившив. Суунаглах утаан дотроос “ УХААРАЛ” гэдэг үг угалзран харагдлаа. 
 
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 
 
2021-05-03