sonin.mn
Сүүлийн хэдэн өдөр нийслэлийн гэр хорооллын зарим хэсэгт уран бүтээлчид зураг зурж буй талаарх фото мэдээлэл цацагдах болсон. Тэд ихэнхдээ хашаа болон төмөр хаалган дээр зураг зурсан байх бөгөөд гэгээлэг өнгөнүүдийг сонгожээ. Гэнэн томоогүй хүүхдүүдийн өхөөрдөм байдлыг дүрсэлсэн нь тухайн орчинд гэрэл гэгээ нэмж байгаа харагдсан юм. Нийтээрээ цар тахлаас үүдэн сэрэмжилж, айж эмээх болсон энэ үед тэдний бүтээл цагаа олсон мэт санагдлаа. Энэхүү ажлыг “Ногоонбаатар” эко урлагийн наадмын хүрээнд зохион байгуулж байгаа ажээ. Монгол, Герман, Чех, Франц улсын уран бүтээлчид хамтран урлагаар дамжуулан байгаль орчны бохирдлын талаарх мэдээллийг хүргэж буй нь энэ аж.
 
 
“Ногоонбаатар” наадмын хүрээнд гаднын уран бүтээлчид манай улсад ирэх ёстой байсан ч цар тахлын улмаас ирэх боломжгүй болсон байна. Тиймээс тэд цахимаар оролцож байгаа аж. Энэхүү наадмын төслийн хамтрагчаар Чингэлтэй дүүрэгт байрлах “Уулын нуур” парк сонгогджээ. Манай уран бүтээлчид “Нарантуул хоёр” захаас “Уулын нуур” хүртэлх 600 метр гудамжинд урлагийн бүтээлүүдээ туурвиж эхэлсэн байна. Тэдний зорилго олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгоход оршиж байгаа юм. “Ногоонбаатар” наадмыг Европын холбооны Соёлын институтийн нэгдлээс санхүүжүүлж, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, франц хэл, франц хэлтэн орнуудын соёлыг дэмжин ажилладаг Монгол-Францын төв болон СУИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн “976” арт галерейгаас санаачилсан “Улаан булан” төслийн багийнхан куратороор нь ажиллаж байгаа аж.
 
 
 
 
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин