sonin.mn
Цагдаагийн байгууллагад энэ сарын 16-ны өдрийн 21:21 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гудамжинд хүнд зодуулсан хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Үүний дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгасан байна. Ингэхэд 26 настай, эрэгтэй “Б” гэгчийг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р” гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, улмаар бусадтай бүлэглэн зодож, танхайрчээ.
 
Тодруулбал, "Р" гэгч нь 15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У” нартай нийлж хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдсэн байна. Мөн банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлгэн зодож, дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацан гал тавин шатааж хэргийн газраас зугтаажээ.
 
Цагдаагийн алба хаагчид тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж тухайн өдрийн шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилсан байна. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчилж, энэ сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ.
 
Улмаар “Т”-г 30 хоног, есдүгээр сарын 20-ны өдөр “Э”, “Э” нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорих, “Р” болон “У” нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарчээ. Тиймээс яллагчдагч “Р”, “У” нарт хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна 
 
гэж ЦЕГ-аас мэдээлэв.