сонин mn
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутгийг АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд ашигт малтмалын хоёр лицензээр “Шинэ шивээ” ХХК-д олгочихсон. Тэр лицензэд үүнээс гадна Шивээ Овоогийн орд газар бүхэлдээ, төмөр замын хамгаалалтын зурвас хэсэгчлэн мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газрууд орчихсон байдаг.
“Шинэ шивээ” ХХК-ийнхан  лицензүүдээ 2016 оны дөрөвдүгээр сард өөрийн толгой компани болох “Эйкүсора”-д шилжүүлсэн. Тэрхүү “Эйкүсора” ХХК-ийн эзэмшигч Хонгконгийн компани байдаг. Ингээд дээрх хоёр лицензийг цаасан дээр Хонгконгийн компани эзэмшдэг болчихож байгаа юм. Гэхдээ Монголд төлөөлөөд яваад байдаг нэг нөхөр бий.
Мэдээж хэрэг газар нутгаа хашуулсан сум орон нутгийнхан дуугүй суугаагүй байна. Шивээговь сумын удирдлагууд, иргэд нь мөн ч их явжээ. 
Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат 2018 оны аравдугаар сарын 31-нд “Эйкүсора” ХХК-д Ашигт малтмалын ашиглалтын лицензээс газар хасуулах тухай 1/231 тоот албан бичиг хүргүүлжээ. Түүндээ “...Танай компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-20424, MV-20420 дугартай лицензийн талбай нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа билээ. Дээрх ашиглалтын лиценз бүхий талбайд Шивээговь сумын төв бүхэлдээ буюу 2217 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар тус тус давхцалтай байна. 
 
 
 
Мөн тус сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад шинээр газар олгохтой холбоотой газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналтай газрууд нь ашиглалтын лицензтэй талбайд бүхэлдээ хамрагдаж байна. Шивээговь сум 3494 оршин суугчтай. Өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй. Хуулиар харьяалуулсан тусгайлсан чиг үүрэгтэй. Сумын нутаг дэвсгэр нь бүхэлдээ лицензийн талбайд хамаарч байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөнөөс гадна иргэдийн Үндсэн хуулиар олгосон үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болоод байна.
 
 
 
Иймд хавсралтад нэр дурдсан нэр бүхий иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрууд, цаашид сумын Дунд болон Урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдах газруудыг ашигт малтмалын лицензийн талбайгаас хасалт хийлгэж хамтран ажиллана уу” гэжээ. 
Үүнд “Эйкүсора” ХХК-ийн захирал Д.Ганхолбоо 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 19/09 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байна. 
Гэвч тэрхүү хариу бичгээр Шивээговь сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ИТХ-аараа дамжуулан тавьсан хүсэлтэд тодорхой хариу өгөөгүй байна. Тиймээс Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат дахин 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Хариу хүргүүлэх тухай 2/04 тоот албан бичиг илгээжээ.
Уг хариу бичигт “...Танай 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 19/09 тоот албан бичигтэй танилцлаа. Сумын ИТХ-аас 2018 оны аравдугаар сарын 31-ний өдөр 1/231 албан тоот “Ашигт малтмалын талбайгаас хасалт хийлгэх тухай” хүсэлтийг хавсралтуудын хамт хүргүүлсэн билээ. Сумын ИТХ-аас Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх үүднээс танай компанид удаа дараа хандахад ямар нэг хариу өгөөгүй байсаар 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр албан бичгийг ирүүллээ. Манай хүсэлтэд дурдагдсан газрууд болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цаашид нэмэлтээр оруулах газруудыг бүхэлд нь хасалт хийлгэх шаардлагатай тул хасалт хийлгэхээр төлөвлөж буй газруудын саналыг яаралтай ирүүлж хамтран ажиллахыг хүсье” гэжээ.
Шивээговь сумынхан ингэж гадаадад эзэмшилтэй компаниас газар нутгаа гуйсаар байгаа юм. 
Үргэлжлэл бий...
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин