sonin.mn

СӨҮЛ, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /Yonhap/. “Хвасон-19” тив алгасагч шинэ баллистик пуужинг амжилттай туршсан гэдгээ Умард Солонгосын тал өнөө өглөө мэдэгдээд, уг пуужинг “хэт хүчтэй цохилт өгөх чадвартай” гэж тодорхойлжээ.


Цохилтын хүчээр “үнэмлэхүй” давуу байдлыг харуулахын тулд манай ус “асар чухал” пуужингийн туршилт хийсэн гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна. 


Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны /JCS/ мэдээлснээр, уг пуужинг Умардын Пёньяны бүсээс пүрэв гаргийн өглөөний 7:10 цагийн үед харвасныг илрүүлжээ. Пуужин Зүүн тэнгист унахаасаа өмнө 1000 орчим км зайг туулан ниссэн байна. Ердийн өнцгөөр харвасан тохиолдолд Умардын тив алгасагч баллистик пуужингууд нь АНУ-ын эх газарт цохилт өгч чадна гэж шинжээчид үздэг.


Умард Солонгосын мэдээлснээр, пуужин дээд тал нь 7687.5 км өндөрт хүрч, 1001.2 км замыг 5156 секундэд туулсан байна. 


Сүүлийн нэг жилийн хугацаан дахь тив алгасагч пуужингийн анхны туршилтыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө хийлээ. Умардын өдөөн хатгалга нь АНУ-ын эх газарт цөмийн цэнэгт хошууг хүргэх чадалтай гэдгээ харуулах, мөн Орост цэргээ байршуулсныг нь зэмлэн буруушааж буйгаас анхаарлыг сарниулах зорилготой байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг