ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /CNN/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг дэмжиж байгаагаа Америкийн сагсан бөмбөгийн супер од ЛеБрон Жеймс пүрэв гаргийн орой илэрхийлжээ. Тэрбээр сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө "сонголт маань тодорхой байгаа" гэж онцолсон байна.
Л.Жеймс X хуудсандаа Ерөнхийлөгч асан Дональд Трампын хэлж байсан таагүй үгсийг нэгтгэсэн дүрс бичлэгийг хуваалцаад “Энд юуны тухай яриад байгаа юм бэ? Хүүхдүүд, гэр бүлийнхээ талаар, мөн тэд маань хэрхэн өсөн торних талаар тунгаан бодох аваас миний хувьд сонголт тодорхой байна.
Камала Харрисын төлөө саналаа өгөөрэй” хэмээн бичжээ. Уг бичлэгт Д.Трампын олон жилийн турш хэлж ярьж байсан таагүй утга агуулгатай үг хэллэг, тухайлбал К.Харрис сонгогдвол улс орон нь “Детройт шиг” болно гэж анхааруулсан, мөн бичиг баримтгүй цагаачид “манай улсын цусыг хордуулж байна” гэж хэлсэн нь багтсан байна.
Бейонсе, Тейлор Свифт, Бад Банни, Арнольд Шварцнеггер зэрэг олны танил эрхмүүд К.Харрисыг дэмжиж байгаагаа өмнө нь илэрхийлсэн юм.
Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжиж ирсэн Л.Жеймс 2016 онд Хиллари Клинтоныг дэмжиж байсан бөгөөд төрийн эрх барьж байх хугацаанд нь Д.Трампыг шууд шүүмжилдэг байжээ. Тухайлбал, “Голден Стэйт Уарриорс”-ын тоглогч Стефен Көрриг Цагаан ордонд уриагүй Трампыг буруутгаж байв. Мөн 2020 онд Жорж Флойд амиа алдсаны дараа тоглолтын өмнө төрийн дууллыг эгшиглүүлэх үеэр өвдөг сөхрөн хүндэтгэл үзүүлсэн тамирчдын талаар Трампын хэлсэн үгийг буруушааж байжээ. Ингэхдээ тэрбээр “Манай улсын дээд удирдлага ямар манлайлал үзүүлж байгааг хараарай” гэж хэлээд сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байсан юм.
Л.Жеймс өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд мөн идэвхтэй оролцож, сонгогчдод дарамт шахалт үзүүлэхтэй тэмцдэг “More Than A Vote” гэдэг байгууллагыг бусад тамирчдын хамт үүсгэн байгуулж байжээ.
Сонгуулийн өдөр ойртож буй энэ үед К.Харрис, Д.Трамп нарын штабууд олны танил хүмүүсийн нэр нөлөөг ашиглаж байна. Америкийн Үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ зодог тайлсан тамирчин Бретт Фавр лхагва гарагт Висконсинд Д.Трамптай хамт сонгуулийн сурталчилгаанд оролцсон бол Милуоки хотод баасан гарагт болох К.Харрисыг дэмжих цуглаанд репэр Карди Б, ГлоРилла, Фло Милли нар оролцох ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
камала харрис орос украйны дайныг дэмжээгүй израль арабын дайныг вэмжээгүй бол ялж болох юм америкийн ард түмний эрүүл мэнд амьдралыг сайжруулж дайны хэнээрхэл дэлхийг мөнхөд жанжлах бодлогоо орхих ганц туйлт бодлого явуулахаа зогсоож нүб-ыг дэлхийн улс түмэнд өгч фашист бодлогыг зогсоохгүй бол америкаас улс орон жийрхээд эхэллээ газар дээр буулгаж юмны үнийг зуу дахин буулгах хэрэгтэй зүүн марксистууд бол зүүн байх хэрэгтэй
Битгий балайр….