sonin.mn

ХАЙКОУ, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /Xinhua/. Дэлхийд анхных болох хиймэл оюуны /AI/ сэдэвчилсэн парк Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Саньяа амралтын газарт сүндэрлэнэ. Эл төслийг хэрэгжүүлэгчид хамгийн дэвшилтэт AI технологи, ноу-хау, дизайны чиглэлээр нэр хүндтэй брэндүүдийг ашиглан зочдод үйлчилгээ үзүүлнэ гэж найдаж байна.


"Супер Газар дундын тэнгис" /Super Mediterranean/ хэмээн нэрлэсэн уг паркийг байгуулах төслийн бүтээн байгуулалт Санья хотод 10 дугаар сарын 30-ны өдөр эхэлсэн бөгөөд төслийг хэрэгжүүлэгч нь “Fosun International” хэмээх хэрэглэгчийн аж үйлдвэрийн корпорац юм.


Тус корпорацын төлөвлөгөөнд тусгагдсанаар уг сэдэвчилсэн паркийг "фүтүрист технологийн соёл иргэншил" гэсэн сэдвээр байгуулах ажээ. Тус паркт урлагийн тоглолт, шоу, дээд зэрэглэлийн зочид буудал, спорт, фитнесс зэрэг олон төрлийн бизнесүүд байрлах болно. Жуулчдын хувийн хэрэгцээг хангах үүднээс зочид буудлын өрөөнүүдийг AIGC, AI Agents, NLP зэрэг хиймэл оюуны дэвшилтэт технологиор тоноглох бөгөөд эдгээр нь өрөөнд байгаа төхөөрөмжийг автоматаар тохируулах, 24 цагийн виртуал үйлчилгээ үзүүлэхэд туслах ажээ.


Паркийн нутаг дэвсгэрт мөн виртуал бодит байдлын технологийг ашиглан соёл урлаг, үзвэр үйлчилгээ үзүүлэх, мөн бодит байдлыг нэмэгдүүлэх технологийн тусламжтайгаар жуулчид болон виртуал хүмүүсийн хооронд интерактив харилцааг үүсгэх ажээ.


Мөн дэлхийд анхных болох болор талстан пирамид хэлбэртэй урлагийн төвийг барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Санья амралтын газрын "соёлын шинэ нэрийн хуудас" болно. 


Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг