sonin.mn

Би 2015-2016 онд “Монгол дахь Америкийн зөөлөн хүч 1 ба 2” цуврал өгүүлэл бичсэн бөгөөд одоо 3 дахийг нь бичихээс өөр аргагүй байдалд хүрэв. Учир нь дэлхийн геополитикийн зөрчлөөс шалтгаалан манай гадаад, дотоод бодлого илт зөрчилд орж, шийдээгүй буюу шийдвэрлэх боломжгүй олон хурц асуудал хуримтлагджээ. Энэ тухай товч өгүүлсү… 1990-ээд оноос эхлэн АНУ манайд нөлөөлөх гол орны нэг болсон юм. Манай гадаад, дотоод бодлогод АНУ тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, ардчиллын амжилт олоход ихээхэн тус нэмэр болсныг бид бүгдээрээ мэднэ. 30 жилийн дараа АНУ манай эдийн засагт онц их нөлөө байхгүй хэрнээ нөлөөтэй хэвээр байна. Тэгвэл АНУ-ын нөлөө хаана байна ? гэсэн асуулт үүснэ. Үүнийг мэдээж эдийн засгаас бусад салбарт хайх ёстой. Энэ нь оюун санааны хүрээ болно.


АНУ оюун санааны хүрээнд Барууны (АНУ-ын) үнэт зүйлс, эрхэмлэлийг Монголд суулгах гэж хичээж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой байна. Барууны үнэт зүйлс Монголын уламжлалт үнэт зүйлстэй тохирох нь ч бий, тохирохгүй нь ч бий. Цөөнгүй тохиолдолд олон шинжээрээ зөрчилдөг гэдгийг ч бид амьдрал дээрээ бэлхнээ харж байна.


Жишээ нь : ижил хүйстэн, харийн шашны зарим үйл г.м.   


АНУ-ын нөлөө манай соёл, боловсрол болон улс төрийн бүтцэд гүн гүнзгий суурьшжээ. Энэ нь аргагүй юм. Харин эдгээр салбар хүрээг бүрэн атгавал монголчуудын оюун санааг шууд удирдаж болно гэдгийг огт мартаж болохгүй. Оюун санааг удирдах амин чухал хөшүүрэг нь боловсрол, хэл хоёр юм. АНУ монголын залууст, ялангуяа дарга нарын хүүхдүүдэд өөрийн иргэншил олгох, өөрийн боловсрол олгох, шагнал (грант) өгөх зэргээр өөрийн нөлөөнд татан оруулж байна.


Жи: магистр бэлтгэх Фулбрайтын хөтөлбөр, сурагч солилцож англи хэл сурахын хамт америк айлд 1 жил амьдрах  “Ирээдүйн манлайлагч” (FLEX) хөтөлбөр г.м-ийг дурдаж болно. Сүүлийн үед манайд англи хэлний сургалтад ихэд анхаарч аль аль талаасаа ахиц гаргаж байна. Ингэснээр англи хэл монголын боловсролын орон зайд хүч түрэн орж ирэв. Энд нэг зүйлийг заавал анзаарах хэрэгтэй. Монгол залуус 1990-ээд оноос эхлэн англи хэлийг хүчтэй сонирхох болсон ба үүний үр дүнд монгол залуус англи хэлийг шаргуу судалж муугүй амжилт олсон.


Харин энэ удаагийн англи хэлний идэвхжилт бол бүх нийтээр нь англи хэлт орон болгох зорилттой нь илт байна. Энэ нь “муу, буруу” хандлага биш хэдий ч хэмжээнээсээ хэтэрвэл аюултай нь эргэлзээгүй. 


2023 оны 5-р сард Монголын Боловсролын Яам Английн “Pearson” боловсролын Төв хоёр харилцан ойлголцлын Меморандумт гарын үсэг зурав. Энэ Меморандумд: англи хэлний багш нарыг бэлтгэх, англи хэлний мэдлэгийн шалгалтын систем нэвтрүүлэх, гадаадын олон дээд сургуульд хүлээн зөвшөөрдөг англи хэлний сертификати олгох зэрэг олон асуудал багтаж байна. 2023 оны 8-р сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга США Энтони Блинкен Монголд айлчлахдаа хоёр улсын харилцааны олон асуудлыг хөндөн ярьсны дотор англи хэлний сургалтыг идэвхижүүлэх явдал орсон. Энэ хүрээнд 1990-ээд онд анх ирж байсан АНУ-ын “Энх тайвны корпус” Монголд ахин идэвхитэй ажиллах болов. 2024 онд УИХ хууль гаргаж дунд сургуулиудад үзэх үндсэн гадаад хэлийг англи хэл болгов.


Залуучуудтай ажиллах нь аль ч суртал нэвтрүүлгийн үндсэн хэрэгслийн нэг болдог. Монголчууд, ялангуяа залуучууд англи хэлийг амьдралдаа амжилт олохын баталгаа, тодруулбал гадаад дотоодод ажил хийх, олон улсын тавцанд гарах үндсэн түлхүүр гэж үзэх болжээ.


АНУ барууныг баримжаалсан сэтгүүлчдийг бэлтгэхэд ихэд анхаарч, монголын ХМХ-ийг идэвхитэй өөрчлөн шинэчилж байна. 2023 оны 9-р сард АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) “Азийн Фонд”-той хамтран монголын ардчилал хийгээд мэдээллийн хүртэцийг дэмжих 5 жилийн хугацаатай програм баталж, монголын сэтгүүлчдийг сургахад 10 сая доллар төсөвлөжээ. АНУ-ын USAID хөтөлбөр ижил хүйстний элдэв төрлийн уулзалт семинар хийж тэднийг ил тод дэмждэг.


Жи: “Азид ЛГБТ байх нь: Монгол Улсын тайлан”-г USAID шууд санхүүжүүлжсэн зэрэг маш олон жишээ дурдаж болно. Сүүлдээ ижил хүйстний агуулга бүхий санааг сургуулийн сурах бичигт хүртэл оруулсан жишээ цөөнгүй. Одоохондоо ижил хүйстэнд хүлцэнгүй хандах, тэднийг “зөв ойлгох” тухай оруулж байгаа. Гэвч энэ бол ердөө л эхний шат юм. Харин дараагийн шат нь яах бол гэдгийг Монголд хэн ч боддоггүй… 


Монголын ардчилал хийгээд мэдээллийн хүртэцийг дэмжих хөтөлбөрийн дагуу ТББ-уудын сүлжээ байгуулах ба энэ сүлжээ бие даасан сурвалжлага хийх, буруу мэдээлэлтэй тэмцэх хэвлэлийн байгууллагуудын төлөөлөгчдийг (сэтгүүлч нарыг) сургах аж. 


Түүнчлэн “Глоб Интернэшнл Төв” энэ хөтөлбөрийг дэмжиж, энэ чиглэлээр Азийн Фонд, Deutsche Welle зэрэг олон ивээн тэтгэгчидтэй харилцах болов. АНУ монголын сэтгүүлчдийг барууны баримжаатай болгохын тулд санхүүжилт, сургалтын олон төсөл хэрэгжүүлж байна. Манайд сургалтад оруулчихмаар олон мэргэжил, салбар бий. Гэтэл ганцхан сэтгүүлчдийг сонгон сургаж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татна. Цаанаасаа заасан юмуу, манай сэтгүүлчид “буруу сурсан” юмуу, сүүлийн үед манай ХМХ нэг л үхээнц байдалд оров. Тэр ч байтугай интернет сүлжээнд элдэв төрлийн хаалт хориг тавих нь эрс ихсэв. Энд монголын төрийн зарим байгууллагууд, тодруулбал Харилцаа холбооны зохицуулах хорооны оролцоо нэлээд байгаа юм. Сүүлийн үед Монголын Google салбар оросын талын мэдээлэл тавьсан хүний нүүр номыг шууд хаадаг болсон, энэ хоригоо ахин тавина, тэр ч байтугай нүүр номд орох эрхийг нь хасна гэж сүрдүүлэх болсон. Энэ хууль бус бөгөөд тэнэг явдлыг нүүр номд идэвхитэй байдаг олон хүн нотолж чадна. Тэр ч байтугай ОХУ-ын нэлээд сайтыг хаасан, Орос кино, үзэсгэлэнгийн фото зургийг хүртэл хаадаг болсон гээд олон баримт дурдаж болно. Өөрөөр хэлбэл Монголд зөвхөн Барууны мэдээлэл авч болно, бусад сурвалжаас мэдээлэл авах эрхгүй шахам болж байна.     


АНУ-аас Хэвлэл Мэдээллийн салбарыг хүчтэй хянах болсон нь: 1. “Өөрийн” ХМХ-ээр дамжуулж ЗГ-т дарамт үзүүлэх, 2. Монголын олон нийтийн санал бодлыг Барууны чиглэл рүү хандуулах гэсэн оролдлого болох нь тодорхой. Ийнхүү монголын сэтгүүлчид Барууны үзэл суртлын “армийн” цэрэг, тэдний үзэл суртлыг дамжуулагч болон хувирч байна. Энэ хооронд Монголын ЗГ ХМХ-ийн хяналтаа чангаруулж, албан ёсныхоос өөр үзэл бодлыг хатуу хянах чиглэл баримталж байна. Энэ нь яруу найрагч Ц.Хулан, сэтгүүлч Ч.Өнөрцэцэг болон нийгмийн тэмцэгчдийг шоронд суулгаж байгаагаар илэрч байна.


Ингэснээрээ Монголын төр засаг мэдээллийн оронд зайд эзлэх байр сууриа улам улмаар сулруулж байна. Төр нь өөрөө мэдээллийн орон зайгаа хянахгүй бол түүнийг нь өөр улс, манай тохиолдолд АНУ эзлэх нь гарцаагүй. Мэдээллийн дайныг Монголоос хаа хамаагүй хол зүйл гэж үзэх нь тэнэг хэрэг. Одоо Монголд мэдээллийн дайн ид явагдаж байна.   

    

Уламжлалт үнэт зүйлсийн эвдрэл



АНУ-ын нөлөө зөвхөн боловсрол, хэл, сэтгүүл зүй төдийгүй соёлын үнэт зүйлсийг хамарч байна. Энэ салбарт АНУ 377 сая долларын янз бүрийн программ хэрэгжүүлж, хөдөө орон нутагт хүртэл барууны үнэт зүйлсийг нэвтрүүлж байгаа нь олон зүйлээр манай уламжлалт үнэт зүйлстэй зөрчилдөх болов. Үүндээ тэд “Beautiful Hearts Against Sexual Violence” мэтийн ТББ-уудыг идэвхитэй ашиглаж байна. Энэ нэрийг шууд орчуулбал “Бэлгийн хүчирхийллийн эсрэг хөөрхөн зүрх” болох ба энэ нэрээр нь монголчууд мэдэхгүй, харин “Хөөрхөн зүрх” нэрээр нь гадарлана. Монгол хүн “хөөрхөн зүрх” гэвэл их л таатай хүлээн авах бөгөөд энэ нь Барууны суртал нэвтрүүлгийн зэвсэг гэдгийг огт гадарлахгүй. Манай уламжлалт үнэт зүйлсийг эвдэж, Барууны үнэт зүйл нэвтрүүлэхэд уламжлалт бус шашны нөлөөг дурдахгүй өнгөрч болохгүй юм.


Монголын уламжлалт үнэт зүйлсийг эвдэж, түүний оронд Барууны үзэл суртал нэвтрүүлж байгаа нь асар удахгүй Монгол улсын тусгаар тогтнол, соёлын бие даасан байдалд ноцтой уршиг тарих нь гарцаагүй. Манай монголчууд улс төр гэвэл баахан ярина, эдийн засаг гэвэл баахан ярина, харин оюун санаа гэвэл огт тоодоггүй. Бидний энэ тэнэг зан Барууны үзэл суртал манайд чөлөөтэй нэвтрэх таатай хөрс болдог.   


АНУ-ын зөөлөн хүч Монголд идэвхижиж байгаа нь стратегийн түвшинд Орос, Хятад хоёрын бодлоготой илт зөрчилдөж байна. 2024 оны 9-р сард В.Путин Монголд айчлах үеэр АН-ын зарим зүтгэлтэн, Д.Сосорбарам, Э.Бат-Үүл нар, мөн “Эрх чөлөө”, “NoDoubleStandard”, ялангуяа “Nо War” хөдөлгөөн эсэргүүцэл өрнүүлэв. Энэ хөдөлгөөнүүд Монголыг Орос, Хятадтай муудалцуулах аюултай чиглэл рүү хөтөлж, Монголыг хорлож байгаа нь илт байна. Ялангуяа “No War” хөдөлгөөн дайныг эсэргүүцэх зорилгоосоо хальж Г.Жуковын хөшөөг нураах, Халхын гол ялалтыг гутаах үйлдэл рүү хальтран орж, улам бүр экстремист хандлагатай болсоор байна. Миний ажигласнаар монголын ТББ-ууд дотроос хамгийн боловсролгүй, хамгийн тэнэг, хамгийн экстремист нь “No War” болно.     


Монголчууд толгойгоо (оюун санаа) АНУ-д, биеэ (эдийн засгаа) Хятад, Орос хоёрт алдчихаад цааш хөгжинө гэвэл үхэл мөхөл рүүгээ замнана. Бие, оюун санаагаа хоёр хуваагаад гадаадад өгчихвөл Монгол нь хаана байх юм ? Энэ хоёрын аль нь аюултай вэ? гэж асуувал би толгойгоо алдах нь илүү аюултай гэж ямар ч эргэлзээгүй хариулна. 


Манай орон АНУ, ОХУ, Хятад гэсэн 3 том улсын дунд тэнцвэржиж ирсэн. Харин одоо бол Орос, Хятад хоёроос эдийн засгийн бүрэн хамааралтай атлаа оюун санааны хувьд АНУ-ын хамааралд орсон хачин эвгүй байдалд ороод байна. Монголчууд толгойгоо (оюун санаа) АНУ-д, биеэ (эдийн засгаа) Хятад, Орос хоёрт алдчихаад цааш хөгжинө гэвэл үхэл мөхөл рүүгээ замнана. Энэ хоёрын аль нь аюултай вэ? гэж асуувал би толгойгоо алдах нь илүү аюултай гэж ямар ч эргэлзээгүй хариулна. Одоо намайг загнана. Чи муу яахаараа Орос, Хятад хоёрыг бичихгүй, ганцхан АНУ-ыг муулаад байгаам гэж. Харин би хоёр хуудас хагас бичвэрт 3 улсыг зэрэг багтаах боломжгүй гэж хариулах байна. Бусад хоёрыг нь дараа бичиж болох л юм…      


Жич: Миний Зөөлөн хүчний талаарх өмнөх 2 өгүүлэл энэ байна:


https://gankhuyag.com/2015/03/26/mnzhfjkashau/,  https://gankhuyag.com/2016/05/16/osoghus7ygystdts/


Судлаач Х.Д.Ганхуяг.


Эх сурвалж: https://gankhuyag.com/


Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу