sonin.mn

Бүтээлчээр хуулбарлах гэж нэг жанр сэтгүүл зүйд байдаг. Тийм аргаар босгосон нийтлэлээ толилуулъя. Twitter гэж бэлээхэн будаа иддэг талбар байна. Монголын нийгмийн аль л болох болохгүйг шүүн хэлэлцдэг цахим ертөнц. Надад бол санаа сэдэл авах, дараагийн нийтлэлээ бичих бөөн шпаргалка (оросоор). Будаа идэхийг англиар cheat sheet гэдэг байх. Будаа идэх бэлэн сэдэв гэх үү дээ. Монголд цалин хөлс бага, хөдөлмөр үнэлэгдэхгүй байна гэсэн шүүмжийн дор Баабар ийм хоёр тайлбар хийжээ:–Энэ бол жинхэнэ шударга явдал. Цалин ба зээлийн хүү... ер нь маш олон юм тэр орны бүтээмжээс хамаарна. Олсон болгоноо тараадаг, ихэнхи хүмүүс нь зүгээр сууж тэжээлгэдэг газар нийгмийн бүтээмж их доор тул тэрэндээ таарсан цалин, зээлийн хүү хүртэнэ. Шударга ёс гэж үүнийг хэлдэг юм гэжээ.


Бүр ориг тайлбар нь:–Аль ч улс орны цалингийн хэмжээ нийгмийн бүтээмжээс шууд хамааралтай. Ихэнхи нь ажил хийлгүй халамжаар тааруухан амьдралаа залгуулаад яваа орны нийгмийн бүтээмж тун дорой байх нь ойлгомжтой. Насанд хүрсэн 10 хүүхэдтэй айлын ганц нь ажил хийж бусад нь түүн дээрээ овоорохоор тэр бүлийн нийлбэр бүтээмж дорой, тэрийгээ дагаад амьдрал ядуу байх нь мэдээж. Багш нар бослого гаргахдаа Германд багшийн цалин 5К евро гэцгээсэн. Германы нийгмийн бүтээмж л үүнийг даахаас Монгол бүх мөнгөө гаргаад дийлэхгүй гэжээ. Бас нэг пост гойд анхаарал татлаа. Бас л ажил хөдөлмөр, хөдөөгийн дампуурлын тухай. Хятадын арьс ширний үйлдвэрийг харуулаад ингэж учирлажээ:–Монгол улс ХАА-н орон. 300 мянга гаруй малчин (нийт ажлын байрны 25%) бараг 70 сая малтай. Уул уурхайгаас хангалттай валют орж ирж байна. Өнгөрсөн жил зөвхөн нүүрснээс 9 тэрбум ам.доллар олсон. Үлгэрийн олон төсөл ярьж байхын оронд бүс болгонд ийм үйлдвэр барьчихаач гэжээ.


Постыг дагалдуулан хүмүүс саналаа бичжээ. Хамгийн ориг нь ийм хоёр пост байна. “Малын арьс шир үнэндээ хайран байнаа, бидний оройгүй тэнэглэл хэзээ дуусахыг хэлж өгөөч, мэдэх хүн байна уу?”, “Үйлдвэр нь байлаа ч ажиллах хүн байхгүй байгаа шүү!” гэжээ.

 

Ердийн юм шиг мөртлөө бидний байж байгаа дутагдлыг шууд л хэлээд тавьчихаж. Хүмүүс бичиж байнаа:

 

-Арьсны цооролтыг багасгахын тулд малаа паразитаас салгах, эрүүлжүүлж эхлэх, арьс ширний үйлдвэрүүд хамгийн их ус хэрэглэж, бохирдуулагчид тул хотоос гадагш төвлөрүүлж барих (Эмээлтийн АҮП гэж яригдаж л байна л даа), өчнөөн боломж, хугацаа яг энэ хүмүүсийн үед байсан.


-Иргэд өнөөдөр онлайнаар Шинэ Зеландын хонины нэхий $99-аар авч байна (хөгшчүүдэд гоё бэлэг болдог учир). Энэ их мөнгө эндээ үлдэх боломжтой байсан, нэмүү өртгийн сүлжээг цаасан дээр биш бодитоор хийх боломж байсан.

 

Миний байнга бичдэг яншдаг сэдэв явж байна. Ажил хийхгүй амьдарч болоод байдаг нийгмийн сүлжээг устгая, эрүүл саруул (хөгжлийн бэрхшээлтэй биш!), бүтэн биетэй, саруул тархитай (сэтгэцийн өвчтэй биш!) монгол хүн болгон ажилтай, орлоготой болмоор байна. Ажил хийлгэж амь зуулгана гэдэг чинь хүний эрхийн эсрэг биш, ардчиллын эсрэг биш, монголчууд бүтээн байгуулах эрх чөлөөгөө эдлэхгүй тэнэгтэж байгаад л манай нийгмийн гол зовиур оршиж байна гэдгээ дахин дахин яншихад би бэлэн. Баабар яг хэлжээ. Ихэнхи хүмүүс нь зүгээр сууж тэжээлгэдэг, нийгмийн бүтээмж их доор гэж! Европт 10 гаруй жил амьдарч байгаа нэг нөхөр сургамжтай үгсийг ингэж бичжээ. Бидний оройгүй тэнэглэл гэснийг тэр нөхөр маш энгийнээр харьцуулалт хийгээд гаргаад ирж. Уран бичлэгийн уралдааны шагналд тодорхойлчихмоор. Түүний facebook-д бичсэнийг sonin.mn-ын уншигчидтай хуваалцаж байсан, гэхдээ дахиад эшлэе. Хэн хүнд сургамжтай гэж үзээд. Хэд ч эшлэсэн би буцахгүй.


Дараагийн зураг хүртэл тэр хүний чин сэтгэлийн зовинолын үгс гээд хүлээгээд авчих!

 

-Энд чанартайг хэрэглэж энгийн амьдарна, манайд тансагийг цуглуулж муу амьдарна.

-Энд чухал яриа, чин сэтгэлийн шивнээг цоо эрүүлдээ хийнэ, манайд хундаганы ард, халж зориг орсон хойноо хувь хувьсгалын чухал яриа эхэлнэ.

-Энд мөнгийг аялалд, танин мэдэхэд зарцуулна, манайд толгой шиг том хөөрөг, том машин, ижил цифрт зарцуулна.

-Энд бага үдэд ажлын эхний завсарлага болно, манайд бага үдэд ажил дөнгөж эхэлнэ.

-Эднийхэн хүнтэй уулзаад салахдаа яриа хөөрөө, мэдлэг мэргэжил, үзсэн харсныг нь үнэлж цэгнэнэ, манайхан өмссөн зүүснийг нь бүрэн үнэлээд сална.

-Энд айлд зочилсон бол гэрийн эздэд талархаад гарна, манайд айлын тавилгыг бүртгээд гарна.

-Эднийхэнд аялалд юу үзсэн нь, юу шинээр сурч мэдэж авсан нь чухал, манайханд хаана, хэдэн улсад очсон нь чухал.

-Энд өөрөөс нь өөр бодол, итгэл үнэмшилтэй хүнийг хүлээн зөвшөөрнө, манайд гадуурхана, ганцаардуулж буланд шахна.

-Энд хүүхэдтэйгээ том хүн шиг зөвлөнө учирлана, манайд загнана зандчина, учирлахын оронд тулгана, шаардана.

-Энд хүүхдээ хүнд төвөг уддаггүй хүн болгохыг хичээнэ, манайд хүний хүүхдээс юугаар ч дутаахгүйг хичээнэ.

-Энд хүүхдээ бусдыг ойлгож, амьтай болгоныг хайрлахыг заана, манайд хүний дор орж шившиг болохгүйг захина.

-Энд нэг л чадварыг төгс эзэмшихийг илүүд үзнэ, манайд юм юмны захтай байх нь дээр гэж үзнэ.

-Энд мэргэжлийн чадварыг үнэлнэ, манайд цуглуулсан диплом, сурсан сургуулийг чухалчилна.

-Энд амьтны арьс, үнэтэй үслэг эдлэл өмссөн хүн “хүн биш”, манайд биенээсээ өрсөн, өр тавин байж тэрийг нь өмсөж байж хүний тоонд багтана гэжээ.

 

Ёстой нүдэнд харагдтал үнэнийг өчжээ. Үнэн үү? “Ядарсан хүн” олонтой байдгийн шалтгаан энэ биш гэж үү? Монголчууд нэг л биш гэсэн гарчгийг би энэ постоос сэдэвлэн авсан юм.


Олсон болгоноо тараадаг гэдэг дээр энэ зураг хариулт өгчихсөн байх. УИХ-ын танхимд ингэж ярьцгаадаг бололтой. Шүүмжлэл зөв байна. Гэвч улс төрчид сургамж авахгүй л дээ. Олон жил угжаад ажил хийх чадваргүй, дээр нь ажил хийх сэтгэхүйгүй болгочихсон юм чинь. Энэ өвлөөс л тарааж өгнө. Өвөл хүндэрнэ, зарим аймаг сум зуданд автана. Нийслэлээс өвс ачсан тусламжийн цуваа жирийлгэж өгнө. Онцгой байдлынхны онгод нь орно. Малчид нь ирэх зун бахь байдгаараа “100 жилийн ой”-нуудаа нижгэр тэмдэглээд л. Тамын тогооны аз жаргалтай эргүүлэг үргэлжилнэ. Би бүр баттай хэлж байна. Улс хөгждөггүй ээ, мөнгөн сан арвиждаггүй ээ. Аргагүй л дээ. Олсон зөөснөө халамж хайранд тараагаад үлдэхээр нь баяр тэмдэглэчихлээр юу үлдэх юм? 

 

Хийсэн бүтээсэндээ атаархаж явдаг монголчуудын хөгийн зан арилашгүй. Ерөөсөө нүүдэлчдэд заяагдмал ориг араншин.

 

Баабарын жиргээнээс дахин будаа идье:–Ийм хүмүүс л энэ орныг авч явж байна даа. АПУ Батсайхан, МАК Намтайшир, Голомт Баясгалан, Худалдаа хөгжил Эрдэнэбилэг, Хааны Баатарсайхан... гэх мэт. Эд хүн юм болохоороо алддаг л биз, хазгай гишгэдэг л биз, гэвч бидний хэрэглэж байгаа, идэж байгаагийн ихэнхийг даадаг, төлдөг. Эднийг “Бидний бололцоог булаасан” гэж гонгинох мулгуу олон. Оронд нь та нар тэр бололцоог нь аваад ажиллуулж чадах байсан уу? Хүн болгон караокэд ороод дуулж чадна, гэхдээ Ла Скалад дуурийн гол дүрд дуулж байгаа Амарааг “Миний бололцоог булааж авсан” гэдэг үү? Бизнес бол дуртай дуракийн ажил биш, ийм хүмүүс “гоц хоолойтой” болж төрдөг юм. Тэрний ачаар чи цалинждаг гэжээ!


Д.Баярхүү