sonin.mn

Монголчуудын мөс чанар, үнэт зүйлсийн нэгэн сорилтын тухай


Сууриараа доройтсон дэлхийн улс төрийн амьдралын өнгөн дээр энэ онд Монгол Улсад гадаад харилцаанд олон том үйл явдал өрнөсний оргил нь Халх голын дайны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал байлаа.


Өнө эртний, олон талт, шүн үндэстэй найрсаг харилцаа бүхий хөршийн Төрийн тэргүүний айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, дэлхий нийтийн нөхцөл байдлын талаар үзэл бодол, байр сууриа нэгтгэх алхам хийсэн нь хэнд ч тодорхой.


Тэгэхдээ энэ бүхний зэрэгцээгээр В.В.Путины айлчлал Халх голын ялалтын ойтой холбогдох утгаараа Дэлхийн III дайны босгонд тулсан дэлхий нийтэд орчин үеийн цэрэг дайны номлолын нэг гол аксиом болсон “Том дайнаас сэргийлэхийн тулд бага дайнд дорвитой ялалт байгуулах хэрэгтэй" байдгийг сануулсан анхааруулга байсны хувьд ач

холбогдолтой болсон нь дамжиггүй. Монголын ард түмэн В.В.Путины энэ айлчлалыг нэн талархан дэмжиж байгаагийн зэрэгцээ зарим тохиолдолд олны анхаарлыг хөндсөн тэрс асуудал хөндөгдөж байгаагийн нэг жишээ нь Гаагийн ОУЭХШ-ийн 'В.В.Путиныг баривчилж, тэдэнд тушаах тухайн шийдвэрийг монголчууд биелүүлээгүй тул түүнд “дүгнэлт өгөх”, “хариуцлага тооцох” тухай шуугиан юм. Энэ асуудлын талаар саяхан /2024.9.12/ Монголын “25-р суваг” телевиз олны танил эрдэмтэд, дипломатуудын ярилцлага зохиож нэвтрүүлсэн нь нэн сайшаалтай бөгөөд Монголын баримталж байгаа байр суурийг өөрийн олон нийт болон гадаадын сонирхогчдод хүргэх ач холбогдолтой боллоо.


Тэдгээр өндөр мэргэжлийн хүмүүсийн тайлбарлаж байгаагаас үзвэл, Монгол Улс өөрийн хүндэт зочин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг “баривчилж, тушаагаагүйн” үндсэн шалтгаан, утга учир нь:


  • Гаагийн ОУЭХШ-ийн шийдвэр гарахаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.В.Путиныг айлчлахыг урьсан байсан, 
  • ОХУ-аас шууд хамааралтай, хүч чадал үлэмж бага Монгол орон Гаагийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй, 
  • Монголчуудын дийлэнх олонх нь оросуудад найрсаг хандаж байдаг тул төрийн түвшинд Гаагийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг дэмжихгүй, 
  • В.В.Путин ОХУ-д хатуу чанга улс төрийн дэглэм тогтоож байгаа нь Оросын нийгмийн оршихуйн онцлогтой холбоотой байж болох, 
  • Монгол Улс XX зууны 30-40-өөд оны үед гаднын хүчний оролцоотой улс төрийн харгислалд нэрвэгдсэн түүх давтагдахаас сэргийлж Гаагийн шүүхэд нэгдсэн гэхтэй холбоотой ажээ.


Эдгээр үндэслэл, тайлбарыг сонсоход хэдийгээр орчин үеийн улс төр, дипломатын арга технологид нийцэх боловч уг асуудлыг монгол үндэстнийхээ мөс чанар, үнэт зүйл, оршихуйн ёсны талаас тайлбарлах нь одоо болон хойч үеийнхэндээ хэрэгтэй байж болох юм гэсэн бодол төрөх ажээ. Тухайлбал: 


1.Монгол үндэстний мөс чанар, Гаагийн шүүхийн шийдвэр:


“Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр, Татаар аймгийнхан охиноо бэр болгон хүргэж ирсэн Хамаг Монголын хаан Амбагайг баривчлан Зүрчидийн Алтан улсад өгч модон моринд хадуулж, зоосны нүхээр сүвлүүлэн тамлуулж алуулснаар монгол хэлтэн хоёр аймгийн хооронд өш хонзонгийн үрийг тарьж, татаруудыг мөхөлд хүргэжээ.


Гаагийн ОУЭХШ-ийн В.В.Путиныг баривчлах шийдвэрийг хэрэгжүүлэхийг Монгол Улсаас шаардах нь эртний түүхийн энэ шившигт үйлдлийг Монголын гараар давтуулахтай утга нэг билээ.


Аль ч улс үндэстэн хөрш орныхоо төрийн тэргүүнийг зочноор уриад хэн нэг гуравдагч этгээдэд дулдуйдан урваж баривчилж тушаах үйлдэл хийх нь тэр үндэстэн мөс чанараараа шударга хүн төрөлхтний эгнээнд үл багтахын хангалттай нотолгоо болох бөгөөд хэн нэг этгээд ийм үйлдэл хийхийг шаардах нь монголчуудыг шууд доромжлон басамжилсан түрэмгийлэл мөн болохоор барахгүй ийм шаардлага тавьж буй этгээд мөс чанар, шударга ёс, ёс суртахууны тулгалтаас ангид оршдогийн баталгаа мөн. Монгол угсаатан хүн төрөлхтний салаа мөчир болж үүссэн голомт дээрээ мянга мянган жил амьдрахдаа төр улсаа төвхнүүлж, хүмүүнлэг, шударга ёсоор амьдрах соёлын арвин өвийг хуримтлуулж, түүхийн хүнд сорилтуудыг давахдаа хүний мөс чанарын тухай ойлголтыг үндэстний үнэт зүйл болгон амьдралынхаа чиг баримжааг тодорхойлж ирсэн юм. Монголчуудын хувьд мөс чанарын тухай ойлголт, түүнийг баримтлах чадвар нь орчин цагийн хямарч хагарсан ертөнцийн хуурамч ардчилал, хуулиар халхавчилсан шуналын түрэлтээс хамгаалах баталгаа болж байдгийг В.В.Путины айлчлалын үеэр дахин нотолжээ.


2. Андын холбооны гүн утга 


Улс үндэстэн бүр өөрийн оршихуйн орчин нөхцөл, туулсан замналаас төрсөн зан суртахуун, амьдралын үнэлэмж, сэтгэхүйн онцлогтой байдаг бөгөөд тэр чанараараа гадаад ертөнцтэй харьцаж өөрийн орон зайг бүрдүүлдэг нь байгалийн түгээмэл хуулийн илрэл юм. Төв Азийн эх газрын хатуу ширүүн уур амьсгалтай уудам орон зайд хоморголон ирэх нүүдэлчдийн өрсөлдөөн, хажиглан дээрэлхэх харийн түрэмгийлэл дунд өсөж бойжсон монголчуудын үндэсний зан чанарын нэг гол онцлог нь андын үнэнч холбоо, аюулаас үл халшрах зориг тэвчээр мөн юм.


Монголчуудын зоригтой, үнэнч чанар түүхийн урт замд үл өгөршин хадгалагдаж ирснийг гадныхан ч андахгүй бөгөөд Монгол орон гаднын эрхшээлд байсан 1858 онд Бээжингээс Францын элчин төвдөө илтгэхдээ:


“Бурханы шашны нөлөөгөөр монголчуудын түрэмгий дайчин чанар номхорсон ч тэд зоригтой, үнэнч хэвээр байна” гэж дүгнэснээс тод харагддаг билээ /О.Батсайхан. “Монголын сүүлчийн Эзэн хаан Богд Жавзандамба”/. Монголчууд энэ чанараараа XX зуунд Орос оронтой андын холбоо тогтоож, улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн, нэг бус удаа гаднын түрэмгийллийг няцаан дайснаа дарж ирсэн юм. Орчин цагийн улс төр судлал, олон улсын харилцааны онол номд “Андын холбоо” хэмээх ойлголт байдаг нь юу л бол.


Андын холбоо бол хувь хүмүүсийн болон улс үндэстнүүдийн харилцааны аль ч түвшинд хувь заяаныхаа нэгдмэл тавиланг ойлгосон итгэл үнэмшилд тулгуурлаж байдгаараа ашиг хонжоо хайсан шунал, цаг зуурын бэрхшээл давахад бусдын хүчийг ашиглах сонирхолд тулгуурласан элдэв холбоо, бүлэглэлээс эрс ялгаатай билээ.


Одоо цагийн Орос орны хүн ардын үлэмж хэсгийг бүрдүүлж буй Евразийн нүүдэлчид болон монгол хэлтний олон мянган жилийн түүх соёлын холбоо, ертөнцийг таних ухаарал, амьдралын үнэлэмжээс улбаалан монголчууд хийгээд Оросын иргэдийн хооронд үүссэн итгэлцэл, ойлголтууд төрт улсын түвшний харилцаа тогтсон сүүлийн 800 гаруй жилийн хугацаанд чанарын өндөр түвшинд хүрч, нийгэм улс төрийн агуулгатай болсон үедээ нэн зөрчилт замыг туулсан ч хувь заяаны нэгдмэл тавилангийн өөдрөг орон зайг бүтээж иржээ. XIII зуунд монголчууд наран шингэх зүгийн газар нутгийг эзлэн 140 шахам жил эрхшээсэн ч Оросын ханлигуудыг нэгдсэн гүрний амьдралын жолоонд оруулж, Москвагийн вант улсыг түшиж төвлөрсөн нэгдмэл улс байгуулах нөхцлийг бүрдүүлснээс гадна, Евразийн уудам орон зайн худалдаа, соёлын харилцаанд оролцох өргөн боломж олгож өгсөн юм. Монголчууд Орос угсаатнуудыг эзлэн эрхшээхдээ тэдний соёл оюуны ертөнц, засаглалын загварыг дарангуйлаагүй төдийгүй олон янз соёл, шашин суртахууны зохирол, хамтын оршихуйн нөхцөлд нэгдсэн төрт гүрний амьдрах төрт ёсны соёлыг өвлүүлж үлдээсэн нь одоо цагийн Орос гүрэн олон үндэстэн. тэдний соёлын өвд тулгуурлан бие даасан соёл-иргэншлийн нэгдэхүүн болж хөгжих үндсийг тавьсан нь түүхэн үнэн билээ.


Монгол гүрэн 400 жилийн тэртээ дотроо хямран доройтож, харийн гүрний эрхшээлд 200 гаруй жилийг өнгөрөөсний дараа XX зуунд тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө тэмцсэн анхны алхмаас эхлэн Орос гүрний дэмжлэгт түшиглэж, нийгэм эдийн засгийн талаар хөл дээрээ зогсох тэнхээ олдтолоо 70 гаруй жил хараат орны жамаар харилцаж ирсэн юм.


Баруун Европод үүссэн коммунизмын онол номлолд автсан Орос гүрэн хийгээд түүнийг бараадан түшсэн Монгол орон пролетарын диктатурын дарангуйлал, нэг улс төрийн хүчний явцуу ноёрхлоос үүссэн хүнд сорилтуудыг туулах явцад монголчууд улс төрийн харгислал, эзэрхэгч гүрний дарангуйлалд нэрвэгдэн хязгаарлагдмал бүрэн эрх, эрх чөлөөний орчинд бүхэл зууныг туулсан ч Оросын соёл, ахуйгаар дамжин ирсэн Европын соёл иргэншлийн нэвчилт, “ялсан” пролетарын орны тусламж дэмжлэгийн үр дүнд угсаатны мөхлийн тавилангаас ангижирч, нийгэм соёл, эдийн засгийн бүх хүрээг хамарсан дэвшил буюу үндэстний сэргэн мандлын замд орсон юм, Түүхэн энэ зурваст ЗХУ-ын дүрээр оршсон Орос гүрэн нэг бус удаа гаднын цэрэг зэвсгийн түрэмгийлэлд өртсөн Монгол оронд олон талтай тусалж, олон мянган иргэдийнхээ амь, амьдралаар тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн байдлыг хамгаалсан нь монголчууд орос хүний мөс чанарыг гүнзгий таньж итгэхийн нэг гол үндэс болсон юм. Хэдийгээр XX зууны эцэст нэгэнт нурж задарсан социалист хүрээний халуун нурман дээр үлдсэн Монгол орон ардчилсан чөлөөт нийгмийн замыг сонгон, хөрш орнуудаас ялгаатай улс төрийн тогтолцоонд шилжиж байгаа ч гэсэн олон түмний сэтгэл оюунд гүн үндэстэй Монгол-Оросын андын холбооны ухамсар хэвээр хадгалагдсаар байгаагийн нэг илрэл нь В.В.Путины энэ удаагийн айлчлал болсон юм. Монгол орон цаг зуурын улс төр, үзлийн хэлбэлзлээс үл хамааран Орос орон, Оросын ард түмэнтэй бат итгэл, найрамдлын харилцаатай байх нь зөвхөн манай үндэсний язгуур эрх ашиг төдийгүй, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдал, хамтын хөгжил дэвшлийн нэг гол хүчин зүйл мөн бөгөөд түүнд ан цав суулгаж, зөрчил үүсгэх алив хөндлөнгийн оролдлого монголчуудын дэмжлэг хэзээ ч олохгүй нь андын холбооны утга учраас үүдэлтэй. 


3. Их Монгол гүрний сүнс


Монгол орон Ази тивийн цээжин дээр дэлхийн хоёр үлэмж том гүрний битүү хүрээлэлд өргөн уудам газар нутгийг эзлэн оршдог билээ. Улс төр, геополитикийн судалгааны хэвшмэл ойлголтоор энэхүү байршлын онцлог нь Монгол орны гадаад харилцаанд хүндрэл, бэрхшээл учруулах мэт боловч түүхэн утга, одоо цагийн агуулга нь нэн өвөрмөц онцлогийг илэрхийлдэг. Түүхэн талаас авч үзвэл, Германы эрдэмтэн М.Правдины тодорхойлсноор одоо цагийн Орос, Хятад гүрнүүд бол Чингис хааны байгуулсан Их гүрний өвийг эзэмшигчид мөн юм.


Хэрэв Монгол Улсыг хамруулан авч үзвэл, энэ гурван улсын эзлэн буй орчин нь Чингис хааны байгуулсан үлэмж том гүрний гол бүрэлдэхүүн болох төдийгүй аюулгүй байдал, амьдралын эрх ашгийн нэгдмэл орон зай мөн билээ.


Энэ гурван улсын харилцаа олон зууны туршид хүн төрөлхтний өсөлт бойжилтын үеийн нийтлэг араншин төрхийг дагаж элдэв ээдрээ, сорилттой тулгарч туулсаар одоо цагтай золгожээ. Орчин үеийн дэлхийн хөгжлийн хүндийн төв Ази тивд шилжиж, Дорнын соёл иргэншлийн хөгжил төрүүлж тэтгэх хүч эрчээ авч, Монгол орныг хүрээлсэн хоёр гүрэн эдийн засаг технологи, цэрэг зэвсэг, соёлын хөгжлөөр тэргүүлэх түвшинд хүрч байгаа нь Монголын хувьд эдийн засгийн харилцааны өргөн уудам зах зээл, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн нэн таатай нөхцөл бүрдүүлж байгаа нь бодит үнэн юм. Монгол орон хэдий хүн ам цөөн, эдийн засаг бага цар хүрээтэй боловч өөрийн газар зүйн байршил, түүхий эдийн нөөц баялгаараа бүс нутгийн, түүний дотор хил залгаа хөршүүдийнхээ хамтын ажиллагаа, хөгжил дэвшлийн үйлсэд аль болохоор тус дэм үзүүлж, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмаар идэвхтэй оролцох нь түүний язгуур эрх ашгийн нэг гол зангилаа асуудал болж байна. Дэлхий нийт их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөнд нэрвэгдэн талцал хуваагдал, элдэв хориг саадтай учирч буй одоогийн ээдрээтэй нөхцөлд Монгол орон өөрийн шууд хүрээлэлтэй аль болох найрсаг харилцаа, үр ашигтай хамтын ажиллагааг тэтгэн хөгжүүлэхийн зэрэгцээ, улс үндэстэн бүр өөрийн үнэт зүйл, түүх соёлын өвд түшиглэн нийгмийн амьдралын зохион байгуулалт, ёс заншлаар аж төрж, бусдын эрх ашгийг хүндэтгэсэн, эрх тэгш харилцааны шинэ орчинд хүрэх ирээдүйгээр баримжаалсан гадаад бодлого баримталж буй билээ.


Монгол орныг тойрон хүрээлж буй хоёр гүрнийг орчин үеийн либерал үзлийн үүднээс захиргаадагч буюу авторитар дэглэмтэй хэмээн шүүмжилж, түүнийг засаж залруулах нэрийн дор “Холимог дайн” өдөөж буй хуучин ертөнцийн оролдлого түүхийн сургамж болон үлдэх нь цаг хугацааны асуудал болсныг олон улсын амьдрал улам бүр нотолсоор байна.


Орос, Хятад гүрэнд төвлөрсөн зохицуулалтад түшиглэсэн тогтолцоо бүрдэж, тэр нь тус хоёр гүрний одоогийн нягт холбоонд хүргэсэн түүх өөрийн өвөрмөц логиктой билээ. Хоёр зууны тэртээ Баруун Европод үүссэн төрийн зохицуулалтад түшиглэсэн социализмын тухай онол XX зуунд Орос оронд хэрэгжсэн эхэн үед Халимагийн сэхээтэн Эрэнжин Хар Даваа “Чингисийн төрийн сүнс” эргэж амилсныг тэмдэглэж байж билээ. Хэдийгээр “большевик” загварын социализм амжилтгүй болсон ч Оросын хүчтэй төрийн тогтолцоотой социал-демократ үзэл, Хятадын гүнзгий соёлд үндэслэсэн социализмын үзэл энэ хоёр орныг одоогийн хүчирхэг төлөвт хүргэсэн нь олон үндэстэн угсаатныг нэгтгэсэн том гүрнүүдийн оршихуй нь тодорхой түвшний төвлөрсөн зохицуулалтыг соёлоор засаглах зарчимтай хослуулахыг шаарддаг зүй тогтлын илрэл гэж үзэж болох бөгөөд тэр нь Их Монгол гүрний төрт ёсны нэгэн үнэт өвд бүрэн нийцнэ.


Түүнчлэн аль ч улс орны гадаад орчин хямран тэрсэлсэн нөхцөлд өөрийн нөөц, хүч бололцоог төвлөрүүлэн дайчилж, амьдрах чадвараа дээшлүүлдэг нь хүний нийгэмд илэрч буй байгалийн хуулийн үйлчлэл мөн гэдгийг нийтээр мэдэх билээ.


Монгол орон энэ бүх замыг туулж өнгөрсөн түүхээсээ үндэслэн аль ч улс үндэсний, түүний дотор хөрш орнуудынхаа сонгосон замналд хүндэтгэлгүй хандахын хамт, өөрийн үнэт зүйл, сонгосон төр, нийгмийн тогтолцоог гаднын элдэв оролцооноос хамгаалж, гадаад орчинтойгоо эрх тэгш найрсаг харилцаа, хамтын ажиллагааг аль болохоор өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байдаг. Олон улсын байдал “түгшүүртэй, тодорхойгүй" болсон одоогийн нөхцөлд улам чамбай хандах нь зайлшгүй.


4. Үнэний хорвоод амьдрах эрх 


Монголчууд эрүүл нийгэмд эрх чөлөөтэй амьдрахын нэг гол угтвар нөхцөл нь өөрийн орны болон дэлхий ертөнцийн үйл явдлын талаар үнэн бодитой. бүрэн хангалттай мэдээллийн орчин мөн бөгөөд тэр нь хүн төрөлхтний хувь заяа дэлхийн дайны босгонд тулсан одоо үед бүр ч чухал билээ. Одоогийн олон улсын харилцааны төвөгтэй байдлын учир шалтгаан, тайлал, үр дагаврын талаар эсрэг тэсрэг олон утгатай янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаагийн нэг шижим нь бух нүгэл ОХУ-ын төрийн тэргүүнтэй холбоотой бөгөөд түүнийг өөрчилснөөр бүх зүйл хэвийн болох тухай мунхруулга юм. 1999 оны 12 дугаар сарын 31-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин албаа орхиж, Засгийн газрын тэргүүн В.Путинд Ерөнхийлөгчийн үүргийг шилжүүлж байгаагаа зарласан нь таван зууны тэртээ алдарт Нострадамус 1999 оныг онцлон “Дээд тэнгэрээс Ангулемцын / Монгол/-ын их хаан заларч, ...Марс /Дайны бурхан/ дэлхийгээс мөддөө ч холдохгүй” хэмээсэн зөгнөлтэй давхцаж байгаа билээ.


Тэхдээ В.Путин буу барьж, пуужин үүрч, дайны уриа цуурайтуулж ирээгүй. Тэрбээр Ерөнхийлөгчийн алба хашсан анхны өдрөөс эхлэн “Оросын задрал”-ыг зогсоохыг гол зорилгоо болгож, Барууны гүрнүүдтэй энх тайвнаар зэрэгцэн оршиж, аюулгүй байдлаа харилцан хүндэтгэж, Лиссабоноос Владивосток хүртэл найрсаг харилцаа,хамтын ажиллагааны нэгдмэл орон зай үүсгэхийг санал болгож байв.


Гэвч УАХ-ныхон ЗХУ-ын задралыг Оросын задралаар үргэлжлүүлэхийг мөрөөдөж, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтийн тэнгис орчмын улсуудыг УАХ-нд элсүүлэн, пуужингийн баазуудаа Оросын хилд ойртуулан байршуулж байсан төдийгүй Хар тэнгист ноёрхох илт санаархал гаргаж Украин, Молдав, Гүржийг УАХ-нд оруулах хөтөлбөр гарган, 2008 онд Гүржийг Оросын эсрэг дайны түрэмгийлэлд турхирсан билээ. 2014 онд Барууны орнуудын илт оролцоотойгоор Укрианд төрийн эргэлт хийж, Орос хэлтнүүдийнхээ эсрэг хоморголон хавчих бодлого баримталж, “алан хядагчдын эсрэг дайн” эхлүүлэх нөхцөлд В.Путин Минскийн гэрээг санаачлан дайны галыг зогсоосон ч түүнийг Украины эрх баригчид болон Барууныхан зөвхөн цаг хожих боломж гэж үзэн нэг ч заалтыг нь биелүүлээгүй бөгөөд Оросын эсрэг цэрэг дайны шууд түрэмгийлэлд бэлдэж хүчийг хуримтлуулсаар найман жилийг өнгөрөөсөн юм. Дайны аюул нэгэнт бодитой болсон 2021 онд ОХУ Барууныханд хандаж өөрийн үндэсний аюулгүй байдлын “Улаан шугам”-ыг, Украиныг УАХ-нд элсүүлэхгүй байх, Украин төвийг сахисан орны статусаа нотолж баримтлах, Украинд үндсэрхэг үзлийн сэргэлтийг зогсоох санал тавьсан ч УАХ-ны удирдлага үл тоомсорлон, “Орост үндэсний эрх ашгийн ямар ч улаан шугам байх ёсгүй” хэмээн мэдэгдэж, Орос улсыг төдийгүй, Оросын соёлыг устгах байр сууриа нэг бус удаа илэрхийлсэн билээ. Аюул занал нэгэнт тулж ирснийг ойлгосон Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украинд “Цэргийн тусгай ажиллагаа” эхэлж, нэг сар гаруйн дараа Туркийн Ерөнхийлөгчийн зуучлалаар Украины талтай тохиролцоонд хүрч гэрээний төсөлд гарын үсэг зурсан юм.


Гэвч долоо хоногийн дараа Украины тал тохиролцооноос татгалзаж дайныг үргэлжлүүлсэн бөгөөд 2024 онд Украины эрх баригч “Ард түмний зарц” намын парламентын бүлгийн ахлагч Арханийгийн нийтэд мэдээлснээр тэр үед Английн нэг улстөрч Украинд ирж,“Сүүлчийн цэргээ хүртэл байлдахыг даалгаж, дайныг үргэлжлүүлсэн” ажээ.


Украин дахь дайныг зогсоогоогүй, зогсоох сонирхолгүй этгээдүүд одоо Дэлхийн III дайныг өдөөхийг оролдож явааг дэлхий нийтээр харж буй билээ. Барууны орнууд элдэв хоригоор Оросын эдийн засгийг боомилон сүйрүүлэх бодлого олон жилийн турш явуулж, Орос-Украины дайн эхлэхээс өмнө "Оросын эдийг засгийг навтас болтол урлаа" хэмээн тунхаглаж, 2022 онд Европыг эрчмийн эх үүсвэрээр хангаж байсан "Умрын урсгал” хэмээх байгалийн хийн хоолойг дэлбэлж, экспортыг нь хориглох шийдвэр гаргасан төдийгүй, тэдний банканд байсан Оросын 300 тэрбум ам.доллартай тэнцэх активыг баривчлан хураажээ. Эдүгээ Украин дахь дайн Орос-Украины хүрээнээс нэгэнт хальж, Оросоос хүн амын тоогоор зургаа дахин их, эдийн засгийн хэмжээгээр ес дахин их УАХ-ны гишүүд болон тэдний бараадагч орнууд Украинд нийлүүлж буй санхүү, цэрэг зэвсэг, хөлсний цэргүүдээр дайнд оролцож байна. Дэлхий нийт цөмийн дайны ирмэгт тулж очжээ. Ийм нөхцөлд монголчууд үнэн бөгөөд бүрэн хангалттай мэдээллийн орчинд амьдарч, дайн сөргөлдөөнийг өдөөн дэврээх, үйл явдлын учир шалтгаан, үндсийг танихгүйгээр хөөрцөгдөн талцахаас ангид байж дэлхий нийт хийгээд бүс нутагтаа эв найрамдал, хөгжил дэвшилд чиглэсэн хамтын ажиллагаанд аль болох идэвхтэй оролцох нь манай үндэсний эрх ашгийн нэг гол баталгаа болж байна. Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл болох иргэдийнхээ эрх чөлөөг Үндсэн хуулиараа баталгаажуулан хэрэгжүүлж буй Монгол орны төр, засаг үндэснийхээ мөс чанар, үнэт зүйл, төрт ёсны соёлын уламжлан өвлөж хөгжүүлсэн гадаад бодлого явуулж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган дээр хэлсэн үг тод харууллаа. 


 


Ерөнхий сайд асан Дашийн БЯМБАСҮРЭН

2024.10.1