sonin.mn

“Хүйтэн дайн дахин эхлэх үү?” гэсэн нийтлэлийн маань үргэлжлэл хэмээн хүлээн авна уу.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров түрэмгийллээ зөвтгөсөн мэдэгдэл үе үе хийдэг. “Нутаг дэвсгэрийн тухай биш юм. Бид хэзээ ч хэн нэгний газар нутгийг авахыг хүсээгүй. Хамгийн гол нь бидний хүссэн зүйл бол НҮБ болон олон улсын хууль тогтоомжийн дагуу Украинд амьдардаг Оросын ертөнцийн оросын соёл, оросын шашинтай орос хэлтэн цөөнхийн эрхийг хамгаалах явдал байсан юм” гэжээ. Ганц Лавров биш Путин, Медведев ч, хэвлэлийн төлөөлөгчид нь ч тэгж  хэлдэг.

 

Ингэж л эргэж буцаж худлаа ярьдаг. “Киевийг 3-хан хоногт авна,Украиныг нацистгүй, зэвсэггүй болгоно” гээд байсан нь шал өөр зөвхөн орос хэлтэй цөөнхи болж хувирдаг. Нэг үгээр Оросын өдөөсөн дайнд үнэн гэж байхгүй.


Үүнтэй холбогдуулан энэ дайны цаад мөн чанарыг гадаадын, тэр дундаа барууны эрдэмтэд хэрхэн үзэж байна вэ? Шинжилж үзье. Энэ хямрал мөргөлдөөн, дайн нь ЗХУ тарж бутарснаас эхтэй гэж эрдэмтэд үздэг. Дэлхийд гуравдугаар эрэмбэлэгдсэн цөмийн зэвсэгтэй Украины цөмийн зэвсэг, стратегийн пуужинт зэвсгийг устгаж, ихэнхийг нь ОХУ-д шилжүүлж, тэгснээрээ Украины аюулгүй байдлыг ОХУ, АНУ, Их Британи батлан даах тухай Будапештын санамж бичигт 1994 онд гарын үсэг зуржээ. Иймээс Украин нь бүх аюулгүй байдлаа Орост даатгасан. 2004 онд Виктор Ющенког Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртэл харилцаа таатай, Украин нь Оросын тал баримталсан гадаад бодлого явуулж байв. Гэтэл 2004 оны сонгуулиар оросын тал баримтлагч Виктор Янукович ялагдаж, украинчууд “Евроинтеграц”-ыг хүссэн шийдвэрээ гаргахад Владимир Путин сэтгэл дундуур үлдэж Украиныг дайсагнаж занажээ. Тэр дайсагнал нь цаашаа газар авч, хоёр ч удаа цочирдом мэдэгдэл хийхэд хүрсэн.

 

1)2005 онд Холбооны Хуралд илгээлт явуулахдаа “Миний хувьд түүх рүүгээ буцаж очих хэрэгтэй мэт. ЗХУ нурж унасан нь зууны хамгийн том геополитикийн сүйрэл болсон бөгөөд олон арван сая эх орон нэгтнүүд маань эх орныхоо гадна хоцорч, оросын ард түмний хувьд эмгэнэл болж үлдлээ. Террорист интервенц, сүүлчийн хасавюртын капитуляцаар эх орны маань бүрэн бүтэн байдал эвдэгдлээ. Нурж унах тахал Оросын өөрт нь шилжин орж ирлээ” гэсэн нь бачимдлын үгс нь байв.


2)2007 онд Аюулгүй байдлын асуудлаархи Мюнхений олон улсын бага хурлын 43 дугаар хуралдаанд үг хэлэхдээ “ЗХУ задарсан явдал бол ХХ зууны геополитикийн аугаа том сүйрэл мөн” гэсэн мэдэгдлээ хийхдээ хонзонгоо удахгүй авна гэсэн далд санаагаа илэрхийлэв.

 

“Хүйтэн дайн”-д ЗХУ ялагдсан явдал бол нөхөж баршгүй эмгэнэл, гэтэл “Хүйтэн дайн”-д өрнөдийнхөн маш их хожсон, иймд “Бүх талын эрх ашгийг тусгасан аюулгүй байдлын шинэ архитектур хэрэгтэй!” гэсэн уриагаа тэр үед дэвшүүлжээ. Тэр нь уриа дуудлага биш, өдөөн хатгалга, заналхийлэл байжээ. Путин заналхийллээ барьж чадалгүй далим хайж байгаад 2008 онд Гүрж рүү халдан түрэмгийлж, Гүржийг бутцохин, тус улсыг гурав хувааж, түүгээрээ Барууныханд маш том сануулга өгчээ. Украины Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд 2010 онд оросын тал баримтлагч  мөнөөх Виктор Янукович арай ядан ялсан боловч Украины “Евроинтеграц”-ын бодлогыг цуцлуулж Москвад ээлтэйгээр эргүүлэх аргагүй болсон байв.


Европын Холбоонд хавсарга гишүүн болох (НАТО гэж тэр үед Киевт огт яригдаагүй) Украины шийдвэрийг эхэндээ Янукович дэмжсэн боловч Кремлийн шаардлагаар тэр шийдвэрээ цуцалмагц Украины дотоодын тэмцэл хурцдаж, тэр нь “Майданы хувьсгал” болж даамжран, засгийн эрхнээс Януковичийг хөөж буулгасан ба тэр Засгийн газартайгаа Орос руу зугтжээ.


Болж өнгөрсөн үйл явдал ердөө энэ. Гэтэл үүнийг нацист, неонацист төрийн эргэлт гэж Москвад оношлон Украины эсрэг стратегиа боловсруулжээ. Цаг алдалгүйгээр Украины дотоод хэрэгт ОХУ-аас маш хүчтэй оролцож дотор нь бужигнуулан 2014 онд Крымыг Украинаас салгаж ОХУ-д хүчээр нэгтгэн, бас Дорнод Украины хоёр муж–Донецк, Луганскийг Киевийн эсрэг босгож, Украиныг иргэний дайны байдалд татан оруулжээ. Энэ дайн 8 жил үргэлжилсэн, Донбассын “босогчид” гэгчдийг Оросоос 8 жил санхүүжүүлсэн, хөлсний цэргээр хангасан, зэвсэглэсэн, бас 8 жилийн турш суртал нэвтрүүлгийн дайн өдөөсөн. Нийт 14 мянган орос хэлтнүүдийг геноцид хийж алсан гэж гүжирдсэн. Гэтэл тэрхүү 14 мянгын 10 мянга нь хоёр талаас байлдсан орос, украин цэрэг, 2000 нь дайны хөлд үрэгдсэн энгийн иргэд, 2000 орчим нь тэр гэхийн тэмдэггүй (гадаадын хөлсний цэрэг?) хүмүүс байсныг оросууд ч одоо өөрсдөө хүлээн зөвшөөрч байна.

 

Ийнхүү одоогоос 20 жилийн өмнө Орос-Украины харилцаа муудаж, 10 жилийн өмнө Орос нь Украины эсрэг шууд бус дайнд татагдаж оржээ. Тэр зөрчил явсаар 2022 онд энэхүү эмгэнэлт дайнд хүргэжээ.

 

Тусгаар тогтносон, хуучин Зөвлөлтийн хоёр БНУ одоо хоёр талаасаа дайн хийж байна. Үүсгэгч нь Орос. Хямрал өдөөхөд шалтаг гаргаж өгсөн нь украинчууд гэх боловч Европтойгоо хамт хөгжье гэсэн украинчуудын хүсэл эрмэлзлийг “Оросын эсрэг нацист үзэл” хэмээн гөрдөж болохгүй. Энэ улс гадаад бодлогодоо хэнтэй хамтран ажиллах, хэнтэй түншлэхээ сонгох сонголтын бүрэн эрхтэй гэдгийг Москвад хэзээ ч уучлахгүй байгаагийн гай л энэ дайны үндсэн шалтгаан юм. Украинд Ерөнхийлөгч, парламентаа удаа дараа сонгоод байхад зөвхөн Кремлийн талд ажиллах, Оростой үүрд түншлэх, Москвагийн үгнээс зөрөхгүй байх, яваандаа эх орноо Орост нэгтгэх тийм улс төрийн хүчнийг сонгоогүйд Путин маш ихээр цочирдон уурлаж, АНУ-ын өдөөсөн “өнгөт хувьсгал” хэмээн хардаж, Украинд 20 жилийн турш өширхөж иржээ. Уялдаа холбоо, түүх нь ердөө энэ хэмээн барууны эрдэмтдийн олонхи дүгнэж байна. 

 

Энэ түүхийг үечилсэн судалгаа байна.


  • 1991 онд ЗХУ задарч, задралыг ОХУ, Украин, Белорусс гурав манлайлсан. Гурвуулаа гурван биенээ хүлээн зөвшөөрсөн. Үүнд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал бүгд баталгаажсан.
  • 1994 онд ОХУ, АНУ, Их Британиас Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг батлан даах маягаар цөмийн зэвсгээс нь чөлөөлсөн.
  • 2004 онд Украинд Европын тал баримтлагч улс төрч ялж Ерөнхийлөгч болсон.
  • 2013-2014 он дамжин Украинд Европтой хамтрахын төлөө (НАТО биш шүү!) тэмцэгчид ялж, Оросын тал баримтлагч Ерөнхийлөгч, Засгийн газраа хөөж буулгасан. Орос хариуд нь Крымыг нь өөртөө хавсарган нэгтгэж, Донбассыг дотроос нь хагалан бутаргаж дотоодын зэвсэгт дайн дэгдээлгэсэн.
  • 2022 онд Цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх, Орост хүчээр хавсарган нэгтгэх, “Украин бол Орос” гэсэн уриатай дайн явуулсаар өнөө хүрч байна.

 

Одоо Украин яагаад ОХУ-тай хэлэлцээний ширээнд суухгүй байгаагийн шалтгаан тодорхой боллоо. ЗХУ-аас хойш 33 жилд байгуулсан гэрээ хэлэлцээр, үүрэг амлалтаа ОХУ огт биелүүлээгүй. Иймд Оросын эрх баригчдад, Путинд хэзээ ч итгэх аргагүй. Тэд тохиролцлоо ч эргэж хараад салаавч үзүүлнэ! Зөвхөн Украиныг (Өрнөдтэй нь) устгахыг л зорино! Өөр санаа зорилго байхгүй, байх ч нөхцөлгүй!

 

Доржийн Сүхбаатар