sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Фронтын мэдээнүүдээс үзвэл Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө бараад, асар их зэвсэг, сум, пуужингийн агуулахуудаа дэлбэлүүлээд яаж ч чадахгүй байгаа тухай хөрвүүлж буулгая.

 

Орос-Украины дайн ийм эргүүлэгт явж орно гэж хэн ч төсөөлж байсангүй. Цэргийн мэргэжлийн би гэхэд л ерөнхий цэргийн армиудын хооронд өргөн фронтоор дайтна, маш их танк, их буу, авиац оролцоно гэсэн тооцоотой байсан. Гэтэл эргээд харвал Орос нь Украиныг хэн болгочихов доо гэсэн бодол ээрсээр байна.


Устгана ялагдуулна гэж довтолсон биш Украиныхаа зэвсэгт хүчнийг дэлхийн тэргүүлэх армийн нэг болгочих шиг боллоо. Цэргийн технологийн хувьд ОХУ нь АНУ-ыг бараадахгүй юм байна, НАТО-г дийлнэ гэж үлгэр юм байна гэх зураглал бууж байна. Салдаггүй, алхам тутамдаа өдөр ирэх тусам мэдэрч байна. Нисэгчгүй нисэх онгоц, дроноор Орос руу хоног алгасахгүй довтолж байна. Одоо бол зөвхөн аэродромууд онилогдсон бус ОХУ-ын нутаг дэвсгэрт наад зах нь 300 гаруй байнд (объект) Storm Shadow ба ATACMS пуужингаар цохилт өгөх бололцоотой боллоо. Учир нь тэр тусладаг Баруун нь зөвшөөрлөө өгөхийн босгон дээр байна. Хэрэв зөвшөөрчихвөл Оросын нутгийн гүнд барууны холын тусгалтай зэвсгээр цохилт өгч эхэлнэ. Энэ тухай германы Spiegel сэтгүүлд нэг бүрчлэн бичжээ. Жишээ нь Storm Shadow пуужин 250 км дотор байгаа онч мэргэн ононо. Үүнд сум галт хэрэгслийн агуулах, аэродром, командын пункт,  радар, радиоэлектрон тагнуулын стационар комплекс гэх мэт Украины хувьд 261 цэргийн бай бэлэн болжээ.


ATACMS нь 300 хүртэл км-т тусна. Тооцоолсноор Оросын 52 бай цохилтоо хүлээн бэлэн байна. Дайн судлалын хүрээлэнгийн (АНУ) аналитикч  Жорж Барросын хэлснээр 300 км радиус дотор Оросын 313 цэргийн объектыг онилсон бөгөөд гэхдээ тийм олон пуужингаар бус, зөвхөн хэсэг пуужингаар л Украинд байлдаж буй оросын цэргийн ложистикийн сүлжээг бужигнуулж чадна.


“Оросын түрэмгийллээс бүрэн хамгаалах, эрсдэлийг үүрэх баталгааг бид өгч чадах хэрэгтэй. Тэгэхгүй бол Кремль өөртөө эрдсээр үлдэх болно” хэмээн Баррос анхааруулжээ. НАТО-гийн шинэ ЕНБД Марк Рютте Киевт айлчлаад “Украин нь барууны холын тусгалтай зэвсгээр ОХУ дахь байнуудад цохилт өгөх боломжтой байх ёстой” хэмээн зоригтой мэдэгдэв. Олон улсын эрх зүй Украины талд байна, тэд өөрийгөө хамгаалах эрхтэй хэмээн Рютте нэмж хэлэв. Владимир Зеленский Рюттетэй хэлэлцээ хийхдээ ялалтын төлөвлөгөөний зүйл ангиудыг танилцуулав. Өмнө нь Цагаан ордонд зочлохдоо ноён Жо Байденд ОХУ-ын нутаг дэвсгэрт буй байнуудын жагсаалтыг гардуулсан бөгөөд тэдгээр нь командын пунктууд, зэвсэг ба шатах тослох материалын агуулахууд, мөн цэрэг бөөгнөрсөн байршлууд байжээ.


Дээр зөвхөн Storm Shadow ба ATACMS пуужингийн цохилтын магадлалын тухай өгүүллээ. Тэгвэл Украин өөрөө ОХУ-ын нутаг дэвсгэрт, бүр гүнд нь цохилт өгөх хүчин чадалтай холын тусгалт пуужин, дроны үйлдвэрлэл эрчимтэй хөгжүүлж байна. Аль болох олон дрон пуужингийн нөөцтэй болох чиглэлийг барьж байна. Оросын түрэмгийллийн эхэн дунд үед украины 30 орчим үйлдвэрт дрон угсарч, үйлдвэрлэж, 5-7 компани армийн зэвсэглэлд худалдан авч нийлүүлэхийг гардан хариуцаж байсан бол одоо нийт 200 компани, үйлдвэрт энэ ажлыг гардан хариуцаж бүтээж байна. Юуны өмнө тэнгисийн дрон хурдтай хөгжиж, 950 км-т Оросын Хар тэнгисийн флотод цохилт өгдөг болсон, одоо Орос нь тэнгисийн байлдаан явуулах боломжгүй байна. Пуужингийн хөтөлбөр хөгжүүлснээр Украинд үйлдвэрлэсэн пуужин 700 км-т цохилт өгөх боломжтой болж байна.

 

Путины төрсөн өдрөөр Крымд хэд хэдэн цохилт хийж, Феодосия дахь газрын тосны баазад довтолсноор хүчтэй түймэр дэгджээ. Боловсруулалт, хадгалалт, түгээлтийн хэмжээгээрээ Крымын эргийн хамгийн том нефтийн терминалд цохилт өгнө гэдэг мэдээж оросын цэргийн машины ар тал ложистикт хүнд гарз учирна гэсэн үг.


Энэ халдлагыг Украин хэний ямар пуужингаар үйлдсэн нь оросуудад оньсого хэвээр үлджээ. Тэгвэл Украины эсрэг хэрэглэж буй оросын пуужингийн тэн хагасыг нь Хойд Солонгос нийлүүлдэг хэмээн “The Times” сэтгүүлд бичжээ. Орос нь Хойд Солонгосын зэвсгийн нийлүүлэлтээс хараат болсон ба хичнээн чанар муутай ч их хэмжээгээр авч байгаа учраас  тулалдааны талбарт оросууд тэсээд, хот суурингуудыг залхтал нь пуужиндаж түймэрдээд байхтайгаа. Гэхдээ хойд солонгосын пуужингаар зэвсэглээд Украины зэвсэгт хүчнийг Курск мужаасаа хөөж гаргах, өвлөөс өмнө стратегийн 4 чиглэл болох Покровск, Кураховск, Купянск, Запорожийн чиглэлд давших хүч байхгүй гэж эх сурвалжууд онцолжээ.

 

Сониноос миний суралцаж төгссөн Харьковт “Харьковский завод транспортного машиностроения имени В.А.Малышева” гэж маш том цогцолбор бий. Тэнд “Т-64БМ “Булат” танкийг олноор угсран конвейроос гаргаж байгааг ТВ-ээр үзүүллээ. Фронт дээр оросын танкнуудаас олон үзүүлэлтээрээ давсан гэж ярина лээ.


Украин ердийн зэвсгийн үйлдвэрлэлээ ч хөгжүүлсээр байгаа юм байна гэж ойлголоо. Барууны тусламж зогсвол Украин сөнөнө гэж ёрлодог нөхдөд хандан бичиж байна. Эндээс юу харагдаж байна? Орос хичнээн байлдаад, давшаад, зарим нэг тосгон сууринг эзлэн аваад цаад том утгаараа Украины пуужин дроны халдлагын дор ямар ч авралгүй болжээ гэдэг нь харагдаж байна. Оросын үзэл суртлын тархи угаалтад үнэмшиж, Путин ялахыг хүсэн хүлээж, Украин руу хараалаа урсгаж байгаа бол Та бүтэшгүй цөхрөлөөсөө яаралтай салах хэрэгтэй. Украин ялагдаасай гэж мянгантаа залбирч лам, бөөд очиж ном уншуулаад, жатга хийлгээд бүтэшгүй болжээ!

 

Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)