Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн арслан “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх М.Бямбадоржтой ярилцлаа.
-Таны нутаг олон түүх домогтой. Тэр дундаа нутгийн тань хүчтэнүүдийн тухай ямар домог яриа байдаг вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Хүүхэд байхаасаа л нутгийнхаа хуучны бөхчүүдийн тухай томчуудын ярихыг сонсож өслөө. Тухайлбал, Гандангийн “Бүрхэг” хэмээх Г.Намжилваанчиг арслан мөн одоогийн Өргөн сумын харьяат, даншигийн арслан Чиваа, улсын заан Сүрэнжав гэсэн бөхчүүдийн түүх домог байдаг. Намжилваанчиг арсланг хараа муутай цочмог хөдөлгөөнтэй, цочихоороо аваад шидчихдэг хүн байсан гэж ярьдаг. Харин Айраг суманд Монголын хамгийн урт “Цагаан дэлийн агуй” байдаг. Мөн манай сумыг жоншны орон ч гэдэг. Миний төрсөн газрыг “Бямбадоржийн төрсөн газар” гээд нэрлэчихсэн байдаг. Төрж гарсан бөхчүүд гэвэл Дөш хэмээх аймгийн арслан бөх байсан гэнэ лээ. Үүнээс гадна аймгийн заан Сэр-Од, Батсүх гэсэн бөхчүүд байсан. Харин одоо цагт барилдаж байгаа нь гэвэл аймгийн харцага Б.Бадрал, аймгийн начин Б.Батзориг, О.Хишигдэлгэр нар байна.
-Харин таны хувьд бөхөд хэзээнээс шимтэх болов?
-Миний хүүхэд нас хөдөө хурдан морины нурууны дээр өнгөрсөн. Хөдөөний бүх хүүхэд малын бэлчээрт барилдаж өсдөг. Үүний л нэгэн адил. Бөхийн амтанд орж хичээллэсэн гэвэл зургаа, долдугаар ангиасаа л хамаатныхаа нэг хүүхдийг мөн найзуудыгаа дагаад хичээллэх болсон. Миний анхны багш Ж.Алтангэрэл гэж Завхан нутгийн хүн байдаг. Би чөлөөт бөхөөр хичээллэж сумаасаа аймагт болдог бүх уралдаан тэмцээнд оролцдог байлаа. Аймгийнхаа уралдаан тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Үндэсний бөхөд үнэхээр сонирхолтой хүүхэд байсан. Надад үндэсний бөхийн хамгийн сайхан нь нас жин, мэдлэг боловсрол ямар байхаас үл хамаарч хүссэн хүн бүхэн барилдаж болдогт оршдог. Миний сэтгэлд үлдсэн сайхан дурсамжтай нь 2007 оны сумын наадам байдаг. Ер нь хамгийн сайхан наадам бол сумын наадам шүү дээ. Манай сумын наадмын талбай сумаасаа нэлээн зайтай төмөр замын цаана байрладаг. Тэр жил ган гачигтай байсан тул 80 жилийнхээ ойг оройхон тэмдэглэж байсан. Энэ наадамд би өсвөрийн барилдаанд анх удаа шөвгийн дөрөвт үлдэж анхныхаа медалийг зүүж байлаа. Үүнээс хойш 2011 онд Өргөн суманд сумын заан болж 2012 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2018 онд аймгийн арслан болж байлаа. Мөн чөлөөт, жюү жицүгээр бүстэй бас өвөрмонгол бөхөөр барилдаж байсан.
-Өвөрмонгол бөхөөр барилддаг гэлээ. Манай бөхөөс юугаараа ялгаатай юм бэ?
-Би Өвөрмонголын Мандал тосгонд 2016 онд анх очоод барилдаж үзээд урам орж хэд хэдэн удаа барилдсан. Өвөрмонголчууд биднийг очиход сайхан хүлээж авдаг. Тэнд хүүхдийн үсний баяр, овоо уул тахих, настай хүний насны баярт бөх барилддаг. Өвөрлөгч барилдааны онцлог нь хөл нь хөлтэйгөө, гар нь гартайгаа барилддаг. Харин би тэнд голдуу сугадаж мушгих мэхээр давж байсан.
-Харин одоо таны аймгийн арслан болсон наадмыг эргэн нэг дурсвал. Тэр цол хэр их хүлээлттэй байсан бэ?
-Энэ цол миний 10 жилийн хөдөлмөрийн минь үр шим. Аймгийн арслан цол авдаг наадамд хол ойрын аймгийн арслан 40, аймгийн заан 20-иод, аймгийн харцага 20 гаруй, аймгийн начин 30 гаруй зодоглож, өрсөлдөгч бүхэн л чанга байсан даа. Миний хувьд улсын арслан цолд хүрэхийг хүсдэг. Үлгэр дууриал авч хүндэлдэг бөх гэвэл улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Ж.Чулуунбат.
-Хамгийн их урам авч байсан барилдаан тань?
-Би дэвжээн дээр ялсан ч ялагдсан ч их тайван байдаг. Улсын цолтой бөхчүүдтэй гар зөрүүлж, тэднийг давчихаар их урам авч хөөрч баярлана. Хамгийн анх аймгийн начин цолтой байхдаа одоогийн аварга П.Бүрэнтөгсийг 2014 онд Чингис хааны мэндэлсэн өдрийн барилдаанд давж их баярлаж байлаа. Тэр жилээ мөн улсын заан Б.Батмөнхийг харцагадаж хутгаад давж байсан. Мөн 2019 онд О.Хангай харцагыг дэгээ ороогоод давж байлаа. Улсын харцага Б.Бат-Өлзийгийн зүүн хөлийг аваад давж байсан. Энэ бүхнээсээ их урам авдаг.
-Сургамж үлдээсэн наадам гэвэл?
-Сургамжтай барилдаан гэвэл 2019 оны аймгийн наадам. Би тэр наадамд дахин түрүүлэх зорилготой барилдсан. Гэтэл Өвөрхангайн Гантөмөр гэдэг залууг сайн таньж мэдэхгүй болохоор амархан давчихна гэж бодоод амлаж аваад барилдсан. Гэтэл үнэхээр бяртай бөх таарсан шүү. Би сугадаж аваад мушгисан дийлдэггүй, хүчээр авчирдаг хүн болсон чинь доошоо ганц суугаад намайг хонгодчихсон. Миний хөл нугараад унасан даа. Хүнийг басч, дутуу үнэлж болохгүй юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон.
-Та үндэсний бөхийн давуу талыг юу гэж боддог вэ?
-Миний бодлоор үндэсний бөхөөр барилдсанаар хүндлэх мэндлэх ёсноос эхлээд дээл хувцсаа зөв сайхан өмсөж сурах гэсэн олон зүйлд суралцдаг.
Үндэсний өв соёлоо тээж яваа залуу хүмүүс бид зан ааш, биеэ зөв сайхан авч явах хэрэгтэй.
Одоо бөхийн нэр хүнд унаж байгаад залуу хүний хувьд жаахан харамсдаг. Өв соёлоо авч үлдэхийн тулд зүтгэж бусдад үлгэр дууриал болох юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг.
А.Доржханд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Оркууд
Amjilr
Хүн зодоход суралцдаг юм бишүү.
Зиаа! Хийх ажилгүй юмнууд хэдэн хир хөлс үнэртүүлсэн бөх гэх тарган хүчирхийлэгчийг тойрч долоож гуцалдахаас цаашгүй! Дээлээ зөв өмсөнө ч гэх шиг
Бид дээл өмсөх тухай ярьсаар.....Дэлхий хөгжилтэй улс орнууд эсийн түмшинд ярилцаад өөр гаригт нүүж очих тухай л яриад явж байгаа шүү. Бид унага тугал хурга ишиг хулгай зэлгий архи хүүхэн гурилтай шөл бүхэл мах ярисан шиг л сууж байна даа.
Minii Nutgaiin saihan buh zaluu baina. bayar hurg'e. Dorniin Govios Mongol Eheldeg yum shuu!
Өө за за.Гэхдээ Шанд,жанжин Чойр хоёр угаасаа хужаануудын үүр байж ирсэн дээ.Гэхдээ одоогийн Замын үүдийг гүйцэхгүй байхоо.Жаахан хүн чанар муутай амиа хичээсэн хүмүүс байдаг гэж Зүүн Баянд алба хаасан нутаг нутгийн Монголчууд ярилцдаг.
Сайхан хүү байна билээ. Зөв ч ярьж байна. Улам их амжилт хүсье
Дээлээ ч яаж өмсөхөө мэддэггүЙ ээ?
ануужин гишүүн эгчээсээ асуу.
Тамирчид жүжигчид бүгд нийгэмд баялаг бүтээдэггүй шимэгчид.
Одоогийн өмхий бөхчүүд бол бүдүүлэг танхай соёлгүй мөнгөөр хамгаалагч хийж ард түмэн рүү зодох гэж дайрч хэл амаар доромжилдог оркууд шүү дээ. Ийм заваан юмнуудыг хүндэлж яах юм.
Аварга арслан цол гутаасан ОюунЭрдэнэ, Батсуурь гээд ааваа зодож анд нөхдөө дээрэлхэж төрийн хүнийг доромжилдог хагас ухаантай хүмүүсийг шүтэхээ болио, Монголчуудаа... Ийм хүнэнцэрүүдийг шүтсэнээс болж амьдрал хийморь чинь өөдлөхгүй байна