sonin.mn
Монголын Жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсноо мэдэгдлээ.
Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлан хурал болсон бөгөөд энэ үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна. ДАШТ-д алтан медаль хүртэж чадаагүй, хангалттай амжилт гаргаагүй гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргажээ.
 
МЖБХ-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат “ДАШТ-ий алдаа дутагдал, бэлтгэл сургуулилт дээр хайнга хандаж, олон зүйлийг хийж чадаагүйдээ харамсаж байна. Тэмцээнд манай баг хамт олон ард түмнийхээ хүсэн хүлээж байсан амжилтыг гаргаж чадаагүйд өөрийн болон холбооны гишүүдийн өмнөөс уучлалт гуйж байна. Энэ хугацаанд бид нэлээн ажлыг хийж гүйцэтгэсэн ч, олимпийн өмнөх ДАШТ маш хариуцлагатай байсан ч бид хариуцлага алдаж, амжилт гаргаж чадсангүй. Миний бие болон үндэсний шигшээ багийн баг бүрэлдэхүүн огцрохоор саналаа өгч байна. Өнгөрсөн хугацаанд Монголын жүдо бөхийг дэмжиж байсан, дэмжин ажилладаг бүх хүнд талархсанаа илэрхийлж, итгэлийг алдсандаа маш их харамсаж байна” гэлээ.
 
Мөн Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням “2019 оны Токиогийн ДАШТ-д Үндэсний шигшээ баг оролцон, тамирчид маань ард түмнийхээ хүсэн хүлээсэн алтан медалийг авч чадалгүй хүрэл медаль хүртсэн учраас шигшээ багийн нийт дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгч, ард түмнээсээ уучлалт хүсэж байна” гэсэн юм.
 
Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид:
 
Ерөнхий дасгалжуулагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш О.Балжинням
туслах дасгалжуулагч гавьяат тамирчин Д.Баттулга
туслах дасгалжуулагч гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од
туслах дасгалжуулагч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа
туслах дасгалжуулагч Г.Дашдаваа