Цахим ертөнц орон зайг үл харгалзах тул хүний хөл тэр бүр хүрээд байдаггүй алс хязгаарт зочлохоор шийдсэн юм. Тэр бол Минжийн хангайд орших хилийн 0151 дүгээр ангийн 0272 дугаар салбар. Нэг үгээр хилчдийн мөрөөдлийн хотхон. Тус салбар интернэтийн сүлжээтэй тул надад цахим аялал хийхэд тун боломжийн санагдав. Ингээд салбарын жижүүртэй холбогдоод өөрийгөө танилцуулан даргатай нь ярих хүсэлтэй байгаагаа хэлсэн ч дэд хурандаа Ц.Лхамхүү хилийн манаанд явсан байж таарав. Тиймээс салбарын сургалт эрхэлсэн орлогч, хошууч Б.Мөнхтүвшинг газарчнаар сонгосон билээ. Хошууч Б.Мөнхтүвшин хилийн 0129 дүгээр ангид ажиллаж байгаад Минжийн хангайд ирээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй туршлагатай хилчин. Салбарын СМССЭ орлогч, ахмад Б.Содномдорж ээлжийн амралтаар Улаанбаатар хот явжээ. Энэ жилийн тухайд цас бага унасан ч өвлийн жавар эрчээ алдаагүй хатуухан өвөл болж байгаа гэнэ. Шөнөдөө 42, өдөртөө 30 хэм хүртэл хүйтэрч байгаа аж. Гэхдээ хилчид жаврыг ажралгүй албан үүргээ гүйцэтгэж байгаа. Салбарын дарга гурав хоногийн өмнө хилээ эргэхээр явсан. Өнөөдөр манаа бууж ирэх талаар хошууч Б.Мөнхтүвшин танилцуулав. Энэ жил самар элбэгтэй тул Төв аймгийн Мөнгөн морьт, Зүүнхараа сумын иргэд самар түүхээр хил орчмын дэглэмийн зөрчил гаргаж болзошгүй тул хилчид сонор сэрэмжээ чангатгажээ.
Минжийн хангай хүний хөл үл хүрэх алс хязгаар. Тиймээс тэдний хангалтыг ангийн төвөөс улиралд нэг удаа нисдэг тэргээр хийдэг байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд улирлын хангалтаа авсан хилчид өнөөдрийн байдлаар дутагдаж гачигдсан зүйлгүй өвлийн өдрүүдийг давж байгаа юм. Тэд хангалтаас хангалт хооронд шаардлагатай зүйлээ под хийтэл бэлдээд авдаг тул санаа амар хилээ хамгаална. “Дараагийн хангалт дөрөвдүгээр сард ирнэ тэр болтол ажрахгүй ээ” хэмээн хошууч Б.Мөнхтүвшин ярив. Ер нь алс буйд гэлтгүй хилчид DDISH үзэж, интернэтэд холбогдоод хотын бидэнтэй адил л аж төрж байгаа. Мэдээ, мэдээллээс хоцроод өнгөрсөн зуунд үлдсэн гэх ойлголт огт байхгүй. Ангийн төв, ХХЕГ-тай тогтмол харьцаж цагийн байдлаа танилцуулдаг байна.
ТЭРГҮҮНИЙ САЛБАРЫНХАН
Хилийн 0272 дугаар салбарынхан 2020 оныг амжилт дүүрэн үджээ. Ангийн тэргүүний салбараар шалгарсан нь салбарын хилчдийн хамтын хөдөлмөрийн үр шим. Тэд хил хамгаалалтад анхаарахын зэрэгцээ амьдрах орчин нөхцлөө өөрсдийн боломжоор өөд нь татжээ. Албаны байруудыг доторлож, шинэ саун барьсан зэрэг хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна. Гэхдээ хилчид баяраа тэмдэглээгүй. Улс орон даяар мөрдөж буй журмыг баримталсан гэнэ. Дэлхий нийтийг цочроосон COVID-19 цар тахал хилчдийн хотхоноос хол ч журам зөрчих эрх байхгүй гэсэн. Тэдний хувьд дотроо хэдий айдасгүй ч хотынхноос бол жийрхдэг гэсэн шүү. Ямар сайндаа арванхоёрдугаар сард ангийн төвөөс хангалт хүргэхээр ирсэн хилчид ачаагаа буулгаад л буцсан байна. Харин салбарынхан ирсэн бараа, материалыг нь тун сайн ариутгаж агуулахдаа хураажээ. Гэхдээ ОХУ-ын хилийн дагуух тосгонд коронавирусын халдварын тархалт их байгаа тул хилчид хилд явахдаа амны хаалтаа зүүж байгаа аж.
Хил хамгаалах байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхэд Минжийн хилчид анхаарч хийх ажлаа хэдийнэ төлөвлөжээ. Сургалт бэлтгэлийн чанарыг ахиулж, үр дүн гаргах, хилчдийнхээ амьдрах орон сууцыг сайжруулах, хилийн манааны дулаацах байрыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

АЗТАЙ ЦЭРГҮҮД
Нэг жилийн цэргийн алба байтугай насаараа хилд ажилласан хилчин ч хүсээд очиж чаддаггүй Минжийн хил. Тэгвэл цэргийн албанд татагдсан даруйдаа Минжид алба хаах болсон азтай залуустай танилцах хүсэлт тавилаа. Цэргүүд өдрийн хоолондоо орчихсон амралтын цаг нь таарсан тул тавьсан хүсэлт минь саадгүй бүтсэн юм.
Дэд түрүүч Э.Нямдаваа: БУЙР НУУР, МЭНЭНГИЙН ТАЛ, МИНЖИЙН ХАНГАЙД АЛБА ХААЛАА
-Өөрийгөө танилцуулаач?
-Би Төв аймгаас цэрэгт татагдсан. Анх хилийн 0306 дугаар ангид татагдан алба хааж байгаад есдүгээр сард хилийн 0151 дүгээр ангийн 0272 дугаар салбарт ирсэн. Ёстой азтай. Буйр нуур, Мэнэнгийн талд очиж үзлээ. Одоо Минжийн хангайд ирчихсэн байна.
-Цэрэгт ирэхээсээ өмнө юу хийж байв?
-Би “Мандах” дээд сургуулийг төгссөн. Цэргээс халагдаад мэргэжлээрээ ажиллах эсэхдээ одоогоор эргэлзээд л байна.
-Яагаад?
-Надад гэрээт хилчний алба таалагдаад байгаа. Гэрийнхэндээ хэлсэн. Миний хийсэн сонголтыг дэмжинэ гэсэн. Тиймээс цэргээс халагдах хүртлээ сайн бодож байгаад шийднэ.
Ахлах байлдагч Ц.Дэлгэрдалай:“ХИЛИЙН ЗҮГ” ДУУГАА ДУУЛААД АЛХАХ САЙХАН
-Цэргийн алба хэр байна даа?
-Сайхан байна. Их зүйл сурч байна. Олон найзтай боллоо. Найзуудтайгаа алба хаахад уйдах завгүй сайхан байна. Ангийн төвд манай оны олон цэрэг бий. Би олон найзтай болсондоо баяртай байгаа шүү.
-Хэдэн настай вэ?
-Би 19 настай. Орхон аймгийн МСҮТ-ийн авто засварын ангийг төгсөөд ирсэн.
-Минжид хүйтэн байна уу?
-Даарахгүй байгаа. Бидний хувцас дулаахан. Байр маань ч гэсэн тухтай дулаан. Тиймээс алба хаахад бэрхшээгээд байх зүйл алга.
-Их зүйл сурч байна гэсэн. Юу сурав?
-Мэдээж тэвчээр хатуужил суусан. Үүний зэрэгцээ жагсаалын олон дуу сурсан. Надад “Хилийн зүг” дуугаа дуулаад алхаж байхад хилийн албаар бахархах мэдрэмж төрдөг. Бас би гутал янзтай тосолж сурсан шүү. Арван минутад хоёр гутлаа нүд гялбатал гялалзуулж чадна.
Ахлах байлдагч Б.Одсүрэн: ХИЛИЙН МАНААНД ЯВАХАД ХИЙМОРЬ СЭРГЭДЭГ
-Гэрээ санаж байна уу?
-Найз охиноо жаахан санаж байгаа.
-Найз охинтой нь танилцаж болох уу?
-Манай доод ангийн охин. Энэ жил сургуулиа төгсөнө. Намайг цэрэгт яваад ир хүлээнэ гэсэн.
-Хилийн манаанд явахад анх ямар санагдсан бэ?
-Гоё байсан. Энд баавгай, зэрлэг гахай гээд янз бүрийн ан амьтад байдаг. Бид гөрөөс, гахай, чоно харсан. Хилийн манаанд явахаар хийморь сэргээд гоё шүү. Тэр дундаа ийм сайхан газар алба хаах гайхалтай завшаан тохиосонд баяртай байдаг. Энэ бол миний амьдралын сайхан дурсамж.
-Цэрэгт ирснээс хойш ямар өөрчлөлт гарав?
-Би фитнессээр хичээллэж байгаа. Одоо 40 кг өргөж байна. Халагдахдаа сайхан бие бялдартай болно гэж бодож байгаа.
Ахлах байлдагч Э.Пүрэвхүрэл: МИНЖ БОЛ АМАР АМГАЛАНГИЙН ДИВААЖИН
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Төв аймгийн Лүн сумаас татагдсан. ХААИС-д малын эмчээр суралцаж байгаад цэрэгт ирсэн.
-Цэрэгт ирснээр нэг жил алдсан юм шиг санагдаж байна уу?
-Үгүй ээ. Харин ч ангийнхнаасаа түрүүлж байгаа. Би гуравдугаар курсын оюутан. Гэнэт л цэргийн алба хаамаар санагдаад сургуульдаа хэлж, чөлөө авч амжилгүй ирсэн. Цэргийн алба хаасны давуу тал нь сургуулиа төгсөөд шууд л төрийн албан хаагч болж болно. Тиймээс надад алдсан, харамссан мэдрэмж төрдөггүй.
-Цэргийн хоол хэр амттай байна?
-Тогооч эгч нарын гарын хоол бүхэн амттай. Өнөөдөр бид гурилтай шөл, мантуутай хуурга идсэн.
-Сонголтын хоол хийж байгаа юу?
-Хагас сайн өдөр бүр сонголтын хоол өгдөг. Эгч нарын хийдэг хоол бүхэн амттай болохоор тийм, ийм гэхгүйгээр л идчихдэг. Та өөрөө манай салбарт ирээд идээд үзвэл мэднэ дээ.
-Би очиж үзээгүй болохоор гадна орчинг нь сайн мэдэхгүй байна. Чи надад төсөөлөөд ярьж өгөөч?
-Манай салбар модон дунд байдаг. Зундаа битүү ногоон. Үнэхээр үзэсгэлэнтэй. Ер нь хариуцсан хэсэг уулархаг. Бид хилийн манаанд дандаа морьтой явдаг. Энд нэг үгээр амар амгалангийн диваажин мэт тийм сайхан байгальтай.
Ахлах байлдагч Н.Туваансүрэн: ХИЛИЙН САЛБАРТ УГТСАН АНХНЫ САР ШИНИЙН БАЯР БОЛНО
-Цэрэгт ирэх болсон шалтгаан?
-Би Политехникийн коллежийг гагнуурчин мэргэжлээр төгсөөд фасад хийдэг хувийн компанид ажиллаж байгаад цэрэгт ирсэн. Хүмүүсийн ярианаас сонсоход цэргийн алба сонирхолтой санагдаад ирсэн.
-Халагдах өдөр хоног ойртсоор л байна. Буцаад ажлаа хийх үү?
-Би дахин сурах бодолтой байгаа. Цэрэгт ирээд надад бодогдсон зүйл гэвэл тасралтгүй суралцах ёстой гэсэн бодол төрсөн.
-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна?
-Харин тийм ээ. Хилийн салбарт угтсан анхны сар шинийн баяр болно. Салбарынхан маань гэр бүл шиг болсон болохоор гэрээ санахгүй байна.
-Мэдээ, мэдээлэл хэр авч байна?
-ЭМЯ-ны мэдээг байнга үзэж байгаа. Улаанбаатар хотод өвчлөл улам нэмэгдээд байгаад санаа зовж л байна.
-Өнөөдөр юу хийв?
-Бид түлээний модоо хагалсан. Хашаа хороогоо цэвэрлэсэн. Бас соёл амралтын тасалгаандаа ном уншсан. Би гэхэд “Дэлхийн 100 гайхамшиг” ном уншсан.
Ийнхүү азтай, одтой, бас сэргэлэн залуустай хэсэг хором ярилцав. Тэдэнд алба хаахад сэтгэл зүйн хувьд ямар ч асуудал алга хэмээн хөндлөнгөөс дүгнэв. Нүд нь гэрэлтэж, залуу насны эрч хүчийг ханхлуулж байсан юм. Хөвгүүд онжавууддаа мөн дүү нартаа албаа сайн хааж, дарга нарынхаа үгэнд сайн орж, цэргийн эрдэмдээ шамдан боловсрохыг захилаа.
М.УРАНБАЙГАЛЬ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Цэргийн алба сайхан. Одоогийн залуучууд алба хаахаас зугтах юм даа.
Ee, za za, ulsiin xil shuudee!!!nuux, xaax zuilgui ner ustai ni bux zuiliig ni delgex um uu chi?!!!