sonin.mn

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Q Kids” цэцэрлэгийн бүлгийн багш Д.Нандинчимэг болон түүний авьяаслаг шавь нарын бүтээлийг нь онцоллоо.

 

-Тодорхой сэдвийн хүрээнд зураг зуруулдаг уу?


-Тийм ээ. Багш нар маань ярилцаж байгаад сар бүр хүүхдийн насанд тохирох сэдвийг гаргаж зургаа зурдаг. Дөрөвдүгээр сард бид “амьтан” гэсэн сэдвийн хүрээнд хичээлээ орж байгаа. Мөн чөлөөт цагаараа хүүхдүүд маань өөрсдийнхөө дуртай зургаа зурдаг.


-Та ямар арга барилаар хичээлээ заадаг вэ?


 -Би СӨБ-ын багш мэргэжлээр 12 дахь жилдээ ажиллаж байна. СӨБ-ын багш учраас хүүхдийн үндсэн чадвар болох зөв, цэвэр будах, зурах аргачлалд сургах тал дээр төвлөрдөг. Сонирхолтой байдлаар хичээлээ заахыг зорьдог. Долоо хоногт нэг удаа 30 минутаар дүрслэх урлагийн хичээл ордог. Наснаасаа хамаараад хүүхдийн анхаарлын түвшин ялгаатай Бэлтгэл ангийн хүүхдүүд 20-30 минут л анхаарал нь төвлөрдөг учраас тэр үед заах гэж байгаа зүйлээ тайлбарлаж өгөх хэрэгтэй. Мөн нас, насны онцлогоос шалтгаалан хичээл заах арга барил ялгаатай байдаг. Хоёр настай хүүхдэд энгийн зураас, зурлага, гарын жижиг булчин хөгжүүлэх зэрэгт анхаардаг бол 4-5 настай хүүхдүүдэд өнгө ялгаж будах зэрэг хичээл ордог.


-Хүүхдүүд нь чөлөөт цагаараа дуртай сэдвээрээ зураг зурдаг гэлээ. Олон сонирхолтой ертөнц харагддаг байх даа?


-Тэгэлгүй яахав. Нэг удаа “Дуртай сэдвээрээ зураг зураарай” гэсэн чинь хүүхдүүд маань “Багшийгаа зурна” гэсэн. Юбка, плаж, нүдний шилтэй, бондгор, тайрмал үстэй гээд бүгд л өөр өөр ертөнцтэйгөөр багшийгаа зурсан байсан. Би “Би нүдний шил зүүдэггүй шүү дээ” гэхэд “Таныг нүдний шилтэй байвал ямар харагдах бол гэж бодсон юм” гэж хариулж байсан.


-Дүрслэх урлагийн хичээл нь хүүхдүүдэд ямар арга барилыг суулгадаг вэ?


-Хүүхдэд орон зайн баримжаа, өнгө будгийн хослол, тэвчээртэй болох, хийж буй зүйлээ дуусгах зэрэг олон чадвар суулгадаг. Хүүхэд сэтгэлзүйгээ зургаараа илэрхийлдэг. Сэтгэлзүй нь гунигтай бол зургаа уйлж байгаагаар ч юм уу зурдаг. Тиймээс хичээлийн дараа тухайн хүүхэдтэйгээ хоёулаа сууж байгаад зургийнх нь тухай ярилцдаг. Мөн хүүхдүүдийнхээ зурсан зургийг хувийн хавтас болгоод төгсөхөд нь өгдөг. Том болоод харахад дурсамжтай шүү дээ.


 -Удахгүй бяцхан шавь нар нь сургуулийн сурагч болно. Шавь нартаа хандаж юу гэж хэлмээр байна?


-Шавь нар минь бүгдээрээ гоё зурдаг шүү. Удахгүй бэлтгэл ангиа төгсөөд сургуулийн сурагч болох учраас, хичээлд нь амжилт хүсье. Өөрийнхөө хүсэл, мөрөөдлийг дагаарай.


П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин