
Италийн цомын тэмцээний хагас шигшээгийн хариу тоглолтод “Болонья” баг “Эмполи” багийг 2:1 харьцаагаар хожсоноор тус тэмцээний финалд шалгарлаа.
"Болонья”-гийн Жованни Фаббиан (7 дахь минут), Тейс Даллинга (87) нар гоол оруулсан бол “Эмполи”-гийн Виктор Коваленко 33 дахь минутанд гоолдсон байна.
Ингэснээр эхний тоглолтод 3:0 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон “Болонья” баг 5 дугаар сарын 14-ний лхагва гарагт Ром хотын “Олимпико” цэнгэлдэх хүрээлэнд “Милан”-тай тоглохоор боллоо. Уржигдар болсон Италийн цомын тэмцээний хагас шигшээгийн хариу тоглолтод "Милан" баг 3:0 харьцаагаар "Интер"-ийг хожсоноор финалд шалгарсан юм. Болоньячууд Италийн цомыг 1970 ба 1974 онуудад хоёр удаа, харин миланчууд 5 удаа тус тус хүртэж байжээ. Энэ цомыг 15 удаа хүртсэнээрээ “Ювентус” баг дээд амжилт тогтоосон бол “Милан” 2003 оноос хойш цомыг хүртээгүй байгаа юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0