sonin.mn

“Алтан бөмбөг” шагналыг найман удаа хүртсэн Аргентины хөлбөмбөгчин Лионел Месси түүхэн дэх хамгийн өндөр цалин орлоготой тамирчдын жагсаалтын 5 дугаарт бичигдсэн байна. Энэ тухай Sportico цахим хуудсанд мэдээлжээ.


Тамирчны замналдаа түүний олсон орлого 1,85 тэрбум ам.долларт /ннфляцийг тооцсон/ хүрснээр жагсаалтын 6-гаас 5 дугаар байр руу ахисан байна. 


Харин бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой тамирчдын эхний гурвалын нэрс өнгөрсөн оныхоос өөрчлөгдсөнгүй. Жагсаалтын тэргүүнд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа түрүүлсэн домогт Майкл Жордан 4,15 тэрбум ам.долларын орлоготойгоор /инфляцыг тооцсон/ бичигдсэн бол Америкийн гольфын тамирчин Тайгер Вүүдс /$2,79 тэрбум/, Саудын Арабын “Аль-Наср” багт тоглож буй Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду /$2.23 тэрбум/ нар удаалжээ. 


NBA-гийн 4 удаагийн аварга Леброн Жеймс 1,88 тэрбум ам. долларын орлоготойгоор 5-аас 4 дүгээр байр руу дэвшсэн байна.


Жагсаалтын эхний 10-т Арнольд Палмер /$1,82 тэрбум/, Жек Никлаус /$1,75 тэрбум; хоёулаа гольфчин/, Дэвид Бекхэм ($1,61 тэрбум; хөлбөмбөгчин), Рожер Федерер /$1,59 тэрбум; теннисчин/, Флойд Мейвезер /$1,52 тэрбум; боксчин/ нар багтсан байна. Жагсаалтыг гаргахдаа тамирчны замналынхаа туршид болон зодог тайлсныхаа дараа 2024 он хүртэлх хугацаанд тухайн тамирчны олсон орлогыг инфляцын түвшинтэй уялдуулан тооцжээ. 




Б.Адъяахүү