sonin.mn

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Сайн байна уу. Та Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?


-Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байна. Төсвийн байдал нэн хүнд, дээр нь манай гадаад худалдаа нүүрстэй холбоотойгоор нэн хүнд байдалд орчихлоо.


Сүүлийн гучин жил эдийн засгаа солонгоруулна гэж УИХ-ын гишүүн болгон ярьдаг боловч харамсалтай нь ганцхан нүүрснээс хараат эдийн засгийг бий болгосон. Ингэснээр нүүрсний үнэ Хятадад унахад эдийн засаг нь хүндэрдэг эдийн засагтай улс болсон. Одоо яг ийм байдалтай байна.  

       

Нүүрсний үнэ унахаар валютын ханш чангарч манай үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг сулрах байдал зах зээл дээр ажиглагдаж байгаа. Мөн төсвийн нөхцөл байдал бас нэн хүнд байна. Хэдийгээр үүнийг салбарын сайд нь боломжийн гэж хэлж байгаа боловч эхний улирлын статистик дүн мэдээнээс харахад төсөв нэн хүндэрч байгаа нь илт.


-Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газрын явуулж буй эдийн засгийн бодлогыг та хэрхэн дүгнэж байна вэ? Ер нь Засгийн газар хэр сайн ажиллаж байгаа вэ?


-Би туйлын муу ажиллаж байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл төр өнөөдөр хийх ёстой ажлаа мэдэхгүй байна. 14, 15 орчим мега төсөл ярьж байгаа. Энэ бол 120 их наяд төгрөг. Гэтэл бид нар төсөв нь хүндэрсэн цалин тэтгэврээ өгч чадахааргүй ийм хэмжээнд удахгүй хэдэн сарын дараа очих гээд байна. Гэтэл энэ улс оронд томоохон мега төслийг хэрэгжүүлнэ гэсэн зүйлийг ярьж байгаа нь өөрөө огт авцалдахгүй байна.   


Бид нар эхлээд цалин мөнгөө өгдөг төсөв нь боломжийн хэмжээнд байж гэмээн дараа нь эдгээр мега төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Эдгээр арван дөрөв, арван тав мега төслүүдийн дотор авах юм байгаа юу гэвэл байна. Зарим нь хэт фантази, Монгол Улсад хэрэгжихээргүй зүйлүүд ч зөндөө харагдсан.  


Тухайлбал сансраас интернет тавина, Богд уулыг нүхлээд нүхэн зам тавьж цаана нь төрийн албан хаагчдийн байр сав барина ч гэх шиг ийм зүйлийг ярьж байна. Иймэрхүү зүйлүүдийг ярьж байгаа нь туйлын харамсалтай. Өнөөдөр аливаа улсын төр юу хийх ёстой вэ? гэхээр ерөөсөө гуравхан үүрэгтэй байдаг. Нэгдүгээрт хүүхэд багачууд нь чанартай боловсрол эзэмшиж байх ёстой. Энэ бол төрийн үүрэг.


Хоёрдугаарт үүрэг нь тухайн улсын залуучууд нь ажил хөдөлмөрөөр хангагдаж, олж байгаа орлого нь иппотекийн байрыг нь төлөхүйц, амьдралд нь хүрэхүйц ийм цалин мөнгөтэй ажлын байраар хангагдсан байх ёстой. Энэ бол төрийн хоёр дахь үүрэг. Энэ биелэгдэхгүй байна.


Гурав дахь үүрэг бол ахмадууд нь насаараа улсад ажиллаад авч байгаа тэтгэвэр нь амьдралд нь хүрэхүйц, даралтныхаа эмийг авч чадахуйц ийм хэмжээнд байх ёстой. Гэтэл төр өнөөдөр энэ гурван үүргийг умартсан байна.      

Өөрөөр хэлбэл энэ гурван үеийнхэн өнөөдөр төрийнхөө үүргийн золиосонд туйлын хүнд амьдарч байна гэсэн ийм дүгнэлтийг хийж болохоор байна. 


-Иргэдийн амьдрал хүндэрч инфляци хүнд дарамт болж байна. Засгийн Газраас энэ тал дээр анхаарч байгаа гэдэг боловч бодит байдал сайнгүй байгаа. Инфляцийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?


-Инфляц гэдэг бол нэг өдөр гараад ирдэггүй, инфляц гэдэг бол төрийн бодлоготой холбоотой зүйл. Өнгөрсөн жилийн 11-р сард төсвийг батлахад би маш тодорхой хэлж байсан. Та нар энэ төсвөө ингэж тэлдэг чинь удахгүй инфляц өсөхөд нөлөөлнө гэж.


Валютын ханш чангарна, ард иргэдийн амьдрал хүндрэнэ гэдгийг маш тодорхой хэлж байсан. Одоо он гараад гуравхан сар болж байхад миний хэлсэн зүйл яг биеллээ олоод явж байна.


Тэгэхээр улс орныг удирдахад төсвийн бодлого, мөнгөний бодлого гэж хоёр зүйл байдаг. Тэгэхээр УИХ-д гарсан 126 гишүүд маань өнөөдөртөө үүнийг ойлгоогүй явж байна. Төсөв хэт тэлэх ийм аюултай. 34 их наядын төсөв гэдэг бол 26 их наяд нь урсгал зардалд, үлдсэн нь хөрөнгө оруулалтын зардал гэж хоёр ангилдаг. Монгол Улс бол хэрэглэгч орон. Тийм учраас энэ бүх зардлууд нь гадагшаа валют болоод гараад явчихдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улс өнөөдөртөө зэс нүүрсээ зараад олсон мөнгөөрөө амьдарч байгаа улс. Тэгээд ийм хэт өндөр төсөв батлаад байхаар хамаг валют нь гадагшаа гарна. Хамаг валют гадагшаа гарна гэдэг чинь хэрэглэгч орны хувьд юмны үнэ өснө, инфляц үүснэ гэсэн үг. Тэр утгаараа энэ инфляц өсөж байгаа, валютын ханш чангарч байгаад би гайхахгүй байна. Яагаад гэвэл бид нар ийм шийдвэрийг өнгөрсөн жилийн 11-р сард төсөв батлахдаа гаргасан.


-Сүүлийн үед мөн ам. долларын ханш огцом өсч байна. Уг өсөлтөд юу юу нөлөөлж байна?


-Түрүүн би үүнийг нэгдүгээрт төсөвтэй холбоотой гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл гол үндсэн шалтгаан нь төсвийн хэт тэлсэн буруу бодлого үүнд нөлөөлсөн. Хоёрдугаарт Монгол Улс нэгхэн хөлтэй эдийн засагтай улс. Тэр нь нүүрс. Яагаад гэхээр өнгөрсөн жил бид нар гадаадад экспорт хийгээд 15 тэрбум долларын валют олсон.


Түүний есөн тэрбум нь зөвхөн нүүрсэн дээр оногдож байгаа. Ингээд өнгөрсөн жилийн төсөв орж ирэхдээ нэг тонн нүүрсийг эхлээд 129 доллар гэж орж ирээд УИХ дээр нилээн шүүмжлэлтэй тулгарангуутаа 105 болгосон. Гэтэл өнөөдөр 72 доллараар ч зарж чадахгүй байгаа гамшигт үзэгдлийг харж байна.


Тэгэхээр бид нар нэгдүгээрт төсвөө буруу тооцоолж орж ирсэн байна. Хоёрдугаарт нүүрсний үнэ унах нь тодорхой байсан. Яагаад гэхээр манай нүүрсийг ганцхан хятадууд худалдаж авдаг. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт гурав дахь жилдээ хямрал нүүрлээд гангийн үйлдвэрлэл буурсан. Гангийн хамгийн их хэрэглэгч нь үл хөдлөх салбар байдаг. Энэ гангийн үйлдвэрлэл чинь багасах нь байна шүү гэдэг ийм дохиог өнгөрсөн жил олон улсын байгууллагаас хүртэл өгч байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Хятадын гангийн үйлдвэрлэл багасна гэдэг бол нөгөө коксжих нүүрс чинь хэмжээ нь багасна шүү үнэ нь буурна шүү гэсэн дохиог өгсөөр байхад бид үүнийг анзааралгүйгээр хэт тэлсэн төсөв батлаад ингээд явсан. Өөрөөр хэлэх юм бол нүүрсний үнэ өнгөрсөн жилүүдэд асар өндөр байсан. Гэвч бид тодорхой хэмжээний хуримтлал хийж чадаагүй.


Ингээд нүүрсний үнэ унаад валют нь орж ирэхээ байчихаар валютын ханш өснө гэдгийг хэлсэн. Валютын ханш чинь эрэлт нийлүүлэлтээрээ Монголын зах зээлд орж ирж байгаа валютынх нь хэмжээ өндөр байх юм бол ханш нь багасдаг.


Орж ирж байгаа валютынх нь хэмжээ багасаад ирэх юм бол валютын ханш нь чангардаг. Энэ нэгдүгээр улирлын статистик тооцоо гарсан байна лээ. Бид нар өнгөрсөн жилийнхтэйгээ харьцуулах юм бол аймшгийн тоо харагдаж байна. Нүүрснээс бараг тэрбум доллар 882 сая доллар дутуу зах зээлд орж ирсэн гэсэн үзүүлэлттэй байна лээ. Тэгэхээр 1 тэрбум доллар зөвхөн нүүрснээс орж ирээгүй байгаа юм чинь валютын ханш өсөх нь тодорхой гэдгийг хэлэхийг хүсэж байна.


-Улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай юу?


-Хүссэн хүсээгүй тодотгол хийж таарна. Яагаад гэхээр бид уул уурхайгаас асар их хэмжээний орлого орно, татвараар асар их хэмжээний орлого олно гэсэн тооцоололтой байсан бол өнөөдөр статистик тооцооллоор ярих юм бол аль аль нь байхгүй болж байгаа дүр зураг харагдаж байна.


Би түрүүн гадаад худалдаан дээр зөвхөн нүүрсэн дээр 882 сая доллар дутаж байна гэдгийг хэлсэн. Төсвийн орлогын 80 гаруй хувь нь татвараар бүрддэг. 


Гэтэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өнгөрсөн жил эхний улиралд 2 их наяд байсан. Энэ жил 1,3 буюу нөгөө татвар төлдөг ААН-үүдийнх нь тоо нь асар их хэмжээтэй багассан. Олон ААН-д хаалгаа барьсан. Эсвэл нөгөө уур уурхайн бүтээгдэхүүнүүд нь зарагдахгүй байгаа учраас бусад татварууд нь орж ирэхгүй гэсэн эмгэнэлт дүр төрхийг статистик тооцооноос харж болно. Ингэхээр энэ байдлаараа үргэлжилвэл миний тооцоогоор 6 сар гэхэд төсвийн тодотгол зайлшгүй яригдаж таарна. Хэдийгээр Сангийн сайд үүн дээр санаа зовох зүйл байхгүй гэж ярьж байгаа ч энэ статистик тоог давж худлаа ярих ямар ч боломжгүй.


-Сүүлийн үед УИХ дээр Сангийн сайдыг огцруулах шаардлагатай гэж ярих болсон. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ? 


-Сангийн сайдыг огцруулж болох байх. Огцруулаад байдал сайн болчихвол бас өөр хэрэг. Тэртээ тэргүй энэ нүүрсний чинь үнэ унаад эхэлчихсэн байхад ямар ч сайд хүрч ирээд энэ хүнд нөхцөл байдалтай л тулгарна гэж би харж байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийн төсөв оруулж ирэхдээ Сангийн сайд туйлын хариуцлагагүй төсөв оруулж ирсэн. Үүнийг маш олон хүмүүс шүүмжилсэн боловч хүлээж авалгүйгээр цааш явсан. Монголын төрд одоо сүүлийн үед дутагдаад байгаа юм бол хариуцлагын асуудал.


Аливаа төр хариуцлагатай, үүргээ биелүүлж, энэ ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байх ёстой. Гэтэл асар их тэлсэн төсөв оруулж ирээд үүнийг нь иргэд, судлаачид шүүмжлээд байхад тоогоогүй. Ингээд Ерөнхийлөгч хориг тавиад 2 их наядыг хассан болоод цааш нь явсан.


Тэр 2 их наяд төгрөг гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгө. Асар их хэмжээний мөнгийг нэг, хоёрхон өдрийн дотор хасчихсан. Өөрөөр хэлэх юм бол тэр төсөв дотор асар их хэмжээний мөнгө сул явж байсан байна. Энэ бол бусад хариуцлагатай улс оронд Сангийн сайд нь битгий хэл Сангийн яамаараа хариуцлага хүлээх хэмжээний хариуцлагын асуудал. Ний нуугүй хэлэхэд Монголын төр одоо хариуцлага гээч юмгүй болоод удаж байна. Энэ туйлын харамсалтай байна. Тэгэхээр одоо Сангийн сайдыг ажлаас нь аваад энэ асуудал шийдэгдэх үү гэвэл би шийдэгдэхгүй гэж харж байна. Гэхдээ Монгол Улс ямар ч байсан хариуцлагатай байх ёстой гэдэг дээр нь би санал нэгдэж байна.


-Цаашид нүүрсний үнэ өсөх дүр зураг ажиглагдаж байна уу?


-Одоо бол туйлын хүндэрсэн. Аливаа түүхий эд чинь нэг тийм мөчлөгтэй байдаг. Өөрөөр хэлбэл өсөж урууддаг ийм мөчлөгүүдтэй байдаг. 2012-2016 онд нүүрсний үнэ өндөр байж байгаад унаад 30 доллар хүрсэн. Саяын өнгөрсөн 2020 оноос хойш нүүрс асар өндөр үнэтэй байсан.


Дэлхийн зах зээл дээр 600 доллар хүрсэн. Гэтэл бид нар аман дээрээсээ 60 70 доллараар өгч байлаа. Энд хариуцлагын асуудал байна уу, байхгүй байна.


Нүүрсний хулгайн асуудал олон их наядаар яригдлаа. Тэр олон их наядаар яригдаж байгаа асуудлыг шийдэж чадсан уу чадаагүй. Өөрөөр хэлбэл Монголын төрд хариуцлага алга байна. Тэгэхээр нүүрсний үнийг бид нар өсөх байх гэж найдах биш цаад нөхцөл байдал нь туйлын хүнд болсныг ойлгох хэрэгтэй. Түрүүн би хэлсэн. Хятадад одоо гангийн үйлдвэрлэл туйлын хүнд болчихсон байгаа гэж. Энэ бол Хятадын төрөөс өөрөөр хэлбэл Ардын их хурлаас нь гаргасан шийдвэр. Нэг үгээр хэлбэл Хятадын Засгийн газраас 50 сая тонн ганг багасгаж үйлдвэрлэнэ гэдэг ийм шийдвэрийг гаргасан. Дээр нь одоо та нар харж байгаа байх. Дэлхийн 1, 2 номер эдийн засагтай улсууд худалдааны дайнд аймшигтайгаар орж байна.


АНУ Хятадад 124%-ийн татвар бараг 200 %-ийн татвар ноогдуулна гэсэн ийм яриа хэлцлүүд яригдаж байна. Энэ бол нөгөө гангийн үйлдвэрлэл хүнд байдалд орж, нүүрсний үнэ ойрын одоо жилүүддээ өсөхгүй нь гэсэн мессежийг бидэнд өгч байна. 


Үүнийг мөн өнгөрсөн жил Олон улсын эрчим хүчний агентлагаас 2025-2026 онд нүүрсний үнэ унана гэдгийг хэлчихсэн. Өөрөөр хэлбэл нүүрсний үнэ унана шүү гэдгийг анхааруулсан. Харамсалтай нь бид нар энэ олон улсын мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтийг ойшоохгүй байгаа. Зүгээр өөрийнхөө хүссэн сэдлээр ингэж буруу зөв тооцоолж байгаа нь сүүлд нь эдийн засагт хүндээр тусахад нөлөөлж, үүнээс үүдээд инфляц нь өсөж, валютын ханш чангарч байна. Тэвэл энэ бүхний бурууг хэн үүрдэг гэвэл ард түмэн үүрдэг. Тэр тусмаа хамгийн бага орлоготой иргэд үүрдэг. Өнөөдөр Монгол Улсын чинь иргэдийн 80% нь бага орлоготой байна. Өөрөөр хэлбэл энэ бүхний бурууг энэ тэтгэврийн насны 500 мянган ахмадууд болон бага орлоготой иргэд үүрдэг. Яагаад гэхээр энэ хүмүүс чинь зөвхөн талхаа тэдэн төгрөг гээд ингээд тооцоолчихсон байдаг учраас 10% нэмэгдэхэд л энэ хүмүүст туйлын хүнд болдог. Түүнээс биш тэр хулгай хийгээд, дээрэм хийгээд, энэ төрд гайхуулж байгаа улсууд бол тэр 1 10 20%-ийн инфляц бол юу ч биш.


-Цаашид валютын нөөц, орох урсгалаа нэмэгдүүлж чадахгүй бол ямар хүндрэлүүд гарч болох вэ. Энэ нь иргэд болоод бизнес эрхлэгчдэд ямар нөлөө үзүүлэх вэ?


-Монгол Улсын валютын нөөц өнөөдөртөө 5 тэрбум ам.доллар байна. Энэ юунаас шалтгаалдаг юм гэхээр манай Монгол Улс жилдээ 20 тонн алт цэвэршүүлээд нэг тэрбум доллароор валютынхаа нөөцийг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт энэ гадаадын хөрөнгө оруулалттай Оюутолгойгоос тэрбум доллар орж ирдэг юм байна лээ. Энэ нь шууд Монгол банкан дээр ороод валютын ханшийг нэмдэг. Дээр нь би түрүүн хэлсэн гадаад худалдааны тэнцэл эерэг нөхцөлд валютын урсгал орж ирдэг ийм дүр зураг байдаг.


Сүүлийн үед хүмүүсийн дунд сошиал дээр нэг ийм шүүмж яваад байна лээ. Валютын чинь нөөц 5 тэрбум болсон юм бол доллар чинь яагаад буурдаггүй юм бэ гэж. Тэгэхээр он гараад эхний хоёр сарын байдлаар 1,7 тэрбум долларыг бид нар интервенц хийгээд валютынхаа ханшийг барьж байна гээд үрэн таран хийчихсэн.


Тэгээд Монгол банк энэ бодлогоо эргэж хараад хамаагүй ингэж зарж болохгүй юм байна, эрэлт нийлүүлэлтээрээ валютын ханш тогтдог юм байна гэдгийг ойлгосон. 

Тийм ч учраас валютынхаа нөөцийг нэмэгдүүлээд, интервенц хийхээ байгаад валютынх нь нөөц нь нэмэгдэж байгаа боловч одоо ханш нь ингээд алдагдаад байгаа ийм дүр зураг харагдаж байна. Үүнийг би их зөв бодлого гэж эдийн засагчийнхаа хувьд харж байгаа.


-АНУ-ын Ерөнхийлөгчийн гаргаж байгаа татвартай холбоотой шийдвэр Монгол Улсад шууд нөлөөлж байна уу?


-Өнөөдөртөө бид нарт мэдэгдээгүй байна. Бид нар үйлдвэрлэгч орон биш. Энэ АНУ-ын гаргаж байгаа өндөр татвараас харахад бид нар худалдааныхаа зөрүү алдагдалтай байдлаа өөрчилмөөр байна. Бусад улсаас нийлүүлж байгаа бараа таваар их байна. Бид нар бага бараа таваар нийлүүлж байна. Тийм учраас энэ дотоодынхоо үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд өндөр татвар тавих ёстой юм байна гэдэг ийм л зүйлийг Америкийн талаас яриад байгаа юм.


Тэгэхээр манай Монгол Улс Америк руу тийм их бараа нийлүүлээд айхтар сүртэй валют олдоггүй. Маш бага хэмжээний бараа нийлүүлж экспорт хийж байгаа. Энд 10% буюу хамгийн бага татварын хэмжээтэй байгаа. 10 хувь гэдэгт чинь хамгийн бага улсууд орж байгаа.


Тэгэхээр энэ дээр бид нар нэг их айхтар тэр худалдааны дайнаас хожигдоод айхтар асуудал болно гэхээсээ илүүтэй Хятадыг л харах ёстой. Яагаад гэх юм бол манай импортын барааны 40, 50% Хятадаас хамаарч байгаа. Нөгөө бид нарын хэрэглэдэг хувцас хунар бүх бараа таваар чинь худалдааны дайнтай холбоотойгоор үнэ нь нэмэгдэнэ гэсэн ийм эмзэглэл дэлхий нийтээр явж байна. Өөрөөр хэлэх юм бол тодорхой хугацааны дараа энэ худалдааны дайныг энэ хоёр том гүрэн хоорондоо ашигтайгаар шийдэж чадахгүй бол ирээдүйд үнэ өснө шүү гэдэг ийм л дохио бид нарт өгч байгаа юм. Түүнээс яг өнөө маргаашдаа асуудал болчихсон юм харагдахгүй байна. Харин энэ худалдааны дайн цаашаа үргэлжлэх юм бол мэдээж өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Одоо манай инфляц чинь хоёр оронтой тоонд орчихлоо. Энэ цаашаа өшөө нэмэгдэнэ гэсэн ийм л айдас байж байгаа.


-Сүүлийн үед нэг ийм яриа яригдаж байна. АНУ, Хятад Улсуудын хоорондын худалдааны дайн өрнөж байгаатай холбоотой Хятадад маш олон үйлдвэрүүд дампуурах эрсдэлд ороод байна. Тэгээд үүнээс үүдээд Хятадаас тэндхийн үйлдвэрүүдийг Монголд оруулж ирэх бодит боломж байна гэж ярьж байна. Энэ талаар та юу гэж хэлэх вэ? 


-Тэгэхээр энэ ийм учиртай. АНУ-ын зүгээс хамгийн өндөр татвар оноож байгаа улс гэвэл Хятад улс. Хятад Улс уул нь анх гайгүй байлаа. АНУ анх Хятадад 50 орчим хувийн татвар оноож байсан. Урьд нь 20 хувь байсан. Тэгээд дараа нь 30, 35,% үүний дараа 55%-ийн татвар оноосон. Тэгэхэд АНУ Вьетнам улсад 75%-ийн татвар буюу асар өндөр татвар оноосон. 


Тэгээд яагаад Вьетнамд ийм өндөр татвар оноосон гэхээр яг наад яриад байгаа зүйл чинь холбогдож байгаа. Хятадууд тэр 20 хувийнхаа татварыг тойрч гарахын тулд үйлдвэрээ Вьетнамд аваачаад Америк руу бараа бүтээгдэхүүнээ гаргаад эхэлсэн.


Тэгээд АНУ та нар яахаараа ингээд хоригтой байж ингэж асуудлыг хууль бусаар тойруулж хийгээд байдаг юм гэдэг үүднээс 75%-ийн татвар Вьетнамд ноогдуулсан. Тэгэхээр бид нар хэрвээ одоохондоо ийм 10%-ийн татвартай байгаа мөртлөө ийм хулхи юм хийх юм бол үүнийг чинь АНУ бас анзаарч харна. Бид нар үүнийг яаж ч нуугаад ийм юм хийж чадахгүй.


Хэрвээ тэгвэл тэр 10% чинь 75% болох нь тодорхой. Тэгэхээр энэ бол зарим иргэд ингэж ярьж байгаа боловч яг бодит байдал дээр ийм асуудал үүсэж байгаа шүү гэдгийг бас анхааруулахыг хүсэж байгаа.


Төр ч гэсэн энэ тал дээр бас зөв бодлого барих хэрэгтэй. Түүнээс биш юу гэдэг юм бид нар 10 хувиараа гаргана гээд Хятадын баахан үйлдвэр оруулаад ирэх тийм шаанс байхгүй шүү гэдгийг би хэлэхийг хүсэж байна.


-Ер нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхийн тулд яг ямар бодлого явуулах шаардлагатай вэ?


-Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол улс орны эдийн засгийг өөд нь татдаг одоо маш чухал асуудлын нэг. Саяын Хятадын эдийн засаг тодорхой хэмжээнд буурч байгаатай холбоотойгоор Си Жиньпин дарга том том хөрөнгө оруулагч нарыг дуудаж уулзаад уулзалт хийлээ. Бид нар татвараа та нарт хамгийн таатай байдлаар байлгаж өгье. Та нар битгий гараач, манайд хөрөнгө оруулаач гэдэг сигналыг дэлхий даяар өглөө. Энэ ухаантай улсууд чинь ийм мундаг байна шүү дээ. Тэгэхээр Хятадад гадаадын хөрөнгө оруулалтаар бараг 35 сая хүн ажлын байраар хангагддаг юм байна лээ.


НӨАТ-ынх нь татвар тэр бусад татваруудынх нь бараг гуравны нэг хувийг нь энэ гадаадын хөрөнгө оруулалтууд өгч байна. Өөрөөр хэлэх юм бол асар их хэмжээний валютыг энэ улс руу цутгаж байна.


Энэ улс дэлхийн номер хоёр эдийн засагтай улс болоход гадаадын хөрөнгө оруулалт чухал гэдгийг олж харсан. Тэгвэл Монголын хувьд хэдүүлээ харъя. Монголын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын 80-аас дээш хувийг манай энэ уул уурхай эзэлдэг. Зах зээл жижигхэн учраас бусад ААН юу гэдэг юм уу эсвэл машины үйлдвэр ч орж ирэхгүй байна. Тэгэхээр бид нар уул уурхайдаа хамгийн их анхаарал тавьж гаднын хөрөнгө оруулагчийг татах ёстой. Гэтэл бид нар уул уурхайн хөрөнгө оруулагчиаа яасныг та нар бас санаж байгаа байх. Ахмадуудын цалинг тэглэнэ гээд Салхитын мөнгөний орд руу тусгай хүчнийхэн очоод хамаг юмыг нь хааж боогоод явсан. Ингээд тэр гаднын хөрөнгө оруулагчдийг үргээж байна. Энийг чинь гаднын хөрөнгө оруулагчид бүгд хараад зогсож байдаг байхгүй юу. Энэ улс чинь ямар аюултай улс вэ. Гаднын хөрөнгө оруулагч гэдэг чинь тухайн улсад хөрөнгөө оруулаад ашиг хийх гэж байгаа ийм сонирхолтой улсууд. Тэгэхээр тэд нар өөрсдийнхөө хөрөнгийг ийм эрсдэлтэй улс руу оруулах уу оруулахгүй. Ийм аюултай байна шүү дээ.


Тэгэхээр манайхан сүүлийн үед ярьж байна. Одоо гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд уул уурхай дээр үйлдвэрлэл явуулах юм бол 33%-ийг нь өөрсдөө авна. Хэрвээ тэр нөөцийг нь олчих юм бол 33%-ийг нь улсад авна гэж байна.


Урьд нь хэрвээ улс нь нээчихсэн ийм ордон дээр олборлолт явуулах юм бол 50 % гэж байна. Өөрөөр хэлэх юм бол та нар наашаа ороод ирэх юм бол 33%-ийг чинь бид нар авна шүү гэсэн ийм маягийн сүрдүүлэг явж байгаа үед энэ улс руу гадаадын хөрөнгө орж ирэх ямар ч боломжгүй. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулагчид гэдэг бол тухайн улсын үйл ажиллагааг бид нараас илүү их судалдаг. Авлигал нь хэр зэрэг юм гэх мэт зүйлийг судалдаг. Авлигал гэдэг бол аливаа үйл ажиллагааг явуулахад хамгийн саад тотгор болдог том аюул. 


Гэтэл бид нар манайд авлигал нь соёл болчихсон Бангладештай зэрэгцээд явж байна. Одоо манайх авлигалаараа нөгөө 150-60 улсаас 130, 140-д нь явж байна. Тэгэхээр чинь тэр ухаантай хөрөнгө оруулагч нар манайд хэзээ ч орж ирэхгүй.


Яагаад гэхээр ийшээ орох юм бол би нэг зөвшөөрөл авахын тулд асар их хэмжээний авлига өгөх юм байна. Больж үзье. Өөр ямар таатай газар байна гээд хайгаад явна.

Тэгэхээр энэ гадаадын хөрөнгө оруулалтын тал дээр бол Монгол Улс туйлын муу ажиллаж байгааг би шууд хэлнэ. Энэ төрийн бодлого бол биш байна аа гэдгийг би бас хэлнэ. Тэгэхээр ний нуугүй хэлэхэд манай улсад гадаадын хөрөнгө оруулалт улс орны эдийн засгийг татах боломж өнөөдөртөө маш муу байна гэж хэлнэ.


-Сүүлийн үед Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд түр хугацаагаар элсэж магадгүй гэсэн яриа явж байгаа. Хэрвээ энэ байгууллагад элсвэл манай улсад хэр ашигтай байх вэ ?


-Энэ мэдээлэл бол нийтэд тийм бүрхэг мэдээлэл яваад байна. Тэр битгий хэл зарим УИХ-ын гишүүд нь ч ойлгохгүй явж байгаа. Үүнийг яг ний нуугүй хэлвэл Монгол Улс ОХУ-д 2000-д оны үеэс тухайн үеийн ЗГ-ын үе үеийн Ерөнхий сайдууд хойд хөршид нэг л хүсэлт тавьж байсан. Тэр нь юу гэвэл та нар биднийг эдийн засгийн хоригт байлгаад байна. Та нар манайд 40-60 хувийн татвар ноогдуулдаг. Үүнийгээ болиоч гэсэн. Өөрөөр хэлбэл энэ асуудал 20 гаруй жилийн турш яригдаж байгаа асуудал. Ингээд энэ асуудлыг нь тодорхой хэмжээнд яриад шийдээд ингээд ирэхээр гэнэт одоо больё гэдэг зүйл сошиалаар их явж байна.


Тэгэхээр манай төрийнхөн одоо сошиалаар бүх ажлаа хийдэг учраас болохгүй юм байна гэдэг зүйл ярьж байна. Тэгэхээр төр гэдэг чинь тооцоо судалгаатай байх ёстой. Тэр тооцоо судалгаагаа ард түмэндээ үзүүлдэг байх ёстой.


Монголоос яг хэчнээн тонн мах гарах гээд байгаа юм, оронд нь хэчнээн тонн ямар бүтээгдэхүүн орж ирэх гээд байгаа юм гэдгийг маш тодорхой болгох ёстой. Ингээд үүнийгээ ард түмэндээ үзүүлж, энэ бодлого нь цэвэр тунгалаг байх юм бол ард иргэдийн эргэлзээ арилна гэж би харж байгаа. Ний нуугүй хэлэхэд манай энэ төрийнхөн ямар ч тооцоо судалгаагүй асуудлыг УИХ дээр оруулж ирээд тэгээд яаралтай горимоор хэлэлцэнэ гээд УИХ-ын шинэ гишүүд нь ч уншиж амжилгүй гараа өргөх нь өргөөд ингээд яваад байгаа нь харамсалтай байгаа юм.


Энэ асуудал бол яг ийм эгзэгтэй асуудлуудын нэг л гэж би харж байгаа. Яг үнэхээр тооцоо судалгаа хийсэн юм уу та нар, яг Монгол Улсын эдийн засаг нь яах юм, гэдэг асуудлын талаар үнэн зөв мэдээлэл өгчих юм бол энэ худалдааны гэрээнд ороод гурван жил ороод болох уу, бүтэх үү юу гэдгийг харахад нэг их татгалзаад гайхаад байхаар зүйл бас биш. Яагаад гэхээр энэ бол 2000 оноос хойш л манайхны ярьж байгаа зүйл.


-Өнөөдөр манай улсад татварын бодлого хэр зөв явж байгаа гэж хардаг вэ?


-Татварын бодлогыг өнөөдөр хэн ч сайн муу гээд хэлчихэж болно. Гол нь тоо баримтаар харж хэлэх юм бол энэ оны 3 сарын байдлаар манай бизнес мэдээллийн санд 220-оод мянган компани байдаг юм байна.


Тэдгээрийн дийлэнх нь үйл ажиллагаагаа явуулаагүй байна. Энэ тоо юуг харуулж байна гэхээр энэ нь яг ковидын үеийн нөгөө бүх үйл ажиллагаа зогсчихсон үеийн гамшигт үзэгдлээс ч дээгүүр үзүүлэлттэй байна гэсэн үг.


Өөрөөр хэлэх юм бол үйл ажиллагаагаа зогсоосон компаниудын тоо ковидын үеэс 10 мянгаар илүү байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр татвар их байгаа учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэсэн үг. Тийм учраас олон аж ахуйн нэгж одоо хаалгаа барьж байна гэсэн статистик үзүүлэлт. Хоёрт нь би бас түрүүн дурдсан. Өнгөрсөн жилийн 3 сард ААН-ийн орлогын татвар 2 их наядыг төвлөрүүлж байсан байна. Энэ жил 1,3 буюу 700, 800-д тэрбум төгрөг сох дутсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ААН-үүд татвараа төлж чадахгүй хаалгаа барьж байна гэсэн ийм л хоёр зүйлийг би хэлэхийг хүсэж байна. Өөрөөр хэлэх юм бол татварын дарамт асар их байгаа гэдгийг энэ хоёр тоо хэлэх байх аа.

 



Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа. Таны цаашдын ажил үйлст амжилт хүсье.

Ярилцсан Ж.Батдорж